| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/30305/И |
| Дугаар | 210/МА2026/00083 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00083
2026 01 09 210/МА2026/00083
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14752 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* нь “....дугуй солиулахад 500,000 төгрөг, кондиционер засварт 250,000 төгрөг, бороо усны хаалт авч хийлгэхэд 120,000 төгрөг, духны ремен солиулахад 250,000 төгрөг, асаалтын компьютер авч тавихад 700,000 төгрөг, мөн машин ачилтанд 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт урьдчилж 2,000,000 төгрөг тус тус төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, 100 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд 1,500,000 төгрөгөөр, чиглэлд жуулчин аялуулах зорилгоор түрээслэхээр харилцан тохиролцсон. /хх-8, 49-50,75-79/
3.2. Гэвч аяллын 3 дахь өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн сумын нутагт гол гатлах үеэр тээврийн хэрэгслийн духны ремен тасарч, голын дунд хөдөлгөөнгүй болж унтарсны улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл үүссэн талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар тайлбартаа дурдсан. /хх-49-50, 75-79/
3.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “” ХХК-иар оношилгоо хийлгэхэд “Суурьтай чангалагч солих, жанамны шарик солих, кондишны шариг, эсвэл бүтнээр солих, дээд замтай дамар солих, аалзан суурь солих, 1 дүгээр цилиндрын катушка солих, форсунк солих шаардлагатай” гэжээ. /хх-11/
3.4. Улмаар нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлгүүрийн засвар хийлгэж 267,000 төгрөг, 50,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хөдөлгүүрийн болон цахилгааны засварт 120,000 төгрөг, 100,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цахилгаан эд ангийн засварт 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр засварын мөнгө 7,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр засварын зардлын үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөг, 4,190,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр засварын үйлчилгээний хөлс 570,000 төгрөг, нийт 16,297,000 төгрөгийн зардал гарсан тухай дансны хуулга, цахим гүйлгээний баримт, шилжүүлгийн журнал гэх нотлох баримтыг ирүүлсэн. /хх-12-18, 28, 32-36/
3.5. Ингээд “” ХХК-иар 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр автомашины эвдрэл, гэмтлийн үнэлгээ хийлгэхэд 9,210,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болохыг тодорхойлсон байх ба нэхэмжлэгч энэхүү үнэлгээний үнийн дүн болон тус үнэлгээний хөлсөнд төлсөн 653,000 төгрөг, нийт 9,863,000 төгрөг боловч 9,850,000 төгрөгийг хохирлын хэмжээ гэж тодорхойлон нэхэмжилсэн. /хх-4-5/
3.6. Харин хариуцагч ******* тээврийн хэрэгслийг аялалд авч явахаасаа өмнө 2 ширхэг дугуй солиулж 500,000 төгрөг, кондишн цэнэглэх болон засварт 250,000 төгрөг, бороо, усны хаалт солиулж 120,000 төгрөгийн тус тус зардал гаргасан, мөн аялал үргэлжлүүлэх боломжгүй болсны дараа 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийг ачуулж, Улаанбаатар хот руу авч ирсэн төлбөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр духны ремен солиулж 250,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр асаалтын компьютер авч 700,000 төгрөг, нийт 2,820,000 төгрөгийн зардал гаргасан гэж, холбогдох зарлагын баримтыг ирүүлсэн. /хх-51-53, 60-62/
Талууд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нөхөн төлөх эсэх, мөн хохирлын хэмжээний талаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг залруулж, талуудын хооронд мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
Учир нь түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинж бий боловч түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Тодруулбал, эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, уг ажиллагаанаас гарсан үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн ашиглах эрхтэй буюу хөлслөгчийн хэрэгцээг хангах зорилготой байдаг тул энэ тохиолдолд хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг ашиглан жуулчдад үйлчлэх зорилго агуулсан, нэг удаагийн шинжтэй үйлдэл байсан байна.
5. Нэхэмжлэгч ******* нь ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хариуцагч ******* шилжүүлэх, хариуцагч ******* нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 289 дүгээр зүйлийн 289.1.1 дэх хэсэгт заасан.
Хариуцагч *******ын ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдрийн зарлагын баримтаас үзэхэд тэрээр өөрийн зардлаар 2 ширхэг дугуй авч, кондишн цэнэглэж, бороо, усны хаалт тавиулаад тухайн тээврийн хэрэгслийг ердийн байдлаар ашиглах боломжтой гэж үзэж хүлээн авсан ба нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Харин 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр голын усанд орж, тээврийн хэрэгсэл унтарсныг нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс буюу тэрээр тээврийн хэрэгсэлд байнга хийх үйлчилгээг хийлгээгүйгээс болсон гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй байх ба түүний энэ талаарх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч нэгэнт ашиглалтын шаардлага хангасан гэж үзээд хүлээн авсан тээврийн хэрэгслийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгахгүй байх, хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй, засахгүй байх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч ******* хариуцагчийн дээрх үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар эдэлнэ
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлс төлөхийг хариуцагч *******аас шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэлгүй тооцооллын алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх уг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг хүлээн авснаас хойш өөрийн боломжоор засан сайжруулахад 16,297,000 төгрөгийн зардал гаргасан боловч уг тээврийн хэрэгсэл хэвийн байдалд ороогүйтэй холбоотой “” ХХК-иар оношилгооны баримт, үнийн санал бүхий баримтуудыг нэмж өгч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулжээ.
Үнэлгээгээр 9,210,000 төгрөгийн зардал гарахыг тооцсон байх ба тус үнэлгээг гаргуулахад төлсөн 653,000 төгрөг, нийт 9,863,000 төгрөгийн 9,850,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцон нэхэмжилсэн байна.
Дээрх 9,850,000 төгрөгөөс хариуцагчийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан гэх 2,820,000 төгрөгөөс Улаанбаатар хот руу авч ирсэн төлбөр 1,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн зардалд тооцох үндэслэлгүй тул 1,820,000 төгрөгийг хасаж тооцвол 8,030,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх ба уг үнийн дүн дээр эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 1,500,000 төгрөгийг нэмж, 9,530,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдохоор байна.
Тодруулбал, *******аас тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачуулж авч ирсэн ба үүнд 1,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж “ холбоо” ГҮТББ-ийн бэлэн мөнгөний орлогын баримтыг хэрэгт ирүүлсэн боловч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан тул тэрээр өөрийн зардлаар тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид авч ирж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэхүү зардлыг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зардлаас хасаж тооцох үндэслэлгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******аас 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч *******д 2,000,000 төгрөг өгсөн гэж талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд 9,530,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасвал 7,530,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 8,880,000 төгрөг болгон багасгасны зөрүү болох 1,350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
7. Мөн хариуцагч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулгатай гомдол гаргасан.
Шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт товлогдсон тухай баримт үйлдэж талуудаар гарын үсэг зуруулсан буюу хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн байна. /хх-56/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэж заасан тул “Шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр товлогдсон гэж ойлгосон, шүүх буруу ойлгомжгүй огноо бүхий баримтад гарын үсэг зуруулсан” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Түүнчлэн шүүх хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйг үндэслэн түүний эзгүйд, хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 7,530,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтын “145,558” гэснийг “135,430” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА