| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1565 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: А.Ариунаа,
хохирогч: Э.О,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг,
шүүгдэгч: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906051411936 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А Х, 19 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо хэсэг цэргийн хотхоны тоотод оршин суух, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт амьдрах, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А Х нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн гадна худгаас ус авах гэж дугаарлаж байхдаа иргэн Э.О маргалдаж улмаар түүний гар, нүүрлүү цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай худаг их хүнтэй дугаарлаж байсан. Хохирогч Э.О миний урдуур усны саваа тавихаар нь эгчээ одоо миний ээлж шүү дээ гэхэд ямар ч үгийн зөрүүгүй мэдэж байна гичий чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь адилхан дугаарлаж авч байна шүү дээ гэж хэлэхэд жоохон юм байж яасан олон долоон үгтэй юм бэ гээд намайг усны саваараа цохисон. Би усаа хийж дуусчихаад дахиад цохих гэхээр нь гарнаас нь бариад та одоо яагаад байгаа юм бэ гээд түлхсэн. Би 5 литертэй усаа аваад явах гэхэд савнаас татаад элдвээр орилж байгаад усаа шидсэн. Тэгээд би гэр лүүгээ явж байгаад сүмийн хажууд очиж усаа тавьчихаад буцаад очиход байхгүй байсан. Тэгэхээр нь дэлгүүр орчихоод буцаад гараад ирэхэд Э.О, аавтайгаа цуг зогсож байсан. Мөн аав нь намайг яасан даварсан юм, пизда гээд цохисон. Тэгээд дэлгүүр лүү орж цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс рүү явсан юм гэв.
Хохирогч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 16:00 цаг болоод усаа авах гээд худаг дээр 7 настай охиноо дагуулаад очсон юм. Шүүгдэгч Х миний урд зогсож байсан. Тэгээд саваа урагшлуулахгүй болохоор нь би усны савны урд нь саваа тавьсан юм. Тухайн үед худаг дээр ямар ч оочер байхгүй байсан. Х усаа тосохдоо би таны урд байсан шүү дээ гээд усаа тосож дуусчихаад ямар мэдрэл муутай авгай вэ гэсэн. Тэгээд усныхаа шланкийг шидсэн. Би чи одоо юу гээд байгаа юм бэ жоохон охин байж гээд гар луу нь түлхэхэд гэнэт өөдөөс босож ирээд миний цамцнаас заамдчихаад тавихгүй байсан. Би аргаа барахдаа усны саваараа гар луу нь цохиж байж тавиулсан юм. Тэгээд буцаад эргэхэд нүүр халуун оргиод явсан. Тэгэхэд миний нүүрийг маажсан байсан. Х гэрийнхээ ойролцоо гудамжинд очоод дохио зангаагаар намайг элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би охиноо гэрлүүгээ гүйлгээд утас аваад ир цагдаа дуудъя гээд явуулсан. Тэгээд манай аав ирээд ус авч явсан. Манай аав юу болсныг мэдэхгүй хүнийг зодож цохих хүн биш юм. Би Х өгсөн мэдүүлэгтээ санал нийлэхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд уучлалт гуйгаагүй. Хэрвээ уучлалт гуйсан бол ийм зүйл болохгүй байсан. Би хоёрдугаар эмнэлэгт үзүүлээд сорвины тос 56.400 төгрөгөөр авч хэрэглэсэн. Энэ хохирлоо шүүгдэгч Х авсан гэв.
Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 17.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан гүний худаг дээр ус авахаар оочерлож байтал миний хойно зогсож байсан үл таних эгч миний урдуур саваа оруулсан. Тэгэхээр нь би тэр эгчид хандаад эгчээ одоо би усаа авна ш дээ гэхэд би мэдэж байна яасан олон долоон үгтэй юм янхан гичий чинь гээд байхаар нь би чимээгүй л зогсож байсан. Тэгтэл хурдан хийгээчээ гэхээр нь би эгчээ хийж л байна ш дээ очероороо авч байна гэтэл шууд өөрийнхөө гартаа барьж байсан 25 л саваараа миний нуруу руу 5 удаа цохисон. Тэгэхээр нь би крантаа хаагаад түүний гарт байсан 25 л хуванцар савыг нь булааж аваад газарт шидчихээд өөрийн 5 л усаа аваад явах гэтэл миний гарт байсан усыг булаагаад эргээд намайг цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм гэж хэлээд урдаас нь цохисон. Хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгээд намайг гэрлүүгээ явж байхад хойноос орилоод миний хоёр дүү саяхан шоронгоос гарсан чамайг алууна гээд орилоод байсан. Би гэрлүүгээ явах замдаа дэлгүүр орж ногоо авч байтал нөгөө эгч аавынхаа хамт дэлгүүрийн гадаа байж байгаад намайг янз бүрээр загнаж доромжилсон. Аав нь намайг ална гээд байсан болохоор би дэлгүүр орж цагдаа дуудсан. Дэлгүүрийн гадаа байхад миний гар утсыг аваад шидсэн чинь гар утасны нүүрний наалт нь цуурсан байсан гэжээ. /хх-ийн 10/
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдөр 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхүүш супер маркетийн урд талын гүний худгаас ус авахаар өөрийн 7 настай охин А дагуулаад очсон. Худаг дээр очер байхгүй 5-6 хүн ус авах гээд байж байсан. Миний урд зогсож байсан үл таних охин ус авах гээд зогсож байсан ба би түүний урд талд хоосон байхаар нь усны саваа гаргаад тавьсан чинь та миний өмнө байсан юм уу гэсэн тэгэхээр нь би хоосон зай байхаар нь тавьчихлаа гэж хэлсэн. Тэгээд би усаа ав гэж хэлээд байж байтал нөгөө охин усаа тосооч авгай минь гээд усны шланкаа шидсэн. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би маргалдаж байхдаа уг охины бугалга хавьд усны саваараа 2-3 удаа цохисон. Гэтэл нөгөө охин миний нүүрийг маажсан. Тэгээд бид хоёрын маргаан удаашраад янз бүрээр доромжлоод байхаар нь би цагдаа дууд гэсэн. Ингээд цагдаа ирээд бид хоёрыг авч явсан. Миний нүүрэнд маажаад гүн сорви үлдээсэн. Сорвио арилгуулах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 7/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10398 дүгнэлтэд:
1.Э.О биед баруун хацар, 1 гарын сарвуу, хурууны үенд зулгаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 14/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 10418 тоот шинжилгээ:
1.А.Х биед баруун сарвуу цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-п зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19/
А.Х иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/,
А.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 33/
А.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/ зэрэг болно.
Шүүгдэгч А Х нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худгийн гадна худгаас ус авах гэж оочерлож байхдаа иргэн Э.О маргалдаж улмаар түүний гар, нүүрлүү цохиж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Э.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Миний урд зогсож байсан үл таних охин ус авах гээд зогсож байсан ба би түүний урд талд хоосон байхаар нь усны саваа гаргаад тавьсан чинь та миний өмнө байсан юм уу гэсэн тэгэхээр нь би хоосон зай байхаар нь тавьчихлаа гэж хэлсэн. Тэгээд би усаа ав гэж хэлээд байж байтал нөгөө охин усаа тосооч авгай минь гээд усны шланкаа шидсэн. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би маргалдаж байхдаа уг охины бугалга хавьд усны саваараа 2-3 удаа цохисон. Гэтэл нөгөө охин миний нүүрийг маажсан. Тэгээд бид хоёрын маргаан удаашраад янз бүрээр доромжлоод байхаар нь би цагдаа дууд гэсэн. Ингээд цагдаа ирээд бид хоёрыг авч явсан. Миний нүүрэнд маажаад гүн сорви үлдээсэн. Сорвио арилгуулах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7/
Шүүгдэгч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан гүний худаг дээр ус авахаар оочерлож байтал миний хойно зогсож байсан үл таних эгч миний урдуур саваа оруулсан. Тэгэхээр нь би тэр эгчид хандаад эгчээ одоо би усаа авна ш дээ гэхэд би мэдэж байна яасан олон долоон үгтэй юм янхан гичий чинь гээд байхаар нь би чимээгүй л зогсож байсан. Тэгтэл хурдан хийгээчээ гэхээр нь би эгчээ хийж л байна ш дээ очероороо авч байна гэтэл шууд өөрийнхөө гартаа барьж байсан 25 л саваараа миний нуруу руу 5 удаа цохисон. Тэгэхээр нь би крантаа хаагаад түүний гарт байсан 25 л хуванцар савыг нь булааж аваад газарт шидчихээд өөрийн 5 л усаа аваад явах гэтэл миний гарт байсан усыг булаагаад эргээд намайг цохисон. Тэгэхээр нь би яагаад байгаа юм гэж хэлээд урдаас нь цохисон. Хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгээд намайг гэрлүүгээ явж байхад хойноос орилоод миний хоёр дүү саяхан шоронгоос гарсан чамайг алууна гээд орилоод байсан. Би гэрлүүгээ явах замдаа дэлгүүр орж ногоо авч байтал нөгөө эгч аавынхаа хамт дэлгүүрийн гадаа байж байгаад намайг янз бүрээр загнаж доромжилсон. Аав нь намайг ална гээд байсан болохоор би дэлгүүр орж цагдаа дуудсан. Дэлгүүрийн гадаа байхад миний гар утсыг аваад шидсэн чинь гар утасны нүүрний наалт нь цуурсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10398 дүгнэлтэд: Э.О биед баруун хацар, 1 гарын сарвуу, хурууны үенд зулгаралт, цус хуралт, хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт. /хх-ийн 13/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч А.Х холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.О нь эмчилгээний зардалд 56.400 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Х өмгөөлөгч хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа зүйлүүд нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Х нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Х нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. А.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН