| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00400/И |
| Дугаар | 486 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 486
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Х.Элдэв-Очирын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1960 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Буурагчин 2 дугаар баг, Дарь- Эх гудамжны, 9-43 тоотод оршин суух, группт байдаг, Хөтчин овгийн Хөхөөгийн Элдэв-Очир /регистрийн дугаар:МЕ- 60100213/
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь :
Нэхэмжлэгч: Х.Элдэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие анх 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ерөө сумын Сангийн аж ахуйд сантехникын механикчаар ажилд орсон.
Ингээд ажиллаж байхад 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сантехникын систем “Нийтийн ахуй үйлчилгээ”-ий мэдэлд шилжсэн ба 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Нийтийн ахуй үйлчилгээний дулаацуулгын зуух”-ны механикаар шилжин ажилласан.
Ингээд 1990 оны 06 дугаар сарын 07-ноос дулаацуулгын зуух нь Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний мэдэлд шилжсэн ба тэндээ 1997 оны 04 дүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан.
Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан ба 1989 оны 06 дугаар сарын 24-нөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шилжин ажилласан тушаал тамга, тэмдэгтэйгээ байгаа Сэлэнгэ аймгийн Архивын тасагт Ерөө сумын “Нийтийн ахуй үйлчилгээний төв”-ийн бичиг баримт шилжин ирээгүй тул 1989 оны 06 дугаар сарын 24-нөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан тухай лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн.
Иймд 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл “Нийтийн ахуй үйлчилгээ”-нд дулаацуулгын зуухны механикаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Х.Элдэв-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 1985 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Сангийн аж ахуйд уурын зуухны механикчаар ажилд орсон. Ингээд намайг ажиллаж байхад 1989 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сантехникын газар Нийтийн ахуй үйлчилгээний мэдэлд шилжсэн. 1989 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний дулаацуулгын зууханд ажиллаж байхад миний ажилд орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр минь бичигдсэн боловч ажлаас халагдсан тухай тушаал байхгүй байна. Учир нь Сэлэнгэ аймгийн Архивын тасагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвийн бичиг баримт ирээгүй байгаа гэж хэлж байсан. Иймд намайг 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Нийтийн ахуй үйлчилгээнд уурын зуухны дулаацуулгын механикчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Х.Элдэв-Очир нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нийтийн ахуйн үйлчилгээний дулаацуулгын зуухны механикаар 1989 оноос 1990 онуудад ажиллаж байсан тухай тушаал шийдвэрүүд олдохгүй болсон тул тухайн байгууллагад ажиллаж байсан жилийг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч Х.Элдэв-Очир нь 1985 оноос Ерөөгийн Сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Ерөө сумын НААҮ-ний Төвийн даргын 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 тоот “Ерөө Сангийн аж ахуйгаас шилжиж ирсэн тул дулаацуулгын зуухны механикаар авч ажилуулав” гэх тушаалын дагуу тус байгууллагад ажиллаж байгаад, сумын дулаацуулгын зуух нь Эрчим хүчний мэдэлд шилжсэн тул Ерөө сумын НААҮ-ний төвийн даргын 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 82 тоот “ Дулаацуулгын зуух нь Эрчим хүчний мэдэлд шилжсэн учир үндсэн ажлаас нь чөлөөлж Сэлэнгэ аймгийн эрчим хүчний мэдэлд шилжүүлэв” гэх тушаалаар шилжин ажилласан байна.
Нэхэмжлэгч Х.Элдэв-Очир нь 1989 оны 06 дугаар сарын 24-нөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл Ерөө сумын НААҮ-ний төвийн Дулаацуулгын зууханд механикаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1983 оны 06 дугаар сарын 30-нд Хөдөө аж ахуйн яамны харъяа Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумын захиргаанаас олгосон №046549 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тухайн байгууллагуудын тамга дарагдаж баталгаажсан Ерөөгийн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 07дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар тушаал, мөн Ерөө сумын НААҮ-ний төвийн даргын 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар тушаал, Ерөө сумын НААҮ-ний төвийн даргын 1990 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаар тушаалуудын бичилт болон тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан ажиллаж байсан гэх Ч.Оюунцэцэг, Г.Батжаргал, Г.Батдолгор нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Хөтчин овгийн Хөхөөгийн Элдэв-Очирыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн Дулаацуулгын зууханд 1989 оны 06дугаар сарын 24-нөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл механикаар ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөтчин овгийн Хөхөөгийн Элдэв-Очирыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн Дулаацуулгын зууханд 1989 оны 06 дугаар сарын 24-нөөс 1990 оны 06 дугаар сарын 07-ныг хүртэл механикаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Элдэв-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ