Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02204

 

  

 

 

 

 

 

 

     2025         12            17                                         210/МА2025/02204

                                                 

 

 

******* нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05291 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 31,757,500 төгрөг, алданги 15,787,750 төгрөг, нийт 47,363,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. миний бие “” ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар бүхий орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тус гэрээний дагуу ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах, ******* хотхон, А блокийн 1 дүгээр орц, 6 давхрын тоотод байрлах,   м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэд нийт 31,575,500 төгрөгийг төлсөн. Гэтэл дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч “” ХХК нь тухайн орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү үүргээ биелүүлэхгүй, барилга барихтай холбоотой ямар нэг ажил хийгээгүй. Түүнчлэн тус компанитай гэрээний үүргээ биелүүлэх, гэрээ цуцлах асуудлын хүрээнд удаа дараа уулзсан. Гэвч хариуцагч одоо болтол гэрээ цуцалсны төлбөр, алдангийг өгөхгүй намайг хохироож байна. Иймд “” ХХК-аас гэрээний төлбөр 31,575,500 төгрөг, гэрээний 7.2-д заасан алданги 15,787,750 төгрөг, нийт 47,363,250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “” ХХК нэхэмжлэлд хариу тайлбар гараагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 47,363,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 395,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр 31,575,500 төгрөгт маргаагүй, харин алданги 15,787,750 төгрөгийн хэмжээг өөрийн гэм буруутай байдлаас шалтгаалан үүсээгүй төлбөр болох тухай маргадаг.

"" ХХК ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* хотхон барьж, ашиглалтад оруулахаар ******* аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газартай "Хамтран ажиллах гэрээ" байгуулан ажилласан бөгөөд орон нутгийн төр захиргааны байгууллагын гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүйгээс хамааран төслийн явц удааширч, барилгыг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон. Дээрх асуудлаар ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсэн өнөөдрийг хүртэл маргаатай байгаа болно.

4.2. Анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05291 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д "Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй учир нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй ..." гэжээ. Энэ хүрээнд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан төлөхөд хариуцагч тал татгалзах зүйлгүй байгаа болно. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 7.2, 7.3 дахь хэсэгт тохиролцсоны дагуу 15,787,750 төгрөг гаргуулахаар шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний хариуцлага хэсэгт хамаарах бөгөөд барилга баригдахгүй удааширч байгаа нь "" ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болсон гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан нь “" ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэл харагдахгүй байгаа болно.

4.3. Мөн шүүх хурлын үеэр "" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуралд өмгөөлөгч оролцох хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар хангалгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дэх заалтуудыг зөрчсөн байна.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтад заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05291 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1.  Хариуцагчийн зүгээс холбогдох төслийн явц удааширсан гэх тайлбар гаргадаг. Гэвч хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй. Гэрээний 4.3 дахь хэсэгт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид нээлттэй бөгөөд уг эрхийн дагуу нэхэмжлэл гаргасан. Мөн гэрээний 7.2 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутамд алданги тооцохоор зохицуулсан. Мөн гэрээний 7.3 дахь хэсэгт үүргээ биелүүлээгүй бөгөөд тодорхой хугацаа заасан тохиолдолд анзыг төлнө гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий байна. Хариуцагч нь шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож тухай гомдол гаргадаг. Гэрээний 7.2 дахь хэсэг болон 7.3 дахь хэсэгт заасны дагуу хууль болон гэрээнд заасан зохицуулалтын дагуу алданги тооцох үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 31,757,500 төгрөг, алданги 15,787,750 төгрөг, нийт 47,363,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “” ХХК-иас нэхэмжлэлийн хувийг гардан аваад хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй ба анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

 

3.  Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаартай “Зээлээр худалдах-худалдан авах /лизинг/-ийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь ******* аймаг, ******* сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах ******* хотхоны А блок, 1 дүгээр орцны 6 дугаар давхар, тоотод байрлах, м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь 1 м.кв-ийг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 104,020,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-5-10/

 

3.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд нийт 31,575,500 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-д төлсөн. /хх-11-16/

 

4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр  гэж  анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д тус тус нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 31,575,500 төгрөг төлсөн боловч хариуцагч “” ХХК нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн төлбөр болон гэрээгээр тохирсон алдангийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.   

 

5.1. Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний маргааны улмаас уг барилга баригдаагүй” гэж 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны үеэр тайлбарласан /хх-69 ар/ боловч уг тайлбар, татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.9-д барилга ашиглалтад оруулах хугацааг 2023 оны 2 дугаар улирал гэж тохиролцсон боловч 2024 оны 9 дүгээр сард ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий этгээд болон хариуцагчийн төлөөлөгч нартай хийсэн уулзалтын үеэр барилга баригдах боломжгүй болсныг мэдсэн даруйд нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар хариуцагч “” ХХК-д мэдэгдэж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д  заасныг зөрчөөгүй байна.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч “” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 31,575,500 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

6. Харин “Барилгын ажил удаашрах болсонд хариуцагч “” ХХК буруугүй байхад 15,787,750 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу гэх агуулгаар хариуцагч давж заалдах гомдол гаргасан.  

 

6.1. Хэргийн баримтаар хариуцагч гэрээний дагуу барилга барьж, хугацаанд нь ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, уг үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсныг  баримтаар нотлоогүй тул хариуцагч “” ХХК гэрээнд заасан алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

6.2. Гэрээний 7.2-т “Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож, хоног тутамд алданги төлөх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хүртэл хувиас хэтрэхгүй байна” гэж, 7.3-т “Гэрээний аль нэг тал өөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үүргээ биелүүлэх тодорхой хугацаа заах бөгөөд тохиролцсон хугацаанд үүргээ хэрэгжүүлээгүй бол гэрээг цуцалж, гэрээ байгуулснаас учирсан хохирол, түүгээр тогтоосон анзыг төлүүлнэ” гэж тус тус тохиролцсон учир нэхэмжлэгч нь  хариуцагч “” ХХК-аас алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй. /хх-9/

 

6.3. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу хариуцагчаас алданги гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүх “хохирол” гэж дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар залруулна.

 

6.4. Гэрээний 2.9-д зааснаар гүйцэтгэгч нь ******* хотхоны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай хариуцагчид мэдэгдсэн 2024 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны алдангийг шаардах эрхтэй бөгөөд уг алдангийн хэмжээ 31,575,500 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх тул шүүх 15,787,750 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасанд нийцнэ.  

 

7. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

7.1. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хийхээр товлосон.

 

7.2. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05291 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэснийг хасаж, “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.           

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА