| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/07119/И |
| Дугаар | 210/МА2026/00172 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00172
********ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний улмаас учирсан хохирол 695,188,285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ********ХХК нь ******* ХХК-тай *******дүүрэгт байрлах, *******сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр *******дугаартай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, 1 сар 22 хоногийн хугацаатай, нийт гэрээний үнийн дүнг 550,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусахад ******* ХХК гэрээний үүргээ биелүүлж дуусаагүй байсан ба гэрээний хугацаа сунгах санал тавьснаар гэрээг 1 сарын хугацаагаар сунгасан. Түүнээс хойш хариуцагч гэрээнд заасан ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй тул захиалагчийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ бүрэн биелүүлэх талаар шаардсан. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 11 сарын хугацаа олгосон боловч 2021 оны 08 дугаар сар гэхэд барилга угсралтын ажлыг дуусгаагүй, барилгын ажил зогссон байдалтай байсан тул гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн.
1.2. ********ХХК-ийн зүгээс гэрээнд заасан нийт төлбөр 550,000,000 төгрөгөөс 483,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг барилга угсралтын ажил дуусаж, спорт заалны өргөтгөлийг хүлээлгэн өгмөгц гүйцэтгэгч талд өгөх шаардлага тулгарсан. Учир нь гүйцэтгэгч ******* ХХК нь урт хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд биелүүлэхгүй нь тодорхой болсон. Үүнээс хойш сургуулийн спорт заалны барилга угсралтын ажлыг дуусгах талаар шаардлагатай арга хэмжээ авч хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй ажил гүйцэтгэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр болон амаар байгуулан нэмэлт 419,436,839 төгрөгийн гарах ёсгүй зардлыг гаргаж барилга угсралтын ажлыг 2022 оны 06 дугаар сард гүйцээж дуусгасан. Иймд нэмэлтээр гарсан зардал 419,436,839 төгрөг, 73 өдөр хугацаа хэтрүүлсний алданги 153,094,446 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 110,000,000 төгрөгийн торгууль, нийт 682,531,285 төгрөгийг нэхэмжилсэн. ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас манай компаниас нэмэлт зардал гарч, хохирсон тул 12,657,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагч ******* ХХК-аас нийт 695,153,285 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээгээр *******дүүргийн *******сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ийнхүү гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч барилгын материалаа лабораторийн шинжилгээнд оруулсан. Тухайн барилгыг барьж ашиглалтад оруулах ердийн боломжит хугацаанаас хамаагүй бага хугацааг нэхэмжлэгч тогтоож өгсөн. Бид бүхий л нөөц боломжоороо ажилласан боловч гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж эхлэх боломжийг нэхэмжлэгч бүрдүүлээгүй, барилгын талбайг чөлөөлөх, улаан шугамаар тусгаарлах, тусгаарлах хашаа барих зэрэг ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэх байсан боловч үүргээ биелүүлээгүй. Улмаар гэрээнд заагдаагүй дээрх ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд багагүй хугацаа алдсанаар улаан шугамыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр татаж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдож, албан ёсоор барилгын ажил эхлэх боломж бүрдсэн.
2.2. Барилгын ажлыг үргэлжлүүлэх явцад 2020 оны 02 дугаар сараас ковид-19 цар тахал гарч улс орнууд хөл хорио тогтоож, хил хааж, улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой барилгын үйл ажиллагааг зогсоох хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлын 85 хувийг хийж гүйцэтгэсэн. Харин 2021 онд барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгах байсан боловч ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэнээр гэрээнд заасан үнийн дүнгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй, зөрүү их гарах болсон. Энэ нөхцөл байдлыг захиалагч талд хэлж гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлт санхүүжилт хүсэхэд захиалагчийн зүгээс барилгын ажлаа зогсоох шаардлага тавьсан. Захиалагч 2021 оны 08 дугаар сард гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлснээр гэрээ цуцлагдсан бөгөөд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанд хариуцагч буруугүй, хохирол төлөх үндэслэлгүй. Барилга угсралтын ажилд манай компани ямар ч ашиг олоогүй, алдагдал хүлээсэн. Захиалагч тал гэрээнд алданги болон торгуулийг хамт тусгасан нь үндэслэлгүй. Гэрээ цуцлагдсан тул алданги, торгууль төлөх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 695,188,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,788,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх 2 жил, 10 caр гаруй хугацааны дараа хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т заасныг тус тус ноцтой зөрчсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацааг хэтрүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулах бөгөөд давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой.
4.2. Хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид боломжит хугацааг бүрэн олгосон. Шүүхийн шийдвэрт бичигдсэн ******* гэх утга бүхий гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Хэргийн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй. Хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй 1 жил гаруй хугацааны дараа гэрээнд заасан барилгын ажлын тодорхой хэсэг гүйцэтгэгдсэн байсан боловч барилга угсралтын ажил бүрэн дуусаагүй, дуусахгүй нь нэхэмжлэгчид тодорхой болсон учир Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар гэрээг цуцалж, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэгчид хохирол учирсан тул шүүхэд хандсан.
4.3. Шүүх гэрээний бодит нөхцөл, хугацаа, ажлын гүйцэтгэлийн талаарх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан түүнд хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр ******* ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас барилга угсралтын гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр талд ямар ажлыг хэн гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлын төлбөрт тухайн этгээдэд, хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхой бус, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаагүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч талаас дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтыг анхан шатны ерөнхий байдлаар дүгнэж шийдвэрлэсэн ба хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээгүй нь шийдвэрээс тодорхой харагдана. Иймд анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий гомдол гаргажээ. Хэргийг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн нь олон шалтгаантай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдсаныг хүлээн зөвшөөрч байна. Гэвч тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүгчийн илтэд санаатай үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэж үзэхгүй. Хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой олон хүсэлтүүдийг гаргасан. Уг хүсэлтүүдийг шийдвэрлэх явцад тодорхой хэмжээний хугацаа алдсан. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хэрэг дахин хуваарилах асуудал хөндөгдөх эсэх талаарх асуудалд хугацаа шаардагдсан. Практикт анхан шатны шүүхийн шүүгчийн ачаалал их буюу бүтээмжээс хэт давсан ачааллыг авч ажилладаг. Иймд уг үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгаж, хэргийн шийдэлд нөлөөлөх байдлаар давж заалдах гомдол гаргаж буй нь үндэслэлгүй. Үүнийг холбогдох байгууллага, төсөв санхүүг баталж буй эрх бүхий байгууллагад нөхцөл байдлыг илэрхийлж, шийдвэрлүүлэх боломжтой. Уг асуудал нь давж заалдах шатны шүүхийн хяналтын хүрээнд хамааралгүй асуудал юм.
5.2. Хариуцагч тал гэрээний үүргийн хугацааг хэтрүүлээгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарладаг. Мөн гэрчийн мэдүүлэг, барилгын ажлыг эхлүүлэх тухай зөвшөөрөл, бусад холбогдох зөвшөөрөл, ковид-19 цар тахалтай холбоотойгоор нэхэмжлэгч талаас олгосон санхүүжилтийн хүрээнд барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй байсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч тал 2021 онд гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Анхан шатны шүүх гэрээг цуцлах болсон нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үндэслэлгүй гэж үзсэн шалтгаан нь давж заалдах гомдолд тодорхой тусгагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, *******" ХК, ******* ХК, ******* ХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар гарган өгсөн атал нотлох баримтыг бүрэн үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдолд дурджээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд нөгөө тал өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй талаар зохицуулсан. Гэвч гэрээний нөгөө талын буруутай үйл ажиллагаа байхгүй тохиолдолд уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй гэх үндэслэлээр шүүх хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаа нь гэрээг цуцлах шалтгаан болоогүй гэж шүүх дүгнэсэн тохиолдолд нэхэмжлэгч талын дурдан тайлбарлаж буй нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж, үгүйсгэх шаардлагагүй. Шүүх гэрээний үүрэг зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн. Тухайн нотлох баримтад дурдагдсан хөрөнгө нь төсөл буюу *******сургуульд зарцуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад зарим ажлыг хэн гүйцэтгэсэн, тухайн хөрөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэгт *******с ажлын журнал буюу барилгын ажил эхэлсэн үеэс түүнийг гүйцэтгэж дуусах хүртэл журнал авагдсан бөгөөд уг ажлын журналд ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл авагдсан. Барилгын ажил эхлэх үеэс ажлыг хийж гүйцэтгэж дуусах буюу улсын комисс хүлээн авах хүртэлх бүхий л үйл явцыг уг журналд тэмдэглэдэг. Нэхэмжлэгч тал 400,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж тайлбарладаг боловч ажлын журналд уг асуудал тэмдэглэгдээгүй. Нотлох баримтуудыг нэг бүрчлэн үнэлж, няцаах ёстой байсан гэж үзсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд *******с гаргуулсан нотлох баримттай зөрчилддөг. Нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтууд тодорхойгүй, эргэлзээтэй байсан учир шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн. Ковид-19 цар тахлын улмаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэх гэтэл нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан буюу үүрэг гүйцэтгэгчид боломж олгоогүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээг нөхцөл байдалд нийцүүлэх асуудал хөндөгдөөгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Хариуцагч талаас ********ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Тухайн тендерийн үнэлгээ нь 1,050,000,000 төгрөг байсан бөгөөд 1,164,000,000 төгрөгийн ажлыг ******* ХХК-д 483,000,000 төгрөгийн санхүүжилт олгон гүйцэтгүүлсэн атлаа бүрэн гүйцэтгэх ёстой байсан, нэхэмжлэгч талд хохирол учруулсан гэж тайлбарлаж буй хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ********ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 432,093,839 төгрөг, алданги 153,094,446 төгрөг, торгууль 110,000,000 төгрөг, нийт 695,153,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтаар талууд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр АГГ-*******тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гүйцэтгэгч ******* ХХК нь *******дүүргийн *******сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч ********ХХК нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 550,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. /1хх-7/
Хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 483,413,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, төлбөр төлсөн баримтаар тус тус тогтоогдсон. /2хх124-136, 3хх15-46, 4хх1-27/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
4. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийг ажил гүйцэтгэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, цаашид үр дүн гарахгүй нь илэрхий болсон гэсэн шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэжээ. /1хх-89/
Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Харин нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болсон шалтгаан хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой эсэх, хариуцагч гэрээг цуцалснаас хойш нэхэмжлэгч тал барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн зардал, ажил гүйцэтгэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн хариуцлага болох алданги, торгууль зэргийг төлөх үүрэг хүлээх эсэх талаар маргажээ.
5. Хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй байх боловч маргаан бүхий барилгын ажлын 85-90 хувийг гүйцэтгэсэн гэж тайлбар гаргасан, мөн гэрч ******* энэ талаар адил мэдүүлэг өгсөн байна. /8хх59-63/
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээний талаарх тайлбар, гэрчийн мэдүүлгийг тус тус баримтаар няцаагаагүйгээс гадна уг ажлын үр дүнгийн талаар ямар нэгэн доголдол, түүнтэй холбоотой гомдлын шаардлагыг хариуцагчид гаргаж байсан талаарх баримт хэрэг авагдаагүй.
5.2. Мөн гэрээний 4-т захиалагч ********ХХК нь энэхүү гэрээний дүн 550,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг шалгаж хүлээж авснаар ажлын хөлсийг гүйцэтгэгч ******* ХХК-д төлөхөөр заасан байх ба нэхэмжлэгчээс ажлын хөлс 483,413,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчийг энэ хэмжээнд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан тул хохирол шаардах эрхтэй гэж тайлбарласан боловч дараах баримтаар тус тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:
6.1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Талууд гэрээний 2.4-т ажил гүйцэтгэх хугацааг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуусгахаар заасан байх боловч амаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан талаар маргаагүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй.
6.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараагаар ******* газраас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******, ******* тоот *******дүүргийн *******сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгожээ. /4хх-93/
6.3. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ковид-19 цар тахлаас шалтгаалан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон.
Үүнээс гадна ******* захиалгаар ******* ХХК нь *******дүүргийн *******сургуулийн спорт заалны өргөтгөлийн барилгын ажлыг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр эхэлж, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээний үнийг 1,050,439,043 төгрөг байхаар тохиролцсон.
Түүнчлэн, ******* төвийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр 2021 оноос хойших барилга угсралтын гүйцэтгэл болон үлдэгдэл ажлын гүйцэтгэлийн төсөвт өртгийн материалын үнийн өсөлтөд баримтлах барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж үнийн судалгаанд үндэслэн дээрх барилгын материалын үнийн өсөлтийг 64,429,182 төгрөгөөр тогтоосон. /3хх224-227/
6.4. ******* захиалгаар ******* ХХК-ийн дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, уг гэрээний үнийг материалын үнийн өсөлтийн дүн болох 64,429,182 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт гэрээний үнийг 1,114,868,225 төгрөгөөр тогтоож, барилгын ажлыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцжээ. /3хх222-223/
Дээрх баримтаар нь маргаан бүхий барилгын ажил эхлэх зөвшөөрөл талуудын ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө гарсан байх ба Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх нь барилгын ажлын захиалагчийн үүрэгт хамаарах тул гэрээнд заасан ажлыг хугацаа алдаж эхэлсэн нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзэхээр байна.
6.5. Мөн талуудын маргаж буй барилгын ажлын нийт өртөг анх 1,050,439,043 төгрөг байсан, хожим 1,114,868,225 төгрөг болгон нэмэгдүүлсэн байхад хариуцагч ******* ХХК-ийг 550,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх ёстой байсан гэж дүгнэх нь учир дутагдалтайгаас гадна нэхэмжлэгч ********ХХК нь батлагдсан төсвийн хүрээнд үргэлжлүүлэн барьж гүйцэтгэсэн байх тул 432,093,839 төгрөгийг хариуцагчийн буруутай үйлдэлтэй холбоотой гарах ёсгүй байсан зардал гэж үзэх боломжгүй байна.
7. Хариуцагч нь ковид-19 цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Түүнчлэн, ковид-19 цар тахлын улмаас улсын хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой барилгын материалын хомсдол үүсэж, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох барилгын ажлын төсөвт өртөгт үнийн өсөлт гарсан болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагч тал цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл барилгын материалын үнийн өсөлтийн улмаас гэрээнд заасан үнээр ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд энэхүү нөхцөл байдлыг захиалагч талд мэдэгдэж, гэрээнд өөрчлөлт оруулж санхүүжилт хүсэхэд захиалагчийн зүгээс барилгын ажлаа зогсоох шаардлага тавьсан гэсэн татгалзал үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ковид-19 цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй, үргэлжлүүлэн барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан ажил гүйцэтгэх үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэхүү хохирол шаардах эрх үүсэхгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч буруугүй байх тул хохирол шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
8. Харин нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй нь гэрээнээс татгалзах журам зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Учир нь, хариуцагч нь барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан ажил гүйцэтгэх боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.
8.1. Нөгөө талаас нэхэмжлэгч тал маргаан бүхий барилгын ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн 432,094,124 төгрөгийн зардал гаргасан болохоо нотлохоор нэр бүхий 16 иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан нийт 220,187,874 төгрөгийн гэрээний үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ, нийт 200,330,679 төгрөгийн үнэ бүхий 305 ширхэг бараа материалын төлбөрийн баримт, нийт 419,436,839 төгрөгийн гүйлгээний арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтыг гаргасан байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
8.2. Нэхэмжлэгчээс хариуцагчид дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүйгээс гадна хариуцагчаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас барилгын материалын үнэ өссөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчээс үлдсэн ажлын зардлыг гарах ёсгүй байсан зардал гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажил гүйцэтгэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн зүгээс зардал гаргахгүйгээр үлдсэн ажлын үр дүнг бий болгох боломжгүй.
Иймд, нэхэмжлэгчийн гэрээг цуцалснаас хойш барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн 432,094,124 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох үндэслэлгүй байна.
9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-д гүйцэтгэгч нь холбогдох чанарын шаардлага, гэрээний нөхцөлийг бүрэн хангасан ажлыг гэрээний 4.1-д заасан хугацаанд захиалагчид актаар хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр тусгайлан заасан хугацаа тогтоож өгсөн үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй бол тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хүртэл хувийн алданги төлнө., 9.3-т гүйцэтгэгч гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, гэрээг ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцүү хэмжээний торгууль төлөх бөгөөд тийнхүү зөрчсөнөөс захиалагч болон түүний харилцагчид учирсан аливаа /хууль зүйн болон үйл ажиллагааны/ хохирлыг барагдуулна. гэж тус тус заажээ.
Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.
9.1. Нэхэмжлэгч нь ковид-19 цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан өдрөөс хойш гэрээ цуцлах хүртэлх 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацааны алданги гаргуулахаар шаардсан байх боловч хариуцагчийг хугацаа хэтрэхэд хүргэсэн тухайн үеийн барилгын материалын үнийн өсөлт нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
9.2. Иймд хариуцагч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй тул алданги 153,094,446 төгрөг, торгууль 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Харин нэхэмжлэгчийн гаргасан торгууль 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүх залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 232.6 гэсний өмнө 232.5, гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,633,716 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.БАТЧИМЭГ