| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00310/И |
| Дугаар | 103/ШШ2016/00325 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 103/ШШ2016/00325
| 2016 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 103/ШШ2016/00325 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Хас банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 140 тоотод оршин суух, Боржигон овогт Буянбаатарын Сампил, Санга овогт Ганболдын Төр-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.814.037 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нар нь тус банкны Багануур салбараас 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн 1290015147 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 14.000.000 төгрөгийн зээлийг хашаа байшин худалдан авах зориулалтаар 10 жилийн хугацаатай, Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.75 хувийг нэмсэнтэй тэнцүү 20.35 хувийн хүүтэйгээр авсан.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрөөс хойш зээлийн хуваарьт төлбөрийг төлөөгүй. . Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нарын гар утас руу залган хэлж мөн гэрийн хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч нараас 2016 оны 06 дугаар сарын 21-ны байдлаар 13.814.037 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны Багануур салбарын нэхэмжилж буй 13.814.037 төгрөгийг бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 07 дугаар сард 1.500.000 төгрөг, 2016 оны 8-11 дүгээр саруудад сар бүр 2.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 2.314.037 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Отгондулам нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай банк хариуцагч Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нараас зээлийн төлбөр болох 13.814.037 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард 1.500.000 төгрөг, 2016 оны 8-11 дүгээр саруудад сар бүр 2.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 2.314.037 төгрөгийг хариуцагч нарын хүсэлтээр графикийн дагуу төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч мөн Хас банкны Багануур салбарын нэхэмжлэлд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Хас банкны Багануур салбар нь хариуцагч Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.814.037 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, 13.814.037 төгрөгийг 2016 оны 07 дугаар сард 1.500.000 төгрөг, 2016 оны 8-11 дүгээр саруудад сар бүр 2.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 2.314.037 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хас банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Боржигон овогт Буянбаатарын Сампил, Санга овогт Ганболдын Төр-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.814.037 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас татгалзаж хариуцагч нар нь 2016 оны 7 сард 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард 2.500.000 төгрөг, 9 дүгээр сард 2.500.000 төгрөг, 10 дугаар сард 2.500.000 төгрөг, 11 дүгээр сард 2.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар 2.314.037 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.020 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 113.510 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.Сампил, Г.Төр-Эрдэнэ нараас улсын тэмдэгтийн хураамжинд 113.510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА