| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/03004/И |
| Дугаар | 207/Ма2026/00021 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 207/Ма2026/00021
2026 02 12 207/МА2026/00021
С.******гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Р.******ид холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/02398 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : С.******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.******ид холбогдох,
“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Нэхэмжлэгч С.******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Р.******, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө ******ОРН Changan uni авто машиныг маань ******ОРБ улсын дугаартай Р.****** гэдэг жолооч мөргөж хохирол учруулаад зугтаасан билээ. Мөргөснөөс үүдэлтэй гэм хорын хохирлыг одоо болтол гүйцэд төлөөгүй учир шүүхэд уг этгээдээс өмнө нэхэмжилсэн 1,500,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 38,950 төгрөгийг улсын орлого болгосон учир тус тус Р.******оос гаргуулж надад өгөхийг шүүхээс нэхэмжилж байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2025 оны 07 дугаар сарын 29-ний өглөө машинаа зогсоол дээрээс хөдлөхдөө ******ОРН улсын дугаартай машиныг шүргэж гэмтэл гаргасан. Тухайн үедээ гэмтэл гаргасныг мэдэлгүй хөдлөөд явсан. Замын Цагдаагийн газраас дуудахад очиж уг гэмтлийг мэдсэн. Улаанбаатар руу ачина гэхээр нь унааны зардал 450,000 төгрөг, 7 литр тосолд 65,000 төгрөг, Улаанбаатараас ирэхэд нь нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлсөн болно. Миний учруулсан гэмтэл нь энд засуулах боломжтой гэмтэл бөгөөд тухайн жолоочийн шаардлагаар хүний хөрөнгөд гэмтэл учруулсандаа гэмшиж уг төлбөрүүдийг хийсэн. Миний хувьд гэмтэлд тохирсон төлбөрөө хангалттай төлсөн гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/02398 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Р.******ид холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.****** миний нэхэмжлэлтэй Р.******ид холбогдох гэм хорын төлбөр 1,548,950 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025-11-20-ны өдрийн 312/ШШ2025/02398 дугаартай шийдвэрийгэс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1.Үнэлгээний тайлангаар 1,999,993 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон бөгөөд уг үнэлгээнд орсон хохирлоос гадна учирсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжилсэн 1,500,000 төгрөгөнд дараах төлбөрүүд баггаж байгаа болно. Орхон аймгаас эвдэрсэн автомашиныг Улаанбаатар хот руу тээвэрлэн очиж улмаар машинаас буулгах өргөгч машинаар буулгуулахад ажлын хөлс -100,000 төгрөг төлсөн. Улаанбаатар хотын Номин моторс компаний автомашинд үзлэг хийлгэж, эвдрэл гэмтэл оношлуулж, радиотарыг түр хугацаанд гагнаж засварлахыг тулд задлуулсан ажлын хөлс 460,000 төгрөг төгрөг төлсөн бөгөөд уг радиаторыг шинээр солих шаардлагатай гэж оношилсон. Радиатор сервис засварын төвд гэмтсэн радиаторыг түр хугацаанд гагнаж засварласан төлбөр 100,000 төгрөг, радиотарыг гагнуулж түр засварласны дараа хөргөлтийн шингэн буюу антифрийз 68,960 төгрөгөөр худалдан авч радиаторт хийж автомашинаа асаасан.Улаанбаатар хотоос Орхон аймаг руу ирэх бензиний зардалд 140,000 төгрөг гарсан. Хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 150,000 төгрөг, такси авч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагт байрлах Номин моторс засварын төвөөс Сүхбаатар дүүрэг 100 айлд байрлах Радиатор сервис засварын төвруу ирэх, очих таксины мөнгө 60,000 төгрөг болно. Дээрх зардлуудтай холбоотой байж болох бүх баримтуудаа гарган өгсөн байтал нотолж чадаагүй гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Дээрх зардлууд гарсны даpaа Орхон аймагт ирж, хохирлын үнэлгээ тогтоолгосон бөгөөд уг үнэлгээ нь 1,999,993 төгрөг гарсан. Уг үнэлгээнд дээрх зардлууд ороогүй болно. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1. дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд уг автомашиныг засварлуулахтай холбоотой үнэлгээнд ороогүй зардлууд болох Улаанбаатар хот руу зөөвөрлөж очсоны дараа буулгалтын зардал, үзлэг хийсэн зардал, бензиний мөнгө, гагнуурын төлбөр, хохирлыг үнэлгээний төлбөр болон хохирлын үнэлгээнд орооп/й бусад зардлыг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сайтар судлалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/02398 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.****** нь хариуцагч Р.******ид холбогдуулан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.1.-д заасныг баримтлан хариуцагч Р.******ид холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 1,538,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С.******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч С.****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцсон, 2025 оны 12 дугаар сарын 23 ны өдөр нэхэмжлэгч С.****** шүүхэд давж заалдсан гомдол гаргахадаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүй байдлыг тодруулж, зөв тодорхойлж чадаагүй байна.
Тусгайлсан журмын хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.3.1.зааснаар Шүүгч энэ хуулийн 75.1 дүгээр зүйлд заасан шаардлага хангагдсан бөгөөд энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргах байтал шүүх ердийн журмаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 312/ШШ2025/02398 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч С.******гийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгийг буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР