Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 435

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Одхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Ялтан Ц.Одхүүгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, О.Сайнгэрэл, П.Сарантуяа,

Хохирогч П.Мэндбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарансувд, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Ү.Түмэнжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Одхүүгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, О.Сайнгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Одхүүд холбогдох эрүүгийн 2015 2500 00942 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чонон овгийн Цэдэнгийн Одхүү, 1972 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүний машинист мэргэжилтэй, “Арцат Нуга” ХХК-ийн захирал ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оргил 30-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УД72070711/,

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Ц.Одхүү нь 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 186662765477 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг 700.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 461.500.000 төгрөг авч, тухайн тохирсон газар биш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг шилжүүлэн өгч, бусдыг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Одхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Одхүүг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүний эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Одхүү нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Одхүүгийн эзэмшлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.Одхүүгээс нийт 524.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ууганбатад 332.300.000 төгрөг, хохирогч П.Мэндбаярт 192.200.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Ц.Одхүүгийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд үндэслээгүй, таамаглалд тулгуурлан гаргасан гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолд “... мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэстэй байна ...” гэж дүгнэн ял оногдуулсан нь хууль бус бөгөөд тус шүүхээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж, шүүх нь шударга үнэнийг тогтоох үүрэгтэй төдийгүй шүүх хуралдаан нь иргэн, хүний хувь тавиланг шийдвэрлэх онцгой хариуцлагатай чухал ажиллагаа байдаг зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна..

“Арцат Нуга” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 186662765477 нэгж талбарын дугаартай 20 га газрыг “Рояаль прекаст” ХХК-д 700.000.000 төгрөгөөр худалдан, уг газрыг “Рояаль прекаст” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон, бэлэн болон бэлэн бусаар 524.500.000 төгрөгийг авсан атлаа дээрх газрыг бус харин Баянзүрх дүүргийн нутаг дэвтсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай 20 га газрыг “Рояаль прекаст” ХХК-д шилжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлээгүй, хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал анхан шатны шүүх гэм буруугийн талаар Налайх дүүргийн газрыг олгоно гэсэн атлаа Баянзүрх дүүргийн газрыг олгосон гэж л дүгнэсэн гэж үзэхээр байна.

Дээрх дүгнэлтийг үгүйсгэх дараах баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

1. 1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар талд, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрч М.Мэндсайханыг байцаасан тэмдэглэлд “... цагдаагийн постноос Налайх талд байдаг газруудад олон газар олголт Налайх дүүргээс хийгдсэн байдлыг шийдүүлэхээр Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарын нэр дээр албан бичиг явуулсан байдаг юм. Ер нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар нутгийн талд хамаарч бүсүүдийн зэргэлдээ байгаа газруудад давуулан олголт хийгдсэн байдаг бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн хилийн цэст хамаарах газар олголт хийгдсэн байдаг ...”

2. 3 дугаар хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтийн 5 дахь хэсэгт Налайх дүүргийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байршуулан “Арцат Нуга” ХХК-д 200.000 метр кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон байна. Тухайн газрын газар эзэмших эрх олгох тухай захирамж Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байршуулан гэж гаргасан боловч Налайх дүүргийн Засаг дарга Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт газар олгосон байна.

3. Хэрэгт 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн харьцуулан шинжлэхээр хэв хэлбэр авах тухай тогтоолын дагуу дүгнэлт гаргасан байх бөгөөд дүгнэлтийн 2-т шинжилж буй “13/11/06” гэсэн тоон бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Отгонтуяагийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тохирч байна. 3-т шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн “Рояаль прекаст” ХХК-ийн гэх тэмдгийн дардастай хоорондоо тохирч байна гэжээ.

Тодруулбал, хохирогчдын авах ётой байсан гэх 1866627654677 тоот газар нь мөн л Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршдог байх бөгөөд Ц.Одхүү нь 1866627654677, 1866295621042 газруудыг аль дүүрэгт хамаарагдаж байсныг огт мэдэх боломжгүй байсныг харуулж байна. Нэгж талбарын 1866295621042 дугаартай газрыг 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргад хүсэлт гарган газрын байршлын кадастрын зураг хавсаргаж ирүүлснийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А418 тоот шийдвэрийг үндэслэн “Рояаль прекаст” ХХК-д олгож, улмаар тус өдрөө Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус компанийн захирал П.Мэндбаяртай хийсэн байна.

Мөн түүнчлэн анхан шаны шүүх шийтгэх тогтоолдоо “... “Арцат Нуга” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах 186662765477 нэгж талбарын дугаартай 20 га газрыг “Рояаль прекаст” ХХК-д 700.000.000 төгрөгөөр худалдан, уг газрыг “Рояаль прекаст” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай 200.000 метр кв газрыг шилжүүлэн...” гэснээс харахад миний үйлчлүүлэгч ямар газрыг залилан өгсөн болох нь ойлгомжгүй байх бөгөөд энэ нь техникийн алдаа гэхээс хэтэрсэн болох нь харагдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан байна. Гэтэл хэрэгт Ж.Ууганбат, П.Мэндбаяр нарыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүст газар зарах байсан юм уу, компанийн нэр дээр газар шилжүүлэх байсан юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа бөгөөд хохирогчоор тогтоогдох ёстой этгээдүүд гэж үзэх боломжгүй байтал анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэт өрөөсгөл дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь уг шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Тодруулбал, газрын төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “Нууц орд” ХХК-ийн нэрээр өгч эхэлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэж болох бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Рояаль прекаст” ХХК-ийн албан бичгийг үндэслэн 18666298621042 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлэн гэрчилгээ олгож, улмаар “Рояаль прекаст” ХХК-ийн захирал мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан газрын төлбөрөө төлж байсан нь баримтаар харагдаж байна.

Мөн гэрч Нарантуяа, Жаргалсайхан нар анхнаасаа нэгж талбарын 1866627654677 дугаартай газрыг авахаар “Нууц орд” ХХК-ийн захирал Батжаргалаар гэрээ хийлгэсэн. Тухайн үедээ уг газар дээр зүү, тариурын үйлдвэрээ барьсан бөгөөд уг үйлдвэр нь одоог хүртэл тус газар дээр байгаа бөгөөд үүнийг мэддэг П.Мэндбаяр үйлдвэр барьсан газрыг биш шинэ газар авахаар хүсэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Одхүү, П.Мэндбаяр нар хоорондоо Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг нэгж талбарын 1866627654677 дугаартай газар дээр хийсэн байснаа мэдэж байсан байдаг.

Мөн анхан шатны шүүх төлбөр тооцооны тал дээр дур мэдэн төлбөр нэмэн шийдэхдээ хохирогч нарт нийт 524.500.000 төгрөгийн хохирол учирсан байхад улсын яллагч яллах дүгнэлтдээ “461.500.000 төгрөгийг авч” гэж буруу бичсэнийг шүүх зөвтгөлөө гэжээ.

Миний үйлчлүүлэгчийн зүгээс газрын төлбөрт тооцон авсан мөнгөн дүнг үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг бөгөөд төлбөрийг тооцоход “Нууц орд” ХХК-ийн захирал Батжаргалын өгсөн 300.000.000 төгрөгийг бүхэлд нь тооцоод П.Мэндбаярын өгсөн 67.000.000 төгрөг болон 60.000.000 төгрөг, нийт 127.000.000 төгрөг, 8.000.000 төгрөгөнд тооцож “Приус-10” загварын автомашин, 21.000.000 төгрөгөнд тооцож бугуйн цаг, “Лексус-570” загварын автомашин өгсөн боловч энэ нь хүний нэр дээр байсан тул буцаагаад өгсөн бөгөөд П.Мэндбаяр өөрөө зараад 10.000 ам.доллар буюу 16.000.000 төгрөг, нийт 472.000.000 төгрөгийг өгчээ.

Өөрөөр хэлбэл, П.Мэндбаярын төлөх ёстой тооцоо нийт 322.000.000 төгрөг байснаас 172.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 150.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгоно гэж нэмэлт гэрээ хийсэн ч П.Мэндбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр үүрэг дуусгавар болгосон хэлцэл хийгээд үлдэгдэлд 50.000.000 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээ байгуулан энэхүү төлбөрийг 2015 оны 2 дугаар сар гэхэд төлж дуусгахаар гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс ямар ч 524.500.000 төгрөг төлөх үндэслэлгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Харин ч шүүгдэгчийн зүгээс газрын төлбөрт эхний 300.000.000 төгрөгийг бүтнээр аваагүй, энэхүү гэрээг анх хийсэн “Нууц орд” ХХК-ийн захирал Батжаргалын авсан 75.000.000 төгрөгийг хасахад 225.000.000 төгрөг, анх тохирсон 60 га газрын 20 га газрыг Зүчийн нэр дээр шилжүүлсэн байсан тул газрын эзэмшигч Цэвээнрэгзэнд 125.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан бөгөөд энэхүү 20 га газрыг буцаан шилжүүлсэн боловч төлбөрөө буцаан авч чадаагүй, мөн түүнчлэн 677 дугаартай газар дээр Нарантуяа зүү, тариурын үйлдвэр барихдаа бусдын буюу “Кунсулу” ХХК болон “Хөлгөн Трейд” ХХК-ийн газар луу оруулж барилгаа барьсанаас үүдээд маргаан үүсч эдгээр компанийн хүмүүст газрынх нь хэмжээнд тохируулан мөнгө төлж үйлдвэр барих ажлыг нь хэвийн байдлаар явуулж дуусгуулсан зэрэг нөхцөл байдал нь төлсөн гэх 300.000.000 төгрөгийн төлбөр худалдан авагч талд ашигтай үйлчилсэн болох нь хэрэгт авагдсан 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хадгалах, газрын төлбөрийг хариуцах тухай” тохиролцоогоор харилцан тохиролцож, Ц.Одхүү болон Д.Нарантуяа нарын гарын үсгээ зурсанаар нотлогдоно.

Хэргийн бодит байдлын талаар товч дурдахад: 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Нууц орд” ХХК-ийг төлөөлж Д.Батжаргал “Арцат Нуга” ХХК-ийг төлөөлж Ц.Одхүү нарын хороонд 60 га газар дээр барилга угсралтын үйлдвэрлэл, орон сууц барих чиглэлээр хөрөнгө оруулах, хамтран ажиллах эхний шатны гэрээ байгуулагдсан бөгөөд мөн өдрөө буюу 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18666297654677 дугаартай 200.000 га газрыг “Нууц орд” ХХК-ийг төлөөлж Д.Батжаргал, “Арцат Нуга” ХХК-ийг төлөөлж Ц.Одхүү нар газар эзэмших эрх шилжүүлэх, хүлээн авах гэрээ байгуулжээ. 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үндсэн төлбөрийг төлж барагдуулах тухай хэлцэл хийгдэж, улмаар мөн өдрөө мөнгө хүлээн авсан баримтын дагуу 300.000.000 төгрөгийг хүлээлцсэн болно. 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөх хугацааны сунгалттай холбоотой тохиролцоог хийсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 18666297654677 нэгж талбарын дугаар бүхий газрыг 2 дахь удаагаа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн байна. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг хадгалах, газрын төлбөрийг хариуцах тухай тохиролцоо хийж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 01 төлбөр барагдуулах гэрээг “Арцат Нуга” ХХК-ийн захирал Ц.Одхүү, “Рояаль прекаст” ХХК-ийн захирал П.Мэндбаяр нарын хооронд байгуулагдсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Арцат Нуга” ХХК-ийн захирал Ц.Одхүү, “Рояаль прекаст” ХХК-ийн захирал П.Мэндбаяр нар хоорондоо 1866629754677 нэгж талбарын дугаартай Иргэний газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан нь 3 дахь удаагаа шилжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, уг газрыг гэрээний дагуу шилжүүлэн авах боломж нь нээлттэй байсан бөгөөд хавтаст хэргийн 132 дугаар талд гэрч М.Мэндсайхан мэдүүлэхдээ “... газрыг эзэмшигч нь өөр аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэхдээ ямар шат дамжлагаар явдаг вэ гэх асуултад 2 талын өргөдөл, 2 тал аж ахуйн нэгж байвал улсын гэрчилгээний хуулбар, хувь хүн байвал иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, нотариатаар батлуулсан эрх шилжүүлэх гэрээ, шилжүүлэх гэж байгаа газрын гэрчилгээ, гэрээ, зураг эх хувиараа гэснээс харахад 3 удаа газар шилжүүлэн авагч нар нотариатаар батлуулсан эрх шилжүүлэх гэрээ хийлгэсэн байгаа нь хэрэгт авагдсан 2012 оны 8 дугаар сарын 17, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрүүдэд Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээгээр 18666297654677 дугаартай 20 га газрыг “Нууц орд” ХХК, “Арцат Нуга” ХХК-ийн хооронд, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөн гэрээг “Рояаль прекаст” ХХК, “Арцат Нуга” ХХК-ийн хооронд хийсэн баримт хэрэгт авагдсан байна. Энэхүү гэрээг хийхэд газар шилжүүлэх эрхтэй холбоотойгоор хуулийн этгээдийн гэрчилгээ, газрын гэрчилгээ болон бусад баримт нотариат дээр хавсаргагдан баримтаар үлдсэн байх ёстойг захын хүн мэдэх боломжтой буюу ийнхүү 3 удаагийн эрх шилжүүлэх гэрээний дагуу маргаан бүхий газар шилжих боломжтой байсан эсэхийг мэдэх боломж нь байсан байна.

Тодруулбал газрын төлбөрийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс “Нууц орд” ХХК-ийн нэрээр өгч эхэлсэн бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэж болох бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Рояаль прекаст” ХХК-ийн албан бичгийг үндэслэн 18666298621042 нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлэн гэрчилгээ олгож, улмаар “Рояаль прекаст” ХХК-ийн захирал мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан газрын төлбөрөө төлж байсан нь баримтаар харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бас нэг баримт бол 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр П.Мэндбаяр нь Ж.Ууганбатад 3 сарын хугацаатай хүүгүй, барьцаагүйгээр 370.000.000 төгрөгийг бэлнээр зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан өгсөн байх бөгөөд ийнхүү П.Мэндбаяр, Ж.Ууганбатад зээлийн гэрээний дагуу мөнгө зээлсэнээс хойш 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ болон 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан нь хохирогч нарын хооронд хийсэн зээлийн гэрээний улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй болсныг харуулж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй байхад таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц.Одхүүг бусдын батлан даалтад гаргаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Одоо мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоосоо татгалзаж, Ц.Одхүүгийн гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...” гэв.

 

Ялтан Ц.Одхүүгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Ц.Одхүүг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арцат Нуга” ХХК-ийн эзэмшлийн 186662765477 тоот нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг 700.000.000 төгрөгөөр “Рояаль прекаст” ХХК-д зарахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 461.500.000 төгрөгөөр тухайн тохирсон газар биш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 тоот нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг шилжүүлэн өгч, бусдыг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан болох нь баримтуудаар нотлогдон тогтоогдсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шүүхээс шийтгэх тогтоолыг гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг жагсаан дурдсан боловч чухам аль нотлох баримт нь юуг нотолж байгааг ялган салгаж, өөрөөр хэлбэл, залилангийн гэмт хэргийн субъектив санааг хэрхэн нотлогдсоныг тогтоох болон тодорхойлох хэсгийн алинд ч дурдаагүй байна.

 2. Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Учир нь Ц.Одхүүг анх “Рояаль прекаст” ХХК-тай хэлцэл хийгээгүй “Нууц орд” ХХК-ийн захирал болох Батжаргалтай хэлцэл хийсэн, 2 тэрбум төгрөгийн урьдчилгаа нь анх 60 га газар авахаар тохирсоны дагуу 300.000.000 төгрөг орж ирсэн байсан. Энэ хугацаанд Цэвээнрэгзэнгийн газрыг авсан. Энэ мөнгөнөөс 75.000.000 төгрөгийг Батжаргал зуучлалын хөлсөнд авсан. Цэвээнрэгзэнд 125.000.000 төгрөг өгсөн. 2 тэрбум төгрөгийн хэлцлийн үлдсэн төлбөр хийгдсэнээр уг газрыг авахаар Батжаргалтай тохирсон гэх нөхцөл байдлуудыг миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлсээр байхад үүнийг шалган тогтоогоогүй юм.

3. Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох байдлыг шүүх орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, Цэвээнрэгзэнгээс Зүчид газар шилжихэд 125.000.000 төгрөг Цэвээнрэгзэн хүлээн авсныг шалган тогтоох ёстой байсан.

4. Дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусад баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлүүдийг заагаагүй.

5. Дүгнэлт нь Ц.Одхүүгийн үйлдэлд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй гэсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаагч прокурор нь хөнгөрүүлэх болон цагаатгах, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох үүрэгтэй гэснийг шүүхээс огт хайхралгүй шийдвэрлэсэн байна. Хэрэв ингэж дүгнэсэн бол дээрх нөхцөл байдлуудыг заавал тогтоохоор шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үүрэгтэй.

6. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй байхад энэ байдалд шүүхээс дүгнэлт хийгээгүй.

7. Энэ хэрэгт жинхэнэ хохирогч болон бодит хохирлыг тогтоогоогүй байхад шүүхээс хэргийг шийдэхдээ анхаарч үзэлгүй зөвхөн Ц.Одхүүгээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ц.Одхүүд холбогдох хэрэг бусдыг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй. Тэрээр эрх хүлээн авагч П.Мэндбаяр гэгчтэй газрын төлбөр болон эрх шилжүүлсэн талаараа харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон байхад “Рояаль прекаст” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын маргаанаас үүдэлтэй эрсдлийг Ц.Одхүү нь дангаар хариуцах нь хуульд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318, 319 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Ялтан Ц.Одхүүгийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэж Ц.Одхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч П.Мэндбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарансувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч П.Мэндбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нарансувдын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулахгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

 

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдэж, шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Ц.Одхүүгийн үйлдлийг “... Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 186662765477 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг 700.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 461.500.000 төгрөг авч, тухайн тохирсон газар биш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 18666295621042 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрыг шилжүүлэн өгч, бусдыг залилан мэхлэж, онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэмт хэрэг үйлдсэн гэж тэмдэглэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд О.Мөнх-Оргил, Ж.Ууганбат, П.Мэндбаяр нар хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3, 80.1.5, 80.1.6 дахь хэсгүүдэд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүйгээс шүүгдэгч Ц.Одхүү нь дээрх хохирогч нарын хэнтэй ямар гэрээ хийсэн,  хэн, хэнийг ямар аргаар, хэрхэн, яаж, хэдэн төгрөгийг залилан мэхлэж, хэн хэнд ямар хэмжээний хохирол учруулсан талаар яллах дүгнэлтэд дурдаагүй байхад шүүх үйл баримтыг шинээр тогтоож, уг үйл баримтаа үндэслэж хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж, тогтоогдсон үйл баримтыг дүгнэж яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ.

 

Түүнчлэн, хэргийн үйл баримтын талаар маргаж байгаа Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, 18666297654677 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрын, 0203626 дугаар бүхий гэрчилгээ, кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,  Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах, 18666298621042 нэгж талбарын дугаартай, 200.000 метр кв газрын 000300551 дугаар бүхий газрын гэрчилгээ,  кадастрын зураг, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ тус тус хэрэгт авагдсан байхад яллах дүгнэлтэд 186662765477, 18666295621042 гэж тус тус зөрүүтэй буруу бичиж  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Мөн 8 дугаар хавтаст хэргийн 55-58 дугаар талд “... 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/273 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж Нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Батмөнх овогтой Загдсамбар, газар эзэмшигчийг төлөөлж “Ганшин говь” ХХК-ийн захирал ажилтай Лианг овогтой Хюайю нарын байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” /18666297654677 нэгж талбарын дугаартай/ хэрэгт авагджээ.

 

            Шүүгдэгч Ц.Одхүү мөрдөн байцаалтын шатанд “... миний хувьд уул уурхайн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ганшин говь” ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцоод, 18666297554677 нэгж талбарын дугаартай, 20 га газраа 300.000.000 төгрөгөөр уг компанид 2012 оны эхээр зарж, уг компаниас хөрөнгө оруулалт хийж, газар дээр хаус барихаар болсон. Тэгээд барилгын зураг хийгдэхээр болж мэргэжлийн хүмүүс ирээд өндөр хүчдэлийн шугам дээгүүр нь явсан байна гээд үүнтэй холбоотойгоор “Ганшин говь” ХХК нь хаус барихаа больсон. Дээрх газрыг буцааж зарна гэж байснаа зараагүй. Уг компанийн нэр дээр байгаа. Миний хувьд “Ганшин говь” ХХК-ийг газраа зарна гэж байсан учраас Жаргалсайханд зарна гэж үзүүлэн 700.000.000 төгрөгөөр зарахаар болсон ...” /3-р хх 196/ гэж мэдүүлжээ.           

 

            Иймээс 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Ц.Одхүү бусдад 700.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон “Ганшин говь” ХХК-ийн газрыг бусдад худалдан борлуулах эрх түүнд байсан эсэх, эсхүл “Ганшин говь” ХХК-ийн зөвшөөрлөөр бусдад зарахаар зуучилсан эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох, “Ганшин говь” ХХК-ийн эрх бүхий этгээдийг зайлшгүй шалгах, уг компанийг иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Мөн иргэний эзэмшиж байгаа газрыг худалдан борлуулахыг Монгол Улсын ямар хуулиар зөвшөөрсөн эсэх, ямар дүрэм, журмаар уг харилцааг зохицуулж байгаа эсэхийг зохих эрх бүхий байгууллагаас тодруулах зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Түүнчлэн яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг “ ... 461.500.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан ...” гэж бичсэн байхад анхан шатны шүүх “ ... 524.500.000 ...” төгрөгийн хохирол учирсан гэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах хуулийн заалтыг зөрчиж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хохирлын хэмжээг илүү тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнэв.  

 

             Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадаагүй, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, хэргийг яаж үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хөдөлбөргүй, нэг мөр тогтоох шаардлагатай бөгөөд эдгээр ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа Ц.Одхүүгийн үйлдэл, гэм буруу, хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож магадлалд заасан үндэслэлээр Ц.Одхүүд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллах дүгнэлт нь үг, үсгийн болон өгүүлбэр зүйн найруулгын алдаа ихтэй байгааг анхааруулж, цаашид алдаатай эрхийн акт үйлдэхгүй байхыг дурдаж байна.

 

            Мөн Ц.Одхүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж байгаа атлаа шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Ц.Одхүүгийн овог, эцгийн нэр, нэрийг зөрүүтэй байдлаар бичиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийг  зөрчсөн болохыг дурдаж байна.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Одхүүд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, мөн дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэг Прокурорын газарт очтол Ц.Одхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ