| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04020/И |
| Дугаар | 210/МА2026/00006 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00006
2025 12 22 210/МА2026/00006
“******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08866 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,145,723.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч *******, ******* нар манай банктай 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 32,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 5,054,276.25 төгрөг, зээлийн хүүнд 836,922.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,179.58 төгрөгийг төлсөн. Зээлдэгч ******* нь нас барсан тул зээлийн хүүг зогсоосон ба зээлийн үндсэн төлбөрийг барагдуулахыг хамтран зээлдэгч *******аас шаардсан боловч үр дүнгүй байгаа.
1.2. Үндсэн зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд зээлдүүлэгч буюу банк нь гэрээний болон хууль зүйн үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч *******аас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах бүрэн эрхтэй. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээх эрх, үүрэгтэй бүрэн танилцаж, гарын үсэг баталгаажуулалтаа өөрийн хүсэлтээр хийсэн нь талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан болохыг илэрхийлж байна.
1.3. ******* нь ажил хөдөлмөр эрхэлж, цалингийн орлоготой болсон нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн цахим тодорхойлолтоор нотлогддог. Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох *******тай зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн цагаас эхлэн тогтмол холбогдож байсан бөгөөд зарим саруудад бага дүнгээр зээлийн төлөлт хийсэн зэргээс тэрээр тус зээлийн гэрээний хувьд бодитоор үүрэг гүйцэтгэгч мөн гэдгийг илтгэж байна. Иймд, хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 27,145,723.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж, гэрээ байгуулсан. Гэхдээ зээлийн гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь *******н цалин гэж заасан ба үүнд хамтран үүрэг гүйцэтгэгч *******ын цалин, хөдөлмөрийн хөлс гэх зүйл дурдагдаагүй, түүний цалин хөлсийг барьцаалаагүй, ямар нэгэн хөдөлмөрийн харилцааны үүрэг хүлээгээгүй.
2.2. Зээлдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан ба ******* 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “******* банк” ХК-д зээлийн хүүг нь зогсоох, эрсдэлийн сангаасаа хаалгах хүсэлт гаргасан. Банк эрсдэлийн сангаас зээлийн үүргийг хаах талаар шийдвэрлэсэн шийдвэр гаргаагүй. Монгол банкны журамд энэ шийдвэрийг банкны Төлөөлөн удирдах зөвлөл гаргана гэж заасан байна. Гэтэл үүнийг шийдвэрлээгүй. Хэдийгээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй, зээл төлөх талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй, оюутан хүүхдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаад, дараа нь үндсэн зээлдэгч нас барахад түүний хүлээсэн үүргийг хамтран зээлдэгчээс нэхэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 27,145,723.75 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 293,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. “******* банк” ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд *******ыг хамтран зээлдэгч гэж зааж, "зээлдэгч, хамтран зээлдэгч нь зээлийн төлбөрийг өөрийн цалин, түүнтэй адилтгах орлогоос төлөх ба энэ зорилгоор цалин хөлс, тэтгэмж, түүнтэй адилтгах бусад орлогоос, банк дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг үл маргах журмаар суутган авах"-аар тусгасан атлаа зөвхөн *******н цалинг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр зааж, түүний цалин хөлс, ажлын талаарх баримтыг бүрдүүлж, зээлийн хувийн хэрэгт хавсаргасан, харин хамтран зээлдэгч гэх *******ын цалин, хөлсний талаарх баримт бүрдүүлээгүй, тэрээр тухайн үед ажил хөдөлмөр эрхлээгүй буюу 3 дугаар дамжааны оюутан байсан болох нь хувийн хэрэгт авагдсан өргөдөл болон бусад баримтаар тогтоогдож байдаг.
4.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь цалингийн зээлийн гэрээ болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч үүнийг үгүйсгээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг, ажилтны хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Тийм учраас энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.
“******* банк” ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд ч мөн цалингийн зээлийн үүргийг "хувийн байдалтай салшгүй холбоотой" болохыг заажээ. Тухайлбал, гэрээний 8.4-т "энэхүү гэрээний үүрэг нь зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч нас барсан, нас барсан гэж зарлагдсан нөхцөлд түүний өв залгамжлагчид нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн буюу бүрэн төлөх боломжтой бол өвлөгч нь хүсэлт гаргаснаар банктай тохиролцоогүй, эсхүл хүсэлт гаргасан боловч зээлийн төлбөрийг хэсэгчлэн болон бүрэн төлөх орлогын эх үүсвэргүй нөхцөлд энэхүү гэрээг дуусгавар болсонд тооцож, банк 2.9-д заасан аргаар үүргийн аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргаас сонгож зээлийг төлүүлнэ" гэжээ. Гэрээний 2.9.1-д зээлийн зориулалтын дагуу цалингийн орлогыг энэхүү гэрээний дагуу барьцаалуулж байна гэж заасан.
4.3. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Зээлдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан бөгөөд “******* банк” ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дээрх зохицуулалтууд нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасанд харшлаагүй гэж үзэхээр байна.
Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заагдсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй хариуцагч ******* холбогдуулан гаргасан “******* банк” ХК-ийн нэхэмжлэгч хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтыг ямар үндэслэлээр хэрэглээгүй, хариуцагчийн тайлбар татгалзлыг хэрхэн няцааж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Хууль тогтоогчийн зүгээс Иргэний хуулийг боловсруулахдаа хуулийн 240 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон бол тухайн харилцаа дуусгавар болгох талаар тусгаж, хэрэв үүрэг дуусгавар болоогүй бол харин хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу шаардах боломжтой гэж зохицуулж өгсөн байхад энэхүү хуулийн системчлэлийг анхаараагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй болно.
Нөгөө талаар, зээлдэгч ******* нь тус банкнаас авсан өмнөх зээлийг хаах зорилгоор энэхүү зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд уг үйлдлийг зээлдүүлэгч банк нь мэдсээр байж зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулсан буюу зээлийн зориулалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй.
4.5. Тус банкны эрсдэлийн сангийн журам болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийг эрсдэлийн сангаас хаах боломжтой боловч уг зээлийг хаагаагүй, зөвхөн хүүг зогсоосон гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч ******* зээлдэгч нас барсан тухай баримтыг өгч, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул эрсдэлийг сангаас хаах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэхийг хүссэн. Гэтэл нэхэмжлэгч банк нь хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг ирүүлээгүй бөгөөд зээлийн төлбөрийг шаардахгүй явсаар 2025 онд нэхэмжлэл гаргасан нь Эрсдэлийн сангийн журмаа зөрчсөн үйлдэл болсон.
Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг банк нь зээлийн гэрээнээс үүсэх эрсдэлээс хамгаалах зорилгоор хуульд заасан өөр арга хэрэгслийг ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа цалинг барьцаалж зээл олгоход тухайн гэрээний зээлийн үүргийг эргэж төлөх нөхцөл нь хувь хүний салшгүй үүрэгтэй холбоотой байхад зээл авах хүсэл зориггүй, хэрэгцээ шаардлагагүй, эргэн төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй, орлогын эх үүсгэвэр тодорхойгүй байсан этгээдийг хамтран зээлдэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулснаар шаардах эрхийг үүсгэх үндэслэлгүй.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* болон ******* нартай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 6.2.11-т хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн тус гэрээний дагуу хүлээсэн үүргийг, 6.5.5-д заасан зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах зээлдэгчийн эрхийг заасны дагуу ******* холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа хамтран зээлдэгч *******ыг бодитоор үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй байсан гэдэг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн бөгөөд энэ нь гарын үсэг зурснаар илэрхийлэгдэнэ.
5.2. Хариуцагч ******* нь анх гэрээ байгуулах үед эрх зүйн бүрэн чадамжтай, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бие даан хэрэгжүүлэх бүрэн боломжтой этгээд байсан. Хуульд гуравдугаар курсийн оюутан хамтран зээлдэгчээр орж болохгүй гэж заасан заалт байхгүй. “******* банк” ХК-ийн зүгээс үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн орлого, зээлийн түүх, төлбөрийн чадвартай эсэхийг банк дотоод журам, стандартын дагуу нягтлан шалгасан. “******* банк” ХК-ийн зээлийн эрсдэлийг удирдах ерөнхий журмын 7.3-т иргэдийн зээлийн хувьд хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг заавал шаардахгүй. Тухайн салбарыг хариуцаж байгаа эрх бүхий этгээд буюу салбарын захирал өөрийн үзэмжээр хамтран зээлдэгч оролцуулах эсэхийг шийдвэрлэдэг. Энэ эрхийнхээ дагуу тус зээлийг олгохын тулд *******ыг хамтран зээлдэгчээр оролцуулсан.
5.3. Хариуцагч сангаас хаасан талаар мэдэгдээгүй гэж тайлбарладаг. ******* сангаас хаах болон зээлийн хүү зогсоох хүсэлт гаргасан. Тухайн салбарын захирал зээлийн хүүг зогсоох шийдвэр гаргасан бөгөөд үүнийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Сангаас хаах боломжгүй гэдгийг хариуцагчид утасны дугаараар дамжуулан мэдэгдсэн нь утсаар ярьсан тэмдэглэлээс харагдана. Хүсэлт гаргаснаас хойш зээлийн дансны хуулгыг харвал ******* нь бага хэмжээгээр зээлийн эргэн төлөлт хийсэн. Ийм учраас ******* нь хамтран зээлдэгчээр оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.
Зээлийн хувьд хүүгийн тооцоолол хийгээгүй гэсэн. Хариуцагч буюу үндсэн зээлдэгч зээл авснаас 1 сарын дараа нас барсан ба хүсэлт гаргаснаас хойш хүүг зогсоосон. Бид хүү нэхэмжлээгүй. Зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл 27,145,723 төгрөг нэхэмжилсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,145,723.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...зээл авах үед оюутан байсан тул цалин, хөдөлмөрийн хөлс гэх зүйл барьцаалаагүй тул нас барсан зээлдэгчийн хүлээсэн үүргийг хамтран зээлдэгчээс нэхэж байгаа нь үндэслэлгүй...” гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.
3.1. “******* банк” ХК, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 32,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, мөн гэрээний 2.9.1-д зааснаар зээлдэгчийн цалингийн орлогыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх-10-13/
3.2. Зээлийн гэрээний дагуу “******* банк” ХК-иас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус банк дахь *******н эзэмшлийн ******* тоот данс руу 32,200,000 төгрөг шилжүүлсэн, мөн тухайн данснаас үндсэн зээлийн төлбөрт 5,054,276.25 төгрөг, зээлийн хүүнд 836,922.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,179.58 төгрөг тус тус төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-14, 104/
4. Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар зээлдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан ба хариуцагч *******ын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “******* банк” ХК-д гаргасан хүсэлтийн дагуу тус банк 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зогсоож, үндсэн зээлийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөгийг нэхэмжилжээ. /хх-14, 92-93/
6. Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээний 2.9.1-д зааснаар *******н цалингийн орлогыг барьцаалсан, зээл авах үед хариуцагч ******* нь оюутан байсан, зээлийг зарцуулах болон буцаан төлөхөд оролцоогүй гэх боловч тэрээр гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
6.1 Түүнчлэн хариуцагч ******* нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар “******* банк” ХК-ийн өмнө *******н хамт зээлийг хариуцан төлөх үүрэг гүйцэтгэгч болно.
6.2. Зохигчийн байгуулсан зээлийн гэрээг үзвэл зээлдэгч *******, ******* нар 32,200,000 төгрөгийг тодорхой хэсгээр хувааж төлөх үүргийг хүлээгээгүй байх тул зээлийн гэрээний үлдэгдлийг бүхэлд нь хариуцагч төлөх үүрэг хүлээнэ. Тиймээс нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч *******аас дээр дурдсан хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар 27,145,723.75 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хариуцагчийн тайлбар татгалзлыг хэрхэн няцааж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авахгүй.
7.1. Учир нь, зээлдэгч ******* нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож өөрийн цалин, хөдөлмөрийн орлогыг барьцаалсныг тухайн зээлийн үүргийг зөвхөн түүнийг хүлээсэн, түүний хувийн байдалтай салшгүй холбоотой холбоотой үзэхгүй, хариуцагч ******* нь хамтран зээлдэгч тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй болно.
8. Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрт 5,054,276.25 төгрөг, зээлийн хүүнд 836,922.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,179.58 төгрөг тус тус төлсөн, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,145,723.75 төгрөг болсон талаар маргаагүй байна.
9. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА