Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ХШТ/64

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 2306006740932 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агаарын хөлгийн замч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 89-44 тоотод оршин суух хаягтай, РД: *****

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** дүүргийн 10 дугаар хороо, *****-ийн *****  тоотод Н.Ц-той “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалгад зэвсгийн чанартай буюу хутгаар хатгаж, түүний биед баруун бугалгын хураагуур, тараагуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хохирогч Н.Ц нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ы цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Н.Ц Г.Ц-ыг зодож нүүр лүү нь өшиглөж хамрын ясыг хугалж гэмтэл учруулсан ба хохирогч эмэгтэй өвдөж айсны улмаас хашхирч Д.Б–ыг сэрээн тусламж гуйхад учрыг сайн ойлгоогүй Д.Б-ыг харахад Г.Ц–ын нүүр амнаас нь цус гарч, газар хэвтэж, дээрээс нь Н.Ц дэвсэлж, өшиглөж байхад нь тэрээр “...чи битгий эмэгтэй хүнийг зодооч” гээд салгах гээд бариад авахад “би эмэгтэй хүнийг зодож таашаал авдаг” гэж Н.Ц хашхирч шүүгдэгч рүү эргэж ноцон толгой руу нь 3-4 удаа цохисон байдаг. Энэ хугацаанд Д.Б цочирдож, өөрийгөө хамгаалан хохирогчийн эсэргүүцлийг дарах үйлдэл хийх явцдаа санамсаргүйгээр баруун бугалгад нь хутгалан хүнд гэмтээсэн нь үнэн, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ба эмчилгээнд гарсан хохирлыг нөхөн төлсөн. Гэтэл шүүх дүгнэхдээ хувийн таарамжгүй харьцааны улмаас очиж хутга аван хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэсэн.

Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192 дугаар тогтоолд ...өөрөө болон ойр дотнын хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа цочирч түрхэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсэж, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд энэ нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түрхэн зуур болдог онцлогтой... гэж заасан байхаас гадна Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаар тогтоолд “Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагааг зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно” гэж тайлбарлажээ.

Гэтэл шүүхийн тогтоол, магадлал нь хуулийг Улсын дээд шүүхийн дээр дурдсан тайлбаруудаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч Д.Б-ы гэр нь 2х4 хэмжээтэй жижиг амбаар бөгөөд тийм жижигхэн зайд өөрөөсөө хол зайд байх хутгыг очиж аваад хохирогчийн баруун гарын шуу хэсэгт санаатайгаар хутгалсан /хүсэж үйлдсэн/ мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. 1982 оноос хойш 40 жил хамтран ажиллаж байгаа өөрийн найз Н.Ц-ыг шалтгаангүйгээр хувийн таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар хутгалж гэмтээх үйлдэл хийх шалтгаант холбоо байхгүй нь ойлгомжтой юм.

Хэрэв санаатай үйлдсэн бол гарын ар бугалга хэсэгт нь биш өөр газар хутгалах байсан. Шүүх энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанарыг ойлгохгүй, хувийн таарамжгүй харилцааны улмаас санаатайгаар үйлдсэн гэж дүгнэсэн ба Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангасан, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах зүйлээр зүйлчлэх сонгох боломжийг хэрэглэж чадаагүй. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах үйлдлийг санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн энэ хоёрын ялгааг хоёр шатны шүүхээс тогтоож өгөөгүй. Энэ хоёрыг ялгаж салгаж чадахгүй нөхцөл байдал байна. Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр арын 11-ний өдрийн 154 дүгээр тогтоолд гэмт этгээд нь өөрөө сэтгэл санааны хүчтэй цочролд ороод, хоромхон зуур өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас хүнийг санаатайгаар гэмтээсэн үйлдлийн онцлог ялгааг зөв тайлбарласан байтал түүнийг зөв хэрэглээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг мөн шүүхээс хэрэглээгүй. Шүүгдэгчийн хувийн байдал нь сайн тогтвортой мэдүүлдэг, хохирлоо бүрэн төлсөн, маш их чин санаанаасаа гэмшиж байгаа. 1994 онд хохирогч Н.Ц өөрөө бугалгын хураагуур, тараагуур судасны гэмтэл авсны улмаас судас нь тасарсан байдалтай байсан. Уг үйлдэл нь эргээгээд сэдэрсэн. Түүнээс анх удаа гэмтэл авснаар тараагуур, хураагуур судсыг нь онож, санаатай үйлдлийн улмаас хийгээгүй. 30 жил хэвтээд гар нь татанхай явж байсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үзэхэд хуучин байсан сорви судсыг дайрч гарсан болохыг дурдсаныг мөн анхаарч үзээгүй онцлог шинжүүд байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг үндэслэл болгон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинж нь гэмт этгээд өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг шаарддаг.

Уг хэргийн хувьд хохирогч Н.Ц-ын Г.Ц-ыг зодсон хууль бус, зүй бус үйлдэл байгаа ч энэ нь шүүгдэгчид өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан шинжийг хангахгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Г.Ц, Л.О нарын мэдүүлгээр хохирогч Н.Ц нь Г.Ц-ыг зодсон үйлдэл таслан зогсоогдсоноос хойш шүүгдэгч Д.Б сэрж, хутга авч Н.Ц-ын баруун бугалга хэсэгт хутгалсан үйл баримт тогтоогдсон ба уг үйл баримтаас Д.Б-ы санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй, Г.Ц-ыг зодсон гэх шалтгаанаар хохирогчийг шууд санаатайгаар хутгалсан болох нь тогтоогддог.  Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Ц-ыг “эмэгтэй хүн зодлоо” гэх шалтгааны улмаас баруун бугалгад хутгаар хатгаж, түүний биед баруун бугалгын хураагуур, тараагуур судасны бүрэн тасрал, мэдрэлийн тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3. Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ы үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

4. Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Шүүгдэгч Д.Б-ы гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдсан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь түүнийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо Д.Б-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.

Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг шинжээрээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Д.Б нь Н.Ц-ыг хутгалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулсан талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд гэрч Л.О-ийн “...Д.Б босоод иртэл Н.Ц Д.Б-ы толгой руу нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Г.Ц-ын “...Л.О бие засах гээд гарсан хойгуур Н.Ц учир зүггүй босож ирээд миний нүүр рүү шууд цохиж аваад “Би эмэгтэй хүн зодож кайф авдаг” гээд орилоод, намайг татаж газар унагаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би орилоод “хөөе Д.Б сэрээч ээ” гэж хэлтэл Д.Б  ах босож ирээд “хөөе чи яаж байгаа юм бэ” гээд Н.Ц гэдэг хүнийг барьж авсан. Тэр үед Л.О орж ирээд бас орилсон. Тэгтэл удалгүй Н.Ц гэдэг хүний баруун гараас нь цус гараад эхэлсэн, бид нар айгаад Д.Б ах “би хүн хутгалчихлаа” гээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1191 дугаартай “...Г.Ц-ын хамрын нуруу, баруун доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0421938 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын “...Г.Ц-ыг ...газар хэвтэж, дээрээс нь Н.Ц дэвсэлж, өшиглөж байхад нь “...чи битгий эмэгтэй хүнийг зодооч” гээд салгах гээд бариад авахад ...шүүгдэгч рүү эргэж ноцон толгой руу нь 3-4 удаа цохисон...” гэсэн гомдлын үндэслэл няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-ы үйлдэл хэрхэн тогтоогдож буй талаар хоёр шатны шүүх тодорхой дүгнэж, тэдгээрийн харилцан хамаарал болон нотолгооны хангалттай, хүрэлцэхүйц байдлыг харьцуулах замаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх хуулийн заалттай нийцжээ.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

6. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүгдэгч Д.Б өөрийн гэмт үйлдлээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж эрх зүйн байдлаа дээрдүүлэх, хууль хэрэглээний хувьд маргаж байгаа боловч бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, түүндээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн дээрх өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын “...6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “...5 /тав/ жил...” гэснийг “...3 /гурав/ жил 6 /зургаа/ сар..” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

                                    ШҮҮГЧИД                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Б.ЦОГТ