Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00068

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08762 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ******* дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүл*******ийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нагац эгч болох *******с 59,500,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлж авсан боловч зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас *******гийн хүүхэд болох *******аар банкнаас зээл авхуулж, зээлийг нь төлж, зээл гаргуулсан мөнгөөр *******гоос авсан мөнгөө өгөхөөр болсон. Учир нь, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учир банкны бага хүүтэй зээл гарах боломжгүй байсан. Харин *******ын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг боловч барьцаа хөрөнгөгүй байсан тул өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө *******т шилжүүлсэн.

1.2. Ийнхүү 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Худалдах үнэ нь орон сууцыг анх захиалсан дүнгээс бага байж болохгүй байсан тул тус үнийн дүнгээр буюу 78,342,000 төгрөгөөр худалдахаар гэрээнд тусгасан. Анх байгуулсан захиалгын гэрээ нь нэхэмжлэгчид байгаагүй тул хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байсан.

Талууд уг гэрээг байгуулахдаа анхнаасаа худалдах зорилгоор байгуулаагүй, зээлийн барьцаа хөрөнгө болгож шилжүүлсэн учир талуудын хооронд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийг хэзээ авсан, хэзээ төлж барагдуулсан талаар нарийн сайн мэдэхгүй, манай ******* мэдэж байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ******* дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах, *******м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт буюу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөө илэрхийлээд тухайн худалдах, худалдан авах гэрээг орон сууцыг худалдах зорилгоор байгуулаагүй, зээл авах зорилгоор байгуулсан болохыг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

4.2. Зохигчийн тайлбар нь нотлох баримт байхаар хуульд заасан. Хэргийн оролцогчдын тайлбараар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа худалдах зорилгоор хийгээгүй болох нь нотлогдсоор байтал шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулж үнэлээгүй.

4.3. Мөн гэрээнд орон сууцны үнийг анх захиалсан үнийн дүнгээр тусгасан бөгөөд энэ нь орон сууцны зах зээлийн үнээс илт бага байгаа нь гэрээг үнэн санаанаасаа байгуулсан байх боломжгүй гэдгийг харуулж байна. Орон сууцны үнийн хувьд нийтэд илэрхий баримт тул шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

4.4. Өмнө дурдсанчлан хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргаагүй, харин шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс шүүх хуралдаан эхэлж, эвлэрэн хэлэлцэх санал асуухад хариуцагч шаардлагыг хүлээн зөвшөөрвөл маргах зүйл байхгүй болохыг тайлбарласан. Гэтэл шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, зохигчийн маргаж буй ******* дүүрэг, ******* хороо, *******гудамж, ******* хотхон, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байрлах, *******м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 78,342,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ. /хх-10/

Гэвч нэхэмжлэгч нь тус худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн буюу тухайн төрлийн гэрээний үр дагаврыг үүсгэхээр эрх, үүргийн хувьд холбогдох хүсэл зориггүй байсан гэснийг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, талууд зөвхөн гэрээ байгуулсан мэт харагдахаар гэрээ, хэлэлцээрийн гадаад илэрхийллийг бий болгох үүднээс гэрээ байгуулсан тохиолдолд анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг.

Энэ тохиолдолд шүүх тухайн гэрээ, хэлцлийн хүрээнд үр дагавар бий болсон бол арилгах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ талаар дээр дурдсан хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан.

 

6. Зохигч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /үүргийн хэлцэл/ байгуулсан боловч уг гэрээний дагуу хариуцагчид тус орон сууцны өмчлөх эрх /өмчийн хэлцэл/ шилжсэн болох нь тогтоогдохгүй байх тул буцаах үр дагавар үүссэн болохыг анхан шатны шүүх тодруулах ёстой байжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмчийн хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх дуусгавар болж, шинээр үүсэх бөгөөд энэ нь дүр үзүүлсэн хэлцэлд хамаарч байвал шүүхийн шийдвэрээр тухайн бүртгэлийг зөвтгөх учиртай.

 

7. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл-ээр шүүх иргэний хэрэг үүсгэж, талуудын тайлбар, хэргийн баримтаар зөрчигдсөн эрх бий эсэхийг тогтоож, хэрэв зөрчигдсөн бол сэргээнэ.

Гэтэл нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд бодитоор эрх зүйн маргаан байгаа эсэх, хариуцагчийн зөвшөөрлийг батлахад хуульд нийцэх болон гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулах учиртай.

Иймд, нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч *******т шилжүүлсэн, тус үл хөдлөх эд хөрөнгө бусдад шилжсэн эсэх болон үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн, аль эсхүл худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үнийг төлсөн гэх зэргийг тодруулах нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08762 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Ч.БАТЧИМЭГ