Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 481

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Ц.Уранбилэгийн нэхэмжлэлтэй Д.Батсайханд холбогдох “Зээл, зээлийн хүү 6.353.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                              Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ц.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батсайхан нь 2014 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 400.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-нд 1.500.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21нд 250.000 төгрөг тус тус авсан. Сарын 20 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлдүүлсэн.

Мөн дэлгүүрээс 243.000 төгрөгийн бараа зээлж аваад өдий болтол өгөөгүй явна. Одоо 2 жил гарангийн хугацаа өнгөрч байна. Удаа дараа тохиролцон сар болгон 500.000 төгрөгөөр хувааж төлж барагдуулна гэсэн боловч энэ хугацаанд 2015 оны 09 дүгээр сарын 28-нд 200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-нд 200.000, 2015 оны 10 сарын 20-нд 200.000 төгрөг ,2015 оны 12 сарын 25-нд 500.000 төгрөг дансаар өгсөн.Бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч би энэ хүнтэй тохиролцож 1 жилийн хүү бодож нийт 7.210.000 төгрөг болж тохиролцсон. Увуулж цувуулаад 1.100.000 төгрөг өгсөн тул үлдэгдэл 6.353.000 төгрөг  болон дэлгүүрийн барааны мөнгө болох 2430.000 төгрөг нэхэмжилж байна. Д.Батсайханаас 6.353.000 төгрөг гаргуулан өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

Хариуцагч Д.Батсайхан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан  тайлбартаа:

       ... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 багийн 1-14 тоотод оршин суух Ц.Уранбилгээс  2014 оны 06 дугаар сарын 15-нд 400.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 25-нд  1.500.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-нд 250.000 төгрөг авсан нь үнэн мөн дэлгүүрээс нь 243.000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Энэ хугацаанд хүү болох 1.100.000 төгрөг төлсөн Ц.Уранбилэгийн Д.Батсайхан надад холбогдуулах 6.353.000 төгрөг нэхэмжилснийг маргахгүй төлж барагдуулна. Уг мөнгийг сар болгоны 30-ны өдөр 500.000 төгрөгөөр төлж бүрэн барагдуулна. Улсын тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.   

                                                               Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Ц.Уранбилэг нь Д.Батсайханд холбогдуулан “Зээл, зээлийн хүү 6.353.000  төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Батсайхан нь  нэхэмжлэлийн шаардлага болох 6.353.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд  гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Энэ нь хуулинд харшлаагүй. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 116.598 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 116.598 төгрөгний 50 хувь болох 58.299 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 58.299 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ц.Уранбилэгийн нэхэмжлэлтэй Д.Батсайханд холбогдох “Зээл, зээлийн хүү 6.353.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 116.598 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 116.598 төгрөгний 50 хувь болох 58.299 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 58.299 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос  тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Уранбилэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг болохыг дурьдсугай.

                            

ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ