| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/27735/И |
| Дугаар | 210/МА2026/00085 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00085
2026 01 09 210/МА2026/00085
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15302 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,444 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “*******” ХХК нь “2022 онд автозогсоол захиалгын гэрээг *******тэй байгуулан, 2022 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед ******* нь автозогсоолыг хүлээн авах үедээ талбайн хэмжээний зөрүүг мэдэх боломжтой байсан буюу мэдэж байсан. Бидний хооронд байгуулсан гэрээний 4.2.3-т зааснаар автозогсоолыг хүлээн авах үедээ метр квадратын хэмжээг шалган авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хожим гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж заасан. 3 жилийн дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. “*******” ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь туслан гүйцэтгэгч 6 хуулийн этгээдийн хамтаар Нийслэлийн ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт 36 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 100 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар актаар улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. /хх-51-56/
3.2. Нэхэмжлэгч ******* хариуцагч “*******” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дугаартай “Автозогсоолын захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК-ийн барьж, ашиглалтад оруулсан Нийслэлийн ******* дүүргийн ******* хороонд байршилтай үйлчилгээ, автозогсоолын зориулалттай 100 айлын орон сууцны В2 давхрын тоотод байрлах, 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /хх-8-11/
3.3. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* автозогсоолын төлбөрийг бүрэн төлж, хариуцагч “*******” ХХК нь 2022 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид автозогсоолыг хүлээлгэн өгсөн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн болох нь эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн төлбөр төлсөн тухай дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хх-18-20, 40/
3.4. Нэхэмжлэгч нь “” ХХК-аар 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр автозогсоолын талбайн хэмжилт хийлгэхэд 11.74 м.кв талбайтай болох нь тогтоогдож, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд хөрөнгийн хэмжээний өөрчлөлтийг бүртгүүлж, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээг дахин гаргуулсан. /хх-12, 14-17/
3.5. Талууд автозогсоол 11.74 м.кв хэмжээтэй талаар маргаагүй. Харин гэрээнд заасан хэмжээнээс дутуу метр квадрат талбай бүхий хөрөнгө шилжүүлсэн нь эд хөрөнгийн доголдол мөн эсэх, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан эсэх талаар маргасан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.
4.1. Мөн шүүх нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ нь бодит байдалд зөрүүтэй буюу худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
4.2. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээнд автозогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг “18 м.кв” гэж гэрээний гол нөхцөлд тодорхойлсон байна. Гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгө бодит байдалд 11.74 м.кв талбайтай буюу 6.26 м.кв-аар дутуу байгааг эд хөрөнгийн биет байдлын доголдол гэж үзнэ.
5. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын талаар дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
5.1. Худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах тусгай хугацаа үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй тул хариуцагчийн гаргасан “гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн талаар дүгнэлт хийгээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
5.2. Тодруулбал, эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх, үүргийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зохицуулсан байх ба тус заалтын 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан.
5.3. Нэхэмжлэгч нь худалдан авсан автозогсоолын талбайн хэмжээ гэрээнд заасан 18 м.кв талбайгаас бага хэмжээтэй байгаатай холбоотойгоор “*******” ХХК-д 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дүйцэхүйц хэмжээтэй автозогсоолоор солиулах, эсхүл талбайн хэмжээний зөрүүд ногдох төлбөрийг буцаан гаргуулах агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргажээ. /хх-107-108/
5.4. Гэвч нэхэмжлэгч ******* эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хариуцагч “*******” ХХК-д энэ талаар мэдэгдэж, гомдлын шаардлага гаргасан болохоо баримтаар нотлоогүй.
5.5. Нэхэмжлэгч ******* болон гэрч нар 2023 оны 11 дүгээр сараас эхлэн гомдол гаргасан гэж тайлбарлаж, мэдүүлэх боловч энэ нь дээр дурдсан хугацаанаас хожуу гаргасан гомдол байх бөгөөд 2023 онд гомдлоо бичгээр гаргасан талаараа мөн нотолж чадаагүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
6. Түүнчлэн талууд гэрээний 4.2.3 дахь хэсэгт автозогсоолыг хүлээн авах үедээ түүний талбайн метр квадратын хэмжээг бүрэн шалгах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хожим гомдлын шаардлага гаргах эрхгүй гэж заасан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасанд нийцжээ.
6.1. Нэхэмжлэгч нь автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үедээ талбайн хэмжээг нүдээр харж, тогтоох боломжгүй боловч тэрээр мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж, хэрэв талбайн хэмжээ дутаж байгаа бол эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүйгээс хуульд заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Нөгөө талаар, хариуцагч автозогсоолын талбайн хэмжээ 18 м.кв талбайтай гэж итгүүлсэн, талбайн хэмжээг зөрүүтэйг нуун дарагдуулсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/15302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,694,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА