| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/1793/и |
| Дугаар | 210/МА2026/00300 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00300
2026 02 02 210/МА2026/00300
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07801 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах гэрээг цуцалж, ажлын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 104,00,000 төгрөг, алданги 5,616,000 төгрөг, нийт 109,616,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай “Бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх” гэрээ байгуулан, ажлыг актаар хүлээлгэн өгөхөөр тохирсон. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгаар “*******” ХХК-ийн Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хаягдал хөнгөн цагаан, зэс дахин боловсруулах үйлдвэр, үйлдвэрийн оффис, оффис ажилчдын байр, спорт заал, уурын зуух зэрэг байгууламжаас гарах бохирыг хүлээн авч, саарал усыг 98 хувьтайгаар цэвэршүүлэх, Триумф-150 маркийн бага оврын 150 хүн өдөр буюу 30 м.куб хоног хүчин чадалтай иж бүрэн цэвэрлэх байгууламж, саарал усны шүүлтүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, өөрийн ажиллах хүч, машин механизмаар чанарын өндөр түвшинд угсарч суурилуулан захиалагчид актаар хүлээлгэн өгөх ажлыг нийт 130,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
Хариуцагч нь гүйцэтгэх ажлын урьдчилгаанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 104,000,000 төгрөгийг авч 5 хоногийн дотор гэрээт ажлыг дуусгах хугацаатай байсан боловч гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгээгүй. Захиалагчийн зүгээс гэрээт ажлыг чанар стандартад нийцүүлэн гэрээний дагуу хугацаандаа ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлсэн ч гэрээт ажлыг хийгээгүй өнөөдрийг хүрсэн тул гэрээний 9.5, 9.6-д зааснаар “*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, хариуцагч “*******” ХХК-аас гүйцэтгээгүй ажилд төлсөн 104,000,000 төгрөгийг гаргуулна.
1.2. Гэрээний 9.3, 9.4, 9.8-д заасны дагуу гэрээний үүрэг биелүүлээгүй 270 хоногийн алданги 5,616,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч компанийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “*******” ХХК-тай 130,000,000 төгрөгийн үнэ бүхий ******* дугаартай бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 104,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан. Гэрээний дагуу Триумф-150 маркийн бага оврын 150 хүний бохир цэвэрлэх төхөөрөмжийг гэрээний ажлын талбай болох Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зэс, хөнгөн цагаан дахин боловсруулах үйлдвэр, оффис-ажилчдын амрах байр, спорт заал, уурын зуух, гадна зам талбай тохижилт” төслийн талбайд буулган байрлуулсан ч захиалагч талаас гэрээний дагуу үлдэгдэл 26,000,000 төгрөгийг төлөөгүй. Тухайн гэрээг байгуулах үед гэрээт ажлын талбайд баригдах барилга байгууламж, тэдгээрийн гадна шугам сүлжээний ажлын зургууд бүрэн бус, батлагдаагүй /Барилга Хөгжлийн Төв Магадлангийн нэгдсэн дүгнэлтэд ороогүй/ байсан бөгөөд энэ нь ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлээгүй.
Нэхэмжлэгч компаниас ирсэн албан бичгүүдэд хариу тайлбарыг /Xавсралт 1, 2, 3/ тухай бүрд нь нэхэмжлэгчийн төлөөлөгчид и-мэйлээр хүргүүлж байсан. Хариу тайлбаруудад ажлын зургуудын бүрэн бус, баталгаажаагүй байдал болон гэрээний бүтээгдэхүүн болох Триумф-150 маркийн бага оврын 150 хүний бохир цэвэрлэх төхөөрөмжийг суурилуулахын тулд гадна инженерчлэлийн шугам сүлжээний ажил хийгдэх ёстой болон ажлын зураггүй байдал нь төхөөрөмжийг суурилуулах стандартад нийцэхгүй ба бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангах, ******* дугаартай гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг өгөөгүй тул компанийн агуулахад буцаан байрлуулсан тухай мэдэгдэж, ажлын бүрэн баталгаажсан зургуудыг хүлээлгэн өгөхийг хүссэн. Түүнчлэн, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс ирсэн ******* албан тоотод гэрээт бүтээгдэхүүнийг суурилуулах талбайн газрын хөрс нь 1 метрээс 1.2 метр хүртэл хөлдөлттэй байгаа нь газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй болгож байгаа ч хариуцагч компанийн зүгээс гэрээт ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч захиалагч компаниас гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэх нөхцөлөөр хангаагүй. Нэхэмжлэгч талаас энэхүү ажил гүйцэтгэх гэрээг цуцалж иргэний шүүхэд хандсан бөгөөд энэхүү асуудал нь тухайн гэрээтэй салшгүй холбоотой. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргаж өгөх, гэрчийн мэдүүлэг авхуулах, шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх зэрэг ажиллагаануудыг хийлгэж өөрсдийн гаргасан хариу тайлбарын үндэслэлээ бататгах болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах гэрээг цуцалж, ажлын төлбөрийн урьдчилгаанд төлсөн 104,000,000 төгрөг, алданги 5,616,000 төгрөг, нийт 109,616,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 706,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар и-мэйлээр нотлох баримтыг хавсаргаж, үндэслэл бүхий хүсэлт хүргүүлсээр байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 42 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхээр хангахгүйгээр нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. Нэхэмжлэгч тал нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зураагүйгээс гадна хэргийн материалтай танилцах, шинжээчийн дүгнэлттэй танилцах боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцсэн, хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Шүүхээс “хариуцагч хийсэн ажлаа хүлээлгэн өгч акт үйлдэхээр талууд гэрээгээр тохирсныг анхаарч үзээгүй, уг ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн талаарх нотлох баримт байгаа эсэх нь эргэлзээтэй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, талуудын оролцоог хангаж, мэтгэлцэх боломжоор хангаж, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд өөрсдөө нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шаардлага хангаагүй нотлох баримт ирүүлсэн учир шүүх хуралдаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэх зүйлийг хэлдэг. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн зорилго нь ажлын үр дүн байдаг. Үүний дагуу шинжээчийн дүгнэлтээр тухайн цэвэрлэх байгууламж сонгогдсон буюу шаардлага хангаж байна гэх асуудал юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхин, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 104,00,000 төгрөг, алданги 5,616,000 төгрөг, нийт 109,616,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай бага оврын цэвэрлэх байгууламж нийлүүлж, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр “*******” ХХК нь “*******” ХХК-ийн ******* дүүргийн ******* дугаар хорооны нутагт орших хаягдал хөнгөн цагаан, зэс дахин боловсруулах үйлдвэр, үйлдвэрийн оффис, оффис-ажилчдын байр, спорт заал, уурын зуух зэрэг байгууламжуудаас гарах бохирыг хүлээн авч саарал усыг 98 хувьтайгаар цэвэршүүлэх Триумф-150 маркийн бага оврын 150 хүн өдөр буюу 30м3 хоног хүчин чадалтай иж бүрэн цэвэрлэх байгууламж, саарал усны шүүлтүүрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, өөрийн ажиллах хүч, машин механизмаар чанарын өндөр түвшинд угсарч суурилуулах, захиалагчид актаар хүлээлгэн өгөх, “*******” ХХК нь ажлын хөлсөнд 130,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх10-12/
3.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 3.3.1-т заасан ажлын хөлсний 80 хувь болох 104,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт хариуцагч “*******” ХХК-д төлсөн талаар талууд маргаагүй.
4. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөр болон алданги шаарджээ.
5.1. Хариуцагч “*******” ХХК гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь шинжээч Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот “. . .Триумф-150 маркийн бага оврын 150 хүний бохир ус цэвэрлэх төхөөрөмж нь тухайн үйлдвэртэй холбогдсон байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-112-113/
Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлттэй танилцсан атлаа дүгнэлтийг аливаа нотолгооны хэрэгслээр няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, улмаар хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шаардаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл хангуулах арга болох алданги шаардах эрхгүй юм.
6. Нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй талаарх хүсэлтийг нотлох баримтын хамт хавсарган цахим шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй шалтгаанаа нотлоогүй гэх үндэслэлээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцсан болох нь хэргийн 116 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээгээр хязгаарлан эрх зүйн дүгнэлт өгсөн ба ажлын үр дүнгийн доголдолтой эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт баримталсныг хасаж, шаардах эрхийн үндэслэл болсон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримталсан өөрчлөлт оруулна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/07801 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН