| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0176/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 436
З.Эрдэнэболдод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Ялтан З.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,
Хохирогч Г.Түмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Түмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор 2017 2502 0054 дугаартай З.Эрдэнэболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бутангууд овгийн Занаагийн Эрдэнэболд, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 118 дугаар гудамжны 31 тоотод оршин суух,
Увс аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:ОЭ81121113/.
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ З.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 10-614 тоотод хамтран амьдрагч Г.Түмбаярыг “халхын гуйлгачингууд машин унагаасан” хэмээн уурлан, сууж байсан хуванцар сандлаараа түүний зүүн гарыг цохиж, бие махбодид зүүн гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: З.Эрдэнэболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Эрдэнэболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэболдыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хохирогч Г.Түмбаярт буцаан олгож, 1 ширхэг сандлыг устгахыг эд мөрийн баримт устгалын комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.Эрдэнэболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэболдод оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалган шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Түмбаярын өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. З.Эрдэнэболд нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуванцар сандлаар Г.Түмбаярын зүүн гарыг цохиж, зүүн гарын богтос ясыг хугалан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Г.Түмбаяр миний бие 5 сар болж байхад гарын хугарал бүрэн эдгэрээгүй, хугарсан ясны завсар мах хавчуулагдаад яс нь бороолж эдгэрээгүй байна. Өвчин намдаах эмийг өдөр болгон хэрэглэж, эцэст нь өвчин намдаах эмэнд өвчин нь намдахгүй хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болоод байна.
2. З.Эрдэнэболдод хүн чанар, хүнлэг сэтгэл гаргаж ял эдлүүлээд яахав гэж бодоод “гомдол саналгүй” гэсэн бичиг хийж өгсөн.
3. З.Эрдэнэболдод холбогдох шүүх хуралдаан 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болж, ял оногдуулсны дараа 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө согтуугаар хамаатан Алтанбаяртайгаа нийлж утсаар агсан тавиад доромжилж “хөгшин гичий минь чамайг ална” гэж заналхийлээд миний картад байсан 20.000 төгрөгийг аваад явчихсан. Мөнгө авлаа гэхээр “сүртэй юм, төлчихнө” гээд одоо болтол өгөөгүй. Тэр ч бүү хэл эм, тарианы ч мөнгө өгөөгүй. Мөн дахин ирж агсан, согтуу тавиад болохгүй байна.
4. Гартаа металл ялтас суулгуулах хагалгаанд яаралтай орох шаардлагатай бөгөөд хагалгааны төлбөр 6.0 сая төгрөг болоод байна. Энэ эмчилгээний зардлын хагасыг нь гаргуулах талаар ярилцах гэхээр З.Эрдэнэболд нь утсаар болон мессэжээр “амиа хорлоно” гэж дарамт үзүүлдэг болоод байна.
5. Миний гарын хугарал 5 сар гаруй болоход эдгэрээгүй байгаа нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөхөд ч хүрч болзошгүй болоод байна. Энэ этгээд гэм буруугаа ойлгохгүй байна.
Иймд 3.Эрдэнэболдод холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж ял өөрчлүүлэх, эмчилгээний зардал гаргуулахаар гомдол гаргасан. Гэхдээ хүн чанар гаргаад ял шийтгэлийг өөрчлөх талаар гомдохгүй, гол нь эмчилгээний зардал гаргаж өгнө үү ...” гэв.
Хохирогч Г.Түмбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны дараа З.Эрдэнэболд хохиролд 520.000 төгрөг өгсөн. Одоо цаашид эмчлүүлэх тул эмчилгээний 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү ...” гэв.
Ялтан З.Эрдэнэболдын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. Тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
Ялтан З.Эрдэнэболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, 7 дугаар сард тэтгэмжийн мөнгөө аваад эмчилгээний төлбөрийг төлнө” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
З.Эрдэнэболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 10-614 тоотод хамтран амьдрагч Г.Түмбаярыг “халхын гуйлгачингууд машин унагаасан” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас уурлан, сууж байсан хуванцар сандлаараа түүний зүүн гарыг цохиж, бие махбодид нь зүүн гарын богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Түмбаярын “... З.Эрдэнэболд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хоолоо идчихээд “байр орчихоод ирье” гээд гараад явсан. Шөнө 00.30 цагийн үед ирсэн. Ирэхдээ 0.33 литрийн архи барьчихсан орж ирсэн. Тэр архиа уугаад согтсон. Бид хоёр яриад, би кино үзээд орон дээр хэвтэж байтал З.Эрдэнэболд гэнэт “халхын гуйлгачингууд машин унагаасан” гээд өөрийнхөө сууж байсан хуванцар сандлыг аваад намайг цохисон. Тэр үед нь би хэвтэж байсан болохоор зүүн гараараа сандлыг хаасан. Миний гарын шуун дээр цохисон. Сандал нь цаашаа даваад унасан. З.Эрдэнэболд цаашаа эргээд халуун савтай цай, аяга, таваг байсан ширээг хөмөрсөн. Тэгээд дахиад хуванцар сандал бариад над руу ирэхээр нь би айгаад аргадаж, тайвшруулж байгаад цохихыг нь болиулсан, ... З.Эрдэнэболдод өөрийнх нь эзэмшлийн “Тоёота Приус 10” загварын, 07-83 УНГ улсын дугаартай суудлын автомашин байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө хүү Э.Гансэлэм, З.Эрдэнэболд бид гурав Говь-Алтай аймаг руу явсан. 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Манай хүү Э.Гансэлэм машиныг нь барьж явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын орчим онхолдсон юм. Тухайн үед автомашин нь бүтэн эргэчихсэн. Тэгээд эвдрэхээр нь осол болсон газар дээр нь хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан. Түүнээс хойш архи уухаараа “машин унагааж эвдсэн” гэж агсам тавьдаг. Манай хүү машиныг нь унагааснаас хойш 100.000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь төлж барагдуулна гэж тохирсон ...” /хх 15-17/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гансэлэмийн “... ээж над руу залгаж “ээж нь Эрдэнэболдод зодуулчихлаа, хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би явж очсон. Намайг очиход ээж зүүн гараа барьчихсан сандал дээр сууж байсан. Ээж хэлэхдээ “гар эвгүй болчихлоо, З.Эрдэнэболд сандлаар цохичихлоо” гэж хэлсэн. Гарыг нь хартал гар нь мушгирсан байдалтай байсан. Тэр үед З.Эрдэнэболд ээж бид хоёрыг элдвээр хэлээд, агсам тавиад байсан. Тэгэхээр нь би юу ч хэлэлгүй ээжийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлэхэд зүүн гар нь шуугаараа хугарсан байсан. ... З.Эрдэнэболд ах, ээж бид гурав Говь-Алтай аймаг руу явчихаад буцаад ирж явахдаа би “Тоёота Приус 10” машиныг нь барьж яваад Эрдэнэсант сум өнгөрөөд онхолдож машиныг нь эвдчихсэн юм. ... Согтхоороо ээжид энэ тухай ярьж агсам тавьдаг юм шиг байна лээ ...” /хх 18-19/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оюунцэцэгийн “... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн үед манай хүү З.Эрдэнэболдын хамтран амьдрагч Г.Түмбаяр утасдаад “З.Эрдэнэболд согтуу байна, миний гар хугарчих шиг боллоо” гэсэн. Тэгэхээр нь би “гадаа харанхуй байна, гэгээ орохоор очьё” гэсэн. Тэр үед Г.Түмбаярын хүү нь ээжийгээ аваад Гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн. Намайг 7 цаг өнгөрөөд очиход Г.Түмбаяр зүүн гараа гипсдүүлээд ирж байсан ...” /хх 22-23/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Батчимэгийн “... Г.Түмбаяр манай аав, ээж рүү залгаад “танай хүүхэд чинь согтуу байна, ирээд аваадах” гэсэн. Тэгэхээр нь би ээжтэй хань болоод очсон. Очиход гэрт нь аяга хагарсан, хивсэн дээр тамхины иш, үнс, хоол асгарсан байсныг нь би шүүрдэж цэвэрлэсэн. Г.Түмбаяр гараа гипсдүүлсэн байсан. Биднийг очиход ахыг агсам тавьсан гээд “цагдаад дуудлага өгнө” гэж байсан. Тэгэхээр нь ээж бид хоёр “бид хоёр аваад явчихъя” гэж гуйгаад аваад явсан ...” /хх 24-25/,
Мөрдөн байцаалтын шатанд З.Эрдэнэболд сэжигтэн, яллагдагчаар “... би таксинд явж байгаад ирсэн. Ирэхдээ 1 шил 0.35 литрийн архи авчраад гэртээ уусан. Тэрнийг ууж дуусгачихаад гэрт байсан 0.35 литрийн 1 шил архийг уусан. Тэгээд согтоод тасарчихсан байна лээ. Унтаад өглөө сэрсэн чинь манай ээж, дүү хоёр ирчихсэн байсан. Тэгтэл Г.Түмбаяр ээж, дүү хоёрт “З.Эрдэнэболдыг аваад яв, миний гарыг сандлаар цохиод хугалчихлаа” гэсэн. Тэгээд би согтоод тасарсан байснаа хэлээд Г.Түмбаяраас юу болсон талаар асуухад “чи өчигдөр орой намайг зурагт үзээд хэвтэж байхад хэрүүл өдөөд байсан, тэгээд сандал аваад цохихоор нь гараараа хаасан чинь миний зүүн гарыг хугалсан” гэж хэлсэн. ... Г.Түмбаяр нь Э.Гансэлэм гэдэг хүүтэй. Өнгөрсөн 10 дугаар сард Г.Түмбаяр, Э.Гансэлэм бид нар Говь-Алтай аймаг руу хувийн ажлаар явсан юм. Буцаж ирэхдээ хүү Э.Гансэлэм нь миний “Тоёота Приус 10” загварын автомашиныг жолоодож яваад унагаагаад эвдчихсэн. Миний автомашиныг засуулж өгөөгүй. Би тэрнээс болж архи уугаад согтохоороо энэ тухай ярьдаг юм шиг байна лээ ...” /хх 37-39, 40-42/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… Г.Түмбаярын биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэсэн 892 тоот шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-10, 11-12/, эд мөрийн баримт /хх 14/, хохирогч Г.Түмбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 28-33/, ялтан З.Эрдэнэболдын сэжигтэн, яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл нь хохирогч Г.Түмбаярын хүүхэд Э.Гансэлэм нь шүүгдэгч З.Эрдэнэболдын эзэмшлийн автомашиныг барьж яваад эвдсэнд З.Эрдэнэболд уурлаж “халхын гуйлгачингууд машин унагаасан” гэж Г.Түмбаярыг хэл амаар доромжлон, хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, гарыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүх З.Эрдэнэболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Шүүх, З.Эрдэнэболдыг хохирогч Г.Түмбаярын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар З.Эрдэнэболдыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Г.Түмбаярын гомдолгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, ялтны гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.
Хохирогч Г.Түмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар “… З.Эрдэнэболдоос цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Г.Түмбаярын эмчилгээний зардалд ялтан З.Эрдэнэболд 520.000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогч өөрт учирсан хохирлын баримтаа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хохирогч “анхан шатны шүүх хуралдаан болоход гар бүрэн эдгээгүй байсан, шүүх хуралдааны дараа 95.000 төгрөгөөр мэс заслын эмчилгээ хийлгэсэн, энэ төлбөр З.Эрдэнэболдын миний эмчилгээний төлбөрт төлсөн 520.000 төгрөгт багтаж байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх тул эмчилгээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлаж байх тул шийтгэх тогтоолд зохих нэмэлт заалт оруулж, хохирогч Г.Түмбаярыг цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тэрээр, хохирогч Г.Түмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “ял шийтгэлийг хүндрүүлэх талаарх” гомдлоо дэмжээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“... хохирогч Г.Түмбаяр цаашид өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас “... бусдад төлөх төлбөргүй ...” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Түмбаяр, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ