Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 695

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: С.Б-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “... Шүүхээс тогтоосон жилээр ажилласан хугацааг тооцуулан тэтгэвэр тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Б миний бие 1986 онд “Монгол Германы Геологийн Бороогийн Хамтарсан Экспедиц”-д ажилд ороод манай ажлын газрын нэр хаяг нь өөрчлөгдсөөр хамгийн сүүлд “Б” ХХК-аас 1999 оны 12-р сарын 31-нд ажлаасаа гарсан.

Ингээд тэтгэврээ тогтоолгох гэтэл “нийгмийн даатгалын байгууллагад ажилласан жил чинь болохгүй байна” гэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээр ажилласан жилээ тогтоолгоод дахин нийгмийн даатгалд хандахад “Шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй” гээд байна.

Ажилчин хүн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ өөрөө бөглөдөггүй, нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлдөггүй байгууллага төлдөг.

Байгууллаыгн санхүүгийн ажилтны буруугаас иргэн хүн хохирч болохгүй учир “Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар”-ын надад өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэний шүүхээс тогтоож өгсөн жилээр ажилласан хугацааг тооцуулан тэтгэвэр тогтоохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Б.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “С-н Б-г 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Хорго бригадад “малчин”-аар, 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид “москвич машины жолооч”, “кранист засварын механик”-аар, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улсын Геологийн төвийн харъяа Дархан нэгдлийн ашиглалтын хэсэгт “Краз маркийн машины жолооч”-оор, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Алтны Их-дашир үйлдвэрт “механик”-аар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бороогийн үйлдвэрт “өөрөө буулгагч краз автомашины жолооч”-оор, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Монгол-Эрдэнэ” компанийн Бороогийн үйлдвэрт “өөрөө буулгагч краз автомашины жолооч”-оор, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл “Бороо майнинг” компанид “кразын жолооч”-оор тус тус ажиллаж байсныг тогтоосон байна.

Иргэн С.Б нь Улсад нийтдээ 19 жил 11 сар ажилласан бөгөөд Цэргийн 3 жилийг энгийн ажилласан жил рүү хөрвүүлэхэд 21 жил 7 сар ажилласан байна. Үүнээс:

1. Нөхцлийн жил нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрээр нийт 12 жил 3 сар ажилласан жилийг тогтоосон боловч, уг шийдвэрт заасан 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид “москвич машины жолооч”, “кранист засварын механик”, “инженер механик”-аар, ажилласан хугацааны 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “москвич машины жолооч”-оор ажилласан хугацаа нь хүнд нөхцөлд хамаарахгүй байна.

Энэ нь “Нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн”, бол хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрт заасан 1986 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “москвич машины жолооч”-оор ажилласан нь “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан ажил мэргэжлийн жагсаалтанд хамрагдаагүй байна.

Иргэн С.Б*******гийн хүнд нөхцөлд ажилласан жил нь “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах жил мэргэжлийн жагсаалт”-д заасан хугацаа нь 9 жил 8 сар болж байна.

Мөн иргэн С.Б нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрээр ажилласан жилээ тогтоолгосон боловч 1995-1998 оны зарим саруудад шимтгэл төлөгдөөгүй нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаагаар нотлогдож байна.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаан дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно” гэж заасан.

Иймд С.Б-ийн дээрх шимтгэл төлөгдөөгүй саруудыг нийт ажилласан хугацаанаас хасч тооцсон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурьдсан төрөлтэй байна: өндөр насны тэтгэвэр” гэж,  4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасанд нэхэмжлэгч С.Б******* хамаарахгүй, учир нь 57 настай байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Б*******гийн 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд улсад нийтдээ 19 жил 11 сар ажиллаж байсныг тогтоожээ. Энэ хугацаан дээр нэхэмжлэгч С.Б*******гийн 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх цэрэгт татагдсан хугацааг энгийн ажилласан жил рүү шилжүүлвэл нийтдээ 21 жил 7 сар болж байна.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... 20-иос доошгүй жил ажилласан” гэх нөхцлийг хангаж байх хэдий ч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрээгүй тул өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байна.

Харин газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан жилээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцлийн тухайд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн”, мөн хуулийн 6 дугаар зүйлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална” гэж тус тус заасан.

Дээрх журмын тухай хуульд заасан нөхцлөөс үзвэл, даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хүнд нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн байх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.Б-ийн хүнд нөхцөлд хамаарах ажилласан жилийн тухайд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/01426 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол-Германы Геологийн Бороогийн хамтарсан экспедицид “москвич машины жолооч, кранист засварын механик, инженер механик” гэсэн албан тушаалд ажиллаж байсныг хамааруулан нийт 12 жил 3 сарын хугацааг тогтоожээ.

Гэвч нэхэмжлэгч С.Б*******гийн 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл москвич машины жолоочоор ажилласан хугацаа нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй тул хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч С.Б*******гийн нийт ажилласан жил 21 жил 7 сард тооцогдож байгаа боловч өндөр насны тэтгэврийг хүнд нөхцлөөр тогтоох “12 жил 6 сар хүнд нөхцөлд ажилласан байх” хуулийн шаардлагад хүрэхгүй, 12 жил 3 сар байна. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын дагуу 1986 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх “москвич” машины жолоочоор ажиллаж байсан хугацааг хасч тооцохоор 11 жил 10 сар болж байгаа бөгөөд “москвич” машины жолоочоор ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаанд оруулаад тооцсон ч, 12 жил 6 сард хүрэхгүй байгаа юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч С.Б******* нь Нийгмийн  даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт тус тус заасан өндөр насны тэтгэвэр тогтоох хуульд заасан нөхцлийг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж шүүх дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн зүгээс 1998 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилласан жил болон уг хугацааны хөдөлмөрийн нөхцлийг иргэний шүүхээр тогтоолгосон тохиолдолд шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн  даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-с Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан ”Шүүхээс тогтоосон жилээр ажилласан хугацааг тооцуулан тэтгэвэр тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Ц.ОДМАА