Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 480

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Б.Соронзонболдын нэхэмжлэлтэй Т.Булгантамир, Л.Жавзандулам нарт холбогдох “Зээл, зээлийн хүү 3.562.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                  Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.Соронзонболд  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр банкнаас 5 сая төгрөгийн малчны зээл авсан бөгөөд тухайн зээл авсан өдөр гэр бүлийн найзууд болох Т.Булгантамир, Л.Жавзандулам нар нь 2500.000 төгрөгийг нь зээлж авсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд бид тохиролцохдоо сарын 2.5 хувийн хүүтэй хүүтэйгээр  тохиролцсон. Малчны зээлийн хүү 2.5 хувь байдаг учраас хэн хэндээ хохиролгүй байхаар тохиролцсон юм.

Иймд Т.Булгантамир, Л.Жавзандулам нараас үндсэн зээл 2500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 09-нөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 17 сарын хүү 1.062.500 төгрөг нийт 3.562.500 төгрөг гаргуулан өгч  иргэн намайг хохиролгүй болгож  өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Т.Булгантамир, Л.Жавзандулам нар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

          ...Б.Соронзонболд миний бие Т.Булгантамир, Л.жуавзандулам нараас 3.562.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие нь Т.Булгантамир, Л.Жавзандулам нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр  тус нэхэмжлэлийнхээ 1.437.500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 2.125.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн авахаар тохиролцож эвлэрлээ. Т.Булгантамир, Л.Жавзандулам бид иргэн Б.Соронзонболдод 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор 2.125.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Соронзонболд нь хариуцагч Т.Булгантамир, Л.Жавзандулам нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 3.562.500 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.437.500 төгрөгөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, үлдэх 2.125.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Энэ нь хэргийг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Зохигчдын харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ нь иргэний хуулинд нийцсэн. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  71.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.125.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.950 төгрөгний 50 хувь болох 24.475 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 50 хувь болох 24.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Соронзонболдын нэхэмжлэлтэй Т.Булгантамир, Л.Жавзандулам нарт холбогдох 3.562.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.437.500 төгрөгнөөс сайн дураараа татгалзсан болохыг дурьдаж, 2.125.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр  зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  71.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.125.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 48.950 төгрөгний 50 хувь болох 24.475 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 50 хувь болох 24.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                           

ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ