Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00581

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын *** дугаар багт оршин суух, *****регистрийн дугаартай, Ж овогт Хын Нын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, ****** регистрийн дугаартай, Т овогт Айн Хт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч А.Х, хариуцагчийн өмгөөлөгчид А.С, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Хаас А хүнсний дэлгүүрийн худалдагчаар болон гэрийн үйлчлэгчээр ажилласан хөлс болох 953000 төгрөг, барьцаанд авсан дээд боловсролын диплом, өдөр тутам өмсөж байсан хувцас хунараа гаргуулах, сөрөг нэхэмжлэгч А.Х нь Х.Наас дутаасан барааны үнэ 3962005 төгрөг тус тус гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Хын хууль бус үйлдлийн улмаас иргэн Х.Н миний хууль ёсны эрх, ашиг сонирхол маань ноцтой зөрчигдсөн тул уг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.А.Хаас барьцааны зүйл гаргуулах болон мөнгө нэхэмжлэх үндэслэлийн талаар.

Миний бие 2014 онд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг төгссөн, дээд боловсролтой сувилагч мэргэжилтэй. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т, А.Х нарын өмчлөлтэй Өлгий сумын 8 дугаар багт байрлах А хүнсний дэлгүүрт худалдагчаар орсон бөгөөд сарын цалин 200000 /хоёр зуун мянган/ төгрөг авахаар дэлгүүрийн эзэнтэй тохиролцож, 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл дэлгүүрт худалдагчаар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тэдний гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Ажилласан хугацаанд ажиллуулагч А.Х нь надад нэг ч удаа бэлэн мөнгөөр цалин хөлс өгч байгаагүй дандаа дэлгүүрээс нь бараа өгдөг байсан ба миний бие ажлын хөлсөнд нийт 600000 /зургаан зуун мянган/ төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа материал, эд хөрөнгө авсан юм. Уг дэлгүүрт би 6 сар 8 хоног ажилласан ажлын хөлсөнд 1235000 /нэг сая хоёр зуун гучин таван мянган/ төгрөг, гэрийн үйлчлэгчээр 2 сар ажилласан ажлын хөлсөнд 300000 /сард 150000 төгрөг/ авах ёстой билээ. Үүнээс 600000 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа авсан тул үлдсэн 953000 төгрөгийг хариуцагч А.Хаас нэхэмжилж байна.

2.А.Хын хууль бус үйлдлийн улмаас Х.Н миний хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлийн талаар

Миний бие анх ажилд орсон 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А.Х нь миний дээд боловсролын дипломыг барьцаанд авсан бөгөөд худалдагчаар ажилласан үед зарим үйлчлүүлэгч /Н/ нарт зөвшөөрөлгүй зээл өгсөн гэж миний ажлын хөлснөөс 150000 төгрөгийг суутгасан ба үүнийг би эс зөвшөөрөөгүй өөрийн буруу байх гэж ажлын хөлснөөс нөхөн төлж байсан юм. Дараа нь би хөдөө явсан үед 2015 оны 11 дүгээр сард зээлдэгч Н нь А дэлгүүрт ирэхээр нь дэлгүүрийн эзэн Хын нөхөр Т гэгч миний цалингаас гаргуулж авсан 150000 төгрөгийг иргэн Наас давхар нэхэж хэрэлдэн улмаар түүнийг зодож биед нь гэмтэл учруулснаар Н нь цагдаагийн байгууллагад хандсан байна.Тэрээр Т, Х нар нь түүнд 1000000 төгрөг өгч учруулсан хохирлыг арилгаж байсан байна. Гэтэл А.Х нь өөрийн нөхрийн гэм буруугийн улмаас бусдад учруулсан хохирол төлсөн 1000000 төгрөгийг чиний зөвшөөрөлгүй олгосон зээлийн улмаас миний нөхөр хүн зодож бид 1000000 төгрөгийн хохирол хүлээсэн үүнийг чи төлөх болно.1000000 төгрөг авч ирээд юмаа ав гэж надаас үндэслэлгүй мөнгө нэхэж урьд авсан диплом, тэдний гэрт орхиж явсан зайлшгүй хэрэгцээт өдөр бүр өмсөж, хэрэглэж байсан хувцас хунарыг барьцаалж намайг хууль бусаар үүрэг хүлээх байдалд оруулж Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд маань ноцтой халдаж намайг хохироож байна. Мөн хариуцагч А.Х нь нь өөрөө зарим үйлчлүүлэгч иргэдэд зээлээр хүнс, бараа худалдахыг зөвшөөрөл олгосон боловч тэд зээлээ хугацаанд нь төлөөгүй байгаа учир бүгдийг нь миний ажлын хөлснөөс суутгал хийж надаар төлүүлсэн.А.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр бусдаас авах өр зээлийг нөхөн төлүүлэх эрх нь нээлттэй байхад намайг басамжлан бүгдийг нь надаас гаргуулж улмаар миний эд хөрөнгийг барьцаалан ялимгүй зүйлээр хэл амаар доромжилж, хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг маань ноцтой зөрчиж байна.Миний бие өөрийн буруугаас бусдад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч ажлын хөлснөөс төлж өгсөн боловч Т, Х нар нь иргэн Наас давхар мөнгө нэхэж улмаар түүнийг зодож учруулсан хохирол болон бусдад зээлээр худалдаж гарын баримт авсан хүнсний зүйл, бараа материалын үнийг би төлөх ямар нэгэн эрхзүйн үндэслэл байхгүй болно. Энэ асуудлыг би цагдаагийн байгууллагад хандсан боловч үүнийг эрүүгийн журмаар шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй гэж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм. Иймд ажлын хөлсний мөнгө болох 953000 төгрөг болон барьцаанд байгаа дээд боловсролын диплом, өдөр бүр өмсөж хэрэглэх хувцас хунарыг хариуцагч А.Хаас шүүхийн журмаар гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Хын хууль бус үйлдлийн улмаас миний хууль ёсны эрх,ашиг сонирхол маань ноцтой зөрчигдөж хохирч байна гэжээ. Гэтэл бодит байдал дээр би Х.Нын эрх ашгийг ноцтой зөрчсөн, хохироосон асуудал огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл Х.Н нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйлүүдийг бичсэн байна. Миний бие А хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд худалдагч шалгаруулж авахаар телевизэд зар өгч улмаар Х.Ныг ажилд авсан болно. Нэхэмжлэгчийн хэлж байгаачлан тухайн үед цалин хөлсийг сарын 200000 төгрөг өгч байхаар тохиролцсон. Мөн гэрийн үйлчлэгчээр ажиллуулахыг тулд 150000 төгрөгийг цалин өгөхөөр тохиролцсон нь үнэн болно. Мөн түүнчлэн Х.Н нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь үнэн болно. Гэхдээ Х.Н нь тухайн үед хариуцуулж өгсөн эд бараанаас бусдад миний зөвшөөрөлгүйгээр бараа өгч тарааж багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Ингэхдээ 43 иргэнд 88 удаагийн үйлдлээр зээл өгсөн болох нь Х.Нын хувийн дэвтэрт бичигдсэн баримтаар, мөн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдсон юм. Гэтэл нэхэмжлэгч үүнийг би зээл олгохыг зөвшөөрсөн учраас зээл олгож байсан мэтээр тайлбарлажээ. Х.Н ажилд ирэхгүй зугтаад явж байхад дээр дурдсан 43 иргэнээс зарим нь надад ирж танай дэлгүүрээс зээл авч байсан, зээлээ төлье гэж хэлэх үед мэдсэн болно. Эдгээр хүмүүсийн зээл авч байсныг тухайн үед Н надад огт хэлж байгаагүй, тэмдэглэлийн дэвтэрт ч гэсэн энэ тухай байхгүй байсан. Нэг удаа шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн газрын ажилтан Н.Хуаныш манай дэлгүүрээр үйлчлүүлж байхад надад хандаж Та нөгөө өргөдөл гарах чинь юу болж байна, болж байна уу? гэж асууж байсан. Би гайхаад ямар өргөдөл билээ,би танай газарт огт очиж байгаагүй ш дээ гэж учирлаа хэлтэл Н.Хуаныш надад А дэлгүүрийн худалдагч гэж өөрийгөө танилцуулсан Х.Н гэдэг хүн манайд хандаад хүмүүст зээл өгөөд буцаагаад авч чадахгүй байгаа юм, яаж шаардаж авах вэ гэж хэлээд надаас зөвлөгөө авч, мөн өргөдлийн загварыг аваад явсан гэж хэлсэн юм. Би тэр үед ер нь худалдагч Х.Н миний эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулаад явж байжээ гэдгийг мэдсэн. Би хүн чанар гаргаад Х.Нд өөрт нь хандаж яахав чи зээл өгсөн хүмүүсийн нэрийг хэлчих би өөрөө тэр хүмүүсээс шаардаж авъя гэж хэлж байсан. Гэтэл Х.Н утсаа салгачхаад тэр чигтээ алга болсон. Харин өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж би түүний эрх ашгийг ноцтой зөрчиж хохироож байгаа мэтээр ор үндэслэлгүй юм бичжээ. Ялангуяа бусдад зээлээр худалдаж гарын баримт авсан хүнсний зүйл бараа материалын үнийг би төлөх ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй юм бичжээ. Ялангуяа бусдад зээлээр худалдаж гарын баримт авсан хүнсний зүйл, бараа материалын үнийг би төлөх ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй гэж бичсэнийг нь үнэхээр ойлгохгүй байна. Хүний юмыг хариуцаж авсан бол эзэн нь болох ёстой юм. Одоогийн байдлаар Х.Нын надад А хүнсний дэлгүүр/-т учруулсан бодит хохирол 6537925 /зургаан сая таван зуун гучин долоо мянга есөн зуун хорих тав/ төгрөг болж байна. Үүнээс түүний нэхэмжилж буй цалин хөлсийг хасаж тооцлоо гэхэд цаана нь 5236920 төгрөгийг бодит хохирол үлдээд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би энэ талаар нотлох баримтаа бүрдүүлж байгаад сөрөг нэхэмжлэл гаргах болно. Дашрамд хэлэхэд би Х.Нын дипломыг,мөн хувцас хунарыг нь хүчээр булааж авсан юм шиг ойлголт төрөхөөр зүйл бичжээ. Харин тэр өөрөө дипломоо зээлийн төлбөртөө барьцаалсан юм. Хэрэв Х.Н миний хохирлыг арилгасан тохиолдолд түүний шаардаж байгаа диплом, эд зүйлүүдийг өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би А.Хын дэлгүүрт ажиллаж байхад нэг хүнд 150000 төгрөгийн зээл өгсөн бөгөөд үүнийг би цалингаараа төлсөн байсан. Намайг 1 дүгээр сард Дэлүүн сум руу явсан байх үед А.Х уг хүнээс дахиж мөнгө нэхсэн байна. Тэгээд А.Хын нөхөр Т нь уг залууг зодсон байна. Би Дэлүүн сумаас ирсэн чинь А.Х надад Чамаас болоод манай нөхөр тэр залууг зодож улмаар 1 сая төгрөг өгсөн.Тиймээс чи 1 сая төгрөгийг төлж өгөөд диплом болон хувцас хунараа авч болно гэж хэлсэн. Тэгээд би яагаад би уг мөнгийг төлөх ёстой юм бэ, цалингаасаа аль хэдийн төлсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд чи 1 сая төгрөг авчирсан үед л диплом, хувцас хунарыг чинь өгнө гэж хэлсэн. Би А.Хын А гэх дэлгүүрт 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл 6 сар ажилласан. Сарын цалин 250000 төгрөгөөр тохиролцон байсан. 6 сарын цалин 1200000 төгрөг авах ёстойгоос 600000 авсан ба үлдсэн 600000 төгрөгийг аваагүй. Би 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл ажиллаад явна гэж хэлсэн чинь тооцоогоо хийгээд яв гэсэн. Би өдөр болгон одоо тооцоогоо хийе гээд хүлээгээд яваад байсан чинь12 дугаар сар болсон. 12 дугаар сарын 04-нд Ховд аймгаас А.Хын найз нар нь ирсэн ба тооцоо хийе гээд өдөр шөнөгүй суугаад 17 цаг хүртэл хийсэн боловч дуусгаж амжаагүй. Тэгээд би тэгвэл үлдсэнийг маргааш хийх үү гэж хэлэхэд А.Х найз нарын хамт гадуур гараад явсан. Тэгж дуусгаж чадаагүй байсан бөгөөд 1 дүгээр сарын 23-ны өдөр би Дэлүүн сумаас ирсний дараа үлдсэн тооцоо хийсэн. Ирээд би А.Хын гэрт ажиллаад сарын цалин 150000 төгрөг авахаар тохиролцож, улмаар 3 сар ажилласан. Би угаасаа А.Хын гэрт амьдарч байсан тул түүнд би 2 сарын цалин авъя, нэг сарын цалингаа авахгүй гэж хэлсэн. Энэ хоёр сарын цалин 300000 төгрөг нийлээд нийт би танаас 1553000 төгрөг авах ёстой ба үүнээс 600000 төгрөгийг авсан. Одоо үлдсэн 953000 төгрөгийг би танаас авах ёстой гэж хэлэхэд чи хүнд зээл тараасан учир чамд мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд хүнд тараасан мөнгөө би танд цуглуулж өгсөн шүү дээ гэж хэлсэн. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би анх Х.Ныг ажилд авч ажиллуулж байх хугацаанд үнэхээр их итгэж байсан. Над мөнгө зээлсэн гэдгийг мэдээгүй, манай найз нар ирээд тооцоо хийдэг өдөр Көкхыз гэх хүнд бас 282000 төгрөг зээлсэн болохоо хэлсэн. Тэр мэтчилэн надад зээл тараасан гэж өгсөн хүмүүсийн нэрнээс өөр янз янзын хүмүүсийн нэр гарч ирсэн. Тухайн үед би Х.Нд чи нэлээд юм хийсэн юм шиг байна, чи бид хоёр ямар зүйлд зөрөөд байна, ойлгохгүй байна гэж хэлсэн. Сая төгрөгийг би тухайн зээл тараасан хүмүүсээс мөнгөө яаж олж авахаа чи өөрөө мэднэ, шүүхэд өгнө үү байна уу, үүнийг би мэдэхгүй. Ямар ч байсан хүмүүст тарааж өгсөн 1 сая төгрөгийг олж ир гэхэд за гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ирээд би яагаад мөнгө төлөх ёстой юм бэ гэж хэлсэн. Манай нөхрийн Нтай зодолдсон нь маргааны шугамаар болсон зүйл болохоос биш Х.Наас нэхэмжлээгүй. Тухайн үед Х.Нд хэрэв чи мөнгө тараагаагүй байсан бол өнөөдөр бид ийм асуудалд орохгүй байсан гэж хэлсэн болохоос биш 1 сая төгрөгийг чи төлнө гэж хэлээгүй. Нэхэмжлэгч 953000 төгрөг нэхэмжилж байгаа боловч дэлгүүрийн мөнгөнөөс дур мэдэн хүмүүст тараасан байсан тул аль хэдийн авчихсан гэж бодож байгаа. Хүний мөнгийг дураараа авч хэрэглэсэн учраас цалингаа авсан гэж ойлгож байгаа. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Х.Н нь ажилд орохоор ирэх үед чи ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд баталгаа болгож надад хашаа байшингийн гэрчилгээ ч юм уу нэг зүйлээ барьцаанд тавь гэж хэлэхэд өөрөө сайн дураараа дипломоо албан ёсоор барьцаанд авчирж өгсөн. Түүнээс биш би хүчээр барьцаалж авсан асуудал байхгүй. Хувцас хунараа барьцаалж авсан гэж бас хэлж байна. Нэг өдөр үдээс хойш ямар зорилготой, хаашаа явснаа хэлэлгүйгээр дуугүй гараад явсан. Тэгээд би яасан бэ гэхэд ахындаа хонож байна гээд шалтаг хэлсээр ирээгүй. Яасан бэ ирэх юм уу гэхэд ирэхгүй гэсэн. Хүний гэрт цалин авч байж 2-3 хоноод алга болчихдог байсан. Тэгээд би за тэгвэл больё чи дутаасан, хүн амьтанд тараасан мөнгөнийхөө ядаж талыг цуглуулаад авчирж өгөөд хувцас хунараа аваад яв гэж хэлсэн. Чамайг дахиж гэртээ оруулахгүй, нэг нэгнээсээ хол байя гэсэн. Би тооцоо хийж үзэхэд 4-5 хуудсыг санаатайгаар үлдээсэн байсан тул чи ийм төгрөг дутаасан байна гэж залгахад та худлаа хүн гүтгээд байна гэхээр нь миний худлаа хэлсэн эсэхийг шүүх, цагдаа шийднэ, чи ирээд зөвхөн тооцоогоо хий гэхэд хөдөө явчихсан гээд зугтаагаад ирээгүй. Шүүх хуралдаан хийсний дараа дахин 3-4 хоног тооцоо хийсэн гэв.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Х миний бие 2016.03.16-ны өдөр тус шүүхэд хандаж иргэн Х.Наас 2514240 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Х.Н нь "А" дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаанд нийт 5791540 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан болох нь тогтоогдсон. Үүнээс 3962005 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан болохыг, мөн 1777300 төгрөгийн үнэ бүхий барааг бусдад зээлээр тараасан болохыг нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараар болон гар бичмэл баримтаар хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгч Х.Н сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийн талаар тайлбарлахдаа: "А" дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 5791'540 төгрөг бус 5739005 (З962005+1777З00) төгрөгийн үнэ бүхий бараа дутсан болохыг хэлдэг. Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш аль хэдийн 6 сарын хугацаа өнгөрсөн байна. 5791540 төгрөг болон 5739005 төгрөгийн зөрүү болох 52235 төгрөгөөс болж цаашид хугацаа алдаж маргах сонирхол алга байна. Тийм учраас нэхэмжлэгч Х.Нын өөрийнх нь гаргасан тооцоогоор буюу түүний хүлээн зөвшөөрч байгаа үнийн дүн болох 5739005 төгрөг дээр л нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ. Энэ хугацаанд түүний зээлээр тараасан 1777300 төгрөгийг би өөрөө цуглуулаад дуусгасан байх тул одоо зөвхөн түүний гар бичмэл баримтаар болон шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч тайлбарлаж буй үнийн дүн болох 3962005 төгрөгийг л нэхэмжилж байна. Иймд Х.Наас 3962005 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэгч А.Хын нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Н нь 3962000 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан болохыг мөн 1777500 төгрөгийн үнэ бүхий барааг бусдад зээлдүүлсэн талаар болохыг шүүх хуралдаанд хэлсэн тайлбар болон түүний гарын баримтаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн 3962005 төгрөгийг түүний зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд түүний нэхэмжилж буй миний дутаасан гэх мөнгийг бүхэлд нь, хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар бичгээр тайлбараа гаргаж өгсөн билээ. Харин гарын баримтын хувьд анх А.Х нь надтай тооцоо нийлэхэд миний тооцоогоор ямар ч дутагдал гараагүй бөгөөд А.Х нь намайг нөхөртэйгөө нийлэн элдвээр дарамтлан өдөр шөнөгүй суулган өөрсдийн дураар янз бүрээр тооцоо гарган заримдаа ихэсгэн 7-8 сая дутаасан мэтээр тооцоолоод байхаар би айсандаа болоод 3962000 төгрөг бүхий барааг дутаасан үнэн гэх баримтад гарын үсэг зурсан билээ. Тухайн үед би айсандаа болоод юунд гарын үсэг зурж буйгаа ухаарах сэхээгүй түүний хор уршгийг бодох сэхээгүй Хаас хурдан холдохыг хүссэндээ гарын үсэг зурсан билээ. Х болон түүний нөхөр Тийн дарамтад орон гарын үсэг зурснаа хуулийн байгууллагад маргаваас энэхүү хүчинд автсан байдлаа учирлан дахин тооцоо хийлгэн үнэн мөнийг олох байх гэж бодсоноос гарын үсэг зурсан билээ. Уг баримтад би гарын үсэг зурсан нь үнэн хэдий ч бусдын нөлөөнд автан айсандаа зурсан тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэл гаргаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэгч /хариуцагч/ А.Х шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болж байгаа 3962005 төгрөг нь Х.Н бид хоёр дахин хянаж тооцоо хийсний үндсэн дээр гарсан. Нийт дутсан мөнгө 5791540 байсан ба үүнээс 88 удаагийн үйлдлээр 1777300 төгрөгийг хүмүүст зээл тараасан байсан. Хэрэв энэ тараасан зээл чинь үндэстэй ортой зээл болох юм бол хамаа алга би өөрөө олоод авъя, үлдсэн мөнгө яасан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. 5791540 төгрөгөөс 1777300 төгрөгийг хасаад нийтдээ 4014240 төгрөгийн зөрүү гарсан. Үүнээс Х.Нын зөвшөөрсөн нь 3962005 төгрөг бөгөөд энэ хооронд 52035 төгрөгийн зөрүү гарсан боловч би үүнийг нэхэмжлэхгүй өөрийнхөн хүлээн зөвшөөрсөн дүнгээр нэхэмжилсэн байгаа. Хамгийн сүүлд гэхэд бид хоёр нотариатад явж байх замд нэг хүүхэнтэй тааралдаад 7000 төгрөг авсан. Барилгачдад намайг мөнгө өг хэлсэн гэж хэлж байна. Эхний цалин өгөхөөс өмнө Х.Нд зээл өгвөл сайн бичиж байгаарай гэж хэлсэн боловч тэгж дур мэдэн нэг хүнд 400-500 мянгаар нь их хэмжээгээр өгнө гэж бодоогүй. Дараа нь би эхний тооцоогоо хийчихлээ, дараагийн удаа хамаагүй зээл өгч болохгүй шүү гэж хэлж байсан. Гэтэл Х.Н нь мэдсээр байж зээл өгч байсан байна. Хэрвээ тэгж өгсөн гэж мэдсэн бол тооцоо хийж байж цалин өгөх байсан. Би тэгж мэдээгүй, тэд нар угаасаа надаас цалин авна, цалин аваад өгнө гэхээр нь би танд хэлээгүй гэж хэлж байна. Тэгчхээд өнөөдөр ичихгүй хүн гүтгэж байна. Би чамаас үнэндээ айж байна, ичиж байна. Хүн шударга л байх хэрэгтэй гэв.

Нэхэмжлэгч /хариуцагч/ Х.Н шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар хэлсэн хариу тайлбартаа: Би А.Хт 3962005 төгрөг дутаасан нь үнэн гээд гарын баримт бичиж нотариатаар гэрчлүүлсэн маань үнэн. Яагаад тэгсэн бэ гэхэд А.Х нь нэг бол 4 сая, нэг бол 5 сая гээд хасах үед хасаад нэмэх үед нэмээд байсан болохоор айгаад гарын баримт бичиж өгсөн. Үүнийг далимдуулаад нэхэмжлэл гаргасан байна. Энэ бол зөвшөөрөхгүй мөнгө. Анх нотариатад очиход нотариатч чи энийг зөвшөөрч байгаа бол зур зөвшөөрөхгүй бол битгий гарын үсэг зур гэж хэлсэн. Тэгэхэд би зөвшөөрсөндөө биш энэ хүн нэхэмжилж байгаа мөнгөө нэг бол нэмээд нэг бол хасаад байгаа болохоор би үүнийг баталгаажуулахын тулд гарын үсэг зурсан болохоос биш төлж өгнө гээд хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Хэрэв би үнэхээр дутаасан бол төлж өгөх нь үндэслэлтэй шүү дээ, огт дутаагүй байж яагаад төлөх ёстой юм бэ гээд А.Хт хэлж байсан. А.Х нь сөрөг нэхэмжлэлийн эхэнд 2389390 төгрөг гээд бичсэн мөртлөө сүүлд 2514240 төгрөг гээд нэхэмжилсэн бөгөөд 125000 төгрөгийн зөрүү гарсан. Түрүүн бас 3962005 төгрөг нэхэмжилж байна. Хүмүүст тараасан зээл 1777300 төгрөг бөгөөд Жантилеу, Көккыз хоёрын зээл нийлээд 619000 төгрөг байсан бөгөөд эдгээр мөнгийг би бүрэн цуглуулж авсан гээд түрүүн тайлбартаа хэлсэн. Гэтэл эдгээр мөнгөнүүд нь 3962005 төгрөгийн дотор багтаж байсан бөгөөд эдгээр мөнгийг хасаж нэхэмжлээгүй байна. Анхны сөрөг нэхэмжлэл дээрээ миний авах байсан 953000 төгрөг, барилгачдын авсан зээл 619000 төгрөгийг хасаад 2389390 төгрөг гээд гаргасан байна. Би үүнийг бодож үзлээ. Өмнөх нэхэмжлэлийн шаардлага дээрээ хасаад сүүлийн сөрөг нэхэмжлэл дээр нэмээд бодсон байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч А.Хаас А хүнсний дэлгүүрийн худалдагчаар болон гэрийн үйлчлэгчээр ажилласан хөлс болох 953000 төгрөг, барьцаанд авсан дээд боловсролын диплом, өдөр тутам өмсөж байсан хувцас хунараа тус тус гаргуулахыг, сөрөг нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Х.Наас дутаасан барааны үнэ 3962005 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч А.Х нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах аман гэрээ хийгдэж, ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч А.Хын А хүнсний дэлгүүрт худалдагч болон гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч А.Х нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Х.Ныг өөрийнхөө А хүнсний дэлгүүрт худалдагчаар сарын цалинг 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрийн үйлчлэгчээр сарын цалинг 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр амаар тохирч ажиллуулсан байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч А.Х нь Х.Ныг А хүнсний дэлгүүрийн худалдагчаар болон гэрийн үйлчлэгчээр ажиллуулж байсан, ажлын хөлсөө авч дууссан, Х.Нд цалин төлөхгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч Х.Н нь худалдагчаар ажилласан хөлс 953000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Хариуцагч А.Х нь миний бие Х.Нын диплом болон хувцас хунарыг нь барьцаанд аваагүй, манай гэрт байдаг байсан ба сүүлд явахад хувцас хунараа орхиж явсан, анх худалдагчаар ажилд ороход ямар нэгэн дутагдал ажлын хариуцлага алдсан тохиолдол гарч магадгүй чамд ямар нэгэн баримт бичиг байна уу гэхэд Х.Н өөрөө хүлээн зөвшөөрч дипломоо өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба сүүлд дутаасан барааны үнийг төлж тооцоо хийсний дараа эд зүйлийг нь өгнө гэж хэлсэн маань үнэн гэж тайлбарлаж байсныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй ба дипломыг барьцаанд авч, өгөхгүй байгаа талаар болон өдөр тутам өмсөж байсан хувцас хунар буюу нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 21 төрлийн эд зүйл хувцас байсан гэх боловч энэ хувцаснууд нь хариуцагч А.Хт байгаа болох нь нотлогдохгүй байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Х.Нын дээд боловсролын дипломыг барьцаанд авсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Х.Н нь зарын дагуу дэлгүүрт худалдагчаар орохын тулд өөрөө дээд боловсролын дипломоо сайн дураараа хариуцагч А.Харылгашт шилжүүлэн өгсөн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.Нын Монгол Улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургууль Говь-Алтай аймаг дахь салбар сургууль-иас олгосон Монголын Уламжлалт эмнэлгийн сувилагч мэргэжлийн 201401065 дугаартай дипломыг А.Хаас гаргуулан Х.Нд олгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэгч А.Х нь Х.Наас А хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллах хугацаанд дутаасан мөнгө болох 3962005 төгрөгийг гаргуулах тухай гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Х.Н нь нэхэмжлэгч А.Хын нэхэмжлэлийн шаардлага болох дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа дутаасан мөнгө 3962005 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч Хариуцагч Х.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй болохыг танилцсан боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй юм.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Х.Нын /хх-ийн 21-р хуудсанд/ өөрийн гараар бичсэн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нотариатаар баталгаажуулсан баримтаар, зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар мөн бараа хүлээлгэж өгсөн №1 дэвтэр /01-62 хуудастай/, бараа нэмж хүлээж авч байсан №2 дугаартай дэвтэр /шалгасан Х, Н нарын гарын үсэгтэй 01-65 хуудастай/ Н нь өөрөө бараа хүлээж авсан талаарх бичилтийг хийж байсан №1-3 дугаартай дэвтэр /01-41, 01-108 хуудастай/ шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч А.Харылгашын нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Нын хөтөлж байсан дэвтэр / хуудас / болон бараа хүлээлгэж өгсөн падаануудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Х.Н нь энэхүү худалдагчаар ажиллах хугацаандаа 3962005 /гурван сая есөн зуун жаран хоёр мянга таван/ төгрөг дутаасан болох нь түүний 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн гарын баримт мөн 45 хүнд зээлээр 1777300 төгрөгийн хүнсний эд зүйл тараасан болох нь /№5/ зээл авч байсан иргэдийн дахин тооцоо хийсэн дэвтэр мөн Х.Н нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн туслахад хүмүүст тараасан барааны үнийг яаж нэхэмжилж авах эсэх талаар асууж лавласнаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдал, зохигч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Харылгаш нь Х.Нын өөрийнх нь гаргасан тооцоо буюу түүний хүлээн зөвшөөрч бичиж өгсөн гарын баримтын дагуу 3962005 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч /нэхэмжлэгч/ Х.Наас дутаасан барааны үнэ 3962005 төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч А.Харылгашт олгож, нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 97622 /70200+27422/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Харылгашаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгож, сөрөг нэхэмжлэгч А.Харылгашын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч /нэхэмжлэгч/ Х.Наас 3962005 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө 78343 төгрөгийг гаргуулан сөрөг нэхэмжлэгч А.Харылгашт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т овогт Айн Хаас Х.Нын Монгол Улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их сургууль Говь-Алтай аймаг дахь салбар сургуулиас олгосон Монголын Уламжлалт эмнэлгийн сувилагч мэргэжлийн 201401065 дугаартай дипломыг гаргуулж Ж овогт Хын Нд олгож Х.Нын А хүнсний дэлгүүрийн худалдагчаар болон гэрийн үйлчлэгчээр ажилласан хөлс болох 953000 төгрөг, өдөр тутам өмсөж байсан хувцас хунар гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж овогт Хын Наас 3962005 /гурван сая есөн зуун жаран хоёр мянга таван/ төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгч Т овогт Айн Хт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97622 төгрөг, А.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78343 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 70200 төгрөгийг гаргуулж Х.Нд олгож, Х.Наас 78343 төгрөг гаргуулан А.Хт тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН