| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/09630/И |
| Дугаар | 210/МА2026/00062 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00062
2026 01 05 210/МА2026/00062
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/12925 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч *******г “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд түүний 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус компаниас авах авлагад тооцож суутгасан гэж маргаж, улмаар хэрэгт “Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан”-г нотлох баримтаар гарган өгчээ. /хх-50/
3. Хэрэгт авагдсан “******* банк” ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг “-с зээл” гэх утгатайгаар хариуцагч “*******” ХХК-ийн дугаар дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байх ба үүнийг хариуцагч үгүйсгээгүй байна. /хх-7/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Талууд нэхэмжлэгч *******г хариуцагч “*******” ХХК-д 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй, харин уг шилжүүлсэн мөнгийг “*******” ХХК-иас авах авлагад тооцох эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тогтоосон боловч “гэрч мэдүүлэг болон хариуцагчийн гаргаж ирүүлсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд 00 төгрөг гэж тусгаснаас үзэхэд зээл авах, зээл өгөх хоёр талын хүсэл зориг харилцан илэрхийлсэн гэж үзэх боломжгүй, “Зээл” гэсэн утга нь зээлдүүлсэн гэдгийг шууд илэрхийлэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, үүний улмаас уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
5.1. Хэргийн баримтаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5,000,000 төгрөгийг ******* өөрийн данснаас “зээл” гэх утгатай “*******” ХХК-д шилжүүлсэн байхад хариуцагч нь уг мөнгийг “*******” ХХК-ийн авах авлагад суутгасан нь үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцааны оролцогч бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус зааснаар ******* болон “*******” ХХК нар өөрийн нэрээр “*******” ХХК-тай гэрээ, хэлэлцээр байгуулж, эрх олж, үүрэг хүлээжээ.
Гэтэл хариуцагч нь “...нэхэмжлэгчээс зээлсэн 5,000,000 төгрөгийг манай компанид өртэй этгээдийн гүйцэтгэх захирлаар ажилладаг учир тус авлагад суутгасан...” гэсэн тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож, үүргийг дуусгавар болгох харилцаанд нийцэхгүй байна.
6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, мөн зээлийн гэрээгээр зээлийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх талаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт тус тус тодорхой заасан.
Иймд, хариуцагч “*******” ХХК нь зээлсэн мөнгөн хөрөнгийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ******* нь зээлийн үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 197/ШШ2025/12925 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА