Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2026/00002

 

 

 

 

 

 

 2026          01           19                                           226/МА2026/00002

 

 

 

 

 

Х.Г-н нэхэмжлэлтэй, Х-  холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж ,

Хариуцагчийн төлөөлөгч: Т.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/ШШ2025/00686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч  Х.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох “Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Х.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:  “...Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.25-ны өдрийн 83 дугаартай шийдвэрээр "Х" ХХК, Х.Г , Г.Л нараас 64.006.317 төгрөгийг гаргуулан, "Х" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн 2024.04.16-ны өдрийн 591 дугаартай шүүгчийн захирамжаар Х.Г, Г.Л нараас 34.075.565 төгрөгийг гаргуулан "Х" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Хэнтий аймгийн ... сумын ... дугаар баг, .... хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-... дугаар бүртгэлтэй 144.0 м.кв талбайтай граж, дугуй засварын зориулалтай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаар бүртгэлтэй 400.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэрэг хөрөнгийг "М" ХХК-аар үнэлүүлж тухайн компани 167.643.700 төгрөгөөр үнэлсэн байна.

Хэнтий аймгийн ... сумын ... дүгээр баг, ....тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй 46.24 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн .... дугаар бүртгэлтэй 217.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх газар зэрэг хөрөнгийг "М" ХХК-аар үнэлүүлж тухайн компани 42.520.800 төгрөгөөр үнэлүүлсэн байна. 

 

Хэнтий аймгийн Х сумын ... дугаар баг, ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-... дугаар бүртгэлтэй 45.36 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г- ... дугаар бүртгэлтэй 600.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар зэрэг хөрөнгийг "М" ХХК-аар үнэлүүлж Тухайн компани 34.739.500 төгрөгөөр үнэлүүлсэн байна. 

 

Үнэлгээний тайлантай танилцахад Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн гэж байгаа боловч үнэлэх хөрөнгийг төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулаагүй, Хөрөнгийн үнэлгээнд ашигласан мэдээллийн эх сурвалжийг заагаагүй, Үнэлгээчний хариуцлагын даатгалын мэдээлэл бүрхэг, хөрөнгийн үнэлгээний тооцооллыг  хавсаргаагүй байна гэж үзэхээр байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд дараах зарчмыг баримтална, 4.1.4-т бодитой байх, 4.1.5-д хууль тогтоомж, стандартад нийцсэн байх, мөн хуулийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна: 8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, 8.3-т Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана, 8.3.9-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байна.

 

Мөн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрөө зах зээлийн үнэ, хөрөнгийн үнэ цэнэ, ашигт чанар зэргийг үнэлж өгсөн үнэлгээнээс маань нилээд доогуур үнэлэгдсэн байгаа нь дээрх үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй нийцээгүй байна гэж үзэж байна. Мөн нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж явагдсан тул "М" ХХК-ны хийсэн .... тоот үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Т.Х  шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  “...Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 83 дугаартай шийдвэрээр Х ХХК, Х.Г, Г.Л нараас 64,006,371 төгрөгийг гаргуулан Х ХХК-д, Мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 549 дугаартай шийдвэрээр 34,075,565 төгрөгийг гаргуулан "Х" ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсний дагуу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэгч дараах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөрөнгийг битүүмжилж, хурааж талуудад танилцуулж хөрөнгийн үнэлгээг талуудаас авахад үнэлгээн дээрээ тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлсэн болно. Тус хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт 2025 он 04 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх тасгийн 205 тоот өрөөнд танилцуулсан.

 

Үнэлгээг М ХХК гаргасан бөгөөд хуулийн дагуу үнэлсэн гэж үзэж байгаа болно. Хашаа байшингийн үнэлгээний хувьд 2 хөрөнгө нь Х, Х суманд байршилтай, 1 хөрөнгө нь Т аймаг, З, Б-д байршилтай хөрөнгө авсан. Байршил, бүсийн ялгаа, бусад ялгаатай байдлуудын тохируулгыг үнэлгээг хийсэн, ...-т тайланг нэхэмжлэгч талаас жишиг үнийн хандлагаар үнэлсэн гэх боловч төсөөтэй хөрөнгөтэй харьцуулаагүй гэсэн ба газрын эрхийн үнэлгээний хувьд Х аймгийн Х суманд байрлалтай газрын зах зээлийн мэдээлэл олдохгүй байсан тул Т аймгийн З, О аймгийн Б гэх сумдтай харьцуулсан, хөрөнгийн үнэлгээнд ашигласан жишиг газар болон хашаа байшингийн мэдээллийн эх сурвалжийг тайлангийн 27, 29 дүгээр хуудаст мэдээллийг хавсаргасан, үнэлгээчний мэргэжлийн хариуцлагын даатгалын мэдээлэл тайлангийн 1 дүгээр хуудаст авагдсан, өртгийн хандлагын үнэлгээний тооцоолол тайлангийн 25-27 хуудаст авагдсан зэргээс харвал нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох хэрэгт М  ХХК-ийн гаргасан 2025 оны .... дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/ШШ2025/00686 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...шийдвэрт ...Шийдвэр гүйцэтгэгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу шинжээчээр томилогдсон этгээдэд хүчингүй болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь шинжээчийн хүлээх эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлаагүй гэж үндэслэл болгосон ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-д "энэ хуулийн 55.7, 122.1-д зааснаар гомдлын хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй" гэж заасан болно.

 

Х.Г нь хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан байхад шүүгч шинжээчид эрх үүрэг тайлбарласан актыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Шинжээчид хүчингүй болсон хууль танилцуулсан ч шинжээч хууль бус үнэлгээний тайлан гаргаагүй байхад үнэлгээг хүчингүй болгож, нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хөрөнгийн үнэлгээчин Б.Э нь хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай шинэчилсэн хуультай танилцаж, энэ хуулийг удирдлага болгон хөрөнгийг үнэлсэн болох нь түүний хөрөнгийн үнэлгээндээ дурдсан "Хөрөнгийн үнэлгээ"-ний тухай хуулийн заалт болон тайлангаар нотлогдож байх тул үнэлгээчин нь эрх, үүрэгтэйгээ танилцсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/ШШ2025/00686 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би шийдвэр гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байгаа. Гэхдээ техникийн алдаа гаргаад эрх, үүрэг буруу танилцуулсан нь миний буруу. Хэдий тийм ч гэсэн шинжээч хууль бус тайлан гаргаагүй. Энэ талаар шүүх шийдвэртээ дурдсан байдаг. Х.Г хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан болохоос биш эрх, үүрэг буруу танилцуулсан талаар огт гомдол гаргаагүй. Шүүгч шинжээчид эрх, үүрэг танилцуулсан актыг үндэслэн үнэлгээний тайланг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байгаа. Шинжээчид эрх, үүрэг буруу танилцуулсан боловч шинжээч үнэлгээний тайландаа шинэчилсэн хууль тогтоомжоор эрх, үүрэг танилцуулж, тайлбарласан талаар дурдсан байдаг. Мөн Х.Г нь шүүхийн шийдвэр гараад 4 жил болж байхад өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлбөр мөнгийг төлөөгүй учраас хөрөнгө дээр нь ажиллагаа явуулсан байгаа. Иймд  шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох” гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа зах зээлийн үнэлгээнээс зөрүүтэй, шинжээч тоо баримтыг хэрхэн, яаж гаргаснаа бүрэн гүйцэт нотлоогүй гэж гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах эрхтэй. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа үнэлгээтэй холбоотой хийсэн аргачлал, үнэлгээний үнэ, үнэлгээний хүчин төгөлдөр байдал буюу шинжээч томилогдсон байдал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нар буюу эд хөрөнгүүд өөр этгээдийн нэр дээр байхад гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэдэг байдлаар тодорхойлоод нийтэд нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэл гаргасан. Үүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4-р зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчим”-ыг тодорхойлсон. Мөн зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэж заасан. Хууль дээдлэх зарчим нь энэ хуулийг нэг мөр дагаж мөрдөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т  “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан. Тэгэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйл болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн  11, 12 дугаар зүйлд заасныг баримтлан шинжилгээ хийлгэхдээ хамгийн түрүүнд эрх, үүргийг тайлбарлаж өгдөг. Үүний дараа дараагийн үйл ажиллагаа буюу шинжээч үнэн зөв дүгнэлт гаргах, бусад үүргүүдийг хүлээдэг. Анх шинжилгээг гаргах болсон үндэслэл болж буй эрх, үүрэг танилцуулсан баримт хууль бус байгаа нь тухайн дүгнэлт, үнэлгээ хүчингүй болох үндэслэлийг бүрдүүлсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дүгээр зүйлд “...албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна” гэсэн заалт байгаа. Тэгэхээр эрх, үүрэг тайлбарласан хэсэг хүчингүй байхад дараагийн дүгнэлт хүчин төгөлдөр бус болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.Х-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Х-д холбогдууланХөрөнгийн үнэлгээний тайлан хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х нь “...Хөрөнгийг хэрхэн үнэлсэн нь үнэлгээчний асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан...” гэж маргажээ.

 

          Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох хэрэгт М  ХХК-ийн гаргасан 2025 оны №... дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож  шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийг зөрүүтэй үнэлсэн тул 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №...дугаар тогтоолоор М ХХК-ийг барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр томилжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр эрх үүрэг тайлбарлан өгөхдөө шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх  шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн эрх үүргийг тайлбарлан өгөөгүй (хх-ийн 52-54 хуудас) байна.  

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “...Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна...” гэж заасан бөгөөд шинжээчээр томилогдсон этгээдэд хүчингүй болсон хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь хуульд нийцээгүй талаар дүгнэлт хийж “М” ХХК-иас гаргасан 2025 оны №... дугаартай үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х  “...техникийн алдаа гаргаад эрх, үүрэг буруу танилцуулсан нь миний буруу ч ...шинжээч хууль бус тайлан гаргаагүй. ...Х.Г  хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан болохоос биш эрх, үүрэг буруу танилцуулсан талаар огт гомдол гаргаагүй. Шүүгч шинжээчид эрх, үүрэг танилцуулсан актыг үндэслэн үнэлгээний тайланг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байгаа. Шинжээчид эрх, үүрэг буруу танилцуулсан боловч шинжээч үнэлгээний тайландаа шинэчилсэн хууль тогтоомжоор эрх, үүрэг танилцуулж, тайлбарласан талаар дурдсан байдаг...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч Т.Х  нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ... дугаартай шинжээч томилох тогтоолууд үйлдэхдээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан эрх үүргийг танилцуулахыг даалгаагүй, шинжээч нь тухайн хуульд заасан эрх үүрэгтэй бүрэн танилцсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийн талаар гаргасан гомдлыг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн дүгнэлт нь хуульд заасан журмыг баримталж гарсан эсэхэд дүгнэлт хийж шийдвэрээ гаргасныг нэхэмжлэлийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй, хуульд заасан журмыг зөрчиж гарсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагчийн төлөөлөгч Т.Х-н гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/ШШ2025/00686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-н гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/ШШ2025/00686 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511. 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.