Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Л.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Б 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б нэхэмжлэлтэй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд эзэмшүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Монгол Улсын 2014-2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар манай хороонд 640 хүүхдийн суудалтай барилгыг барьсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захирамж гаргаж уг барилгад “133” дугаар олгож Нийслэлийн өмчид бүртгэн авахыг үүрэг болгосон байдаг. Үүний дагуу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс хуралдаж “133 дугаар сургуулийн барилга” хэмээн байнгын ашиглалтад хүлээн авсан байдаг.

Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр А/196 дугаар тушаал гаргаж уг байрыг манай хороонд байгаа Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд бус манай хороонд хамааралгүй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа олон улсын Кембриджийн сургалттай гэх “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлж, манай хорооны хүүхдүүд сурдаг 133 дугаар сургуулийг 1, 2 дугаар давхарт түр байрлуулахаар болсон нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болсон.

Өөрөөр хэлбэл манай хороо 25600 хүн амтай бөгөөд сургуулийн насны 5600 хүүхэд байгаагаас 133 дугаар сургуульд 1600 орчим хүүхэд сурч байгаа нь тус хорооны сургуулийн насны хүүхдүүдийн 30 орчим хувийг эзэлж байгаагаас харахад үлдсэн 70%-ийг эзэлж буй хүүхдүүд нь Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл нь манай хүүхдүүд юм. Манай хорооны хүүхдүүдэд зориулж баригдсан хичээлийн байрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлэхээр тушаал гаргасан нь манай хорооны хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдсан бүдүүлэг үйлдэл болсон. Энэ үйлдлийг яамны удирдлагууд тайлбарлахдаа “...танай хороонд 133 дугаар сургуулийн байр шинээр барьж өгнө. Улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нь шийдэж байгаа” гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл шинэ хичээлийн байр ашиглалтад ороогүйгээс нийслэлийн 133 дугаар сургуульд сурч буй сурагчид Монгол Улсын стандартад заасан хэмжээнээс 4-5 дахин бага талбайд 4 ээлжээр хичээллэж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн байдал үнэхээр хүнд байгааг ЕТV, Маss ТV зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан юм. Багш нарын өрөө, өлгүүр, номын сан, урлагийн заал танхим, эмчийн өрөө байхгүй, хүүхдүүд коридорт хичээллэдэг, хүүхдүүд хичээллэж байгаа анги танхим /хүрэлцээ муутайгаас урлагийн заалыг 2 анги болгосон/-уудад цайны газрын агааржуулалтын хоолой явагддагаас муухай үнэр үнэртдэг, шатны хонгилын доод талд ажилчид байрладаг, 4-н ээлжээр хичээллэдэг, сургуулийн хэмжээнд эрэгтэй хүүхдийн бие засах 8 суултууртай зэрэг багш, ажилчид, хүүхдүүдийн эрх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/, 4/, 6/ дахь хэсгүүдэд заасан эрх /эрүүл аюулгүй орчинд суралцах, хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах/ асар ихээр зөрчигдөж байна.

Энэ асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст миний бие гомдол гаргаж шалгуулахад “...133 дугаар сургуульд суралцаж буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай тэгш бус хандаж байгаа зохисгүй явдлыг залруулах, улмаар тус барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн.

Тухайн “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байр 4 давхар бөгөөд 133 дугаар сургууль 1, 2 давхарт 1600 хүүхэд багтаж ядан хичээллэж байхад яг адилхан зайтай 3, 4 давхарт Олон Улсын хөтөлбөрийн сургууль нэрийн дор 240 хүүхэд хичээллэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2/ дахь заалтыг зөрчиж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаал гаргасан /Шүүх шийдвэр гаргахдаа сайдын тушаал хууль бус болохыг тогтоосон юм. Шүүх хуралдааны бичлэг үзэх/-ыг хууль бус гэж үзэж байгаа. Учир нь:

1. Монгол Улсын 2014-2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар манай хороонд 640 хүүхдийн суудалтай барилгыг барьсан бөгөөд Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захирамж гаргаж уг барилгад “133” дугаар олгож, барилгыг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг үүрэг болгосон байдаг.

2. Анх энэ газар “Ж” ХХК-ийн эзэмшилд байсан ба уг компани нийгмийн хариуцлагын хүрээнд газраа ерөнхий боловсролын сургууль барихад үнэ төлбөргүй манай хорооны хүүхдүүдэд зориулсан байдаг. Уг газар дээр барьсан барилгыг “М” сургуульд эзэмшүүлсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

3. Энэ барилга нь нэг ээлжиндээ 640 хүүхэд буюу 2 ээлжиндээ 1280 хүүхэд сургах хүчин чадалтай. Энэ нь Монгол стандартаар 640 хүүхэд сургах болохоос Кембриджийн стандартаар биш юм. “М” сургууль энэ барилгыг бүтнээр нь эзэмшсэн ч Кембриджийн стандартаар 640 хүүхэд сургах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл энэ барилгыг “М” сургуульд хууль бусаар эзэмшүүлсэн.

4. Маргаан бүхий акт гарснаас хойш улсын комиссын акт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол зэрэг актууд гарч “М” сургуульд эзэмшүүлсэн.

Манай хороонд төрийн ерөнхий боловсролын сургууль 3, цэцэрлэг 5-7 шаардлагатай Гэтэл зарим УИХ-ын гишүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн удирдлагуудаас 133 дугаар сургуулийг хичээлийн шинэ байртай болгочихвол бүх асуудал шийдэгдэх мэтээр тайлбарлаж байгаа нь үнэхээр өрөөсгөл. Учир нь цаашид манай хороонд орон сууцны барилга байнгын ашиглалтад их орж байгаа учраас шилжилт хөдөлгөөн их байгаа, манай хорооны иргэдийн ихэнх нь залуу гэр бүл учраас хүүхдүүд улам нэмэгдэж байгаа юм. Энэ жил 6 настай 683 хүүхэд, 5 настай 700 гаруй, 4 настай 800 гаруй хүүхдүүд байгаагаас харахад л сургуулийн насны хүүхдүүд улам нэмэгдэх юм. Өнгөрсөн хавар 22800 хүн амтай байсан бол өнгөрсөн намрын байдлаар 25600 хүн амтай болж 6 сарын дотор 2800-гаар нэмэгджээ.

Манай хорооны хүн ам Говьсүмбэр аймгийн хүн амаас их, Багануур дүүргийн хүн амтай тэнцэх хэмжээтэй байхад Сүхбаатарын талбайгаас 2 км буюу хотын А зэрэглэлийн бүсэд байгаа хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй, улсын гэх өөрийн байргүй нэг сургууль, улсын цэцэрлэг нэг ч байхгүй байгаад үнэхээр харамсалтай байна. Төр засгийн удирдлагууд гэр хорооллын хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг мөртлөө хотын төв шинэ суурьшлын бүсэд байгаа манай хорооны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байхад тоохгүй 10 гаруй жил болсонд үнэхээр хэлэх үг алга.

Тийм ч учраас иргэн миний бие Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дагуу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тус хорооны сургууль, цэцэрлэгийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг цогцолбор сургууль буюу бага, дунд, ахлах сургууль болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Олимп хотхон “И” ХХК-ийн маргаан бүхий газарт бага сургууль, цэцэрлэг, “М” сургуулийг нүүлгэж, дунд сургууль, 2018 оны улсын төсөвт 6,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй хичээлийн байранд ахлах сургууль байгуулахыг дэмжиж 1500 эцэг, эх гарын үсэг зурсан байна. Цаашид ч санал авах учраас дэмжсэн иргэдийн тоо улам нэмэгдэх болно.

2014-2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манай хорооны хүүхдүүдэд зориулж баригдсан хичээлийн барилгыг хууль бусаар “М” сургуульд эзэмшүүлж, манай хорооны болон миний хүүхдүүдийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй сурч боловсрох эрх зөрчиж байсан учраас миний бие болон 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд бид бүхэн тэмцсэний хүчинд “М” сургуулийг ХҮИС-ийн 1 дүгээр байранд нүүлгэж, 133 дугаар сургуулийг 2 ээлжинд шилжүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хамтарсан А/743, А/1213 дугаар тушаал гарсанд үнэхээр баяртай байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Засгийн газрын мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө “...маргаан бүхий барилгыг “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлсэн нь буруу шийдвэр байсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн 2020 оны улсын төсөвт “М” сургуулийн барилгыг шинээр барихаар төсөв суусан ба одоо барилгын ажил эхэлсэн баригдаж байгаа.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 162 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/196 дугаар тушаалыг захиргааны актад хамаарахгүй, мөн С.Б даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дээрх тушаалыг захиргааны акт мөн гэж, С.Б нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус үзсэнээс бус “маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй, ингэж дүгнэх ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд “нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дүгнэсэн нь тухайн нэхэмжлэл хангагдана гэсэн үр дагаварт хүргэхгүй.

Мөн дээрх тогтоолд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхийг тодруулах шаардлагатай талаар дүгнэснээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн нэг төрлийг “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байдаг. 

Харин энэ тохиолдолд маргаан бүхий тушаал болон хариуцагчийн “хууль бус” эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

Учир нь Сайдын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/549 дүгээр тушаалаар нийслэлийн ерөнхий боловсролын “М”, 133 дугаар сургуулийн хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, ачааллыг бууруулах, зориулалтын сургалтын байранд үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан дүгнэлт гаргуулж, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/743, А/1213 дугаар тушаал, захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга ашиглалтад орох хүртэл хугацаанд 133 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагааг “М” сургуулийн хичээлийн байранд, мөн хугацаанд Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн байрыг түрээслэх замаар “Монгол тэмүүлэл” сургуулийн сургалтын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах арга хэмжээ авсан;

-мөн Сайдын 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн “М” сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/15 дугаар тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын мөн оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/15 дугаар тушаалаар тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан;

-Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/754 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны баруун талд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн зориулалтаар 7500 м.кв газар эзэмших эрхийг Нийслэлийн Боловсролын газарт олгож, 2019 оны Төсвийн тухай хуульд Сайдын багцад төсөвт өртөгийг 6.6 тэрбумаар, тухайн оны санхүүжилтийг 2.8 тэрбумаар баталсан;

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 30000 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт олгосны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээг “Н” ХХК-тай байгуулж, барилгын ажил 51 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаагаас гадна нэхэмжлэгч С.Б энэ талаар удаа дараа мэдэгдэж, хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох тул хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Кембриж болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хоёр талын харилцан ойлголцлын санамж бичигт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Кембрижийн Их Сургуулийн хооронд байгуулагдсан хэлэлцээр, мөн Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 24 (II) тогтоолын Нэг-ийн 7/-д олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын лаборатори “М” сургуулийг сурч боловсрох орчныг хангасан зориулалтын хичээлийн байртай болгох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байх тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д зааснаар бүх шатны сургуулийг зориулалтын барилга байгууламжаар хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд дээрх арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгааг буруутгах боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Сайдын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалаар улсын төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгыг олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн “Монгол тэмүүлэл” сургуульд эзэмшүүлж, улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мөн оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 444 дүгээр тогтоолоор тус лаборатори сургуульд одоогийн маргаан бүхий сургуулийн барилгыг үндсэн хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрсөн байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “…маргаан бүхий сургуулийг “М” сургуульд эзэмшүүлэх шийдвэрийг хариуцагч бус Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гаргасан…” мэтээр дүгнэсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь хуулиар олгосон эрхийн хүрээнд төрийн өмчийг өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэх, нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах зөвшөөрлийг л гуравдагч этгээд “М” сургуульд олгосноос бус нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “эзэмшүүлэх” шийдвэрийг хариуцагчаас гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн энэхүү тушаалын 3 дахь заалтаар сургуулийн барилгын 1, 2 дугаар давхарт нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг өөрийн хичээлийн байртай болох хүртэл хугацаанд байрлуулж, үйл ажиллагааг хэвийн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгасан, одоогийн бодит байдалд 133 дугаар сургууль дангаараа уг сургуулийн барилгыг эзэмшиж байгаа болон дээрх нөхцөл байдлууд, хуулийн зохицуулалт, шат дараалан хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргээс тус тус үзэхэд тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

Харин энэхүү маргаанд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бус Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасан “нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн байраар хангах эрхтэй” гэсэн заалтыг баримтлах нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 162 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.7...” гэснийг “Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.13...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН