Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00337

 

    2026          02             06                                       210/МА2026/00337

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08163 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* болон ******* нар 2024 оны 11 сарын 20-ны өдөр Улаанбаатар, ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах тус бүр 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ******* газрыг бүртгэлийн ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* газрыг бүртгэлийн ******* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай газрыг бүртгэлийн ******* дугаартай гэрээгээр тус бүр 30,000,000 төгрөгөөр нийт 90,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээ байгуулахдаа тус бүр 2,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан нь бодит байдалд нийцэхгүй, халхавчилсан хэлцэл. Хариуцагч нь улсад төлөх татварыг багасгах зорилгоор дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд худалдан борлуулсан үнийг 2,000,000 төгрөг хэмээн багасгаж бичсэн нь газар тус бүрийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл дээрх гурван газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2024 оны 11 сарын 20-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсантай холбоотойгоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор дээрх улсын бүртгэлийн *******, *******, ******* дугаартай газруудын эзэмших эрхийг улсын бүртгэлд нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлж бүртгүүлэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1. ******* нь маргаан бүхий 3 газрыг тус бүр 30,000,000 төгрөгөөр буюу нийт 90,000,000 төгрөгөөр надад худалдахаар харилцан тохиролцож, 90,000,000 төгрөгийг *******д төлж, дээрх 3 газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, мөн дээрх 3 газрыг өөрийн эзэмшил ашиглалтад авсан.

2.2. ...тус газруудыг худалдан борлуулж, орлого олсон хүн нь нэхэмжлэгч буюу ******* тул улсад төлөх татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх үүрэгтэй. Ийм байхад би татвараас зайлсхийх зорилгоор үнийг өөрөөр бичүүлсэн мэтээр нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. ... Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* нь маргаан бүхий газруудыг миний нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг өөрийн биеэр эрх бүхий байгууллагад гаргасан, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу улсад татвараа төлсөн, 90,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурсан, мөн газруудыг миний эзэмшил ашиглалтад сайн дураар шилжүүлэн өгсөн зэрэг бодитой үйл явдал болсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж маргаагүй. Нэхэмжлэгч ******* газруудаа худалдах хүсэл зоригийн илэрхийллийг ******* миний бие хүлээн авсны үндсэн дээр дээрх үйл баримтууд болсон нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд зөвхөн худалдан борлуулсан үнийн дүнг зөрүүтэй бичсэнээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж бидний хооронд байгуулагдсан гэрээг “дүр үзүүлсэн” гэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасныг тус тус баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай хэлцлийн 3.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн бусад заалтыг хэвээр үлдээж, 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохыг зөвшөөрч, хэлцлийн үр дагавар ******* дүүргийн ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай, 15 жилийн хугацаатай, 700 м.кв талбайтай, газар эзэмших эрхийг *******ы эзэмшилд шилжүүлэх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 7-д “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 260.1 дэх хэсэгт “Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээний шинжид нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж шүүх үзлээ... ”, мөн Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 9-д “...Харин дээрх гэрээнүүдийн 3.1-т гэрээний үнэ болох газар эзэмших эрх шилжүүлэх төлбөрийг 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, үүнээс татвар төлсөн хэлцлийн уг заалт Татварын тухай хуульд зааснаар төлөх ёстой татвараас зайлсхийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох тул хэлцлүүдийн 3.1-т заасан заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв... ” гэж, мөн Шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсгийн 10-д “...Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт ‘Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж зааснаар *******, *******, ******* дугаар хэлцлүүдийн 3.1-т зааснаас бусад нь газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийн зорилгыг хангаж байх тул хэлцлийн бусад заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байна... ” гэж тус тус тайлбарласан байдаг.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг үндэслэн талуудын хооронд газар эзэмших эрх худалдах, худалдан авах шинжтэй хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа уг хэлцлийн гол нөхцөл болох үнийн дүн нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэмээн үзсэн нь хуульд нийцээгүй, утга агуулгын алдаатай шийдвэр хэмээн үзэж байна. Шүүхийн шийдвэрт гэрээний 3.1 дэх заалтад тусгагдсан 2,000,000 төгрөгийн үнэ нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна гэж дүгнэсэн боловч уг заалтыг бусад заалтаас салган хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний бусад заалтуудыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн суурь зарчим, хуульд нийцээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний хувьд үнэ нь зайлшгүй байх ёстой гол нөхцөл бөгөөд уг нөхцөл бодит бус, хууль зөрчсөн байдлаар тогтоогдсон тохиолдолд тухайн гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

4.2. Шүүх Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний үлдсэн заалтууд нь хэлцлийн зорилгыг хангаж чадна гэж үзсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь уг заалтын утга агуулга нь хэлцлийн үлдсэн хэсэг нь хууль ёсны зорилгыг хангаж чадах нөхцөлд л хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд энэхүү маргаантай гэрээний хувьд талуудын жинхэнэ зорилго нь бодит үнээр хэлцэл хийх бус, харин үнийг зориудаар зөрүүтэй тогтоож татварын үүргээс зайлсхийх явдал байсан нь тогтоогдож байна. Ийм нөхцөлд хэлцлийн зорилго өөрөө хууль ёсны биш тул гэрээний үнийг тогтоосон заалтаас бусад гэрээний заалт хүчин төгөлдөр үлдсэнээрээ уг хэлцлийн зорилтыг хангана гэж үзэх боломжгүй.

4.3. Талууд бодит байдал дээр газар тус бүрийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон тооцоо хийсэн атлаа гэрээнд 2,000,000 төгрөг хэмээн тусгасан нь татварын хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан халхавчилсан хэлцлийн шинжийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл гэрээнд тусгагдсан үнэ нь талуудын жинхэнэ тохиролцоог илэрхийлээгүй, харин бодит хэлцлийг нуун дарагдуулах, гуравдагч этгээд болон төрийн өмнө үүрэг хариуцлагаас зайлсхийх зорилготой байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх халхавчилсан хэлцлийн шинжийг бүхэлд нь үнэлж, түүнд зохих хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дутуу тогтоож, хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2024 оны 11 сарын 20-ны өдөр байгуулагдсан №*******, *******, ******* дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүд нь анхнаасаа хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдгийг тодорхой үндэслэлтэйгээр тайлбарлан маргасан боловч шүүхээс анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.4. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох үүргээ бүрэн биелүүлж, гэрээ нь бодит байдлаас зөрүүтэй, хууль зөрчсөн болохыг баримтаар хангалттай нотолсон боловч шүүх эдгээр нотлох баримтыг бүрэн, тал бүрээс нь үнэлэлгүйгээр нэгэнт хууль зөрчсөн гэж тогтоосон нөхцөлд гарах ёстой хууль зүйн үр дагаврыг зөв шийдвэрлээгүй. Ийнхүү шүүх гэрээний нэг заалтыг хууль зөрчсөн гэж үзсэн атлаа уг зөрчлийн улмаас гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус болох эсэхэд бодитой дүгнэлт хийгээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймээс гэрээний гол нөхцөл болох үнэ хууль зөрчсөн, уг хэлцэл нь татвараас зайлсхийх зорилготой халхавчилсан шинжтэй, хэлцлийн зорилго хууль ёсны биш тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагчид эзэмших эрхээ шилжүүлэх үр дагаврыг үүсгэхийн тулд гэрээ байгуулж, үүний үндсэн дээр тухайн газруудаа хариуцагчийн эзэмшил, ашиглалтад өөрийн сайн дураар шилжүүлж өгсөн байдаг. Мөн тус Дээд шүүхийн тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийлцэн хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зоригийн эрмэлзэлгүйгээр уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийг нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр хийгдсэн бөгөөд өөр ямар нэгэн гэрээг халхавчлах зорилгоор тухайн хэлцэл хийгдээгүй. Энэ гэрээг халхавчлах болон өөр үр дагаврыг үүсгэх зорилгоор ямар нэгэн өөр гэрээ байгуулаагүй. Хариуцагч нь улсад төлөх татварыг багасгах зорилгоор худалдан борлуулсан үнийн дүнг 2,000,000 төгрөг гэж багасгаж бичсэн нь газар тус бүрийг 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэлцлийг халхавчлах зорилготой байсан гэж маргадаг. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Иймд гэрээний 3.1 дэх хэсэг буюу худалдан борлуулахаар тохиролцсон бодит үнийг бууруулан бичиж халхавчилсан байна гэж талуудын хооронд байгуулсан гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

5.2. Хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдэх хэсэг нь уг хэлцлийн зорилгыг буюу нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын байгуулсан 3 гэрээнд дурдагдсан газрыг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийллийг хангалттай зохицуулж чадсан. Нэхэмжлэгч *******ы газруудаа худалдах хүсэл зоригийн илэрхийллийг ******* нь хүлээн авсан үйл баримт болсон. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.1.2.1, 43.2.3-д тус тус зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд худалдан борлуулсан үнийн дүнг бууруулан бичсэнээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус, дүр үзүүлж, халхавчлах зорилгоор хийсэн хэлцлүүд гэж үзэх үндэслэлгүй. Хүн, хуулийн этгээдийн өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханддаг. Гэтэл нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх ашиг нь зөрчигдөж, түүнийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тус нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

         ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулж, гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг тухайн үед шилжүүлсэн, газрыг эзэмшил ашиглалтдаа авсан, газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдийн бүртгэлээр шилжүүлэн авсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрх шилжих зохицуулалтай.

Маргааны зүйл болсон газар эзэмших эрхийн гэрчилгээ хариуцагч *******ийн нэр дээр гарсан талаар талууд маргахгүй гэж тайлбарласан боловч газар эзэмших эрх нь талуудын тайлбараар тогтоогдох үйл баримт бус, харин хүчин төгөлдөр Засаг даргын захирамж, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээгээр тогтоогдоно.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай газар эзэмших эрхийг хэн эзэмшиж байгаа үйл баримтыг тодруулж маргааныг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

            4. Дээрх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/08163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ЭНХБАЯР 

 

             ШҮҮГЧИД                                         Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                               Г.НЯМСҮРЭН