Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00321

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00321

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хүрд ХХК-ийн хашаанд оршин суух, Буурхээр овогт Нармандахын Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, Жавхлант овогт Авидын Бат-Оршиход холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа, хариуцагч А.Бат-Орших, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж, 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтдаа амьдарч байх хугацаанд буюу 2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр охин Номин-Эрдэнэ төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас охиноо 5 сартай байхад тусдаа амьдраад 5,6 жил болж байна. Энэ хугацаанд Бат-Орших охиндоо санаа тавьж байгаагүй. Одоо миний бие гэр бүлтэй, үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, өөрийн асрамжиндаа үлдээмээр байна, гэжээ.

Хариуцагч А.Бат-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоорондоо таарч тохирохгүй, нэгэнт өөр гэр бүлтэй болсон учраас гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй. Охиноо бид 9 сартай байхад салсан. 5 сартай явуулсан гэдэг худлаа. Хүүхэдтэйгээ уулзаад хоёр гурав хоноё гэхээр уулзуулдаггүй, заавал нэг хүнтэй хамт явуулдаг. Аав, ээж, ах дүүс нь амьдралд их оролцдог, биднийг салахад их нөлөөлсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа нь хариуцагч А.Бат-Оршиход холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа, хариуцагч А.Бат-Орших нар 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Гэр бүлийн бүртгэл-ийн байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-495 тоот Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хамт амьдарч байх хугацаандаа охин Б.Номин-Эрдэнийг 2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрүүлсэн болох нь Г-819 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

2008 оноос 2009 оныг хүртэл гэрлэгсэд нь хамт амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь 2009 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, эхнэр Н.Үүрийнтуяа нь хамтран амьдрагчтай, хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Жавхлант овогт Авидын Бат-Орших, Буурхээр овогт Нармандахын Үүрийнтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Бат-Орших овогтой Номин-Эрдэнийг, эх Н.Үүрийнтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА