| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/01376/И |
| Дугаар | 210/МА2026/00060 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00060
2026 01 05 210/МА2026/00060
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09361 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот дугаар барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээнд тусгагдсан ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээний үүрэгт 74,768,676.86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч “*******” ХХК-иас 49,999,000 төгрөгийг банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот дансанд бэлэн бусаар хүлээн авсан. Хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ огт байгуулаагүй.
1.2. Нэхэмжлэгч 49,999,000 төгрөгийг хүлээн авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд банк дахь хариуцагчийн тоот дансанд нийт 4,346,800 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч нь аливаа гэрээнд гарын үсэг зураагүй байхад 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот дугаар барьцаалсан зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлгаж буюу хуурамчаар зурсан байсан. Энэ талаар хариуцагч талын ажилтан, удирдлагуудад мэдэгдэхэд ажилтан нь миний гарын үсгийг дуурайлгаж зурсан болохоо хүлээн зөвшөөрсөн.
1.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй байгуулсан гэх ******* тоот дугаар барьцаалсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөн нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хүрээнд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талд төлсөн нийт 4,346,800 төгрөгийг 49,999,000 төгрөгөөс суутгаж, үлдэх 45,652,200 төгрөгийг хариуцагч талд төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл хүү тооцож төлөхгүй.
1.4. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот дугаар барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу тус гэрээнд тусгагдсан ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК болон ******* нар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хэмжээ, хүү, хугацаа зэргийг тохирсон эрх зүйн баримт бичиг үйлдэж, зээлийн барьцаа хөрөнгө шилжүүлэх зэргийг тохиролцсон ба энэ тохиролцоо бодитоор хийгдсэн. Зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийн зээлийг ******* өөрийн дансандаа авсан, түүнийг зарлагдаж ашигласан, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан, хугацаа хэтрэлтийн мэдэгдэл дээр зээлийн дэлгэрэнгүй тооцооллыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэрэг үйл баримтаар нотлогддог.
2.2. Мөн зээлдэгч ******* нь зээлийг өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа бөгөөд үүнийгээ ч үгүйсгэдэггүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно” гэж тус тус заасан зээлдэгчийн үүргээ биелүүлж, зээлийг ашигласан хугацаагаар хүү төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.
2.3. Учир нь ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, хүүг огт төлөхгүй байгаа үйлдлээр зээлийг хүүгүй ашиглах шударга бус хүсэл зориг илэрхийлж байгаа нь нотлогдож байна. Хариуцагчийн хувьд хуулиар хориглосон ямар нэг хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн шаардлагыг зөрчөөгүй агуулгын хувьд зээлийн харилцаа үүссэн, зээлийн гэрээний гол нөхцөл болох зээл, зээлийн хүүг бичгээр тодорхой тохиролцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хэлцэлд тооцогдохгүй.
2.4. Иймд зээлдэгч *******тай байгуулсан зээл олгох хэлцлийн зорилт биелсэн, зээлийн гэрээ хуульд заасан нөхцөлөөр байгуулагдсан буюу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлийн гол нөхцөлийг зээлдэгчтэй бичгээр тохиролцсон, зээлдүүлэгч нь хууль зөрчсөн хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Зээлдэгч ******* нь дараах агуулгатай зээл авах хүсэлт гаргасан. “Зээлийн хэмжээ 50,000,000 төгрөг, хугацаа 12 сар, хүү сарын 2.6 хувь” гэж бичээд гол нөхцөлөө бүрэн тохирч, гарын үсэг зурсан. Мөн зээлдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан ба тэрхүү хүсэлтдээ “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан” гэж мөн дурдсан байдаг.
3.2. Фидуцийн гэрээний дагуу зээлийн барьцаа эд хөрөнгө болох ******* гар утасны дугаарын өмчлөл, бүртгэлийг үүрэн холбооны оператор дээр очиж талууд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ******* гар утасны дугаарын 50188475 тоот гэрээний бүртгэлийг үүрэн холбооны оператор “ корпораци” ХХК-д хандаж, зээлдүүлэгч “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэх хүсэлтийг ******* нь гаргасан бөгөөд энэ бүртгэл нь зээлдэгчийн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр хийгдэх боломжгүй зүйл юм. Учир нь “ корпораци” ХХК нь зөвхөн өмчлөгчийн хүсэлтийн дагуу гар утасны дугаарын өмчлөлийг шилжүүлдэг.
3.3. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг хуурамчаар зурсан гэх маргааныг 2024 оны 06 дугаар сарын эхээр үүсгэж, үүнийг салбарын ажилтан болон ******* нар компанид албан ёсоор мэдэгдэлгүй явсаар компанийн холбогдох удирдлага 2024 оны 08 дугаар сард мэдэж, тухайн зээлдэгчийг хариуцсан ажилтан аас тодруулахад “Зээлдэгч ******* нь зээл авсан өдрөө зээлийн гэрээ, фидуцийн гэрээ болон өөрөөс хамаарах бүх зээлийн баримт бичигтээ гарын үсэг зурсан, ингээд зээлийн болон фидуцийн гэрээг компанийн тамгаар баталгаажуулан зээлдэгчид хүргэж өгөхөөр авч үлдсэн. Тэгээд зээлдэгч *******ад зээлийн гэрээг хүргэж өгөхөөр очих үед буюу 2024 оны 06 дугаар сард зээлдэгч ******* зээлийн гэрээн дэх гарын үсгийг өөрийнх нь биш гэж хэлж маргасан. Ингээд гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэхэд зээлдэгч ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан, би удаа дараа гарын үсэг зурах талаар ******* зээлдэгчид мэдэгдэж, хүссэн боловч зугтаад олдоогүй, зээлээ ч төлөхгүй алга болсон” гэх тайлбарыг хэлдэг.
3.4. Манай компанийн хувьд 2024 оны 08 сард уг асуудлыг мэдэж ажилтнаас дээрх тайлбарыг авч, асуудал байгаа бол зээлдэгч *******ад гэрээгээ шинэчлэн байгуулах, зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөх талаар мэдэгдэл явуулсан боловч хариу өгдөггүй, гагцхүү зээлийн хүүгээс чөлөөл гэдэг хууль бус шахалт, дарамт үзүүлсээр байсан. Ингээд бид зээлдэгч зээлийг ашигласан байтал зээлийн хүүг чөлөөлөх нь гэрээний талуудын шударга ёсны зарчим, үүрэгт нийцэхгүй гэж үзэн хууль бус хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудалд манай ажилтан зээлдэгчийн гарын үсгийг дуурайлгаж зурсан эсэх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгаж тогтоолгохыг удаа дараа хэлж байсан. Энэхүү нөхцөл байдал нь зээлдэгч зээлийг хугацаанд төлөх гэрээний үүргээс *******ыг чөлөөлөхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийг зөвхөн ******* нь авч ашиглаж, үр шимийг нь хүртсээр байгаа ба *******ад ямар ч гэм хор учраагүй байна.
3.5. Зээлдүүлэгчийн зүгээс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлдэгчийн мэдэгдэл хүргүүлж, уг бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг ******* нь хүлээн авч өөрийн гарын үсгээ зурсан, ийнхүү гарын үсгээ зурснаас харахад тухайн зээлийн тооцоолол, дүн зэргийг зээлдэгч ******* нь маргаагүй болохыг илэрхийлдэг.
3.6. “*******” ХХК болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан боловч тухайн зээлийн гэрээг нэг тал нь баталгаажуулж өгөх явцад гарсан ойлгомжгүй асуудал нь тухайн зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
3.7. Иймд зээлдэгч *******аас зээлийн төлбөрт 50,000,000 төгрөг, зээлийн хүү 13,389,976.99 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1,312,985.11 төгрөг, авлага ярианы төлбөр 133,951.24 төгрөг, нийт 64,836,913.34 төгрөг, мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул зээлийн хүүнд 8,103,332.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,620,665.42 төгрөг, авлагад 207,765.39 төгрөг, нийт 9,931,763.52 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 74,768,676.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. Талууд зээлийн гэрээний гол нөхцөл болох үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөх хугацааг харилцан тохиролцож гэрээг байгуулсан нөхцөлд “*******” ХХК нь *******аас үндсэн төлбөрийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.
4.2. Гэтэл үндсэн нэхэмжлэлийн хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч ******* гарын үсгийг зээлийн гэрээнд дуурайлгаж зурсан тул талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцоогүй буюу зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх боломжгүй.
4.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу ******* нь “*******” ХХК-аас авсан 49,999,000 төгрөгөөс банкны ******* тоот дансанд буцаан шилжүүлсэн 4,346,800 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 45,652,200 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй. Харин хариуцагч нь ын ******* дугаарыг ******* эзэмшилд буцаан шилжүүлэх үүрэгтэй.
4.4. Хүчин төгөлдөр бус байх хэлцлээс тооцсон үндсэн хүү 21,493,309.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,933,650.53 төгрөг, авлага 341,716.63 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээхгүй. “*******” ХХК нь харилцагчийн гарын үсгийг дуурайлгаж зурсан буруутай ажилтнаасаа байгууллагад учирсан хохирлоо шаардаж төлүүлэх эрхтэй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5-д тус тус заасныг баримтлан талуудын 2024.03.05-ны өдөр байгуулсан 20153257573 дугаартай “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуци /гар утасны дугаар/-ийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ******* дугаарыг нэхэмжлэгч ******* нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж, *******аас 45,652,200 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29,116,476.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 478,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 657,459 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, “*******” ХХК-иас 478,150 төгрөг гаргуулан *******ад, *******аас 386,211 төгрөг гаргуулан “*******” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. “*******” ХХК нь иргэн *******тай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тоот "Дугаар барьцаалсан зээлийн гэрээ"-г харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ" гэж, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гэж, 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр" гэж тус тус заасны дагуу манай “" ХХК нь зээлдэгч *******тай тоот “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ”-г байгуулж, зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хэмжээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөгдөх хугацааны талаар харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн болно.
6.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь манай компанийн байнгын үйчлүүлүүлэгч буюу өмнө нь дугаар барьцаалан зээл авч байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХХК-ийн салбар (Цаашид “Салбар” гэх)-т өөрийн биеэр ирж, өөрийн эзэмшлийн ******* дугаараа барьцаалуулан зээл авах хүсэлтээ илэрхийлсэний дагуу салбарын ажилтан холбогдох судалгаа хийж, зээлийн ажилтны хамт үүрэн холбооны оператор “ корпораци” ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө болох ******* дугаарын өмчлөл, бүртгэлийг “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ бүртгэл нь зээлдэгчийн зөвшөөрөл, гарын үсэггүйгээр хийгдэх боломжгүй юм.
6.3. Уг холбогдох шилжүүлэг хийсний дараа салбарын ажилтан болон нэхэмжлэгч хариуцагчийн салбар дээр хүрэлцэн ирж зээлийн гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч болон хариуцагчийн анхны байгуулсан зээлийн гэрээ процессын алдаа (зээлийн гэрээнд хариуцагчийн нэрийг буруу оруулсан) гаргасан дээр хариуцагч талаас маргаагүй бөгөөд нэхэмжлэгч зээл авах хүсэлтээ илэрхийлсэн, мөн зээлийн гэрээтэй бүхэлд нь танилцаж зээлийн хэмжээ, хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.
6.4. Зээлдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20153257573 тоот “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ”-ний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1,343,400 төгрөгийн хүүгийн төлбөр, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,170,000 төгрөгийн хүүгийн төлбөр, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,455,700 төгрөгийн хүүгийн төлбөрийг зээлдүүлэгчид тус тус төлж байсан депозит дансны хуулгаар нотлогддог. Энэхүү нөхцөл байдлаас зээлдэгч зээлийн гэрээтэй танилцаж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтийг төлж байсан нь тогтоогдож байна.
6.5. Гэтэл анхан шатны шүүх зээлийн болон фидуцийн гэрээ нь бичгээр байгуулах шаардлагыг хангахгүй байна гэж талуудын нөхцөл байдлыг бүрэн үнэлж дүгнээгүй, мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүй дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
6.6. Тиймээс зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн хохирол болох зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, зээлийн хүү 13,389,976.99 төгрөг, хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 1,312,985.11 төгрөг, авлага ярианы төлбөр 133,951.24 төгрөг, нийт 64,836,913.34 төгрөг, мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү 8,103,332.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,620,665.42 төгрөг, авлагад 207,765.39 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 74,768,676.86 төгрөгийг зээлдүүлэгч нь шаардах эрхтэй.
6.7. Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09361 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч тал “Талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохирсон” гэж ярьж байна. Зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийн тулд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талуудын хооронд байгуулагдсан гэх зээл болон фидуцийн гэрээнд зурагдсан ******* гарын үсэг хуурамч гэдгийг тогтоосон. Мөн хэрэгт авагдсан прокурорын тогтоолд ******* гарын үсгийг дурайлган зурсан гэх үйл баримтыг тогтоосон байдаг. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул гэрээний гол нөхцөл буюу зээлийн хүүг төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээнд тусгагдсан ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 74,768,676.86 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг хангаагүй гэж үзлээ.
4. Талууд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот “Дугаар барьцаалсан зээлийн гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор гэрээнд зурагдсан гарын үсэг ******* гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг шинжээчээр тогтоолгохыг хүссэн хүсэлт /хх-16/, харин хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаж, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар тус тус хангаж, шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар дүгнэлт, газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол бүхий хэргийн холбогдох гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдсэн байна. /хх-88-102, 140-157/
Хариуцагч хариу тайлбар, нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл, сөрөг нэхэмжлэлээ нотлох зорилгоор үзлэг хийлгэж, тэмдэглэлээр баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд мөн гаргажээ. /хх-72-78, 159/
Гэтэл шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.
Учир нь тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлж, үзлэг хийх тохиолдолд уг баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан ба талууд хэлцэл хийсэн эсэх, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа тохиолдолд шүүх энэ талаарх үйл баримтыг бүрэн тогтоож, маргааныг шийдвэрлэх учиртай.
Маргаан бүхий үйл баримт, түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хариуцагчийн хүсэлт хэрэгт хамааралтай байх боломжтой.
5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09361 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,793 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Н.ГЭРЭЛТУЯА