Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2026/00019

 

 

2026      02          12                                          207/МА2026/00019

 

 

Т.******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч А.******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/01924 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч А.******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагч А.******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс цахимаар нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Гэрэлд-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Т.****** нь хариуцагч А.******ийн хүсэлтийн дагуу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 50,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр 1 сар буюу 30 хоногийн хугацаатайгаар зээлүүлсэн. Ингээд гэрээг байгуулаад тухайн өдрөө А.******ийн ******дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд гэрээний хугацаа дуусахад тохиролцсоны дагуу хүү болох 15,000,000 төгрөгийг 2025.04.21-ний өдөр надад шилжүүлсэн. Үлдсэн үндсэн зээлээ удахгүй өгнө гэж хэлээд хэд хоног авсан боловч одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. А.****** нь хуучин байраа зараад шинэ байр авах гэж байгаа, зээл байрны асуудлаа цэгцэлчихээд буцаагаад тохирсон хүүгийн хамт өгнө гэж хэлээд шинэ авч байгаа байр болон зарах гэж байгаа байрны зургаа үзүүлээд амьдрал ахуйгаа яриад гуйгаад байсан. Миний хувьд охин маань зун гадаад улс руу сургуульд явахаар төлөвлөсөн байсан тул охиндоо зориулж мөнгө хадгалаад байж байсан, ингээд А.****** надад мөнгө байгааг мэдээд амьдрах орон сууцаа солих гэсэн юм тус болооч мөнгө олоод өгөөч, зээлээч гээд байхаар нь хүн байр орон сууцтай болох гэж байгаа юм байна даа гэж бодоод охиндоо хадгалсан мөнгөнөөсөө зээлсэн. Гэтэл уг мөнгийг 30 хоногийн хугацаатай авсан хэрнээ 3 сар болж байхад өгөхгүй, охин маань гадагшаа сургуульдаа явж чадахгүй болох хүртэл хэцүү хүндхэн асуудал үүсч маш их хохирч байна. Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөгийг хариуцагч Ц.****** гаргуулж Т.****** надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Т.******ын нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: А.****** би 2025 оны 01 сарын 24-ний өдөр Төрхуягийн ******оос 40,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлж 4 хонуулаад 45 сая 600 мянган төгрөг болгож, 2-р сарын 09-ний өдөр 50,0 сая төгрөгийг өдрийн 2%-иар тооцож 13 хоногийн дараа 63,0 сая төгрөг болгож. 2-р сарын 21-ний өдөр 45,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлэн 4 хоногийн дараа 49 сая 500 мянган төгрөг болгож, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 32,0 сая төгрөгийг өдрийн 2%-ийн хүүтэй зээлж 28 хоногийн дараа 82 сая 800 мянган төгрөг болгож, 3 сарын 22-ны өдөр 50 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлж 30 хоногийн дараа буюу 4 сарын 21-ний өдөр 15 сая төгрөгийг нь өгсөн бөгөөд энэ хүнд зөвхөн өдрийн хүүнд 88 сая 900 мянган төгрөгний хүү өгөөд байгаа юм. Энэ өнгөрсөн хугацаанд би түүнд өдрийн хүү төлж хохирч байсан. Монгол Улсад зээлийн тухай асуудал, түүний хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол улсын хуулиар зохицуулагддаг. Гэтэл хууль болон зохицуулж буй журмаас гадуур надаас мөнгө хүүлж авч байсан юм билээ. Өөрийн хүслээр авах гэсэн мөнгөө өгөхгүй болохоор миний зураг болон надаар зээлийн гэрээ бариулан авсан зургийг Эрдэнэт зар гэсэн фэйсбүүкийн хэд хэдэн зар дээр тавьж миний нэр хүндэд бүдүүлгээр халдсан. Энэ хүний надаас нэхэмжилж байгаа мөнгийг би бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нэхэмжлэлтэй холбоотой болон өмнөх зээлтэй холбоотой асуудлаар би 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоогоор явагдаж байгаа болно. Иймд миний гаргасан нэхэмжлэлд дахин нэхэмжлэл гаргаж байх тул өмнөх гаргасан нэхэмжлэлтэй нэгтгэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/01924 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан А.******ээс 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.******од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.******ээс 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.******од олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие А.****** тус захирамжийн нэхэмжлэгч А.******ын хариуцагчаар холбогдсон гэх. Гэвч миний бие нэхэмжлэгчээр 2025 оны 05 дугаар сард Т.******ыг хариуцагчаар хэрэг үүсгэн шийдвэрлэх явцад 2025 оны 09 дүгээр сард давхар нэхэмжлэл гаргасан байсан. 312/ШШ2025/01924 захирамжинд давж заалдах гомдол гаргаж байна. Утга нь: нэхэмжлэлд гаргасанчлан Ц.****** гаргуулах гээд байгаа шийдвэрийг А.****** миний биед захирамж гаргаж байгаа нь хуульд заасанчлан үндэслэлгүй байгааг шийдвэрлэж өгнө үү. Тус гаргасан гомдолтой холбоотой зардлыг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч Т.******ын шүүхэд “...зээлийн гэрээ хийж мөнгө зээлж аваад зээлийн хүү төлсөн, зээлийн  төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул зээл 50,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  А.****** нь “...нэхэмжлэгчээс олон удаа мөнгө зээлж авахдаа зээлийн хүүг 1-2 хувиар тооцож, нийтдээ 88,000,900 төгрөгийн зээлийн хүү төлж байсан, нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

  3. Шүүх хариуцагчаас зээл 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч А.****** нь нэхэмжлэгч Т.******оос зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, хоногийн  1 /нэг/ хувийн хүүтэй зээлж авсан,  зээлийн хүү 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагчийн гаргасан “...миний гаргасан нэхэмжлэлд дахин нэхэмжлэл гаргасан байх тул өмнөх гаргасан нэхэмжлэлтэй нэгтгэж өгнө үү...” гэх  хүсэлтийг  хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.

6.Хэдийгээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд харшлаагүй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэх ёстой   боловч   Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж зааснаар талууд зээлийн гэрээнд  хүүгийн  хэмжээг  сараар биш хоногт 1 хувиар тооцсон нь  зээлдэгчид илт хохиролтой, түүнчлэн хариуцагчийн гаргасан “...удаа дараа мөнгө зээлж авахдаа зээлийн хүүг хоногийн 1-2 хувиар тооцож төлж байсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн  зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг үндэслэж зээлийн хүүгийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж үзэв.

7.Давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг нийтэд илэрхий болсон мэдээлэл буюу банк бус санхүүгийн байгууллагаас олгогддог зээлийн хүүгийн хэмжээг харгалзан үзэж сарын 5 хувиар тооцож, хариуцагчид төлсөн 15,000,000 төгрөгнөөс 12,500,000 төгрөгийг үндсэн зээл  50,000,000 төгрөгнөөс хасч үлдэгдэл 37,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Хариуцагч А.******ийн гаргасан давж заалдах гомдлын тухайд:  Нэхэмжлэгч Т.****** нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн овог, нэрийг тодорхой зааж бичсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагч А.******т холбогдуулан явуулсан, харин нэхэмжлэлийн сүүлийн бичвэр хэсэгт “...******  гаргуулж өгнө үү...” гэж өөр хүний нэрийг бичсэн нь  хайхрамжгүй алдаа болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул “Отгонжаргал” гэх иргэнийг энэхүү хэргийн хариуцагчаар оролцуулах шаардлагагүй.

9. Хариуцагч А.****** нь нэхэмжлэгч Т.******од холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэгдэж  шүүхээр хянан шийдвэрлэж байгаа   ажиллагаа нь  энэхүү  зээл 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй хамааралгүй, тухайн иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд энэхүү хэргийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

10.Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч А.******ийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул  давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй.

         11. Давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/01924 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.******ээс 37,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...407,950...” төгрөг гэснийг “...345,450...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч А.******ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ