Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 672

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Ц.А-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “... Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” актын тогтоох хэсгийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”, “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагч Ж.О, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Ц.А нь Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай актыг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн боловч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авч танилцаад, эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай актаар 3,433,329.70 төгрөгийн нөхөн татвар, 1,029,998.90 төгрөгийн торгууль, 956,160.00 төгрөгийн алданги нийт 5,419,488.60 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь Ц.Агийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн дараахь үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Актаар Ц.Агийн угаалгын газрын үйл ажиллагааны орлогоо дутуу тайлагнасан хэмээн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд угаалгын газрын орлого зарлагыг ямар ч баримт дээр үндэслээгүй тооцоолжээ. Тодруулбал, угаалгын газрын нэг жилийн ашиглалтын зардлыг хэт багаар тооцоолсон байх ба харин бодит байдал дээр буюу баримтаар байцаагч нарын тооцоолсноос 2 дахин их ашиглалтын зардал гардаг.

Болор авто угаалгын ус, цахилгаан, дулааны төлбөр “Ха******н ин*****л” ХХК-ийн нэрээр төлөгддөг юм. Учир нь холбогдох байгууллагаас заавал компанитай гэрээ байгуулна гэх шаардлагын дагуу ийнхүү гэрээ байгуулдаг болно. Иймээс дүү Ц.Ам******ны “Ха******н ин*****л” ХХК-ийн нэрээр ус, цахилгаан, дулааны төлбөр төлөгддөг юм.

Автомашин угаалгын газарт өвлийн улиралд үйлчлүүлэгчид эрс байхгүй болдгоос гадна цас бороотой үед угаалгын газраа хааж амардаг, мөн халаалт ирэх үеэр зогсолт хийж засвар хийдэг. Тиймээс өдөрт 10 машин, жилийн 310 хоногт байнгын орлоготой байдаг хэмээн орлогыг тооцоолсон нь огт үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, татварын актыг бодит үнийг үндэслэж гаргаагүй, хэт зөрүүтэй байдлаар орлого зарлагыг тодорхойлсон гэж үзэж байна.

Гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар төлөөгүй гэсэн нь мөн л бодит байдалд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр нөхөн татвар ногдуулжээ. Учир нь угаалгын газар ажилладаг хүмүүс нь тогтвор суурьшилгүй гэрээ байгуулан ажиллах боломжгүй байдаг. Ажиллаж байгаа хүмүүс нь цалингаа тухайн өдрөө аваад явдаг. /Жишээлбэл, ажилчин угаасан нэг машины 10000 төгрөгний 30 хувь болох 3000 төгрөгөө орой нь аваад явдаг/. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ажиллаж байгаа хүн маргааш нь ажилдаа ирэхгүй байх тохиолдол их байдаг.

Иймээс дээр дурьдсан үндэслэлүүдээр Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон тухай актын тогтоох хэсгийн Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй, иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй гэх хэсгүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нар шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын баталсан 2014/09 тоот удирдамжийн дагуу тус дүүргийн нутаг дэвсгэрт “Авто угаалгын газар” ажиллуулж буй аж ахуй нэгж, иргэдийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх тухай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24/14/1000827 дугаарын томилолт гарч татварын улсын байцаагч Ж.О, Б.А бид Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд үйл ажиллагаа эрхлэдэг иргэн Ц.Агийн авто угаалгын газарт татварын хяналт шалгалт хийсэн болно.

Ц.А нь татварын хяналт шалгалтанд хамрагдах хугацаанд БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны зам дагуу “Болор” авто угаалгын газар ажиллуулж байсан ба 2012 онд гаргасан тайландаа орлого, зардлаа дутуу тайлагнасан, 2013 онд огт тайлан гаргаж ирүүлээгүй, 2012, 2013 онд гэрээгээр ажиллуулж байсан хүмүүст олгосон ажлын хөлснөөс Хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй, 2010, 2011 онд импортоор автомашин оруулж ирж худалдан борлуулсан боловч уг борлуулалтаа тайлагнаагүй зэрэг зөрчил илэрсэн болно. Шалгалтаар нийт 34,333.3 мянган төгрөгийн зөрчилд 3,433.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 1,030.0 мянган төгрөгийн торгууль, 956.2 мянган төгрөгийн алданги нийт 5,419,5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан юм.

Татварын улсын байцаагын актаар тогтоогдсон төлбөрөөс татвар төлөгч Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн хурал дээр импортоор оруулж ирж худалдан борлуулсан автомашины борлуулалтанд ногдуулсан төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болно.

Татвар төлөгч Б.Агээс хяналт шалгалтын явцад авто угаалгын газрын санхүүгийн баримтыг шаардахад “санхүүгийн холбогдолтой ямар нэгэн баримт байхгүй, баримтаа дор дор нь устгачихдаг болохоор авчирах баримт байхгүй...” гээд татварын хяналт шалгалтанд баримт ирүүлээгүй болно. /Иргэн Б.Атэй хийсэн ярилцлагад үүнийг дурьдсан байгаа/ Уг ярилцлагад өдөрт дунджаар 9-10 машин угаадаг. Ажилчиддаа угаасан машины үнийн дүнгийн 25-35 хувиар хөлс олгодог, 2010 онд 8,000-10,000 төг, 2011-2012 онд 12,000 төгрөг, 2013 онд том машин 15,000, жижиг машин 10,000 төгрөгөөр угаадаг байсан, сард дунджаар усны зардалд 200,000 төгрөг, цахилгааны зардалд 150,000-200,000 төгрөг төлдөг дулааны зардалд халаалтын улиралд 800,000 төгрөг төлдөг гэж ярьсан болно.

Иймд Татварын ерөнхий хуулийн “48 дугаар зүйл Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох, 48.1.2 жишиг үнийн арга”-ыг ашиглан иргэн Ц.Агийн “авто угаалгын газар”-ын хяналт шалгалтанд тус хорооны нутаг дэвсгэрт 2010 оноос үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн Я.Нийн “Натур” авто угаалгын газар, иргэн Б.Д*******лын “Оранж” авто угаалгын газрын үйл ажиллагааны үнэ тариф, өдөр, сард дунджаар угаадаг автомашины тоо, үйл ажиллагааны зардал, ажиллагсадын тоо, ажлын хөлс зэргийг жишиг болгон шалгалтанд ашигласан болно. Иргэн Ц.Агийн ярилцлага нь жишиг болгон авч үзсэн Натур, Оранж авто угаалгын газрын үнэ тариф, тоо хэмжээтэй ойролцоо байх тул жишиг болгон ашигласан болно.  

Татвар төлөгч Б.А нь татварын хяналт шалгалтанд хамрагдах үедээ “тухай бүр нь устгадаг тул баримт байхгүй” гээд анхан шатны баримтаа ирүүлээгүй тул нэмэлт нотлох баримт гэгч Ха******н ин*****л ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтыг иргэн Ад хамаатай нотлох баримт гэж үзэхгүй байна.

Татвар төлөгч Б.А ярилцлагадаа “... Ажилчдад угаасан машины үнийн дүнгийн 25-35 хувиар хөлс олгодог. Цалинг олгохдоо татвар суутгаж авдаггүй...” гэж ярьсан бөгөөд ХХОАТ-ын тухай хуулийн 4.1.4 “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улс болон олон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд гэж заасан заалтыг зөрчин угаалгын газарт ажилладаг ажилчдад олгосон ажлын хөлснөөс татвар суутган авах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хариуцлага ногдуулсан болно” гэжээ.          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь тус шүүхэд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаар актын тогтоох хэсгийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”, “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу актаар ногдуулсан 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нь шүүх хуралдаанд “Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй гэх зөрчилд ногдуулсан 2010 оны 373,295.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 2011 оны 690,074.50 мянган төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэсэн хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “..Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн “...Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй гэх зөрчилд ногдуулсан 2010 оны 373,295.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 2011 оны 690,074.50 мянган төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах тухай” шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” 24/0012250 дугаар актаар нэхэмжлэгч Ц.Агийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулснаар нийт 34,333,297.00 төгрөгийн зөрчил илрүүлж, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг үндэслэн 3,433,329.70 төгрөгийн нөхөн татвар, 1,029,998.90 төгрөгийн торгууль, 956,160.00 төгрөгийн алданги нийт 5,419,488.60 төгрөгийн төлбөрийн акт гаргасан байна.

Нэхэмжлэгч Ц.А нь дээрх актыг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 26 дугаар тогтоолоор актыг хэвээр баталжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Автомашин угаалгын үйлчилгээ нь цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтай орлого олдог онцлогтой. Жишээ нь: өвлийн улиралд машин угаалгах үйлчлүүлэгчид эрс багасдаг, бороотой үед мөн л машинаа угаалгах хүн байдаггүй. Тиймээс өдөрт угаах машины дундаж тоог 10, жилийн 310 хоногт байнгын орлоготой байна гэж тооцоолсон бодит бус тоон дээр буюу байцаагч өөрийн үзэмжээр орлогыг тодорхойлсон байна. Аливаа орлогод татвар ногдуулж байгаа бол орлогыг бодитоор тооцоолон гаргаж түүнд татвар ногдуулах ёстой байдаг атал ийнхүү хийсвэрээр орлого, зардлыг тодорхойлж, нөхөн татвар, торгууль, алдангийг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж тайлбарлажээ.

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.2-д “жишиг үнийн арга” мөн хуулийн 48.5-д “Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг жишиг үнийн арга гэнэ” гэж зааснаар татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлохоор байна.

Ийнхүү хариуцагч Татварын улсын байцаагчдын зүгээс нэхэмжлэгч Ц.Агийн авто угаалгын газрын үйл ажиллагаанд хамаарах татварын ногдлыг тодорхойлохдоо тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 2010 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Натур авто угаалгын газар, 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Оранж авто угаалгын газрын үйл ажиллагааны үнэ тариф, өдөр, сард дунджаар угаадаг машины тоо, үйл ажиллагааны зардал, ажиллагсдын тоо, ажлын хөлс зэргийг жишиг болгон тогтоосон нь Татварын ерөнхий хуульд заасан татварын ногдлыг тодорхойлох шууд бус аргад нийцсэн байна.

Хариуцагч маргаан бүхий актаар татвар ногдуулахдаа нэхэмжлэгчийн ярилцлагыг үндэслэн “жижиг автомашины угаалгын үнэ”-ээр тогтоосон байх тул  нэхэмжлэгчийн “...Натур, Оранж авто угаалгын газруудтай хэзээ ярилцсан нь тодорхойгүй, тэдгээрийн үнэ өндөр...” гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Ц.А угаалгын газрын үйл ажиллагааны орлогоо дутуу тайлагнасан хэмээн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд угаалгын газрын орлого зарлагыг ямар ч баримт дээр үндэслээгүй тооцоолжээ. Тодруулбал, угаалгын газрын нэг жилийн ашиглалтын зардлыг хэт багаар тооцоолсон байх ба харин бодит байдал дээр буюу баримтаар байцаагч нарын тооцоолсноос 2 дахин их ашиглалтын зардал гардаг” гэж маргажээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах”-аар татвар төлөгчийн үүргийг заасан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг Архивын тухай хуулийн дагуу хадгална” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.Агийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн татварын хяналт шалгалтын явцад өгсөн ярилцлагын тэмдэглэлд “... Өдөрт 9-10 машин угаадаг, ажилчдад угаасан машины үнийн дүнгийн 25-35 хувиар хөлс олгодог, цалин олгохдоо татвар суутган авдаггүй, угаалгын газарт ус, цахилгаан, дулаан, угаалгын бодис, угаалгын материал зэрэг зардал гардаг, ... 2010 онд 8,000-10,000 төгрөгөөр, 2011-2012 онд 12,000 төгрөгөөр, 2013 онд том машиныг 15,000 төгрөгөөр, жижиг машиныг 10,000 төгрөгөөр угаадаг байсан, ... баримтаа дор дор нь устгачихдаг болохоор байхгүй...” гэж тэмдэглэгдсэн байна. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Болор авто угаалгын ус, цахилгаан, дулааны төлбөр “Ха******н ин*****л” ХХК-ийн нэрээр төлөгддөг юм. Учир нь холбогдох байгууллагаас заавал компанитай гэрээ байгуулна гэх шаардлагын дагуу ийнхүү гэрээ байгуулдаг болно. Иймээс дүү Ц.Ам******ны “Ха******н ин*****л” ХХК-ийн нэрээр ус, цахилгаан, дулааны төлбөр төлөгддөг юм” гэж дурдсан хэдий ч, гэрээ байхгүй гэдгийг шүүх хуралдааны үед мэдүүлсэн бөгөөд хяналт шалгалтын явцад гэрээтэй холбоотой баримт шалгуулаагүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ц.А нь Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй, мөн татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төлөөгүй тухайд: Автомашин угаалгын газарт ажиллаж буй хүмүүс нь байнга ажилладаггүй, гэрээ байгуулдаггүй бөгөөд машин угаасныхаа хөлсийг аваад ажлаа хаяад явчихдаг, тогтвор суурьшилтай ажилладаггүй байна. ... Ажиллаж байгаа хүмүүс нь цалингаа тухайн өдрөө аваад явдаг. /Жишээлбэл, ажилчин угаасан нэг машины 10000 төгрөгний 30 хувь болох 3000 төгрөгөө орой нь аваад явдаг/. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ажиллаж байгаа хүн маргааш нь ажилдаа ирэхгүй байх тохиолдол их байдаг” гэж маргажээ.

Татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч Ц.Агийн авто угаалгын газарт хийсэн татварын хяналт шалгалтын дүнд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй  зөрчилд 2012 онд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг 27 хувиар тооцож 8,500.000 мянган төгрөгөөр, харин 2013 онд хувь хүний орлогын албан татвар огт төлөөгүй байх тул 30 хувь буюу 9,300.000 мянган төгрөгөөр тус тус нөхөн татвар ногдуулсан байна.   

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “...Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна: 11.1.6-д үндсэн ажлаас гадуур бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого” гэж заасан.

Ийнхүү нэхэмжлэгч Ц.А нь авто угаалгын газрын үйл ажиллагаа эрхэлж, ажилчиддаа тухайн өдрийн олсон орлогынхоо 25-30 хувийг хөлс болгон олгодог зэргээс үзвэл нэхэмжлэгчийн татвар төлөхтэй холбогдсон эрх зүйн харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулж, хувь хүний орлогын албан татвар ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан ... этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус тодорхойлон заажээ.

Уг хуулийн агуулгаас үзэхэд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байх бөгөөд татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл юм. Иймд татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн хувьд захиргааны хариуцлага болох торгууль, хүү, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөхөөр байх тул дээрх өршөөлийн хуулийн дагуу нэхэмжлэгч Ц.Ад маргаан бүхий актаар ногдуулсан 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай актаар 3,433,329.70 төгрөгийн нөхөн татвар, 1,029,998.90 төгрөгийн торгууль, 956,160.00 төгрөгийн алданги нийт 5,419,488.60 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нийцсэн байх ба маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Ц.Агийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар актаар ногдуулсан захиргааны хариуцлага болох 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэс Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, Б.А нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” актын тогтоох хэсгийн “Автомашин угаалгын газрын үйл ажиллагааны орлогыг тайлагнаагүй”, “Иргэний гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын хөлснөөс хувь хүний орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй” гэх үндэслэлээр нөхөн татвар тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэс гаргасан “..Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан /торгууль, алданги, хүү тооцсон/ тухай” актын тогтоох хэсгийн Автомашин худалдан борлуулсан орлогоо тайлагнаагүй гэх зөрчилд ногдуулсан 2010 оны 373,295.00 мянган төгрөгийн нөхөн татвар, 2011 оны 690,074.50 мянган төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/0012250 дугаартай актаар 1,029,998.90 мянган төгрөгийн торгууль, 956,160.00 мянган төгрөгийн алданги, нийт 1,986,158.90 /нэг сая есөн зуун наян зургаан мянга нэг зуун тавин найман төгрөг ерэн мөнгө/ төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОДМАА