Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2026/00001

 

 

 

 

 

 2026          01         19                                         226/МА2026/00001

 

 

 

 

“Л.Б-н нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.У-д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 321/ШШ2025/00730 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Т.У-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 11,500,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.У  нь 2023.08.07-ны өдөр над дээр ирээд ...зээлийн гэрээ байгуулж 7 сая төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тэгээд тус зээлийн эргэн төлөлт болоход Т.У нь "зээлийн гэрээнийхээ хугацааг сунгая, намайг эрсдэлтэй зээлдэгчийн жагсаалтад орсон гээд зээл маань бүтэхгүй байна, би танд сар бүрийн хүүгээ төлж байгаад машинаа зараад мөнгийг чинь өгье" гэж хэлээд 2023 оны 9 сараас эхлээд 2024 оны 02 сарын 07 хүртэл сар бүр гэрээгээ сунгаж хүүгээ төлж явсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 07-ноос хойш огт хүүгээ ч, үндсэн зээлээ ч төлөөгүй. Утсаа авахаа больсон. Ажил дээр нь очихоор "цагаан сараар орлого сайн болно, тэгэхээр таны мөнгийг өгнө, жаахан хүлээж байгаарай, машинаа яг зарах гэж байна" гэх мэтээр хугацаа сунгаж, шалтаг зааж явсаар өдийг хүрсэн. Би тэтгэвэрт байдаг өндөр настан. Ажиллаж байхдаа хурааж хуримтлуулсан хадгаламжийн хэдэн төгрөгөө л жаахан өсгөчих гэж энэ хүнд мөнгө зээлсэн. ...Т.У нь надаас зээлийн гэрээ хийж хүүтэй мөнгө зээлчихээд хүүгээ л зөвхөн төлөөд яваад байсан байж хээв нэг хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлэндээ төлсөн мэтээр худал тайлбар гаргаж ...байна. ...үндсэн мөнгө 7,000,000 төгрөг дээрээ ердөө 4,500,000 төгрөгийг нэмж нийт 11,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Т.У шүүхэд гаргасан тайлбартаа:  “...Миний бие 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 6,993,000 төгрөгийг авсан нь үнэн. Уг зээлийг өөрийн боломжоор гэрээний дагуу сар бүр тогтмол хийж өдрийн алдангийн хамтаар тогтмол төлж байсан.

-2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 712,500 төгрөг,

-2023 оны 10 дугаар сард 700,000 төгрөг,

-2023 оны 11 дүгээр сард 700,000 төгрөг,

-2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 50,000 төгрөг,

-2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 750,000 төгрөг,

-2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, нийт 4,312,500 төгрөг төлсөн. Иймд нийт төлөх 7,000,000 төгрөгөөс 4,312,500 төгрөгийг төлсөн бөгөөд 2,687,500 төгрөг үлдсэн. Одоо би Л.Б-д 3,500,000 төгрөг төлье гэж бодож байна...” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар хариуцагч Т.У-с 10,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 321/ШШ2025/00730 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. Л.Б нь “Д” нэртэй дэлгүүр ажиллуулж иргэдэд байнгын шинжтэйгээр эд хөрөнгө,  машин техник, үнэт эдлэл барьцаалан 10-20 хувийн хүүтэй мөнгө зээлдэж ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг хүн байтал түүний үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр сургалтанд хамрагдаж явуулж буй эсэх талаар шалгаж тогтоолгүйгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 1-д заасан нэг удаагийн шинжтэй эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн заалтаар шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 286 дугаар зүйл “Барьцаалан зээлдүүлэх” журмаар болон иргэнээс байнга ашиг олох зорилгоор зээл олгох, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байхад хууль бус үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж буй Л.Б-н үйл ажиллагааг хууль ёсны мэт дүгнэж шийдсэн байх тул энэ шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан Иргэний хуульд заасан зээлийн гэрээ, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд хамаарах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа гэсэн 2 шинж тэмдгийн хүрээнд тайлбар хийе. Энэ бол 2 ялгаатай харилцаанд хамаарч байгаа. Анхан шатны шүүх үүнийг ялгаж хэрэглээгүй учраас алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний хугацаа хүчин төгөлдөр байдал гэж байгаа. Гэрээний хугацаа нь 1 сарын хугацаатай байгаа. Гэрээг бичгээр сунгаагүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Талууд шинэ нөхцөл байдлаа тохироогүй. Иргэний хуулийн зарчим нь гэрээ дуусгавар болсноор гэрээний нөхцөл, хүү, алданги цаашид үйлчлэхгүй. Анхан шатны шүүх 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан байхад 6 сарын хугацаанд сунгасан мэтээр үзэж 10 хувийг тасралтгүй төлсөн нь зөв байна гэдэг байдлаар дүгнэсэн. Ингэж гэрээний хугацааг дур мэдэн сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийж байна. Хүү тооцох үндэслэл нь 10 хувийн хүүг 1 сард тооцох боломжтой. Үүнээс цааш гэрээ байхгүй. Гэрээ сунгасан баримт байхгүй байна. Иргэний хуульд хүүг зээлээр ашигласан гэрээний хугацаанд ногдох төлбөр гэж тайлбарласан байдаг. Гэрээ дууссан байхад хуучин хүүгээ сар бүр бодсон. Тухайн үед ийм зохицуулалт байхгүй. Нэгэнт гэрээний хугацаа 1 сараар байгаа учраас алдангийг 0,5 хувиар тооцохын тулд гэрээ хүчинтэй байх ёстой. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хүчинтэй үргэлжилсэн байх ёстой. Алдангийг 6 сар, түүнээс дээш ахиулаад жил гаруйн хугацаанд төлөөгүй байхад 50 хувь хүртэл нэмж бодсон. Энэ нь Иргэний хуулиар шийдэж болохгүй харилцааг шийдсэн байна. Шүүх алдангийг багасгах, хүчингүй болгох бүрэн эрхтэй. Гэхдээ шударга бус алдангийг зөвшөөрөх ёсгүй байсан. Энэ гэрээнд 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй гэсэн байгаа. Нэхэмжлэгч “би хэдэн төгрөгөө өсгөх зорилгоор энэ хүнд зээл өгсөн” гэж хэлсэн байгаа. Тэгэхээр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөлтэй хүн энэ үйл ажиллагааг эрхлэх эрхтэй. Л.Б-д ийм эрх байгаа эсэхийг тогтоолгүйгээр шийдсэн. Л.Б нь Д дэлгүүр ажиллуулдаг. 2, 3 газар дэлгүүртэй. Хэнтий аймаг даяараа Л.Б гэдэг хүн насаараа худалдааны байгууллагад ажилласан. Дэлгүүрийнхээ ашиг орлогоос мөнгөө бусдад зээлдэг үйл ажиллагаа явуулдаг гэж мэддэг. Хариуцагчийн хувьд Л.Б гэдэг хүнийг мөнгө зээлдэг гэдгийг бусдаас сонсож очиж 10 хувийн хүүтэй зээл авъя гэхэд зөвшөөрөөд зээлийн гэрээ хийсэн байгаа. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх ийм үйл ажиллагаа явуулсан байхад үүнийг дүгнээгүй. Нэхэмжлэгч “ашиг олох, мөнгөө өсгөх, 1 сарын 10 хувийн хүүтэй” гэж тайлбарласан нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа болохыг нотолж байна гэж үзэж байна. Үүнээс гарах эрх зүйн үр дагавар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах юм бол захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Хэт өндөр хүү, алдангийг хязгаарлах үндэслэл болдог. Анхан шатны шүүхийн алдаа бол энэ талаар дүгнээгүй. Хуулийг хэрэглээгүй. Төлсөн мөнгийг буруу тооцсон гэж үзэж байгаа. 4,200,000 төгрөг төлсөн байсан. 1 сарын хугацаатай зээл байгаа учраас үндсэн төлбөрийг 1 сард 10 хувиар тооцож болно. Түүнээс илүү төлсөн мөнгийг үндсэн зээлээс нь хасаж тооцох ёстой байсан. Шүүх хүү, алдангийг 1 сараар тооцож хүү, алдангийг багасгаагүй байна. Төлсөн мөнгө нь 2,000,000 төгрөг. Үндэслэлгүйгээр 10,500,000 төгрөг болгож өсгөсөн гэж үзсэн. Энэ нь шударга ёсны зарчим, тэнцвэртэй байх зарчим, гэрээний эрх зүйн зарчмыг ноцтой зөрчсөн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 10 хувийн хүүг 1 сараар тооцож, 1 сараас хэтэрсэн хүү, алдангийг хэрэгсэхгүй болгож, төлсөн 4,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж шийдвэрлэж өгнө үү. Манай тал үлдсэн 3,500,000 орчим төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг хэлсэн байгаа. Энэ хэмжээнд шийдэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй гэж үзэж байгаа...” гэв.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Б, Т.У нар нь 2023 онд зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу анхан шатны шүүхэд авагдсан талуудын дансны хуулга, шүүх хуралдаанд өгсөн Т.У-ны тайлбар зэрэг нотлох баримтуудаар 7,000,000 төгрөгийн 10 хувийн хүү болох 700,000 төгрөгийг Т.У сар бүр сайн дураараа төлж байсан болох нь тогтоогдсон. Т.У нь шүүх хуралдаан дээр “энэ бол хүү” гэж хариулж байсан. Энэ нь Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан боловч тухайн гэрээний үүргийг 1 сарын хугацаанд биелүүлээгүй. Харин дараа нь амаар тохиролцож сайн дураараа зөвшөөрөөд 700,000 төгрөгийг хүү хэлбэрээр төлөөд явж байсан нь харагддаг. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино”, мөн зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан. Энэ хэлбэрээр талууд харилцан тохиролцож ...үүргээ гүйцэтгэж байсан нь харагдаж байна. 4,200,000 төгрөгийг сайн дураараа төлж байсан хүү. Нэгэнт сайн дураараа төлөөд ...дууссан харилцааг шинээр дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй. Талуудын сайн дурын үндсэн дээр явагдсан ажиллагаа байгаа.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч Л.Б-г мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд байсан учраас хүү авах эрхээ алдана гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байна. Энэ талаар баримт, мэтгэлцээн анхан шатны шүүх хуралдаанд явагдаагүй. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд мөн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэрэг хянан шийдвэрлэгдэнэ. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй ч бай, эрхгүй ч этгээд байсан энэ төрлийн харилцаанд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3–т заасан талууд хүлээн зөвшөөрөөд хүүгээ төлөөд энэ харилцаа дууссан байсан учраас үүнийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуультай холбож тайлбарлах боломжгүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Анх байгуулсан зээлийн гэрээнд алдангийг тодорхойлж өгсөн. Анхан шатны шүүхээс алдангийн 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг бодож дүгнэсэн нь зөв. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шударга ёсны зарчим, хэт өндөр хүү авсан гэж ярьж байна. Нэгдүгээрт хариуцагчийн сайн дурын үйл ажиллагаа байсан. Хоёрдугаарт Л.Б 2 жилийн өмнө өөрийн 7,000,000 төгрөгийг Т.У-д өгсөн. Харин Т.У авахдаа “үйл ажиллагаандаа хэрэглэнэ” гэж авсан. Тэгээд үйл ажиллагаагаа явуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд “би энэ мөнгөөр гурил, бууз, баншны цех байгуулаад тухайн үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн. ...Хүний мөнгийг 2 жил хэрэглээд хангалттай ашиг орлого олсон. Зөвхөн үндсэн зээл төлнө гэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Т.У-д холбогдууланЗээлийн гэрээний үүрэгт 11,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Т.У нь “...нэхэмжлэлийн шаардлага 11,500,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг төлөхгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар хариуцагч Т.У-с 10,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн, зээлээ төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг хоног тутамд тооцож төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ /хавтаст хэргийн 10 дугаар тал/ зэргээр нотлогджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагад нийцсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлээ хугацаанд нь бүрэн төлөөгүй болох нь зохигчийн тайлбарууд, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч “...зээлийн эргэн төлөлт болоход Т.У нь "зээлийн гэрээнийхээ хугацааг сунгая, намайг эрсдэлтэй зээлдэгчийн жагсаалтад орсон гээд зээл маань бүтэхгүй байна, би танд сар бүрийн хүүгээ төлж байгаад машинаа зараад мөнгийг чинь өгье" гэж хэлээд 2023 оны 9 сараас эхлээд 2024 оны 02 сарын 07 хүртэл сар бүр гэрээгээ сунгаж хүүгээ төлж явсан...” гэсэн тайлбарыг,    

хариуцагч “...нийт 4,312,500 төгрөг төлсөн...” гэсэн тайлбарыг гаргасан, хариуцагч Т.У-ны 5935355241 дугаартай Хаан банкны дансны хуулгаас харахад 2023.09.09-нд 712,500 төгрөгийг “У” гэсэн утгаар, 2023.11.12-нд 700,000 төгрөгийг “U” гэх утгаар, 2023.11.13-нд 50,000 төгрөгийг “U” гэх утгаар, 2023.12.18-нд 750,000 төгрөгийг “У” гэх утгаар, 2024.01.12-нд 700,000 төгрөгийг “U” гэх утгаар, 2024.02.07-ны өдөр 700,000 төгрөгийг “У” гэх утгаар сар тутамд шилжүүлсэн нь үндсэн зээл болох 7,000,000 төгрөгийн 10 хувь буюу 700,000 төгрөгтэй дүйж байгаа зэргээс дүгнэхэд зээлдэгч буюу хариуцагч Т.У зээлийн гэрээг сунгахыг зөвшөөрч хүүг сар бүр төлж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс сар бүр төлж байсан мөнгийг зээлийн гэрээний хүүг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэж үндсэн зээлээс хасаж тооцоогүй бөгөөд хариуцагч Т.У энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн асуусан “...Та сар болгон төлж байсан мөнгөө хүү гэж төлж байсан уу?...” гэсэн асуултад хариуцагч “...Тэгсэн...” гэж /хх-ийн 56 хуудас/ хариулсан зэргээс дүгнэхэд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн талууд зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа “...зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй...” талаар /хх-ийн 10 хуудас/ тусгаж гарын үсэг зурсан тул гэрээнд заасан алдангийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нар “...Л.Б нь ...иргэдэд байнгын шинжтэйгээр эд хөрөнгө, ...барьцаалан 10-20 хувийн хүүтэй мөнгө зээлдэж ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг хүн байтал түүний үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр сургалтанд хамрагдаж явуулж буй эсэх талаар шалгаж тогтоолгүйгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 1-д заасан ...заалтаар шийдвэрлэсэн нь буруу байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч хариуцагч тал энэ талаар шүүхэд баримтаар нотолж чадаагүй, зохигчдын хооронд нэг удаагийн зээлийн гэрээ хийгдсэнийг байнгын шинжтэй гэж дүгнэх боломжгүй тул хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 321/ШШ2025/00730 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Т.У, түүний өмгөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.