Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 494

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Ж.Ганболдын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1961 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, трактор-комбайнч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 4 дүгээр хэсгийн 261 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй,                                         

                                        Барнууд овгийн Жамсрангийн Ганболд         

                                        регистрийн  дугаар:РЙ- 61032812

 

           Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  нар  оролцов.

                                            

                                                          Тодорхойлох нь:

       Нэхэмжлэгч: Ж.Ганболд шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

        ... Миний бие  анх 1979 оны 09 дүгээр сарын 02-нд цэрэгт яваад 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдаж, улмаар 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн “Идэрийн-Ундрал” нэгдэлд орж рамын ажилчнаар 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Сангийн аж ахуй”-н даргын 119 тоот тушаалаар тус Сангийн аж ахуйд тракторчнаар томилогдож ажилласан.

             Ингээд 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Сангийн аж ахуй тарж, Үр тарианы “Алтандуулга” ХХК-д тракторчнаар 1997 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл ажилласан. Одоо би хүнд нөхцөлд ажиллаж байсан гээд тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын хэлтэст “ажилд орсон, гарсан тушаал чинь байхгүй байна гээд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай” гэсэн тул доорх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

             Нэхэмжлэлийн шаардлага: 

              1. Миний биеийг 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд,

              2. 1992 оны 03 дугаар сарын 01-нээс “Алтандуулга” ХХК-д 1997 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү! гэжээ.

    

             Нэхэмжлэгч: Ж.Ганболд шүүх  хуралдаанд  гаргасан    тайлбартаа:

        ...  Би 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэлх Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуй болон “Алтан дуулга” ХХК-д тракторчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Ажилд орсон тушаал олдохгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул 1995-1997 оны хооронд ажиллаж байсан жил тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... гэв.

                  Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                              Үндэслэх нь:

 

         Нэхэмжлэгч Ж.Ганболд нь 1985 оноос 1997 онуудад Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуй болон “Алтандуулга” ХХК-д тракторчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал шийдвэрүүд олдохгүй гэх шалтгааны улмаас дээрх ажиллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.   

         Нэхэмжлэгч Ж.Ганболд нь 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд, мөн 1992 оны 03 дугаар сарын 01-нээс “Алтандуулга” ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл тус тус тракторчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн архивын тасгийн “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн даргын нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тухай 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тоот тушаалын хуулбар,  ээлжийн амралт олгож байсан тухай Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан дуулга” ХК-нд ажиллаж байх үед ээлжийн амралт олгож байсан тухай тус компаний захирлын 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  17 тоот тушаал, мөн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “ажилд томилох тухай тушаалын хуулбарууд, мөн нэхэмжлэгч  Ж.Ганболдод 1983 оны 01 дүгээр сарын 10-нд  Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн-Ундрал” нэгдлийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд  “Тариалангийн сангийн аж ахуй”-н даргын “шилжин ирж ажилд орохыг хүссэн тул тракторчнаар томилов” гэх 1985 оны 07-р сарын 20-ны өдрийн 119 тоот тушаалын бичилт, мөн тус сангийн аж ахуй татан буугдаж ”Алтан дуулга” ХК-д шилжин ажилласан тухай “Алтан дуулга” ХК-ний захирлын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалын бичилт, 1995 оны 01 дүгээр сарын 01-нд “хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг дуусгавар болгож 031504 тоот Нийгмийн даатгалын дэвтэр олгосон тухай тэмдэглэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудын хуулбарууд, тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажиллаж байсан гэх Б.Цэнд-Аюуш, Л.Өлзий, Д.Норжоо  нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

         Иймд Барнууд овгийн Жамсрангийн Ганболдыг 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын  Сангийн аж ахуйд, 1992 оны 03 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01 -нийг хүртэл “Алтандуулга” ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хүртлэх ажилласан жилийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэйбайна

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барнууд овгийн Жамсрангийн Ганболдыг 1985 оны 05 дугаар сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд,  1992 оны 03 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл “Алтандуулга” ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх ажилласан байдал  тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ