Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2026/00173

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 52,042,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажилд мэргэшсэн ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* ХХК нь гэрээнд заасан ******* аймгийн *******сумын нутагт орших ******* ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд шаардлагатай ажиллах хүч нийлүүлэх, харин захиалагч буюу ******* ХХК нь гэрээний хавсралт 1-д заасан нэгж үнэлгээг нийлүүлсэн ажиллах хүчний тоонд үндэслэн гэрээний үнийг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу нийлүүлэгч нь барилга барих төсөлд ажиллах хүч нийлүүлж ажилласан бөгөөд захиалагч талаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 34,694,733 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.

1.2. Ажиллах хүч нийлүүлэх гэрээнд 5 хувийн хүү тооцно гэснийг бууруулж 3 хувийн хүү тооцож, талууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэвч захиалагч талаас төлбөрийг төлөөгүй учраас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээг байгуулж төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч төлөөгүй.

1.3. Өр төлбөр барагдуулах гэрээнд төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж зааснаар нийт төлбөл зохих 34,694,733 төгрөг, түүний алданги 58,981,046 төгрөг, нийт 93,675,779 төгрөгийг төлөх ёстой. Гэвч анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульчилсан учир өр төлбөр барагдуулах гэрээний дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 17,347,367 төгрөг болсон.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 34,694,733 төгрөг, алданги 17,347,367 төгрөг, нийт 52,042,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Талууд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компани тус гэрээний төлбөрийг заасан хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь манай компани нэгдмэл байсан компаниас 2024 оны сүүлээр салан тусгаарлагдаж, хоорондын харилцаа таагүй нөхцөлд шилжсэн бөгөөд энэ нь компанийн санхүүгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүнд байдалд орж, улмаар гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон.

Мөн талуудын тооцоо нийлсэн акт үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, гэрээний үлдэгдэл төлбөр болох 34,694,733 төгрөгийг нэхэмжлэлд дурдахдаа өөрсдийн байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж гаргасан гэх боловч компани салан тусгаарлагдсантай холбоотой хувийн таарамжгүй харилцаа үүссэн тул нягтлантай холбогдож чадаагүй. Компани салан тусгаарлагдах үед баримт материалуудаа салгаж авч чадаагүй бөгөөд санхүүгийн анхан шатны баримт болоод санхүүгийн тооцоо нийлсэн актууд манай компанийн архивд байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 52,042,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 418,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 418,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т гэрээний үндсэн төлбөрийг алдангийн хамт хариуцагчаас гаргуулахдаа хэргийн бодит байдлыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй. Гэрээний нийт үнэ гэрээний хавсралт 1-д заасан хэмжээгээр байна гэж тусгасан. Гэвч нэхэмжлэлдээ тус гэрээ болон гэрээний хавсралт-2-ыг хавсаргаж өгсөн. Харин гэрээний үнийг тодорхойлох гол хэсэг болох хавсралт-1-ийг огт гаргаж өгөөгүйгээс уг гэрээний үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй.

4.2. Тус гэрээний 7.2-т тодотгосон хүснэгтийн эхний хэсэгт үндсэн цалин буюу нэрлэсэн цалин *******гэж гараар бичиж ******* ХХК буюу нэг талын тамга дарж баталгаажуулснаас үзэхэд хэзээ хэн бичсэн нь эргэлзээтэй. Анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа манай компани нэгдмэл байсан компаниас компани салан тусгаарлагдах үед тухайн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой материалуудаа авч чадаагүй талаар дурдсан боловч манай компанид огт байхгүй, нэг талын гаргасан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасныг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Үндсэн гэрээнээс үүдэлтэй хариуцагчийн төлбөл зохих төлбөр 34,694,733 төгрөг байдаг. Нэхэмжлэгч тал 2023 оноос эхлэн гэрээний дагуу ажиллах хүч нийлүүлж, хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлж ажилласан. Иймд нэхэмжлэгч талаас 34,694,733 төгрөгт холбогдуулан өр төлбөр барагдуулах гэрээ байгуулах санаачилга гаргасан. Талууд байгууллагын нягтлан бодогч нарыг байлцуулан ******* ХХК-ийн нягтлан бодогч *******тай уулзаж, санхүүгийн тооцоо нийлэх талаар ярилцаж, 34,694,733 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах тухай асуудлыг хэлэлцэхэд 3 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой гэсэн хариу өгсөн. Үүний дагуу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сар тутамд 11,796,209 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй.

5.2. Өр төлбөр барагдуулах тухай гэрээнд нэхэмжлэгч тал хүн хүч, хөлс хөдөлмөрөөр хохирсон тул 0.5 хувиар алданги тооцох тухай заалтыг оруулахаар санал тавихад хариуцагч тал зөвшөөрч, гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч нар гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдсанаас хойш огт төлбөр төлөөгүй, холбогдоогүй. Гэрээний хавсралт-1-д үндэслэн өр төлбөрийг тооцсон, энэ талаар талууд харилцан тохиролцсон. Хүүгээс алданги тооцсон гэж тайлбарладаг боловч хүүгээс алданги тооцсон зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 34,694,733 төгрөг, алданги 17,347,367 төгрөг, нийт 52,042,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барилга угсралтын ажилд мэргэшсэн ажиллах хүч нийлүүлэх гэрээ байгуулж, ажиллагч ******* ХХК ******* аймгийн *******сумын нутагт орших ******* ХХК-ийн түр оффис, агуулахын барилга барих төсөлд шаардлагатай ажиллах хүч нийлүүлэх, ажиллуулагч ******* ХХК нь нийлүүлсэн ажиллах хүчний тоонд үндэслэн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 9-23/

Гэрээний дагуу хариуцагч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцоо нийлсэн актаар ажлын үлдэгдэл төлбөр 28,563,700 төгрөг, санхүүжилтийн зардал 7,936,863 төгрөг, үүнээс бууралт 1,805,830 төгрөгийг хасаж, нийт 34,694,733 төгрөгийн өглөгтэй, санхүүжилтийн зардал буюу хүүгийн хэмжээг 3 хувиар тооцсон болохыг тус тус баталгаажуулсан. /хх-24/

 

Улмаар хариуцагч ажлын хөлс 34,694,733 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11,796,209 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11,449,262 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11,449,262 төгрөг тус тус нэхэмжлэгчид хэсэгчлэн төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр бичгээр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх-25/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээг гүйцэтгэсэн болох нь талуудын маргаан бүхий гэрээнээс үүссэн төлбөрийн үлдэгдлийн талаар харилцан тооцоо нийлж үйлдсэн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч ******* ХХК ажлын хөлс 28,563,700 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Хариуцагч хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан тухайн байгууллагын санхүүгийн баримт байхгүй нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх нотлох баримтыг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Мөн хэрэгт авагдсан талуудын тооцоо нийлсэн акт, өр төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримтаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг тодорхойлох боломжтой байх тул гэрээний үнийг тогтоосон гэрээний хавсралт-1 гэх баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй. Иймд хэрэгт гэрээний хавсралт-1 авагдаагүйгээс уг гэрээний үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, зөвхөн нэг талын баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Талууд гэрээний 8.3-д ... нийлүүлэгч талаас хүн хүчний зардлыг сар бүрийн 20-нд болон дараа сарын 05-ны өдөр тус тус 15 хоногийн нэхэмжлэх илгээх бөгөөд нийт үнийн дүнг нэгтгэн дахин нэхэмжлэх өгөх, уг дүнг 7 хоногийн дараа буюу сар бүрийн 12-ны өдөр өмнөх сарын төлбөрийг бүрэн барагдуулна. Тухайн сарын 12-ны өдрөөс хойш барагдуулж чадаагүй үнийн дүнд санхүүжилтийн зардал болгож сарын 5 хувийн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцжээ. Нэхэмжлэгч тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан хэмжээгээр буюу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 28,563,700 төгрөгийн 3 хувиар тооцож 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 7,936,863 төгрөгөөс 1,805,830 төгрөгийг бууруулж нийт 6,131,033 төгрөгөөр хүү шаардах эрхтэй байна.

 

7. Мөн талуудын хооронд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 2-т энэхүү гэрээний дагуу төлбөр төлөгч нь гэрээний 1-д заасан өр төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,5 хувийн алдангийг төлбөр авагч талд төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрх үүснэ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин алдангийн хэмжээг 17,347,367 төгрөгөөр тооцохдоо хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох ажлын хөлс 28,563,700 төгрөг, хүү 6,131,033 төгрөгийн нийлбэр дүн 34,694,733 төгрөгөөс тооцсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт хүүгээс анз тооцохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Иймд зөвхөн ажлын хөлс 28,563,700 төгрөгөөс төлбөр төлөх хугацаа хэтэрсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хоногийн 0,5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн 14,281,850 төгрөгөөр тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-аас 48,976,583 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,065,517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/08097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 48,976,583 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,065,517 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...418,161 гэснийг ...402,833 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,161 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ч.БАТЧИМЭГ