Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 666

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “... “А” ХХК-д Ашигт малтмалын XV-005240 дугаар хайгуулын тухай зөвшөөрөл бүхий “Тугалгатайн нуруу” хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн NM025207, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 79 дүгээр өргөдлийг тус тус шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн ерөнхий захирал З.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрх бүхий этгээд болох талаар:

“А” ХХК нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутаг “Тугалгатайн нуруу” гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-005240 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ихээхэн хэмжээний хөрөнгө, зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 16-нд нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалж, нөөц баялгийг эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлэн, улмаар 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргаж, NМ-025207 тоот өргөдлийн бүртгэлийн дугаартайгаар бүртгүүлсэн.

Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн талаар:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг хянаж үзэхдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор талбайн давхцлыг магадлах ажиллагаа явуулсан. Ингэхдээ өргөдөл гаргагч нь өөрөө холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас лавлагааг авна. Ийм байдлаар манай компанийн гаргасан хүсэлтийн хариуд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 11 сарын 17-ны өдрийн 6/6699 тоот албан бичгээр Усны тухай хууль, Засгийн газрын 2012 оны “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолд заасны дагуу усан сан бүхий газрын Хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна гэсэн хариу өгсөн.

Төрийн захиргааны байгууллагуудын гаргаж өгсөн энэ талаарх мэдээлэл зөрүүтэй байсан тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газарт удаа дараа хандаж ирсэн ба эдгээр байгууллагын мэдээллийн зөрүүг арилгах ажиллагаа улсын хэмжээгээр нэгдсэн байдлаар ажлын хэсэг гарган тасралтгүй явагдаж ирсний дүнд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот албан бичгээр хайгуулын талбайн хэсэгчилсэн давхцалтай хэсгийг хасч зураг ба өнцгүүдийн солбилцлуудыг тодорхойлж тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын нүүрсний хэлтсээс өгсөн зөвлөмжийн дагуу талбайг багасгаж 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 35 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө өөрчлөлт оруулсан.

Мөн Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтсээс ашиглалт хүссэн талбайн хэмжээг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 79 тоот албан бичгээр талбайн хэмжээг багасган хүргүүлсэн.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс манай өргөдлийг дээрх байдлаар хянасан боловч ямар нэг эцсийн шийдвэр гаргаагүй. Дарга нь энэ асуудлыг би дангаар шийдвэрлэх боломжгүй, удирдлагын зөвлөлийн хурлаар оруулна гэж амаар хариу өгдөг байсан. Харин манай компаниас 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11 тоот албан бичиг хүргүүлсний дагуу 2016 оны 6 дугаар сард Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хурлаар манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн шийдэлд хүрсэн гэх боловч энэ талаар манайд ямар нэг хариу өгөөгүй, Кадастрын хэлтэс нь өнөөг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй болно.

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, хянан нягтлах ажиллагаа явуулсан боловч Кадастрын хэлтсийн хурлаар хэлэлцүүлж, манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй, ямар нэг хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд уг эс үйлдэхүйн улмаас манай эрх, ашиг сонирхол дараах байдлаар хөндөгдөж байна. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, авах онцгой эрхийг зөрчиж байна.

2. Ашгийн төлөө байгууллага болохынхоо хувьд “А” ХХК нь XV-005240 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын талбайд олборлолт, үйлдвэрлэл явуулж, ашиг олох ажиллагсдын нийгмийн баталгааг хангаж, цалин, орлоготой байлгах хууль ёсны ашиг сонирхол хангагдах боломжгүйд хүрч байна.

3. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, түүний дотор ашигт малтмалын нөөц тогтооход зарцуулсан нэг тэрбум таван зуун сая орчим төгрөгний зардлыг эргэн нөхөх боломжгүй болж их хэмжээний бодит хохирол учирч байна.

4. Хайгуул, бусад үйл ажиллагааны санхүүжилтийг зээлдүүлэгчдэд төлөх өртэй үлдэж, зээлдүүлэгчидтэй тогтоосон харилцаа тасарч, тэдний дунд манай компанийн нэр хүнд унаснаар цаашдын бизнесийн боломжуудаа алдах болно.

          Ашгийн төлөө байгууллага болохынхоо хувьд “А” ХХК нь XV-005240 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрхээ хэрэгжүүлэн тухайн талбайд олборлолт, үйлдвэрлэл явуулж, ашиг олох, ажиллагсдын нийгмийн баталгааг хангаж, цалин, орлоготой байлгах хууль ёсны ашиг сонирхол хангагдах боломжгүйд хүрч байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, түүний дотор ашигт малтмалын нөөц тогтооход зарцуулсан нэг тэрбум таван зуун сая орчим төгрөгийн зардлыг эргэн нөхөх боломжгүй болж их хэмжээний бодит хохирол учирч байна. Хайгуул, бусад үйл ажиллагааны санхүүжилтийг зээлдүүлэгчдэд төлөх өртэй үлдэж, зээлдүүлэгчидтэй тогтоосон харилцаа тасарч, тэдний дунд манай компанийн нэр хүнд унаснаар цаашдын бизнесийн боломжуудаа алдах болно.

5. Уг талбай дээр хөгжүүлэх олборлолт, үйлдвэрлэлийн “Төсөл”-ийг боловсруулсан зардал, хүний нөөц, цаг хугацааны хувьд үнэлэх боломжгүй хохирол учирч, “Төсөл”-ийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо.

Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай компанийн өргөдлийг хүлээн аваад Ашигт малтмалын. тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянаад мөн зүйлийн 26.3.2-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан бол ийм хохирол учрахгүй байсан. Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т заасан шийдвэрийг гаргаагүйн дээр мөн зүйлийн 26.3.1 ба 26.3.3-т заасан шийдвэрийн аль алиныг огт гаргаагүй бөгөөд хэлтсийнхээ хурлаар уг асуудлыг хэлэлцүүлээгүй гэж үзэхээр байгаа юм.

Хариуцагч нэхэмжлэгчид манай гаргасан өргөдлийн дагуу ямар шийдвэр гаргасан болохоо албан ёсоор мэдэгдээгүй болно.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа:

Иймд манай компани 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргуулах талаар гомдол, хүсэлт гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/3548 тоот хариу бичгээр “Танай компанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн үндэслэлээр гомдол, хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн тул шүүхээр хөндөгдсөн эрхээ хамгаалуулахад хүрээд байна.

Хариуцагч шийдвэр гаргах үүрэгтэй болох нь:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-д дараах үндэслэлээр “Тугалгатайн нуруу” хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөрт багтааж 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан.

2. Өргөдөл гаргах үед тухайн хайгуулын зөвшөөрөл цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байсан.

3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах бүх шаардлагыг ханган материалыг бүрдүүлэн өргөдөл хавсаргасан. Энэ талаар Ашигт малтмалын газар түүний Кадастрын хэлтэс маргаагүй, ямар нэг шаардлага тавиагүй.

4. Ашигт малтмалын газраас өргөдлийг хянах үед “Тугалгатайн нуруу” өргөдөл хүссэн талбайг багасгах зөвлөмжийн дагуу өргөдөлд өөрчлөлт оруулсан.

Хөөн хэлэлцэх хугацаа:

“А

” ХХК-ийн зүгээс Хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тодорхой үндэслэл зааж хандсаны үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газраас гомдлыг хүлээн авч хянаад хуульд заасны дагуу зохих шийдвэр гарган хариу өгсөн. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газар манай гомдлыг хүлээн авснаар Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-т зааснаар дээд шатны байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээгдсэн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газраас манай компаниас 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдолд хариу өгснөөс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад манай компанид “Тугалгатайн нуруу” хайгуулын талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шүүхийн шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй юм.

Иймд “А” ХХК-д Ашигт малтмалын 5240Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Тугалгатайн нуруу” хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн NM025207, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр өргөдлийг тус тус шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших “Тугалгатайн нуруу" нэртэй газар 4982 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийг анх “А” ХХК-д олгосон байна.

“А" ХХК нь 2009 онд өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 5183Х, 5240Х, 5099Х, 6325Х тоот тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх өргөдөл гаргасныг бүртгэн хянаж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалт зөрчигдсөн, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3536 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2001 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2/6904 тоот албан бичгийг үндэслэн шилжүүлэн өргөдлийн бүртгэлээс Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 788 дугаар шийдвэрээр хассан байна.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3536 дугаар шүүгчийн захирамжаар “А’’ ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож, эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилжээ.

Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2/6904 тоот албан бичгээр “А” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, дээрх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг бусдын нэр дээр шилжүүлэхгүй байхыг мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээр уг компанийн эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүд түүний дотор шилжилт, хөдөлгөөнийг хориглосон хориг цуцлагдсан шийдвэр гараагүй тул одоо болтол Кадастрын бүртгэлийн системд хязгаарлалтын бүртгэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн ба 53.1.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасан бөгөөд “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж заасан байх тул дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд орох талбай юм.

2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1 дүгээрт Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага хангасан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргадаг.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2 дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага хараахан хангаагүй бол өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө бол Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэг “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ.” гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Дээрх 2 шаардлагаас алиныг нь сонгож хүсэлт, өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу “А" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:", 26.1.2 “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шийдвэрлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5. “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр; гэж заасан өргөдлийн бүрдлийг нэгдүгээрт хангаагүй байсан, хоёрдугаарт анхан шатны шүүлт хийхэд “А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг “Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 24.4.2 Хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй;” гэсэн хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу дээрх хуулийн хориглосон талбайтай давхцалтай байсан.

Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хил заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд Тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээний санд бүртгэсэн.

“А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг шүүж үзэхэд Ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хүчин төгөлдөр талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага буюу талбай нь ямар нэгэн давхцал байхгүй буюу давхцлыг арилгасан байхыг шаарддаг.

Төрийн захиргааны байгууллага болох Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид өргөдлийн талбайн давхцлыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр арилгуулах, өргөдлийг хуульд нийцүүлэх хэрэгтэйг тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-д мэдэгдэж, боломжоор хангасан.

“А” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь удаа дараа хуульд нийцээгүй буцаагдаж байсан нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар болон бусад холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.

“А” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бүртгэлийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй тул ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Кадастрын хэлтсийн УУКСС-д 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохтой холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“А” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших, “Тугалгатайн нуруу” нэртэй газар 4982 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгож Геологи Уул уурхайн, Кадастрын хэлтсийн даргын 2005 оны 1645 дугаар шийдвэрээр лицензийн хугацааг 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар, 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2539 дүгээр шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатайгаар, Геологи Уул уурхайн, Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1373 дугаар шийдвэрээр 1 жилийн хугацаатайгаар тус тус сунгасан байна. 

Нэхэмжлэгчээс “...Төрийн захиргааны байгууллагуудын гаргаж өгсөн мэдээлэл зөрүүтэй байсан тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ашигт малтмалын газарт удаа дараа хандаж ирсэн ба эдгээр байгууллагын мэдээллийн зөрүүг арилгах ажиллагаа улсын хэмжээгээр нэгдсэн байдлаар ажлын хэсэг гарган тасралтгүй явагдаж ирсний дүнд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 78 тоот албан бичгээр хайгуулын талбайн хэсэгчилсэн давхцалтай хэсгийг хасч зураг ба өнцгүүдийн солбилцлуудыг тодорхойлж, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд өөрчлөлт оруулсан, гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянаж шийдвэр гараагүй” гэж, хариуцагчаас Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4.2, 25.1.5-д заасан шаардлагыг хангаагүй, хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь хуулийн шаардлага хангахгүй удаа дараа буцаагдсан, XV-005240 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2011 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон” гэж тайлбарлан маргаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “А” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр XV-005240 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдлийг гаргасан байх бөгөөд өргөдөл бүртгэлийн NM-025207 дугаарт бүртгэгдэн, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дотоод хяналтын хуудсыг нээж, өргөдөлд хавсаргасан баримтуудыг шүүж, нягталж шалгахад бүрэн байсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр” гэж заасны дагуу нэхэмжлэгч А  ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ХХ-26-12 дугаар дүгнэлтийг хавсаргаж улмаар маргаан бүхий талбайн нөөцийг Ашигт малтмал, газрын тосны даргын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр тушаалаар бүртгэсэн байх тул хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газраас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 5/128, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 5/304, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/495 дугаар албан бичгээр тус тус “...А ХХК-ийн эзэмшлийн XV-005240 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай гол мөрний урсац бүрэлдэх эх болон усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарахгүй байна” гэх хариуг А ХХК-д хүргүүлсэн боловч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6/6699 дүгээр албан бичгээр “...Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших XV-005240 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна” гэх хариуг А ХХК-д хүргүүлжээ. 

2011 онд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсанд “...урьдчилсан байдлаар ирүүлсэн усны энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай...” гэж бүртгэсэн боловч Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаагаагүй байна.

Нэхэмжлэгч компаниас 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 32 тоот, 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 44 тоот албан бичгээр тус тус Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтэст хандан “...2012 онд тухайн үеийн Усны газраас гаргасан дүгнэлт, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэдээлэл зөрүүтэй байгаа тул залруулга хийгдтэл өргөдлийг бүртгэлээс хасахгүй байлгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна. 

Дээрх төрийн захиргааны байгууллагуудын зөрүүтэй мэдээллийг тодруулахаар “” ХХК-аас 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 33 тоот, 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 45 тоот, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 8 тоот албан бичгээр тус тус Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд “...усны сан бүхий газартай хэсэгчилэн давхцалтай гэж зурагдсан тул газар дээр нь шалгаж усны сан бүхий газрын хилийг нарийвчлан тогтоож өгнө үү” гэх хүсэлтүүдийг гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 5/603 дугаар албан бичгээр “... Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай байна. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан хамгаалалтын бүсүүдийн заагийг хянах ажлыг улсын хэмжээнд хийж байгаа тул зөвхөн танай хайгуулын талбайнууд дахь хамгаалалтын бүсийн хилийн заагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэж, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 05/6046 дугаар албан бичгээр “...2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 дугаар тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүхий дэглэмийг мөрдөх журмын дагуу тойром баянбүрдийн хамгаалалтын бүсийн хилтэй хэсэгчилсэн давхцалтай байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг, улсын тусгай хамгаалалтай газрын хил заагтай тус тус давхцалгүй байна” гэх хариуг тус тус хүргүүлжээ.  

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолын хавсралтаар “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан байх бөгөөд уг тогтоолд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, 2014 оны 260 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулж, улмаар Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор 2011 оны 174 дүгээр тогтоол болон 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсоноор нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь давхцалгүй болсонтой талууд маргахгүй байх тул хариуцагчийн тайлбар дахь “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-т “Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна: тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэж заасныг зөрчсөн” гэх үндэслэл байхгүй байна.

“А” ХХК-ийн ашигт малтмалын XV-005240 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай байсан бөгөөд 2015 оны 289 дүгээр тогтоол батлагдсаны дараа А ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 79 дүгээр албан бичгээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн давхцалтай хэсгийг хасч солбилцлыг өөрчлөн дахин хүсэлт гаргасныг хариуцагч шийдвэрлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 06б/4989 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн тодруулга болон шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр тус тус тогтоогдож байна. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 3536 дугаар захирамжаар “А” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож, эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр бүтүүмжилж шийдвэрлэсэн байх бөгөөд уг иргэний хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2/4219 дүгээр албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн... тул сунгалт хийхэд хамааралгүй” талаар албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгч компанийн эрхийг буцаан сэргээхийг хариуцагчаас 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/16492 дүгээр албан бичгээр хүссэн байна.

Түүнчлэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн 1 дүгээр асуудалд нэхэмжлэгч АХХК багтсан байсан бөгөөд уг хуралдааны танилцуулгаас үзэхэд өргөдлийг шийдвэрлэх боломжтой байсан байна.

Иймд дээрх байдлуудыг нэгтгэн дүгнээд Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3-д тус тус заасныг баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-д Ашигт малтмалын 5240Х дугаар хайгуулын тухай зөвшөөрөл бүхий “Тугалгатайн нуруу” хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн NM025207, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 79 дүгээр өргөдлийг тус тус шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА