Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1543

 

  2019         10         07                                       2019/ШЦТ/1543

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Н , П.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н , П.Г  нарт холбогдох эрүүгийн 1906 02379 2013 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Н, /РД:/,

2. Монгол Улсын иргэн, П.Г, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Н, П.Г нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 13 дугаар гудамжинд хохирогч Я.Д д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж Сваровски шигтгээтэй хос ээмэг, Самсунг Нөт 8 маркийн гар утас, Micheal Korse брэндийн хос цүнх, түрүүвч зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 1.177.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтан цайзкараокед ороход миний таньдаг Гарамболд гэх залуу байсан. Намайг очиход Гарамболд пиво уугаад байж байсан бөгөөд би караокед очоод 2-3 ширхэг шилтэй пиво уусан. Караокед байж байхад шөнө 01 цагийн орчимд Долгормаа гэх эмэгтэй гаднаас ганцаараа орж ирсэн бөгөөд Долгормаагийн сууж байсан ширээнд очоод танилцаад бид хамт суугаад пиво уусан. Тэгээд бид гурав хоёр, хоёр ширхэг пиво уучихаад Рояал караоке руу ороод тэнд хүний 1-2 пиво уусан. 04 цагийн орчим караокегаас гарсан. Долгормаа хэлэхдээ би явж бархирмаар байна, хаашаа ч хамаагүй явмаар байна гэхээр нь бид гурав хамт миний машинд суусан. Тэгээд хойшоо яваад гудманд очоод би Долгормаагийн хамтаар машинаас буугаад юм яриад буцаад машинд орсон, тэр үед Гарамболд машинаас буугаад Долгормаа руу очсон бөгөөд нэг их удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ Долгормаагийн цүнхийг аваад орж ирсэн, цүнхийг нь онгойлгоход дотор нь Нөт-8 маркийн гар утас байхаар нь би авчихсан юм. Тэгээд Гарамболд би хоёр хөдлөөд явсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 78-82 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз” караокед орсон, би орохын өмнө Нэргүйбаатар гэх таньдаг хүнтэй утсаар яриад караокед орж байгаа талаар хэлсэн. Би караокед ороод 3-4 ширхэг пиво уугаад байж байхад Нэргүйбаатар ирсэн, Нэргүйбаатарыг ирсний дараа дахиад пиво уусан. Пиво уугаад байж байхад Долгормаа гэх эмэгтэй орж ирээд суухаар нь Нэргүйбаатар бид хоёр Долгормаагийн сууж байсан ширээнд суугаад тэр эмэгтэйтэй танилцаад хамт пиво уусан. Удалгүй Нэргүйбаатар, Долгормаа хоёр Рояал гэх караоке руу орсон, би “Алтан цайз” караокед байж байгаад 04 цагийн орчимд караоке хаахаар нь гараад Рояал караоке руу ороход Нэргүйбаатар, Долгормаа хоёр пиво уугаад сууж байсан. Би гурав удалгүй тэндээс гараад Нэргүйбаатарын машинд суухад Нэргүйбаатар машинаа жолоодоод Долгормаа дэргэд нь суугаад би ард талд нь суугаад явсан. Цайз захын гэрлэн дохиогоор хойшоо Монелийн тэр хавьд очсон, газрыг нь сайн мэдэхгүй байна. Худгийн тэнд очиход Нэргүйбаатар, Долгормаа хоёр машинаас буусан. Удалгүй Нэргүйбаатар орж ирэхээр нь би зөрөөд буусан. Долгормааг машинд суу гэхэд орилж, хашгираад байхаар нь нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөөд машинд суугаад Нэргүйбаатарын хамтаар явсан. Машинтай явж байхад Нэргүйбаатар Долгормаагийн цүнхнээс утсыг нь авсан, намайг цүнхийг нь аваачаад өгчих гэхээр нь би худгийн тэнд тавиад орхичихсон юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 71-75 дугаар хуудас/,

Хохирогч Я.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 13-ны 23 цаг 30 минутын орчим багын найз болох Эрдэнэбаатарын хамт 16-р хороололд байдаг найз Уянгын гэрт дэлгүүрээс 2 том пиво авч ороод тэрийгээ ууж дуусчаад 2019 оны 4 дүгээр сарын 14-ний 02 цагийн орчим найзынхаа гэрээс гараад Эрдэнэбаатартай хамт “Алтан цайз” гэдэг бар руу очсон. Би баранд ормооргүй санагдаад Эрдэнэбаатарт караокед нь хүлээж байя гээд 2 давхарын караоке руу орсон. Миний сууж байсан ширээн дээр хоёр танихгүй залуу ирж суусан тэр үед би тэр хоёртой ямар нэгэн юм яриагүй. Би тэр газар дуу дуулж 2 пиво уугаад байж байсан чинь удалгүй караоке нь хаах болсон гэхээр нь би үүдэн дээр тамхи татаад зогсож байсан чинь тэр хоёр залуугийн намхан махлаг залуу нь над дээр ирээд хүргээд өгье гэхээр нь би зөвшөөрч тэр хоёр залуугийн машинд нь суугаад гэрээ зааж өгөөд явж байсан чинь манай гэр лүү явж байгаад шал өөр газар руу эргээд Монелийн 13 дугаар гудамж руу явчихаар нь би бууя гэж хэлсэн. Би машинаас буугаад харанхуйд зогсож байсан чинь нөгөө хоёр залуугийн жолоо барьж явсан нь машинаа гудамжны нилээн дээр зогсоочихсон гэрлээ тусгаад байж байх шиг харагдсан. Тэр хоёрын нэг нь над дээр ирээд шууд миний хүзүүнээс боогоод миний цүнхийг аваад намайг нуруу руу нэг удаа өшиглөсөн чинь гудамжны дээр гэрлээ тусгаад зогсож байсан залуу нь машинтайгаа ирээд тэр залууг аваад явчихсан. Би тэр хавийн айлуудын хүмүүсээс тусламж авах гээд хаалгануудыг нь нүдсэн чинь хүмүүс хаалгаа тайлаагүй. Би тэгээд доошоо төв зам руу алхаад арай гэж такси бариад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 10-20 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний 1.177.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 32 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 53-56 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47-48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н, П.Г  нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монелийн 13 дугаар гудамжинд хохирогч Я.Д д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж Сваровски шигтгээтэй хос ээмэг, Самсунг Нөт 8 маркийн гар утас, Micheal Korse брэндийн хос цүнх, түрүүвч зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэж 1.177.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Долгормаа хэлэхдээ би явж бархирмаар байна, хаашаа ч хамаагүй явмаар байна гэхээр нь бид гурав хамт миний машинд суусан. Тэгээд хойшоо яваад гудманд очоод би Долгормаагийн хамтаар машинаас буугаад юм яриад буцаад машинд орсон, тэр үед Гарамболд машинаас буугаад Долгормаа руу очсон бөгөөд нэг их удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ Долгормаагийн цүнхийг аваад орж ирсэн, цүнхийг нь онгойлгоход дотор нь Нөт-8 маркийн гар утас байхаар нь би авчихсан юм. Тэгээд Гарамболд би хоёр хөдлөөд явсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 78-82 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машинтай явж байхад Нэргүйбаатар Долгормаагийн цүнхнээс утсыг нь авсан, намайг цүнхийг нь аваачаад өгчих гэхээр нь би худгийн тэнд тавиад орхичихсон юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 71-75 дугаар хуудас/,

Хохирогч Я.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр хоёрын нэг нь над дээр ирээд шууд миний хүзүүнээс боогоод миний цүнхийг аваад намайг нуруу руу нэг удаа өшиглөсөн чинь гудамжны дээр гэрлээ тусгаад зогсож байсан залуу нь машинтайгаа ирээд тэр залууг аваад явчихсан. Би тэр хавийн айлуудын хүмүүсээс тусламж авах гээд хаалгануудыг нь нүдсэн чинь хүмүүс хаалгаа тайлаагүй.” гэх мэдүүлэг. /хэргийн 10-20 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний 1.177.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 30-31 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авч, хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 32 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хэргийн 53-56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47-48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58-59 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Н, П.Г нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Н, П.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н, П.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.