Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00067

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08779 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцож хариуцагч *******т худалдсан. ******* автомашины урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөөгүй. Иймд тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******тэй автомашины наймаа хийсэн боловч худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, зөвхөн амаар 40,000,000 төгрөгөөр худалдана гэж тохиролцсоноос засварын үнийг хасаж тооцохоор болж 35,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Иймд, 40,000,000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

2.2. *******д тээврийн хэрэгслийн төлбөрт нийт 23,000,000 төгрөг төлсөн. Засварын төлбөрийг хасахаар тохиролцсон атлаа 40,000,000 төгрөгөөр худалдсан гэх байдлаар шүүхийг төөрөгдүүлж байна. Тухайн тээврийн хэрэгслийг вьетнам засвараар засуулсан баримт болон автомашины эвдрэл гэмтэлтэй байсан гэх гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч *******тэй 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* улсын дугаартай ******* маркийн загварын автомашиныг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон. Автомашины кузов нь эвдрэлтэй байсан бөгөөд ******* өөрийн зардлаар засвар хийж, 4,800,000 төгрөгийн засварын зардлыг автомашины үнээс хасаж тооцохоор болсон. *******ын засварын зардалд шилжүүлсэн 4,800,000 төгрөгийг "засвар" гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс дээрх 2 зардал гаргасан дансны хуулгыг энэхүү хэрэгт хамааралгүй, эргэлзээтэй гэсэн байдлаар ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

4.2. ******* нь өөрөө автомашины засварыг хийж өгсөн гэж илт худал нэхэмжлэл гаргасан. Шүүх *******г засвар хийсэн гэх нотлох баримтыг шаардаж гаргуулаагүй. Ямар ч эвдрэлгүй автомашины зах зээлийн ханш 40,000,000 төгрөг байсан. Хариуцагч ******* 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр автомашины төлбөрт 3,000,000 төгрөгийг *******ы *******банкны дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. ******* хүсэлтээр *******ы дансанд шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн талаар гэрчээс мэдүүлэг авхуулах шаардлагатай байсан боловч хүсэлтээ хэзээ гаргахаа мэдэхгүй байсаар шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгох боломжийг бүрдүүлж гэрч асуух, нотлох баримт бүрдүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү. Мөн *******гээс гарсан бүх зардал болон шилжүүлсэн мөнгөө буцаан авч тээврийн хэрэгслийг нь буцаан өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдолд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээгүй гэж дурдсан. Анхан шатны шүүх хариуцагчид нотлох баримт бүрдүүлэх хангалттай боломж олгосон. Хариуцагч шүүхэд 3,000,000 төгрөг *******-д гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн боловч нэхэмжлэгчийн дансанд бус, өөр этгээдийн дансанд шилжүүлсэн баримт байдаг. Уг 3,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн гэж тайлбарладаг. Шүүх өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ямар этгээдийн данс болохыг тогтоосон. Гэвч уг асуудалд хариуцагч тайлбар гаргаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

5.2. Хариуцагч фейсбүүкээр харилцсан зурвас байгаа гэж тайлбарладаг боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Эх сурвалж тодорхойгүй мессенжерийн зураг үзүүлж, уг баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хүсэлтийн агуулга ойлгомжгүй байсан учир анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. ******* нь 40,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг *******т худалдсан. Уг үнийн дүнгээс 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Хариуцагчийн дуудан ирүүлсэн гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээрээ энэ үйл баримтыг нотолдог. Гэрч мэдүүлэхдээ засварын хөлс болох 5,000,000 төгрөгийг хасаж, 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэдэг. Уг нөхцөл байдалд тулгуурлан анхан шатны шүүх 15,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр үндэслэл бүхий болсон.

Иймд, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа явуулах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч автомашин худалдах-худалдан авах үнийг 35,000,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож, урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгөөс гадна нэхэмжлэгч ******* шаардлагаар автомашины үнээс 3,000,000 төгрөгийг ******* гэж хүний данс руу шилжүүлсэн, мөн уг тээврийн хэрэгслийн засварын зардал 4,800,000 төгрөгийг хэлэлцэн тохиролцсон үнийн дүнгээс хасаж төлөхөөр тохирсон гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч *******ын өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь хариу төлбөрт нь 20,000,000 төгрөг төлжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээнд заасан зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүй худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийг төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

Хэдийгээр нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг 40,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хүсэлтээр гэрчээр оролцсон ******* нь ...*******, ******* нарыг автомашины үнээс засварын зардлыг хасаад 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон... гэж мэдүүлсэн байна. /хх-58-62/

Тодруулбал, талууд бичгээр гэрээний гол нөхцөлийн талаар тухайлан тохиролцоогүй, гэрээний үнийн талаар харилцан адилгүй тайлбар гаргаж маргаж байгаа тохиолдолд гэрчээр нотолж болох ба нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу татгалзлыг баримтаар няцаагаагүй байна.

Иймээс зохигч худалдах-худалдан авах гэрээний үнийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Хэргийн баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд тэрээр 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр *******ы ******* тоот дансанд *******д *******с гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөгийг, мөн *******с 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *******гийн ******* тоот дансанд 400,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 900,000 төгрөг тус тус шилжүүлжээ. /хх-77-78/

Гэвч хариуцагч нь тус 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн этгээдэд шилжүүлсэн гэсэн үйл баримтыг нотлоогүй тул үүнийг худалдах-худалдан авах гэрээний төлбөрөөс хасаж тооцох боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасан боловч хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* хүсэлтээр дээрх мөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэсэн өөрт ашигтай тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлоогүй байна.

 

7. Түүнчлэн, хариуцагч ******* өөрийн дүү гэх *******р дамжуулан маргаан бүхий тээврийн хэрэгслийн засварын зардлыг *******д төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн мөнгөн гүйлгээний баримтыг үндэслэн хариуцагчийг 4,800,000 төгрөгийн засварын зардал гаргасан гэж үзэх боломжгүйгээс гадна талууд тээврийн хэрэгслийн байгаа байдалтай холбоотойгоор худалдах-худалдан авах гэрээний үнийг 35,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд үүнээс засварын зардлыг суутгахаар тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 35,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

9. Шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг тайлбарлаж өгсөн байх ба шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулахдаа талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хариуцагчаас өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08779 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ч.БАТЧИМЭГ