| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1550/Э |
| Дугаар | 1586 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А. Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1586
2019 10 17 2019/ШЦТ/1586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Ариунаа,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05668 2084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
В.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны 18 тоотод хохирогч Р.Одгэрэлтэй маргалдан нуруун тус газарт хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906056682084 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч В.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Р.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед уг хэрэг явдал болсон. Би найз В.О болон Лувсандаш, Баяраа нарын хамт шөнөжингөө архи ууж байгаад өглөө нь В.Оын гэр рүү орсон. Гэр рүү нь ороход В.Оын ах Одсайхан нь ганцаараа унтаж байсан. Одсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд В.О, Лувсандаш, Баяраа бид дөрөв орохдоо нэг шил Цагаан нэртэй 0.75 литрийн архи авч ороод хувааж уусан. Би нилээн согтуу байсан бөгөөд нэг харахад Одсайхан тагтан дээр гарчихсан, би В.Отай гэрээс нь “гарна, гарахгүй” гээд маргалдаж байсан. Тэгтэл В.О гал тогооны өрөөнөөс хар өнгийн иштэй хутга авч ирээд миний нурууны баруун хэсэгт нэг удаа зүсчихсэн. Хэн нь юм бүү мэд түргэн тусламж дуудсан байсан. Түргэний эмч ирж үзээд шууд цэргийн төв эмнэлэг рүү авч явсан. Тэнд очоод 2 ширхэг оёдол тавиулсан ба нэвтэрсэн зүйл байхгүй гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 11380 дугаартай:
Р.Одгэрэлийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/,
Гэрч В.Одсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед манай дүү В.О руу түүний найз Одгэрэл залгаад уулзахаар болсон. В.О, Одгэрэл нар нь уул нь орон нутаг руу хамгаалтын албанд ороод 9 дүгээр сарын 18-ны өдөр явахаар болсон гэсэн. Тэгээд Одгэрэл манай байрны гадаа ирчихлээ гээд В.О руу ярьж байсан. В.О гэрээс гараад явсан. 2-3 цагийн дараа В.О гэрт халамцуу байдалтай авч явах гэж байсан хувцас хунараа үлдээгээд гарсан. Гарах үедээ намайг архи уухуу гэж асуухад нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө унтаад өгсөн. 17-ны үүрийн 06 цагийн үед В.О, Одгэрэл, Лувсандаш, Баяраа нарын хамт нилээн согтуу байдалтай орж ирсэн. Тэд нар задалсан 0.75 литрийн Өргөө нэртэй архитай орж ирээд надад тэр архинаасаа нилээн өгсөн. Надад илүү түлхүү өгөөд байсан болохоор би нилээн согтсон. Дахиж архи уухаар болоод дүү В.Оыг архинд гаргасан ба удалгүй 0.75 литрийн архи авч ирэхээр нь бид нар хувааж ууцгаасан. Архинд явуулахад дөнгөж дэлгүүр онгойж байсан юм шиг байсан. Би яг цаг хэд болж байгааг үнэндээ хараагүй. Би тамхи татахаар тагт руу гарсан, тамхи татаж дуусчихаад орсон чинь В.О, Одгэрэл хоёр хоорондоо маргалдчихсан, Одгэрэлийн нуруу хэсэгт нь хутгалчихсан, В.О гартаа хар өнгийн иштэй хутга барьчихсан зогсож байхад нь би хутгыг нь аваад гал тогооны шургуулганд хийчихсэн. Би уурлаад бүгдийг нь явцгаа гэж хэлээд Одгэрэл, Лувсандаш, Баяраа нарыг гаргасан. Эгч Одгэрэл нэг мэдэхэд орж ирчихсэн, уурласан байдалтай цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид хоёрыг аваад эрүүлжүүлэх байранд хийсэн. Одгэрэл, Лувсандаш, Баяраа нарыг хаашаа явсаныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Шүүгдэгч В.Оын шүүх хуралдаанд өгсөн:
2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үед гэртээ ах Одсайхантай хамт байж байхад найз Одгэрэл залгаад уулзахаар болсон. Удалгүй Одгэрэл манай байрны гадаа ирээд намайг дуудсан бөгөөд бид хоёр орон нутаг руу хамгаалалтын ажлаар явахаар болоод Одгэрэлийн хамт цирк рүү явах гэж байхад Лувсандаш, Баяраа хоёр жуковын хөшөөн дээр явж байна гэхээр нь хамт явахаар болоод Одгэрэлийн гэр рүү нь явсан. Одгэрэл гэрээсээ цүнхтэй хувцасаа аваад гарч ирсэн. Ажлаар явах гэсэн чинь явах нь хойшлогдохоор нь архидахаар болоод Одгэрэлийн гэрээсээ авсан мөнгөөр нь архи авч уусан. Манай гэр рүү очоод би цүнхтэй хувцасаа оруулж тавьчихаад гарсан. Лувсандаш, Баяраа, Одгэрэл бид дөрөв хоолонд орчихоод дэлгүүр хаахаас өмнө 2 шил 0.75 литрийн Өргөө нэртэй архи аваад Жуковын хөшөөн дээр шөнөжингөө архидсан. Тэгээд үүрээр манай гэр рүү орсон бөгөөд ах Одсайханг сэрээгээд хамт архи уусан. Бид нарын хувьд согтолт ихтэй байсан болохоор тал шил архийг Одсайхан ахад уулгасан. Ингээд дэлгүүр онгойхоор нь би дэлгүүр явж дахин 0.75 литрийн Өргөө архи авч ирээд бид тав нийлж уусан. Ууж байхад ах Одсайхан бие засах өрөө ороод тамхилаад ирье гээд явсан ба эргэж ирэхдээ бие засах өрөөнд байсан тамхи хэн хулгайчихваа, битгий хаяагаа хадраад байгаарай гэж хэлээд тагт руу гарсан. Одгэрэл, Лувсандаш, Баяраа бид дөрөв ахаас жоохон эмээдэг юм. Тэгээд гаръя гэхэд Одгэрэл пээдэлзээд гарахгүй байсан болохоор нь маргалдсан. Одгэрэл нь биеэр том болохоор би барьцалдаж чадахгүй болхоороо гал тогооны өрөө ороод хоолны хар өнгийн иштэй хутгыг аваад нуруу руу нь нэг удаа хутгалсан. Одгэрэл надтай зууралдаад унасан ба ах Одсайхан тагтнаас орж ирээд Лувсандаш, Баяраа, ах гурав бид хоёрыг салгасан. Ах Одсайхан миний гарнаас хутга аваад буцаагаад тавьсан. Лувсандаш, Одгэрэл, Баяраа нар гараад явчихсан бөгөөд удалгүй эгч Одгэрэл орж ирээд бид хоёрыг согтуу байна гээд цагдаа дуудаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч В.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-44 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 тал/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 57-58 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас В.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.О нь хохирогч Р.Одгэрэлийн нуруун тус газар хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч В.Оын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч В.О нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон