Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1254

 

Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Хишигбуянд холбогдох

 

Гэм хорын хохирол, хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт нийт 6 571 294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарын гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Батцэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Хүчит шонхор" захын мax машинддаг цехэд ажилд орсон. Ажил олгогч талтай ямар нэг гэрээ байгуулаагүй ба нийгмийн даатгал төлдөггүй байсан. Цалинг амаар  тохиролцож 400 000 төгрөгөөр цалинжиж байсан. Ажил хийх явцад миний ажилладаг зарим машинууд нь унтраачихаад байхад гэнэт өөрөө ажилладаг байсан. Иймд захирал Б.Хишигбуян болон нөхөр н.Лхагваа нарт зарим машинууд гэнэт ажиллаад байна, гар авчих гээд хэцүү байна гэхэд зүгээрээ тэгж байгаад янзлуулж өгнө гэж байсан. Ажилд орсон өдөр тус цехийн захирал Б.Хишигбуян ажилчдад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулсан. Түүний дараа 7 дугаар сард дахин нэг удаа, 8 дугаар сард намайг гэмтэхээс 5-6 хоногийн өмнө 3 дахь удаагаа танилцуулж гарын үсэг зуруулсан. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би ажлын байранд ажлаа хийж байгаад осолд орж махны машинд баруун гарын долоовор хуруу 1 дүгээр үеэрээ тасарч, дунд хуруу, ядам хуруу гэмтэж, гарын ар ярагдаж судаснууд тасарч гэмтсэн. Миний бие гэмтлийн эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлж гуяны арьснаасаа авахуулж гэмтсэн гарынхаа арьсыг нөхүүлсэн. Уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч үйлдвэрлэлийн осол болох нь тогтоогдон, Шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдож, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад тогтмол 10 хувиар нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан. Уг осол Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж ажил олгогч Б.Хишигбуян нь үүргээ биелүүлээгүйгээс миний биед хүндэвтэр гэмтэл учирч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдон шалгагдаж байх явцад хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон. Иймд хариуцагчаас 6 571 294 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Хишигбуянгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэлээ анх Дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд нэхэмжлэгч гаргасан байсан. Нэхэмжилж буй 6 000 000 төгрөг нь нотлогдохгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлага 571 294 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаад байгаа нь тодорхойгүй. Талууд хөдөлмөрийн харилцаанд ороогүй. Хөлсөөр ажилласан байх хугацаандаа осолд өртсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна. Энэ талаарх баримтууд нь ямар ч тамга тэмдэггүй. Мөн эмчийн үзлэгээр 80 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн нь үнэн гэсэн боловч үүнийг эмч биш арга зүйч хүн гаргасан. Мөн эмчилгээ хийлгэсэн үйл баримтыг дурдсан зүйл байхгүй. Эм худалдан авсан баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй. Мөн гэрээ байгуулаад таксигаар зөөлгөж байсан гэх 651 600 төгрөгийн зардлын баримтад жолоочийн үнэмлэх, гэрчилгээ нь байхгүй. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгч нь 2 000 000 төгрөгийн хөлс авсан гээд эрүүгийн хавтаст хэргээс хуулбар үнэн даруулсан. Үүнд зөвхөн өмгөөлөгчийн дардас л дарсан байгаа юм. Нөхөөд хийсэн байж болзошгүй харагдаж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д Б.Хишигбуянгаас 5 792 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 778 794 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батцэрмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 107 630 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Хишигбуянгаас 107 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Батцэрмаад олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан, эмийн сангаас эм худалдан авсан тухай баримтаар Б.Батцэрмаа нь нийтдээ 192 000 төгрөгийн эм, эмчилгээний бүтээдэхүүн худалдсан авсан болох нь тогтоогдож байна, эм худалдан авсан тухай баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн нь буруу. Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотаритчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг зөрчсөн. Гэтэл нэхэмжлэгч талын  192 000 төгрөгийн бүх баримт нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан "эх хувиараа байх, нотариатчаар гэрчлүүлсэн байх" шаардлагыг хангаагүй, зөвхөн "хуулбар үнэн" дардастай баримтууд байхад анхан шатны шүүх нь уг баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн үндэслэлгүй. Ер нь нэхэмжлэгч талын гаргасан  бүх баримтууд нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Эм худалдан авсан баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй хэмээн хариуцагч маргасан боловч нэхэмжлэгч тухайн үед гарын үсэг зурах боломжгүй гэмтэл авсан байсан гэж дүгнэсэн. Бүх баримтуудад хүлээж авсан этгээд нь тодорхойгүй, Б.Батцэрмаагийн хэрэглэсэн эм, эмийн бүтээгдэхүүн гэдэг нь мэдэгдэхгүй, зөвхөн тодорхой нэг эмийн сангаас эм худалдан авсан л баримт байгаа болохоос Б.Батцэрмаагийн хэрэглэсэн эм, эмийн бүтээгдэхүүн гэдэг нь тус баримтуудаас харагдахгүй. Мөн эм, эмийн бүтээгдэхүүнийг авсан болох нь эмчийн зөвлөгөө, өвчтний түүх, Амбулатороор эмчлүүлэгчийн карт зэргээс тогтоогдох байтал  дээрх баримтуудаа өгөөгүй болно. Мөн  өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, нийтдээ 3 150 000 төгрөгийн зардал гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон хэргийн өмгөөллийн хөлсөнд 2 000 000 төгрөгийг хангасан. 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г үндэслэн эрүүгийн хэрэгт хохирогчоор Б.Батцэрмаа нь оролцож, өмгөөлөгчид 2 000 000 төгрөг төлсөн гэж үзээд бүх үнийн дүнг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл тухайн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-ээс харахад гэрээний эхний догол мөр дэх "Нөгөө төлөөс" гэх хэсэгт хэн нэгний нэр байхгүй. Мөн тус 2 000 000 төгрөгийг хангах үндэслэл болсон гэрээний өмгөөлүүлэгч талаас Б.Батцэрмаагийн нэр байхгүй Д.Батаа гэсэн л гарын үсэг байгаа юм. Энэхүү гэрээнээс харвал Д.Батаагийн оролцсон, ямар нэг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд С.Өнөрзаяа өмгөөлөгч нь оролцсон байх бөгөөд энэхүү гэрээ нь харин Б.Батцэрмаад эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлс төлсөн болохыг гэрчлэх нотлох баримт болохгүй. Мөн тус гэрээ нь эрүүгийн 2014250008169 дугаартай хэргийн хохирогчийн өмгөөлөгчтэйгээ байгуулсан гэрээ гэсэн атлаа энэхүү гэрээ нь, эрүүгийн хэрэгт хөлс аваад оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн гэрээ мөн болох нь бас тодорхойгүй, тогтоогдохгүй байхын зэрэгцээ "эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан" гэрээ гэдгийг уялдуулж нотлосон нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй болно.Эрүүгийн хавтаст хэрэгт Батаа гэдэг өмгөөлөгч ямар ч ажиллагаа хийгээгүй бөгөөд ямар ч хүсэлт, гомдол ажиллагаанд оролцсон баримт байдаггүй болно. Мөн Б.Хишигбуяны гэм буруутай гэж үзэх үйлдэл нь гэмт хэрэг болох нь шүүхээр тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагад хамаарахгүй бөгөөд ЭБША-нд оролцогч хохирогч этгээд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд яллах болон цагаатгах эрх, үүргийг хэрэгжүүлж оролцдоггүй онцлогтой субъект бөгөөд хохирогчийн өмгөөллийн хөлс нь ЭБША-ны зайлшгүй зардалд хамаарахгүй болно. Иймд өмгөөллийн хөлсийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Батцэрмаа цалинг амаар тохиролцож 400 030 төгрөгөөр цалинжиж байсан гэж өөрөө тодорхойлсон байхад хоолны мөнгө гэж өдөр тутам өгдөг байсан тодорхой бус 90 000 төгрөгийг нэмж 490 000 төгрөгөөр тооцсон үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн тайлбар, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг цалингийн бүрдэлд "хоолны мөнгө" нь ордоггүй. Цалин хөлсийг 400 000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй.  Мөн анхан шатны шүүх нь үйлдвэрийн осол болох нь тогтоогдлоо гээд уг тайлбарынхаа үндэслэлийг үйлдвэрийн ослын акт болон шинжээчийн дүгнэлт гэж дурдсан боловч тухайн баримт бичгүүд буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримтад нэмэлт дүгнэлт өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батцэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа нь хариуцагч Б.Хишигбуянд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол, үйлдвэрлэлийн ослоос шалтгаалсан хохирлын нөхөн төлбөр, өмгөөллийн зардал зэрэгт нийт 6 571 294 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй, хэрэглэсэн гэх эм тариа нь эмчийн жоргүй, цалин хөлсний хэмжээг буруу тодорхойлсон” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “…Хүчит шонхор захын мах машиндах цехэд /захирал нь Б.Хишигбуян/ мах машиндагчаар ажиллаж байгаад 2014 орны 08 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осолд орж баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тайрагдал, алганы шивнүүрийн хугарал, баруун гарын алга, хурууны зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Б.Батцэрмаа нь үйлдвэрлэлийн осолд өртөж түүний баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн тайрагдал, алганы шивнүүрийн хугарал, баруун гарын алга, хурууны зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирч, хөдөлмөрийн чадвараа 10 хувь алдсан болох нь Үйлдвэрлэлийн ослын акт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Дүүргийн нэгдүгээр Прокурорын газрын прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор хариуцагч Б.Хишигбуянг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд биш гэж үзэн, түүнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг тус прокурорын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Хишигбуянг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектээр тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.9-д зааснаар хувиараа ажил олгогч нь хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн техник технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн гэх мэт бүхий л арга хэмжээг авах, хохирол учирсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, нөхөн төлбөр зэргээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

 

Хариуцагч Б.Хишигбуян нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг үгүйсгэх, няцаах баримтыг шүүхэд гаргаагүй, түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэлээс эрүүгийн хэрэгт өмгөөлөгч авсны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргасан ч Б.Батцэрмаа нь өмгөөлөгчөөр С.Өнөрзаяаг авч, хөлс төлж байсан болох нь баримтын эх хувиар болон Дүүргийн нэгдүгээр Прокурорын газраас хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өнөрзаяад гомдлын хариуг мэдэгдэж байсан зэргээр нотлогджээ. /хх-8-9/

 

Мөн эм, тарианы баримтуудын он сар өдөр нь нэхэмжлэгчийн гэмтэл авсан цаг хугацаатай тохирч байгаа, худалдан авагчийн нэр гэсэн хэсэгт Б.Батцэрмаагийн нэр бичигдсэн байна. Нэхэмжлэгч нь нийт 287 694 төгрөгийн эм тарианы зардал нэхэмжилснээс анхан шатны шүүх нягтлан үзэж 192 000 төгрөгийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээ нь цалингийн дундажаар тодорхойлогдох бөгөөд мөн хуулийн 47 дугаар  зүйлд заасан цалингийн хэмжээнд нэмэгдэл мөн хамаарах юм.

 

Иймд дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Хишигбуянгийн төлсөн 107 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                             ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                               Ш.ОЮУНХАНД