Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1254

 

МАГАДЛАЛ

 

2016.07.01                                              дугаар 1254                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

П.Ганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/03680 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Ганбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Солонго, Г.Бямбасүрэн нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 23 580 000 төгрөг гаргуулах, Л.Солонгыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 104 дүгээр байрны 13 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, гэрээний үүргийг Л.Солонгод ногдох хэсгээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Л.Солонгын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Ганбаяр

Хариуцагч Л.Солонго, түүний өмгөөлөгч буюу хариуцагч Г.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Солонгоос орон сууц худалдан авахаар тохиролцож нийт 45.000.000 төгрөг өгсөн боловч байраа зарахгүй гэсэн тул сүүлд зээлийн гэрээ байгуулсан. Л.Солонго нь үндсэн зээл 17 640 000 төгрөг, хүү 5 940 000 төгрөг, нийт 23 580 000 төгрөгийг төлөөгүй.  Байрны өмчлөгч Г.Бямбасүрэн нь Л.Солонгод холбогдох 2013050553 тоот эрүүгийн хэрэгт гэрчээр дуудагдаж, “Л.Солонгийг байраа зарна гэж байсныг хүлээн зөвшөөрч “Л.Солонгод ногдох хэсгийг өгнө” гэж баталгаажуулсан мэдүүлэг өгсөн тул Л.Солонгийг  Баянгол дүүргийн 7 дугаар хороо 104 дүгээр байрны 13 тоот сууцны өмчлөгч болохыг тогтоож,  үүргийн гүйцэтгэлийг Л.Солонгод ногдох хэсгээс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Ганбаяраас 7000 ам.доллар буюу 9 240 000 төгрөг зээлж авснаас гадна 8 400 000 төгрөг, бүгд 17 640 000 төгрөг зээлсэн нь үнэн. Үүнээс 9 540 000 төгрөг төлсөн. Үүний 900 000 төгрөгийг түүнээс надтай хамт мөнгө авсан н.Ундармаа П.Ганбаярын ХААН банкин дахь 5027169143 дансанд төлсөн. Одоо 8 100 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Үүнээс 3 100 000 төгрөгийг н.Ундармаа хариуцах ёстой. Уг төлбөтөө бөөрний эмчилгээний бүс 100 ширхэгийг өгнө гэж байгаа. Харин баримт үйлдсэн зээлийн хүү 1 511 200 төгрөг юм. П.Ганбаяр зөвшөөрсөн тохиолдолд эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой гэжээ.

 

Хариуцагч Г.Бямбасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Солонго нь П.Ганбаяраас 7000 ам.доллар буюу 9 240 000 төгрөгийг, 8 400 000 төгрөг, бүгд 17 640 000 төгрөг зээлсэн. Үүнээс Л.Солонго нь цувуулж 9 540 000 төгрөг төлсөн. Үүний 900 000 төгрөгийг авсан н.Ундармаа П.Ганбаярын Хаан банкин дансанд төлсөн. 5 100 000 төгрөг төлөгдөөгүй. Одоо Л.Солонго 8 100 000 төгрөг, хүүд 711 200 төгрөг, нийт 8 811 200 төгрөг төлнө. Харин хамтран өмчлөгчөөр тогтоолгох, ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржигин овогтой Лхагваагийн Солонго /РД:УС82033008/-с зээлийн гэрээний үүрэгт 16 061 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Цорос овогтой Пүрвээгийн Ганбаяр /РД:ХП63050565/-т олгож, шаардлагаас үлдэх 3 938 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар Л.Солонгыг Баянгол дүүргийн 7 дугаар хороо 104 дүгээр байр 13 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, гэрээний үүргийг Л.Солонгод ногдох хэсгээс хангуулах тухай П.Ганбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238 256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Солонго давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 5000 ам.доллар, 3 400 000 төгрөг буюу нийт 10 000 000 төгрөгийг хүүгүй зээлсэн нь Эрүүгийн хэргийн архиваас ирүүлсэн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнээс тодорхой харагдана. Хэрэгт байгаа баримтуудад үндэслэн тооцон үзэхэд 8 100 000 төгрөгийн үндсэн зээл, 711 200 төгрөгийг зээлийн хүү тус тус төлөх ёстой гэж 16 061 200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Гэрээний үүргээ солихоор тохиролцсон гэж дүгнэсэн нь буруу байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Тухайлбал: П.Ганбаярын хүсэлтээр Гомбо овогтой Тунгалагийн дансанд шилжүүлсэн 1 015 000 төгрөгийг, н.Ундармаа П.Ганбаярын өөрийн дансанд 2 000 000 төгрөг, Д.Солонго 200 000 төгрөг, 640 000 төгрөг, н.Ундармаа дансанд 350 000 төгрөг, 100 000 төгрөгийг тус тус дутуу тооцогдсон. 2011 оны 06 дугаар сард н.Ундармаа П.Ганбаяртай утсаар яриад "Хадгаламж банкны данс байна уу, Л.Солонго мөнгө явуулсан юм”, П.Ганбаяр "Бэлнээр авъя" гэхэд 1 500 000 төгрөг бэлнээр өгсөн. "АОМО" ХХК дээр 2011 оны 11 дүгээр сард 800 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Голомт зээлийн төвд н.Сэлэнгэ, П.Ганбаяр хоёрыг хамт байж байхад нь 600 000 төгрөгийг Сонгуулиас зээлж хамт очиж өгсөн. Сэлэнгээгийн гэрт П.Ганбаярыг байж байхад 400 000 төгрөг өгсөн. Компьютер ломбарданд тавьж 350 000 төгрөг өгсөн. Тэр үед П.Ганбаяр н.Оюунцэцэгтэй хамт явж байсан. П.Ганбаярыг гэрт мөнгө нэхээд байхад нь Энхжингийн гэрт очиж 500 юань буюу 100 000 төгрөг, Батнарангаас 500 000 төгрөг өгсөн. н.Ундармаа П.Ганбаярын 50 000 төгрөг, 100 000 төгрөг гэх мэтээр 600 000 төгрөг хийсэн. Энэ нь П.Ганбаярын банкны хуулгаар батлагдана. Нэхэмжлэгчид нийт 9 540 000 төгрөг төлсөн. Эдгээр нь бүгд хэргийн мэдүүлгээр нотлогдоно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 8 811 200 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.  

 

Нэхэмжлэгч П.Ганбаяр нь хариуцагч Л.Солонгоос зээл 17 640 000 төгрөг, хүү 5 940 000 төгрөг, нийт 23 580 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Г.Бямбасүрэнг татаж, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 104 дүгээр байрны 13 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.Солонгийг тогтоож, уг сууцны Г.Солонгод ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хариуцагч нь “…зээлийн төлбөрт 9 540 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 8 000 000 төгрөгийг төлнө. Үүргийн гүйцэтгэлийг орон сууцны ногдох хэсгээр хангуулахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Ганбаяр нь хариуцагч Л.Солонгоос орон сууц худалдан авахаар мөнгөн хөрөнгийг Л.Солонгын өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч сууцаа зарахаас татгалзсан тул зохигчид 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 17.640.000 төгрөгийг 8-10 хувийн хүүтэй зээлийн гэрээний үүргээр солихоор бичгээр тохиролцжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн үйл баримт болоод холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын өмнөх үүргийн харилцаа дуусгавар болж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрэээний харилцаа үүссэн тул гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь 10 000 000 төгрөгийг 8 хувийн хүү болох 800 000 төгрөгийн хамт, 2 640 000 төгрөгийг 8 хувийн хүү болох 211 200 төгрөгийн хамт, 2 000 000 төгрөгийг 10 хувийн хүү 200 000 төгрөгийн хамт, 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүү 300 000 төгрөгийн хамт нийт 19 151 200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс хариуцагчийн төлсөн 3 090 000 төгрөгийг хасахад 16 061 200 төгрөгийн үүрэг үлдсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч П.Ганбаярын Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 104 дүгээр байрны 13 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Л.Солонгыг тогтоолгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л.Солонгод ногдох хэсгээр хангуулах шаардлагын хувьд уг орон сууцны өмчлөгчөөр Г.Бямбасүрэн бүртгэлтэйгээс гадна тэрээр П.Ганбаяр, Л.Солонго нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч биш байх тул дээрх шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохиролд учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хэлнэ” гэж зааснаар Г.Бямбасүрэн нь нэхэмжлэгч П.Ганпүрэвийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохиролд учруулсан байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Хариуцагч Л.Солонго нь нэхэмжлэгч П.Ганпүрэвд төлөх төлбөрөөс 1 015 000 төгрөгийг Г.Тунгалагийн дансанд шилжүүлсэн, нийт 9 540 000 төгрөг төлсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэх боловч энэ байдал нь эргэлзээгүй, үнэн зөв баримтаар нотлогдоогүй, түүнд ногдох төлбөрөөс хасах үндэслэлгүй юм.

 

Иймээс хариуцагч Л.Солонгын “…шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн” гэх давж заалдах гомдол хэргийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул хангах боломжгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/03680 дугаар  шийдвэрийн 2 дахь заалтад “…Л.Солонгыг …” гэсний өмнө “… Г.Солонго Г.Бямбасүрэн нарт холбогдох…” гэж нэмж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Л.Солонгийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Солонгын төлсөн 151 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

              ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Ш.ОЮУНХАНД