Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ХШТ/66

 

Ц.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав, хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар магадлалтай, Ц.У-т холбогдох 2202000000459 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.У

Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “М.Г нь С зочид буудлын 406 тоот өрөөнд гэнэт огцом уурлан миний толгой руу цохиж, сандалтай хамт түлхэж унагасан. Босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөж, үргэлжлүүлэн үсдэж чирээд ор руу шидсэн. Хананд толгойгоор 3-4 удаа савсан” хэмээн М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.У-ийг гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргав.

Анхан шатны шүүх ... хууль зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч түүнийгээ дараагийн дүгнэлтээр үндэслэлгүйгээр үгүйсгэсэн нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, үндэслэлгүйгээр ял оногдуулахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2-т “...Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна”, мөн зүйлийн 17-д “... Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 тоот тушаалаар мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг баталсан. Гэтэл мөрдөгч нь Ц.У-ээс шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй, хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байна. Үүнээс шалтгаалан Ц.У мэдүүлэг өгөх үед биеийн байдал нь ямар байсан, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар бүрэн нотлох боломжгүй болжээ. Мөрдөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж Ц.У үндэслэлгүйгээр яллагдахад хүрч байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, дэслэгч Б.Б нь Ц.У-ээс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө мэдүүлэг авахад тэрбээр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгээ мэдүүлсэн ба мөрдөгч түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаагүй, согтуу, өөрийн үйлдлийг ойлгож, мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авсан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, согтуу үедээ өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг нотлох баримт болгож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Тухайн нөхцөлд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зайлшгүй шалгах нь мөрдөгчийн үүрэг байсан. Түүнийг согтуу байсан эсэхийг тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч Б.Б-оос гэрчийн мэдүүлэг авч тэрээр согтуу байгаагүй гэсэн мэдүүлэг өгснөөр Ц.У-ийг санаатайгаар худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татжээ. Хууль зөрчсөн ажиллагаа явуулсан мөрдөгчөөс уг ажиллагааны оролцогчийн талаар гэрчийн мэдүүлэг авч, түүнийгээ хэргийн нотлох баримтаар үнэлсэн нь хуулийн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Хэрэгт Ц.У-ийг тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдгийг нотлох дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Жижүүрийн ахлах мөрдөгч хошууч С.Б-ы илтгэх хуудаст (2хх-3) “...Дуудлагыг ахмад Ц.М, ахлагч С.А нарт хуваарилан шалгуулахад “С” зочид буудлын ажилтан С.У архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад гарсан гэж хэлсэн. Дуудлага өгсөн утас руу залгаж асуухад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой эмэгтэй хүн “би Нисдэг машины эсрэг талд байна” гээд утсаа салгаад, авахгүй байв. Дахин 13 удаа залгахад аваагүй, мөн дэд ахлагч Б.У 6 удаа залгахад авахгүй байв” гэжээ. Мөн түүнийг согтуу байсан гэдгийг гэрч Ц.Д (2хх-31), ГССҮТ-ийн эмч С.З (1хх-44-45) нар тус тус мэдүүлсэн. Эдгээр нотлох баримтуудаар Ц.У-ээс мэдүүлэг авах үед тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан гэдэг нь нотлогдсон гэж шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан боловч шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Харин давж заалдах шатны шүүх “...Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлсэн, энэ талаар хэн аль нь маргаагүй боловч Ц.У нь мэдүүлэг өгөх чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн Ц.У согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хойш мэдүүлэг өгөх хүртэл тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Ц.У нь мэдүүлэг өгөх боломжтой, мөн мэдүүлгийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах болохыг ойлгож мэдэх боломжит цаг хугацаа өнгөрсөн байна” гэх дүгнэлтийг хийсэн. Бодит байдалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тусгай багажаар хэмжиж тогтоодог. Согтуурал, мансуурлын хэмжээ, хүний бие, оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь шинжлэх ухааны ойлголт, хүн нүдээр хараад, эсхүл мэдүүлэг уншаад хүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч мэдүүлэг өгөх чадвартай байсан гэж дүгнэлт хийх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүйн дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “... Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй бол анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж заасан.

Анхан шатны шүүх болон давж заалдах гомдолд “... мэдүүлэг авах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлага хангасан өрөөнд аваагүй” хууль зөрчсөн ажиллагааны талаар мэтгэлцэж тайлбарласан юм. Анхан шатны шүүх “...Ц.У-ээс мэдүүлэг авахдаа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 201 тоот өрөөнд авсан байдал нь мөрдөгч мэдүүлгийг шаардлага хангасан өрөөнд авсан гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн атлаа “... Ц.У-т холбогдох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй ба хуульд нийцсэн бичгийн нотлох баримтууд гэж үзэв” гэж нэг үйл баримтад хоорондоо зөрүүтэй хоёр дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх гомдлын энэ үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй.

Хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж авсан дээрх мэдүүлэг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт яллах үндэслэл, гол нотлох баримт болж түүний эрх ашиг ноцтойгоор хөндөгдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийг чанд мөрдөнө”, 2-т “... энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно” гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, зарчмыг тодорхой хуульчилжээ. Хуулийн энэ зохицуулалтаар хууль зөрчсөн ажиллагаа, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт зайлшгүй хүчингүй болох ёстой.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, Ц.У-ийг цагаатгаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анх Ц.У нь “би согтуудаа буруу мэдүүлэг өгчээ, М.Г намайг цохиж зодоогүй” гэж мэдүүлэхээр нь М.Г-д давуу байдал олгож байна гэж яллагдагчаар татсан. М.Г-д холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр гарахад Ц.У-ийг худал мэдүүлж, хүн гүтгэсэн байна гэж дүгнэсэн нь логик асуудал байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2-т “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно” гэж тогтоосон журамтай. Гэтэл мөрдөгч байцаалтыг хуульд заасан шаардлага хангасан өрөөнд аваагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээс мэдүүлэг авч, тус мэдүүлгийг үндэслэл болгон яллаж байгаа нь хуульд нийцэх эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх байх. Өөр нэмж хэлэх тайлбаргүй гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэргийн хувьд хамгийн гол маргаж буй нотлох баримт нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн үүрийн 04 цаг 05 минутад өгсөн шүүгдэгч Ц.У-ийн гэрчийн мэдүүлэг юм.

Нэгдүгээрт: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг ойлгоно гэжээ. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч 2-3 хундага коктейль уусан байсныг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын үнэн зөв байдлыг бусад нотлох баримттай харьцуулах, түүний эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгадаг. Тодруулбал, тус мэдүүлэгт “С” зочид буудалд 17:55 минутад орсон цагаас эхлэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт мэдүүлэг өгөх хүртэл бүхий л цаг хугацааны үйл явдлыг дэс дараалалтай ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрч Ц.У нь цагдаагийн байгууллагад хэзээ, хаанаас дуудлага өгсөн, өөрийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарсан талаар өөрийгөө зөв илэрхийлж байгаа нь түүний хэл яриа, биеэ авч явж байгаа байдал зэргээс тодорхой харагддаг. Энэ нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байна. Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримтыг ярих боломжгүй ч шүүх бүрэлдэхүүнд хандан ганцхан жишээ дурдахад тухайн өдөр шүүгдэгч Ц.У-ийн хувьд өндөр өсгийтэй, хар өнгийн туфль өмсөж явсан ба шөнийн турш төвөггүй алхаж явсан байдал нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэдгийг няцаан үгүйсгэж буй баримт юм.

Хоёрдугаарт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан хүнээс мэдүүлэг авахыг хориглоогүй бөгөөд согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн этгээд өөрийн биед учирсан хохирлын талаар гэмт хэргийн шинжтэй гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Уг хүсэлтийн дагуу мөрдөгч нь шөнийн цагаар гэрчид хуулиар олгогдсон эрх, үүргийг сануулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан зөвшөөрөгдсөн ажиллагаа юм.

Түүнчлэн мэдүүлэг авах ажиллагаа Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах” нийтлэг шаардлагыг зөрчөөгүй байна. Энэхүү хуулийн үзэл баримтлал, журмын зорилго нь хэнд ч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас сэргийлэх үүднээс мэдүүлэг авах тусгай өрөөг бэлдэж тохижуулахаар баталсан. Энэ хэргийн хувьд тухайн үед Ц.У нь яллагдагч биш, гэрчээр өөрт учирсан хохирлын талаар мэдүүлэг өгсөн бөгөөд сэжигтэн, яллагдагчийн адил заавал тусгайлан бэлдсэн өрөөнд авах шаардлагагүй. Харин журмын 2.2-т уулзалт мэдүүлгийн өрөөнд гэрчээр мэдүүлэг авч болохоор нарийвчлан зохицуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.   

Гуравдугаарт: Бид бүхэн өнөөдөр нэг юмны хоёр тал гэдэг шиг шүүгдэгч Ц.У-ийн гэрчээр өгсөн дээрх мэдүүлгийг үндэслэн хоёр хэрэгт дүгнэлт хийж шийдвэрлэх гэж байна. Учир нь цагаатгагдсан этгээд М.Г-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь шүүгдэгч Ц.У-ийн өгсөн дээрх мэдүүлгээс зөвхөн “М.Г-д зодуулсан” гэдэг хэсгийг таслан авч, бусад 3 мэдүүлэгтэй харьцуулах замаар нотлох баримтыг үнэлж, шийдвэрлэсэн болохоос тухайн мэдүүлгийг хууль зөрчиж авсан хууль бус нотлох баримт гэж дүгнэн, нотлох баримтаас хасаж тооцоогүй юм. Хэрэв энэ хэрэгт таслан авснаас бусад үйл баримтын талаар ярьсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах, хууль зөрчсөн баримт гэж хүчингүйд тооцвол эсрэгээрээ хууль хэрэглээний хувьд логикийн алдаа болохоор байна. Шүүгдэгч Ц.У-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хамгийн чухал, ач холбогдол бүхий нотлох баримт бол түүний гэрчээр өгсөн дээрх мэдүүлэг бөгөөд үүнийг цагаатгагдсан этгээд М.Г-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр давхар нотолж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн Ц.У-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “М.Г нь С зочид буудлын 406 тоот өрөөнд гэнэт огцом уурлан миний толгой руу цохиж, сандалтай хамт түлхэж унагасан. Босоод хаалганы хажууд суух үед миний зүүн хавирга руу 7-8 удаа өшиглөж, үргэлжлүүлэн үсдэж чирээд ор руу шидсэн. Хананд толгойгоор 3-4 удаа савсан” хэмээн худал мэдүүлж, гүтгэсэн үйл баримт нь нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цугларсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой бөгөөд шүүхээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах үндсэн нөхцөл юм. Нотлох баримтад агуулагдаж буй мэдээлэл нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй тохиолдолд хилсээр ял шийтгэх, эсхүл ял завшуулах эрсдэлийг буй болгодог учир тэдгээрийг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх үндэслэл, журам, процесс ажиллагаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Тэдгээр оролцогчдоос хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж биет нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, мэдүүлгэн нотлох баримт гаргах эрх бүхий этгээд худал мэдүүлсэн, орчуулсан, хэлмэрчилсэн, дүгнэлт гаргасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Тухайлбал, гэрч, хохирогч нь хөндлөнгийн дарамт, шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж, эсхүл хэргийн талаар өөрийн олж мэдсэн зүйлийг мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд гэмт хэрэг гараагүй, эсхүл гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлж гүтгэсэн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.У нь гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргаж, “М.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн” талаар мэдүүлсэн атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “... би хүнд зодуулсан асуудал байхгүй, ...ийм зүйл болоогүй, цохиулаагүй болохоор согтуу үедээ өөрөө л гэмтэл авсан ...” гэж мэдүүлжээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 337 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаар магадлалаар М.Г нь тухайн хэргийг үйлдээгүй болох нь тогтоогдож, цагаатгагдсан шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд шүүгдэгч Ц.У-ийг “... бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж гүтгэсэн ...” гэм буруутай болохыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжаваас “... Ц.У-ээс шөнийн цагаар мэдүүлэг авахдаа шаардлага хангасан өрөөнд аваагүй, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийг ойлгож, мэдэх чадваргүй үед нь мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгон ашигласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

4.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.26-д зааснаар хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах бодит аюулыг хойшлуулшгүй тохиолдол гэж тодорхойлсон бөгөөд тус хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэж зааснаас үзвэл хойшлуулшгүй тохиолдолд гэрчээс шөнийн цагаар мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй болно.

Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу “С” зочид буудалд очиж шалгахад хохирогч байгаагүй бөгөөд өөрийн гар утсаар 13 удаа, албаны утсаар 6 удаа холбогдох гэсэн боловч чадаагүй гэх цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /Хэргийн 1 дүгээр хавтасны 10 дахь хуудас/, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн бичлэгт “... Дуудлага авагч: Цагдаагийн 102 сонсож байна. Танд юугаар туслах вэ? Дуудлага өгөгч: Би түрүүн 5 дугаар сургуулийн хажууд дуудлага өгсөн байхгүй юу. Одоо намайг хорооллоос ирээд авч болох уу? Дуудлага авагч: болохгүй... Дуудлага өгөгч: намайг дарамтлаад байсан юм аа. Дуудлага авагч: Та Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ... дугаарт мэдээллээ өгнө үү... Дуудлага өгөгч: Энэ хүн намайг дарамтлаад байна. Дуудлага авагч: За ойлголоо. Одоохон явуулъя... Дуудлага өгөгч: “С” ресторан гэсэн хаягтай “С” зочид буудал...” /Хэргийн 2 дугаар хавтасны 93 дахь хуудас/ гэжээ. Үүнээс үзэхэд тухайн үед гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл өгсөн хүнтэй холбогдож мэдээлэл авах боломж хязгаарлагдаж, бусдын дарамт шахалтад байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул шөнийн цагаар хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл бүрджээ.

4.2.Мөн шүүгдэгч Ц.У нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өглөөний 04 цагийн үед цагдаагийн байгууллагад ирэхээс өмнө түүнтэй уулзсан найзууд болох Ц.Д, С.А нар болон эмнэлгийн үзлэг хийсэн Гэмтэл, Согог судлалын үндэсний төвийн эмч С.З, шинжилгээний бүртгэл хийсэн “Мөнгөн гүүр” эмнэлгийн ажилтан Н.Б /Хэргийн 1 дүгээр хавтасны 45, 156, 2 дугаар хавтасны 31, 53 дахь тал/ нарын мэдүүлгийг харьцуулан судлахад шүүгдэгчийн гадна төрх байдал, хэлсэн үг, хийсэн үйлдэл зэрэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн боловч хэвийн байдалтай биеэ авч явсан болохыг гэрчлэн мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.У согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй байдалтай гэрчийн мэдүүлэг өгсөн гэх гомдол үндэслэл муутай байна.

4.3.Мэдүүлгийг тэмдэглэлд бэхжүүлэхийн зэрэгцээ мэдүүлэг авах ажиллагааг дууны, дуу-дүрсний бичлэгээр давхар баталгаажуулах нь нотлох баримтын үнэн бодит шинж чанарыг илэрхийлэх, нөгөө талаас эрүү шүүлтээс ангид байх, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжилж харьцахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд энэхүү зорилгын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дуу, дуу-дүрсний бичлэг хийх шаардлага хангасан өрөөнд мэдүүлэг авахаар зохицуулсан.

2020 оны 09 дүгээр сарын 26-ны өглөөний 04 цагт явагдсан гэрчийн мэдүүлэг авах ажиллагаанд дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 716 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

    Б.БАТЦЭРЭН

    М.ПҮРЭВСҮРЭН

    Ч.ХОСБАЯР