Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00005

 

  

 

 

 

 

 

 

 

     2025         12            22                                         210/МА2026/00005

                                                 

 

 

 

“******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* банктай ******* тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан.

1.2. Зээлдэгч ******* кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 60 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа байна. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, магадлал гарсан ба үүний 7 дахь хэсэг тусгачихсан 2 кредит картыг нэхэмжлэгч ******* банк ХК-ийн өмнө байгуулагдсан ******* кредит карт болон ******* кредит картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардахад энэхүү магадлал саад болохгүй гээд тусгаад өгчихсөн байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа энэ өдрөөс дахиад шинээр тоологдож эхэлж байгаа.

1.3. Иймд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 13,492,589.75 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2,685,521.86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү нь 788,815.28 төгрөг, нийт 25,366,612.61 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. *******ын хувьд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2 жилийн хугацаатай 8,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт авсан. Гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дууссан ба хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусаж байгаа.

2.2. Гэтэл ******* банкны зүгээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. ******* Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.3. Түүнчлэн банк нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасанд хамааруулаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тооцогдох ёстой гэх агуулгаар тайлбар хийсэн. ******* банкны нэхэмжлэлтэй 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан зээлийн гэрээтэй маргаан байгаа. Үүнийг анхан болон давж заалдах шатын шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар гэрээний дагуу 22,730,109 төгрөг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. тоот зээлийн гэрээг хоёр шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзсэн.

2.4. Мөн ******* 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид бичгээр хүсэлт гаргасан ба тус өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзээд шинээр тоолж эхлэхэд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа. Гэтэл “******* банк” ХК нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг эрх бүхий этгээдээр сэргээлгэсэн талаарх ямар нэгэн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, одоо үүргийг гүйцэтгэхгүй байх эрхтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 21,892,275.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,474,337.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 284,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 267,411 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, шинээр эхлэн тоолно” гэж тус тус заасан. Хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* банканд хүсэлт гаргаснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарах ба энэ өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож байна..." гэжээ.

4.2. Тус дүгнэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлсэн тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3-н жилийн дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. "******* банк" ХК нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг.

4.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Түүнчлэн “******* банк” ХК нь ******* холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоот зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар магадлал гарснаар хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй гэж үзсэн.

4.4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэсэн байна. Хүчин төгөлдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн.

4.5. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой хууль буюу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсгийг хэрэглээгүйд гомдолтой байна. Онолын хувьд авч үзвэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэг болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГКР******* тоот кредит карт эзэмших гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийн картыг олгосон. Тухайн зээлийг хариуцагч нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн төлөөгүй учраас хариуцагч нь кредитийг хэрэглээний зээл болгож төлөх хүсэлтээ 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр банканд бичгээр гаргасан. Уг хүсэлттэй холбогдуулан хариуцагч тал маргаагүй.

5.2. Банк зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тоот зээлийн гэрээг хариуцагч *******тай байгуулж кредит картад бодогдсон тухайн өдрийн үлдэгдлээр хэрэглээний зээл болгон хөрвүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас анх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар магадлалаар сүүлд байгуулсан тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг тасалдах үндэслэлтэй гэж үзэхээр байна.

5.3. Тодруулбал давж заалдах шатны шүүхийн магадлалын 7-т нэхэмжлэгч байгууллагын картын зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардахад уг магадлал саад болохгүй гэх агуулгаар дүгнэлт хийсэн бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө нь өнгөрсөн хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй, дахин шинээр тоолох үр дагавартай. Тус шүүхийн шийдвэр нь 2024 онд хуулийн хүчин төгөлдөр болсныг харгалзах ёстой. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. “******* банк” ХК нь *******тай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/КР/******* дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч “******* банк” ХК нь 8,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөх, хэрэв зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөх өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-8/

 

3.2. Уг гэрээний дагуу кредит картыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ******* ашигласан байх ба 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 8,399,685.72 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, энэ хугацаанаас хойш хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчил үүссэн. /хх-9-12/

 

3.3. Хариуцагч *******ын зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “******* банк” ХК-д кредит картын зээлийг хэрэглээний зээлд шилжүүлэх хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 18,923,352 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-70-71/

 

3.4. дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч *******ын тус банк дахь 2209247959 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 18,923,352 төгрөгийг зээлдүүлэгч олгосон боловч 4,539,417 төгрөгийг 2017 оны кредит картын төлбөрт, 14,383,933 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн кредит картын төлбөрт тус тус “төлөлт” гэх утгатайгаар буцаан татжээ. /хх-72/

 

3.5. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан дугаар зээлийн гэрээний үүргийг шаардсан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар магадлалаар талуудын байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-73-81, 82-84/

 

4. Үүний дараа нэхэмжлэгч “******* банк” ХК нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан” гэж, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус тайлбарласан байх ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.  

 

5.1. Учир нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацааг 2 жил гэж тохиролцсон байх ба энэ гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болох байжээ.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор шаардах эрхээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлэх байсан байна.

 

5.2. Гэтэл хариуцагч ******* “******* банк” ХК-д 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргасан байх тул түүний 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээг хэрэглээний зээл болгох хүсэлт гаргасан үеэс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох юм.

 

 Ийнхүү тоолоход 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад “******* банк” ХК нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар магадлалыг иш татаж, уг хүчин төгөлдөр шийдвэр, магадлал гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан, анхан шатны шүүх мөн ийнхүү дүгнэсэн боловч тухайн шийдвэр, магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар зээлийн гэрээний маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

 

5.4. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийг мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тул хариуцагч *******ын татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас Зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,784 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                            ШҮҮГЧИД                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА