Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.Ж, хариуцагч “Барилгын хөгжлийн төв”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, өмгөөлөгч Д.А, Д.Т, Б.Б, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдоор “Э корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э корпорэйшн” ХХК-ийн захирал Г.Т 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

““Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийж буй нь хууль бус болохыг тогтоолгох, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрээр:

“Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлийн 13.1, Барилгын тухай хууль /2016 оны шинэчилсэн найруулга/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.1.10, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.4, 39.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж” шийдвэрлэжээ. 

Гурав. Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Г.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт талуудын хооронд үүсээд байгаа маргаан бүхий харилцааг зохицуулж байгаа болон зохицуулж байсан хууль, хуулиар эрх олгогдсон төрийн захиргааны эрх бүхий байгууллагын баталсан дүрэм, журам, тушаал шийдвэрт хууль зүйн үүднээс бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн мэт боловч, тухайн маргаан бүхий харилцааг зохицуулсан төрийн захиргааны байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актууд /3асгийн газрын 2014 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” 251 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны “Төрийн зарим бичиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 108 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 107 дугаар тушаал, 2015 оны 126 дугаар тушаалаар баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам”, Хууль зүйн сайдын 2005 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн 3541 дугаарт бүртгэгдсэн/ хүчин төгөлдөр мөрдөж байгааг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэлгүйгээр шүүхийн шийдвэрт “...тогтоосон нь буруу, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах нэрийн дор магадлалын дүгнэлт хийж баталгаажуулах, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын үнийг хурааж, хуваарилах хууль бус үйл ажиллагааны эх үндэс болжээ” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасанд нийцэхгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын 10 чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг сайдад зөвшөөрсөн байх бөгөөд энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг энэ хэрэгт дүгнэх шаардлагагүйн дээр боломжгүй” гэж дүгнэсэн боловч мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шилжүүлж болох төрийн бус, мэргэжлийн байгууллагад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарахгүй юм” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж болохоор байна.

3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь аймгуудын Засаг дарга нарт болон зарим барилгын салбарын хуулийн этгээдүүдэд барилга байгууламжийн зураг төсөл нь зөвхөн манай төвөөс гаргасан ерөнхий дүгнэлт, тамга тэмдэгээр баталгаажих болно. Иймд барилгын зураг төслийн магадлал хийх эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулна уу гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг хүргүүлснээс үзэхэд тус төв барилгын зураг төслийн магадлалыг баталгаажуулж, дүгнэлт гаргаж байна гэж ойлгохоор байна” гэж дүгнэхдээ Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.1.4-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ажлыг дараах хүснэгтэд заасны дагуу баталгаажуулна” /Энэхүү зохицуулалт нь Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.15-д тусгагдсан/, уг заалтын хүснэгтээр үзүүлсэн хэсэгт “...Магадлалын дүгнэлтийг бүртгэж, дугаар олгох, Зохион байгуулагч байгууллагын магадлалын дүгнэлт, иж бүрэн ажлын зургийн нүүр хуудсанд магадлал хийгдсэн тухай тэмдэг дарна” гэж заасныг харгалзан үзээгүй нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж дүгнэж болохоор байна.

4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын Голомт банк дахь дансны хуулгаас, орон тооны бус экспертүүдэд ажлын хөлс олгосон жагсаалтаас, Худалдаа хөгжлийн банкны дансаар орон тооны бус экспертүүдэд цалин хөлс олгосон жагсаалт, төлбөрийн даалгавар, цалингийн хүснэгтээс, орон тооны экспертүүдэд олгосон магадлалын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогчоос төлдөг болох нь орон тооны бус экспертийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас тус тус тогтоогдож байх тул үүнийг магадлал хийх ажлын хөлс гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан байгааг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагад нийцэхгүй байна.

5. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч компани болон түүний үүсгэн байгуулагч, төлөөлөгч нь Барилга, хот байгуулалтын сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргад..., ...барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, дүгнэлт гаргаж буй асуудлаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан хэдий ч тус яамны зүгээс шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-ын барилгын зураг төсөлд магадлал хийж буй үйлдлийг таслан зогсоогоогүй бөгөөд ийнхүү өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэсэн нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоол, 2019 оны 108 дугаар тогтоолоор тус тус шинэчлэн батлуулсныг үгүйсгэн үйлдэл боллоо гэж дүгнэж болохоор байна.

6. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хэдий шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч “Э корпорэйшн” ХХК-ийг магадлал хийх эрх аваагүй, зөвлөх үйлчилгээний эрхтэй гэж шийдвэрлэсэн ч Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-т “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхээр өрсөлдөөний журмаар сонгогдсон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх уулийн этгээдээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр зааснаас үзэхэд зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлал хийх боломжтой байжээ” гэж зөв дүгнэсэн боловч энэхүү дүгнэлтээ “...Өөрөөр хэлбэл барилгын зураг төсөлд магадлал хийх эрхийг сонгон шалгаруулалтаар хуулийн этгээдэд олгоогүй байсан ч зөвлөх үйлчилгээний эрхтэй хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлал хийхийг хуулиар зөвшөөрсөн байсан” гэж үгүйсгэн дүгнэсэн нь шүүх бүрэлдэхүүн Барилгын тухай хууль /2008 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх дээр заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн бүрдүүлж байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухай:

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлж, мөн хуулийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ тодорхойлохоор тус тус хуульчилсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа тухайгаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нөхцөл байдлыг шүүх анхаараагүй өөрчилсөн шаардлагатай холбогдуулан шүүхийн шийдвэрийг гаргасан нь хэргийн оролцогчдын тайлбар гаргах, тэгш байдлыг хангах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна. Нэхэмжлэгч анх шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шаардсанаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, мөн шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг дараах хүснэгтээр шүүхийн шийдвэртэй харьцуулбал. Үүнд:

 

Нэхэмжлэгч,

Хариуцагч

2018.06.21

Нэхэмжлэлийн шаардлага

 

2019.02.15

Нэхэмжлэлийн тодруулга

2020.01.16

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай

2020.01.24

Шүүх хуралд шаардлагаа тодруулсан

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ барилгын зураг төслийн магадал хийж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох,

Тус төв зөвшөөрөлгүй магадлал хийж, хууль бус ашиг олж байгааг таслан зогсоохыг шүүхээс даалгасан шийдвэр гаргаж өгнө үү

Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа БХТ-ийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох,

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг БХТ-д даалгуулах

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал, дүгнэлт хийх эрхгүй болохыг,

Магадлалын дүгнэлт хийж буй нь хууль бус болохыг тогтоолгох

Барилга, хот байгуулалтын яам

Барилгын хөгжлийн төв”-ийн магадал хийж байгаа нь хууль бус үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж нийтэд ил тод мэдээлэхийг шүүхээс даалгасан шийдвэр гаргаж өгнө үү

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хууль бусаар магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг даалгах

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүйгээр магадлал хийж байгаа эс үйлдэхүйг таслан зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг БХБЯ-нд даалгуулах

“Барилгын хөгжлийн төв”-ийн хууль бус магадлал хийж байгаа үйлдлийг зогсоосон шийдвэр гаргахыг даалгах

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрт

 

ҮНДЭСЛЭХ ХЭСЭГТ:

Барилгын хөгжлийн төв ТӨҮААТҮГ-т холбогдуулан

-“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, дүгнэлт гаргах эрхгүй болохыг ,

-Барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж буй нь хууль бус болохыг тогтоолгох”,

Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг даалгах”

 

 

ТОГТООХ ХЭСЭГТ:

“Э корпорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хууль бусаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгасугай;

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан, мөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн байхад тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч хариу тайлбар гаргах, тухайн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нотлох баримт гаргаж өгөх, нэмэлт тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан үндэслэл нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодруулах нэрээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж мөн нэмэгдүүлж байхад үүнд тайлбар хийх эрхийг хариуцагчид огт олголгүй хуралдааныг үргэлжлүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар тодорхойлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэх албан бичгийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болон 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус тус шүүхэд хүргүүлсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар шүүх хуралдаан дээр тодруулсан байдаг. 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тусгайлан тэмдэглүүлж “Барилгын хөгжлийн төвд холбогдуулан Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал, дүгнэлт хийх эрхгүй болохыг, Магадлалын дүгнэлт хийж буй нь хууль бус болохыг тогтоолгох мөн Барилга хот байгуулалтын яаманд холбогдуулан Барилгын хөгжлийн төвийн хууль бус магадлал хийж байгаа үйлдлийг зогсоосон шийдвэр гаргуулахыг даалгах” гэж тус тус өөрчилсөн.

Харин шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “Барилгын хөгжлийн төв” ТӨҮААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж дүгнэлт хийж, дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага” мөн “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулга гэх нэрээр урьдчилан өгөхдөө өөрчилсөн шаардлагыг дахин хуралдаан эхлэхэд өөрчилснийг сийрүүлэн нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.

Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчимд үндэслэн явагдана гэснийг анхан шатны шүүх тус тус зөрчсөн.

2. Шүүх хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тухай:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 204 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлэн дүгнэлт хийжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 204 дүгээр тогтоол нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй мөн Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалтай холбоотой Улсын дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 264 дугаар бүхий тогтоол гарч тус тушаалыг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэл гаргахаас өмнө хүчингүй болсон захиргааны актуудыг нотлох баримтаар үнэлж, тэр бүү хэл бичмэл нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 179 дүгээр тушаал нь нотлох баримтын шаардлага хангасан байх боловч тус тушаалын хамт хавтаст хэрэгт тушаалын зөвхөн нэгдүгээр хавсралт авагдсан байх боловч мөн л хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн тус тушаалын 2, 3, 4, 5 дугаар хавсралт хавтаст хэрэгт нотлох баримтаар огт авагдаагүй. Гэтэл шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, дутуу нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

3. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тухай:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлж тайлбар хийхдээ хүчин төгөлдөр бус хуулийг дараах байдлаар хэрэглэсэн байна. Үүнд:

Барилгын тухай хууль /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “барилгын зураг төслийн магадлал”, 3.1.9-д “зөвлөх үйлчилгээ” гэсэн нэр томъёог зааглаж тайлбарласны дээр 5 дугаар зүйлийн 5.1.5-д “барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг болон 5.1.6-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” 2-ийг, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхээр өрсөлдөөний журмаар сонгогдсон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр зааснаас үзэхэд зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд барилгын зураг төсөлд магадлал хийх боломжтой байжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-т заасны дагуу шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Барилгын тухай хууль нь 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин өмнөх 2008 оны Барилгын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоол 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр гарсан байна.

Мөн шүүх нэхэмжлэгчийн маргах эрхийн талаар дүгнэлт хийж энэ нь шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарах нэг үндэслэл болсон, шүүх нэхэмжлэгчийн энэ эрхийн талаар дүгнэхдээ “Хэдий шүүхийн энэ хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч “Э корпорэйшн” ХХК-ийг магадлал хийх эрх аваагүй, зөвлөх үйлчилгээний эрхтэй гэж шийдвэрлэсэн ч...” гээд хүчингүй болсон 2008 оны Барилгын тухай хуулийг мөн үндэслэл болгон дүгнэлт хийсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар зөвтгөх гэсэн үйлдэл гаргасан. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. Энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 321, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 418 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 264 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна гэж шүүх өөрөө дүгнэсэн хууль буруу тайлбарлаж, хэрэглэж нэхэмжлэлийн шаардлага болон талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж байгаа нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн.

Мөн нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна хуульчилсныг мөн ноцтой зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Тав. Хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын өмгөөлөгч Д.Т мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хэтэрхий нэг талыг баримталсан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт өгөөгүй хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч “Э корпорэйшн” ХХК-аас гурван шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан бичгээр:

А. “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох”,

Б. “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ нь Барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлал хийж байгаа эс үйлдэхүйг таслан зогсоосон шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах” гэж маргасан маргаан гэж үзэж хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд бус “...“Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал, хийж, дүгнэлт гаргах эрхгүй болохыг, барилга байгууламжийн зураг төсөлд магадлалыг баталгаажуулсан дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-ын хууль бусаар ба байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоохыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгасугай...” гэж өөрөөр хүлээн авч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.5-т заасантай нийцэхгүй байна.

Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 44 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-г байгуулсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даасан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийн аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж заасныг үндэслэсэн болно. “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ-ын дүрмийн 8.1.2 дахь хэсэгт “үйлдвэрийн газрын орлогын эх үүсвэр нь ажил үйлчилгээний орлогоос бүрдэнэ” гэж заасан ба өөрөөр хэлбэл өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг газар юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 251 дүгээр тогтоол, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг болох “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах” зэрэг чиг үүргийг Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ-аар гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн. Энэхүү засгийн газрын 51 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 97 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадал хийх дүрэм” баталсан, Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадал хийх дүрэм” шинэчлэн баталсан. Дүрмийн 6.1-т “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.2-т “Захиалагч зураг төсөлд магадлал хийлгүүлэх хүсэлтийг энэ дүрмийн 6.1-д заасан байгууллагад гаргана”, 6.8.2-т “Барилгын тухай хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгогдсон зураг төсөлд магадлал хийх эксперттэй гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих”,

...Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 107 дугаар тушаалын 2-т “барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарлах зардлыг тухайн магадлалын ажлын зардлын 70 хувиар тооцсугай” гэж шийдвэрлэсэн энэхүү тушаалын дагуу зардлыг хуваарлаж байгаа болно.

Анхан шатны шүүх нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтанд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хэмжээнд түүнд холбогдох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хэргийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцэхгүй байна.

Засгийн газрын 2012 оны “Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай 47 дугаар тогтоол, 2014 оны “Төрийн өмчийн зарим чиг үүргийг мэргэжлийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай 251 дүгээр тогтоол, 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоол зэргийг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т шилжүүлсэн.

“Барилгын хөгжлийн төв” нь аж ахуйн тооцоотой төрийн үйлдвэрийн газрын хувьд “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн дүрмийн 8.1.2-т заасан тус үйлдвэрийн газар нь орлогын эх үүсвэр ажил үйлчилгээнээс олсон бүх орлого зэрэг орлогоос бүрдэхээр заасан байх тул нэхэмжлэгчийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагаагаа зогсоосон шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг даалгах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичгээр холбогдох татварын албанаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аас санхүүгийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авсан ба “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж, барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлын 30 хувийг Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 107 дугаартай “Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 2-т заасны дагуу суутган авч байгаа болно.

Мөн нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион эрхийг олгосон талаар талууд маргаагүй болно. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр “...“Э корпорейшн” ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож хүлээн зөвшөөрөх, Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 6/713 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 дугаар албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар магадлалаар “...нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай...” Улсын дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 264 дугаар тоот тогтоолын 1 дэх заалтаар “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож, барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоолгох, эрх зүйн харилцаа байгаа болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус шийдвэрлэсэн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нийтдээ 10 чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн, хариуцагчийн зүгээс энэхүү тогтоолоор шилжүүлсэн чиг үүргийн хүрээнд одоогийн маргаж буй барилгын ажлын зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх ажлыг зохион байгуулах ажиллагаа хийгдэж байгаа гэх тайлбар гаргаж буй энэ тохиолдолд хууль зүйн үр дагаврын хувьд дээрх тогтоолд дүгнэлт өгөлгүйгээр одоогийн маргааныг шийдвэрлэх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “…Засгийн газрын энэхүү тогтоолын хууль зүйн үндэслэлийг энэ хэрэгт дүгнэх шаардлагагүйн дээр боломжгүй…” гэж үзсэн нь ойлгомжгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн, өөрөөр хэлбэл маргааны гол үндэслэл болсон анхан шатны шүүхийн дүгнээгүй орхигдуулсан дээрх тогтоолын үндэслэлийг гүйцээн дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Учир нь уг тогтоолтой холбоотой өөр захиргааны хэрэг анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа болох нь шүүхийн шийдвэр, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдог.

Барилгын зөвлөх үйлчилгээний “Э корпорейшн” ХХК-иас “…магадлал зохион байгуулах ажиллагааг магадлал хийх ажил мэтээр шүүхийг төөрөгдүүлсэн тайлбар хийж, төрийн чиг үүргийг шилжүүлсэн Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор халхавчлан, хууль бус ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахгүй байгаа, магадлал зохион байгуулах чиг үүргийг шилжүүлсэн огт хамааралгүй тогтоолыг магадлал хийх эрх авсан мэтээр гуйвуулан тайлбарлаж хууль бус үйлдлээ халхавчлах болов…” гэх зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан, харин хариуцагчийн зүгээс энэхүү тогтоолтой холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэ маргааныг шийдвэрлэх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан байхад ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнд тооцогдоно.

Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг байгуулсантай холбогдуулан Барилгын тухай хуульд заасан төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг, тухайлбал барилгын зураг төсөлд хийх магадлалын ажлыг зохион байгуулахыг тус төвд шилжүүлсэн Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалыг Улсын Дээд шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгохдоо “…Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, мөн 6.2.9-д зааснаар магадлал хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна. …Хуульд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяалан шийдвэрлэх талаар тодорхой заасан асуудлыг төрийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлсэн Барилга, хот байгуулалтын сайдын дээрх тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002/ оны 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргасан бол илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх гэсэнд хамаарч байна…” гэж дүгнэсэн, гэтэл Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор мөн л барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг Барилгын хөгжлийн төвд олгосон, Барилга, хот байгуулалтын яамнаас анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 03/1581 дүгээр албан бичигт энэ талаар тодорхой тусгажээ.

Иймд Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах хуулиар олгосон чиг үүргийг хариуцагчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, тэрхүү шилжүүлсэн гэх чиг үүрэг нь одоогийн маргааны үндэслэлд хэрхэн хамааралтай болох, өөрөөр хэлбэл “магадлал хийх ажлыг зохион байгуулах”, “магадлал хийх” гэдгийн хоорондын уялдаа холбооны талаар, түүнчлэн тогтоолын 3 дахь заалтаар “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 251 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, …” гэснийг хассанаар Барилгын хөгжлийн төв нь шилжүүлэн авсан чиг үүргийн хүрээнд чухам ямар эрхийг хэрэгжүүлэхээр болсон зэрэгт эхэлж дүгнэлт өгсний дараа тус байгууллагын одоогийн хэрэгжүүлж буй чиг үүрэг нь Засгийн газрын дээрх тогтоолд нийцэж байгаа эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 186 дугаар тэмдэглэл, мөн өдрийн хуралдаанаас гаргасан 8 дугаар тогтоолоос үзэхэд хариуцагч “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын өмгөөлөгчийн гаргасан Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолтой холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, хэдийгээр уг тогтоолд гомдол гаргалгүйгээр хуулийн хүчин төгөлдөр болсон ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй”-ээр давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахаар заасан болно.

Нэгэнт дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдлуудад дурдсан дээрхээс бусад үндэслэлд дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН