Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00007

 

  

 

 

 

 

 

 

     2025         12            22                                         210/МА2026/00007

                                                 

 

 

“******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06360 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч “*******” ХХК болон *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 423,744,346.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК нь  манай банктай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 229,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар зээлж авсан. Бид  зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагч “*******” ХХК-ийн харилцах дансанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 229,800,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.2. Түүнчлэн талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тоот барьцааны гэрээ байгуулж *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн тус компанийн  хувьцаа эзэмшигч *******тэй  2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тоот батлан даалтын гэрээ байгуулж зээлдэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалт гаргасан.

1.3. “*******” ХХК нь ******* тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл төлөх байсан боловч 2021 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлөлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс  зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал *******тэй биечлэн болон утсаар ярьж гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж, мэдэгдэл гардуулан өгч байсан боловч сүүлдээ утсаа авахгүй байх, банктай холбоо барихгүй байх зэргээр зээл төлөхөөс зайлсхийж, өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна.

1.4. Зээлдэгч “*******” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 229,800,000.00 төгрөг, үндсэн хүү 165,320,255.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,624,090.95 төгрөг, нийт 423,744,346.68 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул 423,744,346.68 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч “*******” ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “Манай компани “******* банк” ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээний дагуу 229,800,000 төгрөгийг сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэн авсан бөгөөд уг зээлийн барьцаанд өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан байдаг. “******* банк” ХК нь манай компанид холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт 272,680,742.07 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,521,360 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

2.2. Нэхэмжлэгч анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 41,364,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,272,800 төгрөг, нийт 49,636,800 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгджээ. Энд үндсэн зээлийн төлбөрт 229,800,000 төгрөг, үндсэн хүүд 79,533,250.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,985,091.48 төгрөг, нийт 322,318,341.57 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Учир нь, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн *******ыг хариуцагчаар татсан. Гэтэл тэрээр өнөөг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаад “*******” ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй. “******* банк” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг  биднийг санаатайгаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 49,636,800 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2.3-д заасныг тус тус зөрчиж байна.

2.4. “*******” ХХК нь зээлийн хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж байсан ба зээлийн төлбөрт нийт 11,921,653.43 төгрөгийг төлсөн. Гэтэл “******* банк” ХК нь зээлийн эргэн төлөлтийг бүгдийг нь зээлийн хүүд тооцож суутгасан байдаг нь хэрэгт авагдсан зээл тооцооны хуудас баримтаас харагддаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж заасан байхад хариуцагчийн төлсөн 11,921,653.43 төгрөгийг үндсэн зээлд тооцолгүйгээр хүүд тооцож авсан нь хуулийг зөрчиж, тооцоог гаргахад нь сөргөөр нөлөөлсөн. Иймд, “*******” ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөр болон түүнээс тооцсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:

3.1. “******* банк” ХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу олгогдсон 229,800,000 төгрөгөөс миний бие нэг төгрөг ч авч хэрэглээгүй. Тухайн үед тус компанийн  гүйцэтгэх захирал ******* нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авна гэж итгүүлэн мөнгөө төлөөгүй ч гэсэн зээлийн гэрээний барьцаанд үл хөдлөх хөрөнгүүдээ тавиад өгөөч гэж удаа дараа гуйсан учир би өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ зээлийн барьцаанд тавьсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч “*******” ХХК-ийг 2021 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлбөрөө төлөлгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар дурдсан боловч түүнээс хойш 2 жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд  зээлдэгч компани тухайн хугацаанд зээлийн төлөлтийг хийх хангалттай ашиг орлоготой байсан. Зээлдэгчийгээ ашиг орлоготой байх хугацаанд “******* банк” ХК нь зээлийн төлбөрийг төлүүлэх бодитой арга хэмжээ аваагүй байна. Гэвч миний бие *******тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг түүнд худалдсан ба барьцаанд байгаа үндэслэлээр нэр шилжүүлээгүй байгаа. Тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 423,744,346.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, сумын 2 дугаар баг, 1 гудамж, 7 тоот зориулалттай м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай, сумын 2 дугаар баг, 1 гудамж, 7 тоот зориулалттай м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, сумын 2 дугаар баг, 1 гудамж, 6 тоот хувийн сууцны зориулалттай м.кв үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын дугаартай, сумын 2 дугаар баг, 1 гудамж, 6 тоот зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,662,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 2,276,672 төгрөг, улсын төсвийн хариуцагч *******оос 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “*******” ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.  Талууд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулан 229,800,000 төгрөгийг сарын 1.5, жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан ба гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тоот барьцааны гэрээ мөн байгуулсан.

5.2. Хариуцагч "*******" ХХК нь 11,921,653.43 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 229,800,000 төгрөг, хүү 38,168,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,712,291.48 төгрөг, нийт 272,680,742.07 төгрөгийг хариуцагч компани хүлээн зөвшөөрчээ" хэмээн анхан шатны шүүх дүгнэсэн.

5.3. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч "*******" ХХК-аас 423,744,346.68 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгохоор” шийдвэрлэсэн. Талууд зээлийн гэрээний дагуу төлсөн 11,921,653.43 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй хэсгийг хасаж шийдвэрлээгүйн улмаас хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

5.4. Мөн шүүхийн шийдвэр үндэслэх хэсэгт үндсэн зээл 229,800,000 төгрөг, хүү 165,320,255.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,624,090.95 төгрөг, нийт 423,744,346.68 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК нь шаардах эрхтэй юм гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол нь ойлгомжгүй байна.

5.5. Түүнчлэн, хариуцагч "*******" ХХК, ******* нарын өмгөөлөгч , хариуцагч *******ын өмгөөлөгч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн дуудан ирүүлэх хуудсаар нэхэмжлэлтэй, “” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан тус шүүхийн 2 тоот шүүх хуралдааны танхимд 2025 оны 08 сарын 18-ны өдрийн 5 дахь хурал буюу 09:30 минутад болно. , нар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох тул хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хуудас ирсэн байх тул шүүх хуралдааныг хойшлуулж, биечлэн оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр илэрхийлсэн.

5.6. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дахь заалтыг зөрчсөн ба  тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан хариуцагч талыг шүүх хуралдаанд мэтгэлцэх нөхцөл боломжоор хангаагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд хотод албан томилолттой байсан учир эвлэрлийн талаар нэхэмжлэгчтэй тохиролцож амжаагүй байсан ба эвлэрэх хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн байдаг.

5.7. Дээрх зарчмыг хангаагүй үйлдэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан үүргээ биелээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06360 дугаартай шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1 дүгээр зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Учир нь, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу “******* банк” ХК нь тухайн тогтоосон хугацаанд мөнгөө өгсөн. Зээлдэгч зориулалтын дагуу зээлээ ашигласан. Зээлийн гэрээний  2.1.7-д заасны дагуу тус зээл нь Хөдөө аж ахуйн яамны хөнгөлөлттэй зээлд хамаардаг бөгөөд жилийн 18 хувийн хүүтэй, тусгай зориулалтын зээл.

6.2. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ 1 хоног буюу түүнээс дээш хугацаагаар зөрчвөл зээлдэгчээс 18 хувийн хүү шаардана. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй. Хүү төлөөгүй зөрчил гаргасан учраас “******* банк” ХК-аас жилийн 18 хувийн хүүгээр бодож нэхэмжилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн, хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч “*******” ХХК болон *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 423,744,346.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* хариу тайлбар  гаргаагүй, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж оролцсон.

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. “******* банк” ХК 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХХК-тай ******* дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, 229,800,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх ба зээлийн жилийн хүүгийн 7 хувийг зээлдэгч, 11 хувийг “******* банк” ХК, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийн зардлыг санхүүжүүлэх гэрээнд заасан журмаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах, хэрэв зээлдэгч “*******” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүг бүхэлд нь буюу жилийн 18 хувийн хүүг дангаар хариуцахаар харилцан тохиролцсон. /хх-15-17/

3.2. Мөн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, *******ын өмчлөлийн сумын 2 дугаар баг, Аргал Эмгэнт 1 дүгээр гудамж, 6 тоотод байрлах, м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, сумын 2 дугаар баг, Аргал Эмгэнт 1 дүгээр гудамж, 6 тоотод байрлах, м.кв талбай бүхий, нэгж талбарын дугаар, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, зориулалтаар өмчлөх эрхтэй газар, сумын 2 дугаар баг, Аргал Эмгэнт 1 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, м.кв талбай бүхий, нэгж талбарын дугаар, эрхийн улсын бүртгэлийн Г-1401001207 дугаартай, зориулалтаар өмчлөх эрхтэй газар, сумын 2 дугаар баг, Аргал Эмгэнт 1 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон хариуцагч “*******” ХХК-ийн ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах авлага, бараа материал зэргийг тус тус барьцаалсан. /хх-20-29/

3.3. Түүнчлэн “******* банк” ХК, ******* нар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг батлан даахаар харилцан тохиролцсон. /хх-18-19/

3.4. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 229,800,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-д шилжүүлсэн. /хх-10-12, 14/

4. Анхан шатны шүүх хэн, хэний хооронд чухам ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар тус тусад нь ялгаж зөв тогтоогоогүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан үүссэн харилцаа бүрийн хүрээнд нэхэмжлэлийн хэд, хэдэн шаардлага гаргасан байхад үүнийг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь зээлдэгч “*******” ХХК-аас  зээлийн гэрээний үүргийг, барьцаалуулагч *******т холбогдуулан барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага, түүнчлэн батлан даагч *******т  холбогдуулан батлан даалтын үүрэг шаардсан байгааг давж заалдах шатны шүүх нэмж залруулан дүгнэх боломжтой. 

Тодруулбал, нэхэмжлэгч “******* банк” ХК болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа, нэхэмжлэгч “******* банк” ХК болон хариуцагч ******* нарын хооронд мөн хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа, “******* банк” ХК болон “*******” ХХК, ******* нарын хооронд тус хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

5. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...нэхэмжлэгч анх шүүхэд зээлийн гэрээний үндсэн үүрэг 229,800,000 төгрөг, хүү 38,168,450.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,712,291.48 төгрөг, нийт 272,680,742.07 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрч төлнө, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* оролцоогүйгээс ажиллагаа удааширсанд манай компани буруугүй тул үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж, нийт 423,744,346.68 төгрөг гаргуулахаар шаардаж буйг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 151,063,605.11 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 423,744,346.68 төгрөг гаргуулахаар шаардсан нь талуудын маргааны зүйл болжээ. 

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу “*******” ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2021 оны 05 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлснийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй тул хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ. /хх-38-42, 74-75, 127/

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд зээл төлөгдөж дуустал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасанд нийцсэн.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 12 сар бөгөөд уг хугацаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ч дээрх хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч “*******” ХХК нь банк, эрх бүхий этгээдээс авсан зээлийн гэрээний үүргийг тухайн үүрэг биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд тооцогдох хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн “...хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан асуудал хамааралгүй...” гэж дүгнэснийг буруутгахгүй.  

 

Иймээс нэхэмжлэгч “******* банк“ ХК нь зээлийн гэрээний 2.2.4 болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон хариуцагч “*******” ХХК-аас үндсэн зээлийн төлбөр 229,800,000.00 төгрөг, үндсэн хүү 165,320,255.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,624,090.95 төгрөг, нийт 423,744,346.68 төгрөгийг шаардах эрхтэй тул энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “...хариуцагчийн төлсөн 11,921,653.43 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж шийдвэрлээгүй...” гэжээ.

 

Гэвч хэргийн 127 дугаар талд авагдсан “Зээл, хүүгийн тооцооны хуудас”-аар хариуцагч “*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн нийт 11,921,653.43 төгрөгийг нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасаж, зээлийн төлөгдсөн төлбөрт тооцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

8. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасан.

Талуудын байгуулсан батлан даалтын гэрээг үзвэл батлан даагч ******* нь зээлдэгч “*******” ХХК-тай хамт зээлийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй ба батлан даагч этгээд нөхөх хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдоогүй, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоны дараагаар батлан даагчаас гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах журамтай.

Иймээс хариуцагч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь батлан даагчид холбогдуулан тусдаа шаардлага гаргах эрх нээлттэй тул хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар шийдвэрийн “Тогтоох” хэсэгт заагаагүй орхигдуулсныг залруулна.

9. Мөн “******* банк” ХК болон “*******” ХХК нарын хооронд байгууладсан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай барьцааны гэрээгээр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон тус компанийн борлуулалтын орлого, авлага, бараа материалыг барьцаалсан талаар магадлалын хянавал хэсгийн 3.3 дахь хэсэгт дурдсан.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг хэрэглэж, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар дүгнэн, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж, харин хариуцагч “*******” ХХК-ийн ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материалаас үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй байна.  

 

Гэвч энэхүү шийдэлд нэхэмжлэгч “******* банк” ХК-аас гадна хариуцагч ******* болон “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн уг шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

10. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай хуулийн заалт, мөн батлан даагчид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн заалтыг тус тус баримтлаагүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд зөвтгөнө.

 

Түүнчлэн шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад хариуцагч “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах агуулгыг тодорхой бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байгааг нэмж залруулна.

 

11. Хариуцагчийн “*******” ХХК болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Учир нь, шүүх 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн эвлэрэх хугацаа олгох хүсэлт гаргасныг, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гадаад улс руу зорчсон тул биечлэн оролцох боломж олгох тухай хүсэлт гаргасныг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт гаргасныг, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлт гаргасныг, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн гачигдал гарсан гэх хүсэлт гаргасныг тус тус хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангасан гэж үзнэ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06360 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх  заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д тус тус  заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 423,744,346.68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож, хариуцагч *******эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд” гэсний дараа “хариуцагч *******ын өмчлөлийн” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,276,672 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.           

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНДАЛБАЯР

                            ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА