Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00402

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11519 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******ын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах,

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний өмчлөлд бүртгэлтэй, БНСУ-д үйлдвэрлэгдсэн, Porter маркийн ******* улсын дугаартай, цагаан өнгийн, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгогдсон авто тээврийн хэрэгсэл өмчлөх гэрчилгээ бүхий автомашиныг гэх хүнд 6,150,000 төгрөгөөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г миний эзгүйд, гарын үсгийг минь дуурайлгасан байдалтай гэрээний үнэн зөв-ийг гэрчлэх үйлдлийн №2833 дугаарт бүртгэж гэрчилсэн. Гэрээний гарын үсэгт ******* гарын үсгийг зурсан, харин бүртгэлийн дэвтэрт н.Тулга гэж товчилсон байдлаар зурсан байдаг.

Уг автомашиныг би гэх хүний хадгалалтад түр хугацаагаар шилжүүлсэн байсныг ашиглаж бусдад худалдсан гэж ойлгож байгаа бөгөөд миний бие гэх худалдан авагч иргэнтэй автомашинаа худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулахаар огт тохиролцоо хийж байгаагүй бөгөөд огт уулзаж байгаагүй.

Нотариатч ******* нь дээрх үйлдлийг хууль бусаар хийхдээ, машинаа түр хадгалуулсан той танил, хувийн харилцаатай байдлаа ашиглан хууль зөрчсөн гэж ойлгож байна. Одоо тухайн тээврийн хэрэгсэл хэдэн хүний гар дамжиж хэдэн хүнд худалдагдсан болохыг мэдэх боломжгүй болсон. Үүнд хамгийн буруутай этгээд *******д холбогдуулан түүний хийсэн нотариатын үйлдлийг хүчингүйд болгуулах, өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг зөрчиж шилжүүлсэн хэлцлийн үр дагавар болох 6,150,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гарын үсэг болон машины зах зээлийн үнэ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Ингээд Криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурсан гарын үсэг ******* гарын үсэг тохирохгүй байна гэсэн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээчин 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар машин 9,500,000 төгрөгийн үнэтэй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр оос 12,800,000 төгрөгөөр худалдан авсан талаарх баримт буюу түүний өөрийнх нь бичиж өгсөн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан *******ын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Авто машин худалдах, худалдан авах гэрээ-г үнэн зөв хэмээн №2833 дугаарт гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах, хууль зөрчиж шилжүүлсэн хэлцлийн үр дагаврыг арилгуулах үүднээс, KMFZCS7HP5U067032 арлын дугаартай, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний үлдэх хагас 6,150,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Гэвч шүүх хуралдаанд машиныг худалдан авсан нь машины үнэ 6,360,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн учраас *******аас 6,150,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.

1.2. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх журмын талаарх 3 дугаар зүйлд Орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 40,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно. Төлбөрийг банкаар болон бэлнээр бүрэн төлж дуусгасан гэж бичсэн, нэмэлт нөхцөл болох 7 дугаар зүйлд Худалдан авагч байрыг бүрэн бүтэн хүлээж авсан гэж тусгасан нь бүгд бодит бус болно.

Энэ нь ******* миний бие банкаар болон бэлэн бусаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, харин гэрээг гэрчлүүлсний маргааш нь зээл утгаар 90,000,000 төгрөгийг өөр этгээдээс хүлээн авсан, тухайн орон сууцыг худалдах, тэр дундаа 40,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг огт байгаагүй, тухайн өдөр согтуу байсан. Түүнчлэн, ******* тухайн байрыг үзэж хүлээн авсан зүйл хэзээ ч болоогүй, одоо ч тухайн байр эзэмшилд байгаа зэрэг бусад нөхцөл байдлаар нотлогдох юм.

Тусгай мэргэжлийн шинжээч нар маш нарийн тооцож дүгнэлтийг гаргахдаа гарын үсгийн даралт, шүд, хурд зэргийг дэс дараалан бичиж байгаад бүртгэлийн дэвтэр дээрх болон гэрээний эх хувь дээрх гарын үсэг ******* гарын үсэг биш гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч н.Алимаа нь дүгнэлтийг авлига, хуйвалдах замаар гаргасан гэх мэдээллийг авсан гээд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт өмнөх дүгнэлтээс бүүр илүү нарийн гарсан байсан.

Үндсэн нөхцөл болох уг үйлдэл нь үл маргах шинжийг агуулаагүй, нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт заасан шаардлагыг зөрчиж гэрээг гэрчилсэн гэдэг нь тогтоогдож байна.

Зээлдэж авсан 90,000,000 төгрөгөөс 31,000,000 гаруй төгрөгийг ийн дансанд буцааж шилжүүлсэн байгаа бөгөөд үлдэх төлбөрийг төлнө, төлөхгүй гэж маргаагүй. Харин илт бодит бус хууль зөрчсөн нотариатчийн үйлдлээс болоод шударгаар хөрөнгө олж авах замаар биш, харин маргаантай байдлаар хөрөнгө олж авах нь буруу гэж хандаж байгаа юм. *******ын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үнэн зөв хэмээн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулснаар, иргэн ******* миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой.

*******-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээний тайлангаар 2016 оны 11 сарын байдлаар 257,500,000 төгрөг, 2021 оны 12 сарын байдлаар 323,761,700 төгрөг гэж үнэлсэн. Энэ үнэлгээнээс үзэхэд орон сууцыг гэрээнд 40,000,000 төгрөг гэж тусгасан боловч 90,000,000 төгрөгөөр худалдахгүй гэдэг нь тодорхой харагдана. Түүнээс гадна орон сууц болон авто машины төлбөрийг аваагүй байхад авто машины гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ бүгд өөр хүнд шилжсэн байдаг, уг нь төлбөрөө шилжүүлж байж нөгөө этгээдийн нэр дээр шилждэг гэж бодож байна. Гэтэл миний зүгээс дээрх 2 гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй байхад өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Миний бие орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед ******* ББСБ-аас зээл авах гэж байхад утсаар яриад бид хоёрын мөнгө бүтчихлээ, хүрээд ир гэсэн учир би орон сууцны гэрчилгээгээ аваад очсон. Зээл бүтсэн учир бид хамт архи уусан, энэ үедээ би гэрчилгээгээ өгсөн. Уг нь нотариатч архи уусан согтуу хүнд үйлчлэх ёсгүй. Иймд №221 тамганы дугаартай, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан *******ын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрээний үнэн зөв хэмээн гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2007 оны 03 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн нотариатч хийж байсан. Энэ хугацаанд ажиллаж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус гэрчилсэн байна. Миний бие нэхэмжлэлд дурдаад байгаа *******, , нарыг тухайн үед буюу 2016 онд, одоо ч танихгүй, үүнээс өмнө, түүнээс хойш ч гэсэн автомашины гэрээ хэлцэл хийж байгаагүй, тэдний гарын үсгийг дуурайлган зурж гэрээг гэрчилж байгаагүй, ингэх шаардлага ч надад байхгүй.

******* өөрөө гэдэг хүнд автомашин, бичиг баримтаа хадгалуулж, түүнд өгсөн юм бол болон ******* гэдэг 2 хүний хэн нь хулгай хийж авсан юм гэдгийг тодруулсны үндсэн дээр тэр хүнээсээ автомашиныхаа үнийг нэхэх нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл энэ гэрээг гэрчлүүлснээс хойш 6 жилийн дараа гэнэтхэн гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгож, мөнгө авна гэдэг ойлгомжгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Авто машин худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талд оролцсон, тэрээр худалдагчийн иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзэж хараад гэрээг гэрчлүүлсэн, гэрээнд тамга тэмдэг дарагдаад 2 хүн өөр өөр өнгийн балаар гарын үсэг зурсан, гэрээний ар талд үнэмлэх, тээврийн хэрэгслийн гол үзүүлэлт, 2004 онд үйлдвэрлэсэн гэх баримтыг хуулбарласан байдаг. Нотариатын үйлдэлтэй холбоотой гомдлыг 1 жилийн дотор гомдол гаргах байтал 5 жилийн дараа энэ асуудлын талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Уг шийдвэрээс үзэхэд ******* нь гарын үсэгний талаар огт маргаагүй, гагцхүү архи уусан байсан гэж маргасан байсан. Иргэний шүүх, Захиргааны шүүх, Цагдаа гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн байтал одоо болохоор нотариатч дээр очоогүй, гэрээ хийгээгүй гэх боловч түүнийг гэрээ байгуулахад байсан талаар түүнтэй хамт ирсэн хүмүүс гэрчлэн мэдүүлдэг. Нэхэмжлэлд дурдсан 2 гэрээний хувьд хуульд заасны дагуу талуудыг байлцуулсан, хүмүүс татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нотариатч дээр орж ирээд гэрээнийхээ үнийн дүнг бага хэмжээтэй байдлаар бичүүлэх сонирхолтой байдаг. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

******* миний бие *******ас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 байр, 6 тоот, 125 м.кв 3 өрөө байрыг худалдаж авсан. Үүний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн өдөр гэрээ байгуулахад ******* нь миний болон бусад хүмүүсийн нүдэн дээр өөрөө гэрээнд гарын үсэг зурсан, би ч мөн адил гарын үсгээ зурсан. Гэтэл ******* нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байр руу дайрч ороод одоог хүртэл тэр байрандаа амьдарч байна.

Бүх шатны шүүх бидний хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэлцэл болохыг тогтоосон. Гэтэл тэрээр үүнээс хойш 2020-2022 оны хооронд өмгөөлөгч, улсын бүртгэгч нарыг шүүхэд өгсөн, энэ бүх хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцсон. Дээрх гэрээг байгуулах үед ******* эрүүл, саруул, архи дарс уугаагүй байсан, өөрөө гэрээнд гарын үсэг зурсан, миний зүгээс худалдаа наймаа хийхдээ хүнээр заалгах, зөвлүүлэх шаардлага байхгүй. Би өмнөх өдрүүдэд байрыг үзээд, үнэ мөнгөө тохироод гэрээгээ нотариатчаар гэрчлүүлсэн. Гэрээ гэрчлүүлэх үед бидэнтэй хамт ******* эхнэр , миний төрсөн дүү нар байсан. Энэ гэрээ хэлцэл, улсын бүртгэлийг Иргэний болон Захиргааны шүүхийн шүүх шат шатандаа хянан үзэж, хүчин төгөлдөр байна гэж шийдсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* болон ******* нарын хооронд ямар харилцаа үүссэн гэдгийг тодорхойлж, үйл баримтыг тогтоосон. Ийнхүү тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.

Нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 90,000,000 төгрөгийн зээл авсан, одоо орон сууц 250,000,000 төгрөгийн үнэтэй болсон гэж тайлбарлаад байна. Гэвч нотариатчийн ямар үйл ажиллагаа хуулийг хэрхэн, яаж зөрчсөн гэдгийг тодорхойлохгүй байна. Иймд ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох, Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч *******ын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 611,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. *******ын дээрх хоёр нотариатын үйлдлүүдийн хувьд дараах хэлбэрээр Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсоныг шүүх зөв дүгнэн шийдвэрлээгүй, үйлдлийг хуульд нийцсэн гэж хүчинтэй хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч *******аас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №947 тоот албан бичгээр хариу өгөхдөө хавсарган ирүүлсэн баримтууд дотор, гэрээний үнэн зөвийн бүртгэлийн дэвтрийн холбогдох хэсгийг ирүүлсэн ба бүртгэлийн дэвтрийн 12,183 дугаарт иргэн ******* надаас иргэн *******ид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 125 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдсан гэх хэлцлийг гэрчилсэн хэсгийн үйлчлүүлэгч талуудын гарын үсгийн хэсэгт зурагдсан ******* бичвэр, гарын үсэг нь миний өөрийн гарын үсэг биш байгаа болох нь илэрсэн. Үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжээч дангаар болон дахин бүрэлдэхүүнтэйгээр тогтоож гэрээ болон бүртгэлийн дэвтэр дээрх гарын үсгүүд Н. Гантулгын гарын үсэг биш болохыг тогтоосон.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 42.4 дэх хэсэгт Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйл /Нотариатын бүртгэл/-ийн 26.3 дахь хэсэгт Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 3.6 дахь хэсэгт Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайллын хамт зуруулах-аар маш тодорхой хуульчлан тогтоосон, журмаар зохицуулсан байхад эдгээр шаардлага зөрчигдсөн болохыг тусгай мэдлэг бүхий шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоосныг үнэлээгүй.

Дээр дурдсан үндэслэлээс гадна, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний гол нөхцөл болох гэрээний үнэ, төлбөр төлөх журмын талаарх 3 дугаар зүйлд Орон сууцыг худалдагч тал худалдан авагч талд 40,000,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгасан байна. Төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно. Төлбөрийг банкаар болон бэлнээр бүрэн төлж дуусгасан гэж бичсэн, нэмэлт нөхцөл болох 7 дугаар зүйлд Худалдан авагч байрыг бүрэн бүтэн хүлээж авсан гэж тусгасан нь бүгд бодит бус болох нь банкаар болон бэлэн бусаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, харин гэрээг гэрчлүүлсний маргааш нь Зээл утгаар 90,000,000 төгрөгийг өөр бусад этгээдээс хүлээн авсан, тухайн орон сууцыг худалдах, тэр дундаа 40,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг огт байгаагүй, тухайн өдөр согтуу байсан, түүнчлэн ******* тухайн байрыг үзэж хүлээн авсан зүйл хэзээ ч болоогүй төдийгүй одоо ч тухайн байр эзэмшилд минь хамаарч байгаа зэрэг нь нотлогддог. Энэ тохиолдолд нотариатч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.2. Шүүх хуралдааны явцад тухайн үйлдлүүдийн хувьд удаа дараа хууль зөрчигдсөн байхыг үгүйсгэхгүй талаар илэрхийлсэн, хариуцагчийн өмгөөлөгч мөн нотариатын тухай хууль зөрчигдсөнийг үгүйсгэхгүй талаарх илэрхийлсэн зэргийг шүүх үнэлээгүй. Энэхүү нотариатын үйлдлүүд, тэдгээрийн дотор орон сууц шилжүүлэхтэй холбоотой нотариатын нэг л үйлдэлд хэд хэдэн ноцтой алдаа, зөрчил байгаа нь илэрч, ******* би хуульд заасан боломжит бүхий л нотолгооны хэрэгслээр шаардлагаа нотолж, олон жил шинжээчдийн дүгнэлтийг хүлээж, хүчин чармайлт гаргасаар ирсэн боловч нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж шууд үзсэнийг учир дутагдалтай шийдэл болсон гэж үзэж, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Автомашины үнийг нотариатчаас шаардах боломжгүй. 2002 оны 01 дүгээр сараас эхлэн энэ маргаан шинээр үүссэн. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох саналыг шүүхэд гаргасан. Мөн 3 этгээдийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Тухайн этгээдүүд нь хамт байсан, гарын үсэг зурсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ бус худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Үүнийг цагдаагийн байгууллагаас шалгасан. 2018 онд надаас 2 мэдүүлэг авсан, хорих талаар ярьж байсан. 3 гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. ******* ирж гарын үсэг зурсан болохыг мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш байна гэж дүгнэсэн. Дэвтэрт бүртгэл хийгдсэн. Гэрээнд талууд гарын үсэг зурсан. Өөрийнхөө өмчийг хэрхэн, яаж худалдах нь өмчлөгчийн асуудал, би хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй. Татвартай холбоотойгоор нотариат гэрчлэхээс татгалзах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь согтуу байсан гэж тайлбарладаг. Тухайн үед согтуурсан зүйл надад ажиглагдаагүй. Хөрөнгө анхдагч эх сурвалж учраас талуудын хооронд байгуулсан гэрээнд үндэслэсэн. Нотариатч нь талуудад эрх тэгш үйлчлэх ёстой. Би нотариатын үйлдлийг хуульд заасан журмын хийсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх нөхцөл байхгүй. Он, сар, өдрийн дарааллаар нь харахад 2019 оны 06 дугаар сард иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж 2021 оны 04 дүгээр сард дууссан. 2021 оны 12 сард Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сард шийдвэрлэж дууссан. 2022 оны 10 дугаар сард шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргаж 2023 оны 10 дугаар сард дууссан. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хянахгүй гэх тогтоолын дагуу уг маргаан үүссэн. Тухайн үеийн 90,000,000 төгрөгөөр худалдсан авсан. Одоо орон сууц үнэтэй болсон. Нэхэмжлэгч нь би гал голомтоо алдаж, хохирох гээд байна гэх шалтгаанаар эрх ашиг сонирхлоо тодорхойлж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэргийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

1.1. Нэхэмжлэгч нь Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт заасны дагуу тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулах, түүний эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, автомашин худалдах, худалдан авах гэрээг миний эзгүйд, гарын үсгийг дуурайлган бичсэн, архи уусан үедээ орон сууцыг худалдах зорилгогүй, зөвхөн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэж ойлгосон, гэрээн дэх гарын үсэг минийхтэй тохирохгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

1.2. Хариуцагч нь нотариатын үйлдлийг зохих хууль, зааврын дагуу хийсэн, гэрээний талуудыг оролцуулсан, холбогдох бичиг баримтыг нь шалгасны үндсэн дээр гэрээний үр дагаврыг тайлбарлан өгч дээрх гэрээг гэрчилсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

1.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхэд талууд оролцсон, гэрээний төлбөрийг зээл утгаар шилжүүлсэн, үүнийг нэхэмжлэгч хүлээн авсан, мөнгийг буцаан шилжүүлсэн үйл баримт байхгүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж хариуцагчийн тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч нь гарын үсэг зурагдсан эсэх асуудлаар шинжээчийг 2 удаа томилсон байна.

 

2.1. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 591 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх УБ. БЗДүүрэг, Нотариат *******. 221. ГЭРЭЭ, 2016.11.19, 2016.11.26 гэсэн хаягтай хавтаст материалын 168 гэж дугаарласан хуудсанд байх 2016.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдах авах гэрээ гэсэн баримтын Худалдагч гэсний ард зурагдсан байх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивд хадгалагдаж байх ******* гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх Бүртгэлийн Дэвтэр Гэрээ-49, БЗД, *******. 221. 2016.11.17, 2016.11.26 гэсэн хаягтай бүртгэлийн дэвтрийн 12'183 гэж дугаарласан Бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байх 2016.11.23-ны огноотой бүртгэлийн Гарын үсэг гэсэн баганад зурагдсан байх уншигдах бүтэцтэй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ******* гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирохгүй байна. Элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэжээ./1 хх 217-238/

 

2.2. Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч шүүгчийн захирамжаар шинжээчээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг томилсон байна.

 

2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1527 тоот шинжээчийн дүгнэлтээр ...Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх УБ. БЗДүүрэг, Нотариат *******. 221. ГЭРЭЭ, 2016.11.19, 2016.11.26 гэсэн хаягтай хавтаст материалын 168 гэж дугаарласан хуудсанд байх 2016.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдах авах гэрээ гэсэн баримтын Худалдагч гэсний ард зурагдсан гарын үсэг нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт байх 2016.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтын Худалдагч гэсний ард зурагдсан гарын үсэгтэй хоорондоо тохирч байна. Дээрх Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх 2016.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдах авах гэрээ, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй 2016.11.23-ны огноотой Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудын Худалдагч гэсний ард тус тус зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн болон УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивд хадгалагдаж байх ******* гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Монголын Нотариатчидын танхимын архивд хадгалагдаж байх Бүртгэлийн дэвтэр Гэрээ-49, БЗД, *******, 221, 2016.11.17, 2016.11.26 гэсэн хаягтай бүртгэлийн дэвтрийн 12'183 гэж дугаарласан Бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байх 2016.11.23-ны огноотой бүртгэлийн Гарын үсэг гэсэн баганад зурагдсан уншигдах бүтэцтэй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай элемент гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. /2хх 163-195/

 

2.3. Дээр дурдсан шинжээч томилсон шүүгчийн захирамжинд тавигдсан асуулт болон шинжээчийн дүгнэлтээс үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхээс дахин шинжээч томилох үндэслэл тогтоогдож байна. Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэхэмжлэгч оролцож гарын үсэг зурсан эсэх асуудлаар маргаж байх бөгөөд уг асуудлаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзэхээр байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болсон харьцуулах загварууд нь улсын бүртгэлийн баримт болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэгт үндэслэсэн байх бөгөөд тухайн гэрээ байгуулах цаг хугацааны чөлөөт болон харьцангуй чөлөөт загварын баримтуудад үндэслэж дүгнэлтийг гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй иргэний болон захиргааны хэрэг мөн түүнд холбогдох эрүүгийн хэргийн баримтуудаас харьцуулах загварууд хангалттай байж болохоор харагддаг.

 

Түүнчлэн, шинжээч томилсон шүүгчийн захирамжинд тавигдсан асуултууд ойлгомжгүй, тодорхой бус байх ба талуудын маргааны зүйл болсон орон сууц худалдах худалдан авах гэрээ болон уг гэрээг гэрчлэх үеийн нотариатчийн бүртгэлийн дэвтэрт худалдагч гарын үсэг зурсан эсэх асуудлаар шинжээч томилох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. Гэтэл, шүүхээс шинжээчид тавьсан асуултдаа улсын бүртгэлийн газарт болон нотариатын танхимд хадгалагдаж буй гэрээнүүдийн гарын үсэг хоорондоо тохирч байгаа эсэх асуулт тавьсан зэрэг нь шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй тодорхой бус гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 17 дугаар тогтоолд заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байна. Учир нь, нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаас гадна зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байна. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх гэсэн шаардлагыг тодруулах нь талуудын маргаанд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлоход ач холбогдолтой байхад шүүхээс үүнийг тодруулаагүй байна.

 

5. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

  ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ