Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2026/00003

 

 

 

 

 

 

 2026          01           19                                         226/МА2026/00003

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.О-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.З  /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Ж ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 321/ШШ2025/00739 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-д холбогдох “7,500,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.О-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь О-той 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ... улсын дугаар бүхий Hyundai robex 3000LC-7A маркийн экскаватор механизм 1 ширхэг, ... улсын дугаар бүхий Sem.655D маркийн 50Ковш 1 ширхгийг жолоочийн хамт автозамын ажил хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад Д аймгийн Ч суманд 50Ковш, экскаватор машинуудаа тээвэрлэж авчрах байсан боловч “би энд байгаа нэг машинтай ярьсан, 2 техникээ хамт ачаад явж болно. Төлбөр нь 5,000,000 төгрөг болох юм байна” гээд 2 удаа явж аваачихаар болсон. Ингээд эхний урьдчилгаа 2,500,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 19-нд шилжүүлсэн. Ковш 2025 оны 6 дугаар сарын 21-нд манай кемп дээр очсон. Үүний дараа экскаватор ачиж аваачих ёстой байсан. Гэтэл Г.О  экскаваторт жаахан сэлбэг авмаар байна. Урьдчилгаа өгөөч гээд байхаар нь 5,000,000 төгрөгийн урьдчилгааг 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Гэтэл экскаватор ачих гэж ярьсан машин ачихаа больчихлоо, өөр машин хайж байгаад ачуулъя гээд 2, 3 хоносон. Гэтэл гэнэт 2025 оны 6 дугаар сарын 25-ны шөнө манай байрлаж байсан кемпээс ковшоо мэдэгдэлгүй нууцаар ачиж аваад явсан байсан. Маргааш өглөө нь мэдээд Г.О-тай ярихад өчигдөр орой бид 02:11 цагт ковшоо ачаад явсан ажлаа хийхгүй гэрээгээ цуцална. Урьдчилгаанд өгсөн 7,500,000 төгрөгийг буцааж өгч чадахгүй гэсэн. Манай компанийн зүгээс ажил хийлгүүлэх гээд 2 техникийг жолоочийн хамт түрээслэхээр тохиролцсон боловч 1 техник нь очоод 4 хоносон. 2 жолооч, 1 техник нь ирээгүй, нөгөө техникээ 4 хонуулаад буцаагаад аваад явсан. Компанид их хэмжээний хохирол учруулж, замын нэг ч ажил, нэг ч өдөр хийгээгүй байж компанийг хохироосон тул хохироосон 7,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэв.

Хариуцагч Г.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б ХХК-тай 1ш экскаватор, 1ш ковш ажиллуулахаар түрээсийн гэрээ хийсэн. Техник ачуулсан зардлыг түрээслэгч компани даасан боловч ачих трейллэрээ явуулахгүй байсан учир би эндээс олж ачиж явуулсан. Ачсан трейллэр нь эргэн ирж экскаватор ачих ёстой байсан боловч зам хэцүү, үнэ бага гээд дахиж ачилт хийгээгүй. Энэ байдлыг тухайн компанийн ... дугаартай хүнд хэлсэн, өөрсдөө ачих трэйллэрээ явуулна гээд хугацаа өнгөрсөн. Ажлаа цаг тухайд нь эхлээгүй байж техник татаж гэрээ хийсэн хугацаанаас 10 хоног сул зогсоосон. Манай техникийг тухайн зам ангид очиход ямар ч ажил явагдаагүй түлшгүй гээд байж байсан. Биднээс шалтгаалаагүй байтал сул зогссон 10 хоногийн түрээсийг харилцан тохиролцохгүй, өгөхгүй гэж татгалзсан /...дугаартай захирал нь/. Иймд би техникээ татаж гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн. Ажлаа өөрсдөө явуулаагүй 10 хоног зогсоход нь надад 13.3 сая төгрөгийн хохирол учирсан. Техникээ авахаар 6 дугаар сарын 25-нд 02:10-04:00 цаг хүртэл байрлаж байгаа кемп дээр ковш засвар хийж, түлш хийж, техникээ асааж, хий хураан, гэрэл тусгаж 2 цаг болоход хэн ч гарч ирээгүй. Иймд би өөрийн хувийн өмч болох ковшийг өөрөөр нь авч явсан. Өдөр 12 цагийн үед Д  аймагт байхад төлөөлөх 3 залуу ирж уулзсан. Учир байдлыг хэлсэн, тохиролцоонд хүрэх гэж ... дугаартай хүнтэй ярьсан боловч зөвшилцөлд хүрээгүй...” гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Г.О-с 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.О  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Нэхэмжлэгч “Б” ХХК нь түрээсийн техникүүдийг өөрийн зардлаар тээвэрлэн Д аймагт зөөвөрлөх үүрэгтэй байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд хоёр тал маргаагүй. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ болон хэрэгт авагдсан баримтуудаар түрээсийн гэрээ 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан. Харин гэрээний хугацааг талууд 2025 оны 06 дугаар сарын 16-аас 2025 оны 07 дугаар сарын 16-ыг хүртэл 1 сарын хугацаатай байхаар тохиролцсон байсан. Эндээс 2025 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч тал буюу “Б” ХХК нь түрээсийн техникийг Х аймгийн төвөөс Д аймаг руу өөрсдийн зардлаар тээвэрлэх үүрэг хүлээсэн байсан нь нотлогдоно. Харин тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж үр шимийг хүртэх хугацаа нь 2025 оны 06 дугаар сарын 16-аас 2025 оны 07 дугаар сарын 16-ыг хүртэл 1 сарын хугацаатай байсан нь харагдаж байгаа. Гэвч Б ХХК нь өөрсдөө техникийг тээвэрлэн авч явах үүргээ биелүүлээгүй, удаашруулсан. Харин 50 ковш тээврийн хэрэгслийг авч явсан байсан.

Г.О-н зүгээс энэхүү техникүүдийг тээвэрлэж авч явах Б ХХК-ний үйл ажиллагаанд ямар нэг байдлаар гэрээгээ зөрчсөн, саад болсон зүйл байхгүй. Түрээслэх техникүүд гэрээний хугацаанд бэлэн байсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, гэрээ хүчин төгөлдөр байгаа. Анхан шатны шүүх дээр энэхүү түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно. Мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэсний дагуу талууд хугацааг "Гэрээ 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдаж, гэрээний үргэлжлэх хугацааг талууд 2025 оны 06 дугаар сарын 16-аас 2025 оны 07 дугаар 16-ыг хүртэл 1 сарын хугацаатай байхаар тохиролцсон" байсан. Энэ талаар талууд анхан шатны шүүх дээр маргаагүй. Нөгөө талаас гэрээнд заасан техник тээвэрлэх хугацааг сунгах, эсвэл техникийг тээвэрлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэх зэрэг асуудлыг урьд өмнө огт тавьж байгаагүй юм. Иргэний хуулийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ. 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилсан. Гэрээний агуулгаар тайлбарлавал 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл  техникийг тээвэрлэж авч явах, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаа эхлүүлэн, үр шимийг хүртэх үүргээ Б ХХК нь өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүй биелүүлээгүй. Техник тээвэрлэх машинтайгаа өөрсдөө үнэ хөлс тохиролцоогүй, тээвэрлэх машинаа өөрсдөө яаралтай олоогүй хайнга хандсанаас болж энэ хугацаагаа өөрсдөө хэтрүүлсэн.

...Дээрх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь Б ХХК юм. Иймээс Иргэний хуулийн 219.1, 222.4-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу Б ХХК нь хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгч Г.О нь учирсан хохирлоо шаардах эрхтэй. Гэтэл энэ харилцааг анхан шатны шүүх дүгнэхдээ "Иргэний хуулийн 318.1, 318.2 дахь заалтыг баримтлан ...тодруулбал түрээслүүлэгч түрээслэгчийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж түүний үр дүнд бий болсон үр шимийг хүртсэнээр түрээсийн гэрээний зорилго биелэгдэнэ.... түрээсийн гэрээний үр шимийг хүртээгүй байхад гэрээг цуцалсан нь үндэслэлгүй..." гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Учир нь дээрх тохиолдолд “Б” ХХК нь техникийг гэрээний хугацаандаа авч яваагүй удаашруулж, байнгын өдөр тутмын түрээсийн орлоготой эргэлтэнд байдаг техникүүдийг 2025 оны 06 дугаар сарын 14 -өөс 19-нийг хүртэл сул зогсоож, "техникүүдийг ачих машин Говиос ирж яваа гэж хэлж хүлээлгэж, мөн Г.О-н зуучилж өгсөн тээврийн хэрэгсэлтэй үнэ тохиролцохгүй" гэж хүндэтгэн үзэх шалтгаангүй удааж байсан. Харин энэ хугацаанд Г.О  нь нэгэнт “Б” ХХК-тай гэрээ байгуулчихсан, гэрээ байгуулсан өдрөөс техникүүд тус компанийн мэдэлд шилжсэн тул “Б” ХХК нь техникүүдийг хэзээ ч аваад явах боломжтой нөхцөлийг бүрдүүлчихсэн байсан тул техникийг Б ХХК-иас өөр газар түрээслэх боломжгүй байсан. Ийм байхад анхан шатны шүүх дээрх харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нарыг эсрэгээр дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 43.2.1. 196.1.2, 219.1, 222.4, 318.1, 318.2, 320.1, 206.1, 208.1-т заасан хуулийг хэрэглэх байтал 219.1, 318.1, 318.2 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж гомдол гаргасан болно.

Ингээд Б ХХК нь 50 ковш техникийг гэрээгээр тохиролцсон өөрийн зардлаар тээвэрлэх үүргийн дагуу трейллерт 2.500.000 төгрөгийг төлж Х аймгаас Д  аймагт 2025 оны 06 дугаар сарын 19-нд авчирсан. “Б“ ХХК нь дараагийн машиныг зөөвөрлөх талаар трейллэрийн жолоочтой үнэ хөлсөн дээрээ тохиролцож чадаагүй. Энэ нь хариуцагч Г.О-с хамааралтай, Г.О-н буруутай үйл ажиллагаа биш юм. 

Анхан шатны шүүхээс 2 тээврийн хэрэгслийг зөөвөрлөж түрээсийн гэрээний зорилгыг биелүүлж эхэлж амжаагүй байхад 6 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээний хугацааг шууд тоолж эхэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь нэгэнт талууд гэрээний хугацаагаа тохирчхоод гэрээгээ байгуулчихсан байхад хөндлөнгөөс ингэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189.1 гэрээний талууд гэрээний хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн гэрээний чөлөөт байдлын зарчимд халдсан хууль бус дүгнэлт болсон.

Анхан шатны шүүх "Авто машин түрээслэх гэрээний 5 дахь заалтад "замын ажил эхлэх үед түрээсийн машин, ажлын талбайд бэлэн байлгана. Энэ хугацааг талууд харилцан тохиролцоно гэж заажээ. Талууд энэ талаар харилцан тохиролцсон гэх нотлох баримт байхгүй" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

“Б” ХХК нь Д  аймгийн тухайн газарт угаасаа замын ажил явуулж байсан нь талуудын тайлбар, мөн хариуцагч Г.О , гэрч Г.Н  нарын мэдүүлэгт тодорхой авагдсан бөгөөд тухайн газарт замын ажил явуулж буй ажилчид бүхий камп, авто тээврийн хэрэгслүүд байсан байдаг. Мөн 2 техникийг Х  аймгаас Д  аймаг руу зөөвөрлөх үүрэг нь нэхэмжлэгч “Б” ХХК-ны өөрийн үүрэг байхаас гадна тухайн 50 ковш машиныг замын ажилд ашиглаагүй юм гэдгийг нотлох үүргийн дарааллын дагуу нэхэмжлэгч тал эхэлж нотолж чадаагүй. Учир нь гэрч Г.Н-н "...50 ковшийг түлхүүртэй нь хамт авч үлдсэн бөгөөд... намайг явахад машин барих жолооч байгаа гэж хэлж байсан... машин анх аваачсан байрнаас хөдөлсөн байсан..." гэсэн мэдүүлгээс үзэхэд машиныг ашигласан гэдэг нь нотлогдож байна. Мөн гэрч Г.Н  нь “Б” ХХК-ны хүмүүс нь намайг очсон өдөр "түлшгүй" гэдэг зүйлийг ярьж байсан. Түрээсийн гэрээний 4.3-т түрээслэгч түрээсийн техникийг түлшээр хангана... гэсэн бөгөөд түлшгүй гэж техникийг ажиллуулахгүй гэсэн бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Анхан шатны шүүх "Түрээслэгч буюу хариуцагч тал гэрээнээс татгалзан 50ковш машиныг буцааж авч явсан, түрээслүүлэгчийн эд хөрөнгийг ажлын талбайд авчирсан хэдий ч гэрээгээр тохиролцсон ажилд зориулалтын дагуу ашиглаагүй, үр шимийг хүртэж эхлээгүй байхад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд түрээслүүлэгч гэрээг дуусгавар болгосноо мэдэгдэж буцаан авч явсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг тул нэхэмжлэгчээс урьдчилгаанд төлсөн 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэв" гэсэн дүгнэлт нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй болсон.

Гэрээнд талууд нэгэнт "гэрээ үргэлжлэх хугацаа"-гаа тохиролцоод гарын үсгээ зурчихсан. Энэ хугацаандаа техникийг ашиглах нь “Б” ХХК-ны өөрийн үндсэн үүрэг байсан бөгөөд энэ хугацаанд “Б” ХХК нь гэрээний зорилгоо биелүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүрэгт Г.О-н зүгээс саад хийсэн нэг ч зүйл байхгүй. Гэвч энэ үүргээ Б ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй. Энэ үүргийг биелүүлээгүйд Г.О-н ямар ч буруутай ажиллагаа байхгүй. Г.О-н зүгээс “Б” ХХК-г "миний техникийг хэзээ ашиглаж, хэзээ үр шимээ хүртэж эхлэх нь вэ" гэж хараад хүлээгээд суугаад байх боломжгүй. Гэрээ бол гэрээ, гэрээний хугацаа бол хугацаа юм.

Харин Б ХХК нь Г.О-н 1 техникийг авч явчхаад ашиглаж байсан нөгөө техникийг авч явна гэж "Говиос ачих трейллэр ирж байгаа, замдаа саатсан байна, эсвэл трейллэр арай гэж зараас олоод өгөхөөр үнэтэй байна гэх мэт шалтаг тоочиж, дараагийн техникийг авч явахгүй байсаар Г.О-н итгэлийг эвдэж, өдөр өдрөөр орлого олж байх ёстой бизнесийн үйл ажиллагаа хариуцлагагүй түрээслэгч нарын хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж олон хоног саатаж хохирол амссан.

Хэрвээ техник өөр хариуцлагатай газарт түрээслэгдсэн бол өдөр бүр орлогоо олоод Г.О-н бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байсан. Техникүүд хэвийн үйл ажиллагаатай, байнга түрээслэгддэг талаарх баримтыг шүүхэд өгсөн байгаа. Иймд Г.О  нь хохирол хүлээгээд байсан учраас 2025.06.26-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлээ явуулж техникээ ирж очихын 900-аад км газраас өөрийн зардлаар авчирсан. Энэ тохиолдолд “Б” ХХК нь үүрэг гүйцэтгэгч, Г.О  нь үүрэг гүйцэтгүүлэгч юм.

Иргэний хуулийн 219.1-д ...үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй... гэсний дагуу Г.О  нь гэрээг цуцалж, хохирлоо арилгуулахаар “Б” ХХК-д мэдэгдэл явуулж байсан. Тухайн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг компанийн эрх бүхий хүмүүс хүлээн авсан бөгөөд гэрээг цуцлах тал дээр тухайн үед ямар ч маргаан үүсээгүй нь гэрээг цуцлагдаж байна гэдгийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн гэсэн утга бүхий ойлголт төрүүлж байна.

Мөн иргэний эрх зүйн талуудын чөлөөт зарчим, талууд өөрсдийн хүсэл зоригоо өөрсдөө тодорхойлдог зарчмын үүднээс гэрээг байгуулагдахад талууд өөрсдөө тодорхойлдог шиг цуцлах, татгалзах асуудлыг өөрсдөө тодорхойлно. Энэ зарчмын дагуу Г.О нь тухайн гэрээг дуусгавар болгож буй үйлдлээ "гэрээг цуцална" гэж тодорхойлж мэдэгдэл явуулсан. Харин “Б” нь шүүхээс өмнөх шатанд "гэрээнээс татгалзаж буйгаа" огт илэрхийлээгүй . Ийм нотлох баримт байхгүй. Учир нь Иргэний хуулийн 205.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ гэж хуульчилсан бөгөөд одоог хүртэл “Б” нь гэрээнээс татгалзаж буйгаа Г.О-д мэдэгдсэн зүйл байхгүй Зөвхөн шүүх хурал дээр л ярьсан байтал шүүх “Б” ХХК-г гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт юм.

Нөгөө талаас гэрээнээс татгалзах нь байгуулагдсан гэрээ огт биелэгдээгүй, талуудын хооронд харилцан шаардлагаа тооцох үүрэг үүсээгүй байх тохиолдолд ихэвчлэн хэрэглэгддэг. Харин талуудын хооронд гэрээ байгуулагдсан, техник тээвэрлэгдэж зардал гарсан, техник нь “Б“ ХХК-ны эзэмшилд олон хоносон, 1 техник нь “Б” ХХК-аас болж олон хоног сул зогссон гэх зэрэг харилцан шаардлагаа тооцох олон асуудал байсаар байхад "гэрээг цуцлаагүй татгалзсан тул өгсөн авсан буцаагдана" гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт огт үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаан дээр 50 ковшийг тээвэрлэсэн тээврийн зардлыг Золжаргал гэдэг хүн Г.О  руу шилжүүлж. Г.О  тэр даруйд нь ковшийг ачиж явсан трейллэрийн жолооч руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Үүнийг гэрч Г.Н, нэхэмжлэгч, хариуцагч тал нотлон мэдүүлсэн. Дээрх тайлбараар ковш тээвэрлэсэн тээврийн хөлс 2.500.000 төгрөг нь Б ХХК-х биш З  гэдэг хүнийх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байдаг.

Хэрвээ тухайн компани нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзвэл З-н өмнөөс энэхүү мөнгийг нэхэмжлэх бүрэн эрхтэй этгээд болох өмчлөгч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгээ шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байхад Анхан шатны шүүх "зөвшөөрөл олгох тухай" тушаал байгаа тул нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан дээр З  өмгөөлөгч "тухайн төлбөрийг “Б” ХХК-ны мөнгө биш миний мөнгө" гэж тайлбарласан тайлбарыг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Анхан шатны шүүх "гэрээнээс татгалзсан тул өгсөн авснаа буцаадаг тул...” гэж тайлбарлаж 7.500.000 төгрөгийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй. Хэрвээ энэ зарчмын дагуу буцааж буй бол энэ мөнгийг Г.О  бус У гэдэг трейллэрийн жолооч авсан байгаа. 2.500.000 төгрөгийг хэн авсан бэ гэдэг дээр хэрэгт авагдсан баримтуудаар н. У гэдэг хүний данс руу шууд шилжсэн байгаа нь нотлогддог тул дээрх дүгнэлт үндэслэлгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээр дурдсан хугацаагаар үргэлжилсний дараа цуцлагдсан тул талууд харилцан шаардлагаа тооцох нь зүйтэй бөгөөд гэрээнд заасны дагуу 50 ковшийн 1 хоногийн түрээс 500000 төгрөг бөгөөд уг техник дээр гэрээний харилцаа 10 хоног үргэлжилсэн тул урьдчилгаанд төлсөн 5000000 төгрөгийг уг гэрээний 10 хоногийн хохиролд тооцуулан харилцан шаардлагаа тооцуулах саналтай байна.

Харин ковшийг тээвэрлэсний төлбөр 2.500.000 төгрөгийг трейллерийн жолооч У  нь авсан, тус жолооч нь нэгэнт “Б” ХХК-ны өмнө "900 км газарт машиныг өөрийн трейллэрээрээ тээвэрлэж өгөх үүргээ биелүүлсэн, уг үүргээ биелүүлснийхээ төлөө төлбөрийг тохиролцсон ёсоор авсан" тул Г.О уг төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй.

Нөгөө талаас энэ төлбөрийг төлөх үүрэг нь Б ХХК-ны үүрэг байсан, үүнийгээ “Б” ХХК нь биелүүлсэн, машин Д  аймагт тээвэрлэгдэн очсоноор энэ үүрэг нэгэнт биелэгдчихсэн тул “Б” ХХК нь буцаан шаардах эрхгүй. Нөгөө талаас гэрээ цуцлагдсанаас үүдэж Г.О-н өдөр бүр түрээслэгдэж орлого олдог техникүүд “Б” ХХК -аас болж орлогоо олж чадаагүй, “Б” ХХК-ны авч явсан техникийг Г.О  нь Д  аймгаас Х  аймаг руу авчрах гэж трейллэр хөлсөлсөн, өөрийн унаж явсан жижиг машиндаа болон авчирч буй техниктээ түлш тос засвар хийх зэрэг бүх зардлыг өөрөөсөө гаргаж маш их хохирсныг дурдаж  байна. Иймд талуудын шаардлагуудыг харилцан тооцож, Г.О-г “Б” ХХК-д төлөх төлбөргүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гомдлын ерөнхий үндэслэл нь нэгдүгээрт анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг эсрэгээр нь буруу тодорхойлсон. Шүүх “Б” ХХК-ийг техникийг авч явах ёстой байсан гэж тодорхойлоод энэ нь нотлогдож байна  гэж үзсэн мөртлөө гэрээний зорилгоо биелүүлээгүй гэж дүгнэсэн. Г.О  гэрээг дуусгавар болгоод техникээ авч явсан байна гэж дүгнэсэн мөртлөө энэ бол татгалзал байна гэж дүгнэсэн. Эдгээр үндэслэлүүдээр гомдол гаргасан.

Талуудын хооронд гэрээг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай байгуулахаар тохиролцсон. Энэ гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргаагүй. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэрээ байгаа. Энэ гэрээг байгуулсан агуулгын хүрээнд дүгнэвэл 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн он, сартай гэрээ байгаа. 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 хоногт “Б” ХХК өөрсдийн зардлаар Х  аймгаас Д  аймаг руу тээвэрлэж авч явах үүрэгтэй. Эхлээд ковшийг авч явсан. Дараагийн машин техникийг тээвэрлэх машинтай үнэ хөлсөө тохиролцоогүй гэдэг шалтгаанаар удаашруулаад авч яваагүй байсан.

Зуны цагт уурхай, замын үйл ажиллагаанууд явагддаг. Энэ улиралд Г.О  гэх хүний хувийн бизнес хэрэгждэг. Өдөр хоногоор техникүүд нь түрээслэгдэж орлогоо олдог ид ажлынх нь үе байсан. Энэ үеэр “Б” ХХК гэрээ байгуулаад гэрээгээ өөрсдөө хүндэтгэн үзэх шалтгаангүй биелүүлээгүй. Гэтэл үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь заалтыг баримтлан түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, түүний үр дүнд бий болсон үр шимийг хүртсэнээр зорилго биелэгдэнэ. Харин энэ зорилго биелэгдээгүй гэж дүгнэсэн.

“Б” ХХК нь техникийг гэрээний хугацаандаа авч яваагүй, удаашруулж байнгын өдөр тутмын түрээсийн орлоготой эргэлтэд байдаг техникүүдийг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл сул зогсоож, техникийг ачих машин говиос ирж байгаа гэж хэлж хүлээлгэж, мөн Г.О-н зуучилж өгсөн тээврийн хэрэгсэлтэй үнэ тохиролцохгүй гэж хүндэтгэн үзэх шалтгаангүй удааж байсан. Харин энэ хугацаанд Г.О нь “Б” ХХК-тай гэрээ байгуулчихсан, гэрээ байгуулсан өдрөөс техник нь тус компанийн мэдэлд шилжсэн, “Б” ХХК хэзээ ч авч явах боломжийг бүрдүүлчихсэн, аймгийн төв дээр бэлэн байж байсан.

Анхан шатны шүүх 2 тээврийн хэрэгслийг зөөж явах үүргийг манай талд байгаа мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн. Практик дээр техникийг байгаа газраас нь түрээсэлж байгаа тал зөөж тээвэрлэж явдаг. Энэ үүрэг дээр талууд маргаагүй байхад шүүх дүгнэсэн нь буруу байна.

Мөн гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэсэн мөртлөө татгалзсан гэж дүгнээд байгаа нь агуулгын хувьд эргэлзээтэй дүгнэлтийг хийсэн байгаа. Дуусгавар болгоно гэдэг нь гэрээ хэрэгжээд аль нэг шаардлагаа тооцоод дуусгавар болохыг хэлж байгаа. Татгалзана гэдэг нь гэрээ биелэгдээгүй байхад аль нэг талын санаачилгаар татгалзах мэдэгдлээ өгөхийг хэлдэг. Ийм татгалзлыг анхан шатны шүүх хуралдаан дээр аль ч талаас гаргаагүй. Энэ татгалзлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хэлбэрээр хэрэгжүүлээгүй. Бичиг эсвэл аман хэлбэрээр мэдэгдэл өгөөд тэр мэдэгдэлдээ хугацаа заагаад хугацаан дотроо татгалзах юм уу яах юм гэдэг зүйлээ хийгээгүй.

Ийм байхад татгалзсан гэж дүгнэсэн ...татгалзсанаас үүссэн үр дагаврыг шийдэж ...өгсөн, авсан нь буцаагдана гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн манай талаас гэрээг цуцалсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэгэнт гэрээний хугацаа үргэлжлээд үр шимийг нь хүртчихсэн. Нэг тээврийн хэрэгсэл очоод олон хоносон байдаг. Үүнийг гэрч Н  мэдүүлэхдээ “тухайн техникийг түлхүүртэй нь өгөөд явсан. Түлхүүр тавьсан байрнаасаа хөдөлсөн байсан” зэргээс тэр хугацаанд техникийг ашигласан байдаг нь нотлогддог.

Тэгэхээр техникийг ашиглах нөхцөл нь бүрдсэн байсан. Ийм байхад ашигласан эсэх тал дээр ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл шүүх өөрийн санаачилгаараа ашиглаагүй, үр шимийг нь хүртээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэвэл нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч тал эхлээд техник ашиглаагүй гэдгээ нотлох ёстой байтал нотлогдоогүй байхад шүүх санаачилгаараа энэ гэрээ хэрэгжээгүй, зорилго биелэгдээгүй, ашиглагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

2,500,000 төгрөгийн тээврийн зардлыг манайхыг авсан гэж үзээд үнийг манайхаас гаргуулахаар татгалзлыг шийдвэрлэсэн нь буруу байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсан Г.О-н дансны хуулгаар 2,500,000 төгрөг Г.О-н данс руу ороод У  гэх жолоочийн данс руу шилжүүлээд У  цааш нь хэрэглэсэн асуудал байгаа. Нэгэнт Х  аймгийн төвөөс Д  аймаг руу авч явах тээвэрлэх зардал, тээвэрлэлтээ өөрөө хариуцах үүрэгтэй байсан. Өөрөө 2,500,000 төгрөгөө ч төлөөд техникээ аваачсан байсан. Техник өөрийнх нь мэдэлд олон хоносон байсан. Ийм тохиолдолд 2,500,000 төгрөгийг буцааж авах хууль зүйн үндэслэл байхгүй байхад шүүх 2,500,000 төгрөгийг аваагүй байхад буцааж гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Манай тал гэрээ хэрэгжээд биелэгдээд явж байтал “Б” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүй үүргийн зөрчлөөс үүсээд цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Гэрээ цуцлах мэдэгдлээ албан ёсоор “Б” ХХК-ийн мэйл хаяг руу явуулсан боловч ямар ч хариу ирүүлээгүй учраас зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Шүүх хуралдаан дээр мэдээгүй гэж ярьдаг. Мэдээгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн үедээ техникийг авч явсан, гэрээ цуцлах болсныг мэдээгүй бол энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн байх ёстой. Ийм маргаан үүсээгүй. Олон сарын дараа “Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ маргаан үүссэн. Тухайн үед гэрээ цуцлагдсаныг “Б” ХХК хүлээн зөвшөөрсөн байдаг.

Одоо талуудын хооронд урьд нь төлсөн өгсөн, авсан мөнгөө яах уу гэдэг маргаан үүссэн. Гэрээ цуцлагдсан талаар маргаан үүсээгүй. Харин мөнгөө яах уу гэдэг талаар маргаан үүссэн гэж ойлгож байгаа. Энэ талаар шүүх дүгнэхдээ татгалзсан гэж дүгнэж манайхаас гаргуулж шийдвэрлэсэн. Манайх гэрээ цуцлагдсан гэж маргаж байгаа. Гэрээ цуцлагдсанаас үүдэлтэй үр дагаврыг шийдэхдээ тухайн үеийнхээ үүргийг харилцан тооцоод, хэдэн хоног техник ашигласан, тэр нь хэдэн төгрөг байсан, аль талын буруутай үйл ажиллагаа болсон гэдгийг дүгнэх нь ач холбогдолтой байтал шүүх өөр харилцааг дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Ингээд хоорондын үүргээ харилцан тохиролцоход Г.О-н техник байсан хоног, “Б” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж авч яваагүй хоног буюу 10 хоногийн түрээс нь  өгсөн 5,000,000 төгрөгтэйгөө дүйцэж байгаа.  2,500,000 төгрөг “Б” ХХК-ийн техникийн зардлаа төлсөн үүрэг байсан учраас  буцааж манайхаас нэхэмжлэхгүй. Ийм учраас талуудын шаардлагуудыг харилцан тооцож Г.О  нь “Б” ХХК-д төлбөргүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 751.1-д зааснаар тусгай журмаар хянан шийдвэрлэгдэнэ. Мөн хуулийн 752.3-д заасан хугацаа хэтэрсэн. 7511.2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд энэ талаар тодорхой тусгасан байгаа. Тухайлбал тогтоолын тайлбар хэсгийн 2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийг тодорхой тайлбарласан. Үүнд гардаж авсан өдрөөс хойш гэдгийг “шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаанд шийдвэр, магадлалыг хүлээж авсан бол тухайн өдрөөс, хүлээж аваагүй бол 119 дүгээр зүйлийн 119.4-д заасан хугацаа өнгөрснөөс хойш тоолно” гэж хуулийг хэрэглэнэ. Мөн “Шүүхийн шийдвэр, магадлалыг нэг талд буюу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж гардаж авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно” гэж заасан байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахтай холбогдож шийдвэр хэзээ гарсан, хариуцагч, түүний өмгөөлөгч хэзээ гардаж авсан талаар лавлахад 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр албажиж гарсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан. Хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гардаж авчээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д “тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Энэ хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д заасан давж заалдах гомдол гаргаагүй гэж үзнэ. Мөн хуулийн 120.3-д заасан хүсэлт гаргаагүй. Иймд Хэнтий аймгийн аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 321/ШШ2025/00739 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа.

Гэсэн хэдий ч хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй талаар тайлбар хэлье. Хариуцагч 7 үндэслэлээр гомдол гаргажээ. Энэ үндэслэл бүрийг няцаах тайлбар хэлье.

Нэгдүгээрт: түрээсийн гэрээг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэсэн гомдол гаргаж байна. Гэтэл болсон үйл явдал, баримтаар бол түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээний саналаа манай компани Г.О-н дүү Н гэдэг хүнд утсаар ярьж байгаад өгсөн. Өөрөөр хэлбэл анх 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Г.О-н дүү Н  гэдэг хүн манай компани дээр ирээд 2 техникийг түрээсэлье гэж ярьдаг. Тус гэрээний саналтай Г.О  танилцаад өөрөө Хэнтий аймагт байгаа учраас хотод очиж байгаад гарын үсэг зуръя гээд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай компани дээр ирж уулзаад гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь гар утсаны мессежинд хийсэн үзлэгээр тогтоогдоно.

Үндсэн гэрээний хугацаа намар хүртэл үргэлжлэх байсан. Гэхдээ 1 сараар сунгаад явъя гэж 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г.О-тай гарын үсэг зурж батлаагүй ч гэсэн тохиролцсон. Гэрээ урьдчилан тохиролцож байгаа асуудал бөгөөд бодит байдал дээр нөхцөл байдал өөр байсан. Анх 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай компани Г.О-н дүү Н  ирэхэд тухайн 2 техник нь О , А  гэдэг хүний нэр дээр байсан учраас “энэ хүмүүстэй гэрээ хийнэ. Чамтай гэрээ хийхгүй. Хэрвээ гэрээ хийх бол хууль ёсны дагуу итгэмжлэлээ авчир” гэж хэлсэн.  

Тэгэхэд О , А  нар нь эхнэр, нөхөр болж таарсан. Тэгээд итгэмжлэлээ авчир, гэрээгээ хийе гээд Н-д гэрээний төслийг өгч явуулсан. Гэрээнд заасан нотариатын итгэмжлэлийн огнооноос гэрээ хийсэн бодит огноог тогтоох боломжтой. Манай талаас гэрээг тухайн өдрөөр буюу 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн огноотой төсөл явуулсан байна. Г.О  2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Бид ажлаа түргэн шуурхай явуулах үүрэгтэй тулд өмнөх өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тээврийн зардлаа урьдчилж төлсөн. Иймд хариуцагчийн “гэрээг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан” гэсэн тайлбар няцаагдаж байна.

Хоёрдугаарт: хариуцагч гомдолдоо “нэхэмжлэгч 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэн авч явах үүрэгтэй. 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тээвэрлэх боломжтой байсан” гэж дурдсан. Гэрээний төсөл дээр тийм хугацаа байсан нь үнэн. Гэхдээ гэрээний 2.5-д “ажил эхлэх хугацааг талууд хоорондоо тохиролцоно” гэж заасан. Энэ заалтын агуулга ажил эхлэх өдрөөс түрээсийн хоног тооцох зохицуулалт. Анх гэрээнд зааснаар 2025 оны 06 дугаар сарын 14-ны өдөр О, А  нар гэрээ байгуулаад 2 хоногийн дотор техникээ Д  аймагт аваачаад ажлаа эхлүүлээд явсан бол 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээг тоолох хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Гэтэл болж өнгөрсөн үйл баримт, бодит фактууд гэрээний төсөлд зааснаар болоогүй.

Харин тээвэрлэлтийн хувьд анх гэрээ байгуулахад Н-д “манайх тээвэрлэлт хийгээд Дорнод аймаг руу явж байгаа. Хэд хоног хүлээх юм байна” гэж хэлэхэд Н  “танай тээвэрлэлтийг хүлээж байхаар би нэг хүн олоод өгөх үү” гээд нэг хүн олж өгсөн. Тэр хүнтэй нь утсаар яриад үнэ ханш дээрээ тохиролцвол болно гэж хэлсэн. Манайх Г.О-н 2 техникийг 4,500,000 төгрөгөөр авч ирэх боломжтой байсан. Н-н олж өгсөн жолооч 5 сая төгрөгөөр 2 техникийг Х  аймгаас Д  аймаг руу авчирна гэж хэлсэн. Тэгээд 2 техникийг зэрэг авчрах юм байх гээд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаарх баримт огноо, цаг, минуттайгаа хавтаст хэрэгт байгаа.

Гэтэл мөнгө шилжүүлсний дараа 2 техникийг ачих боломжгүй боллоо. 1 техникийг нь авч явъя. Эргэж ирээд нэгийг нь ачъя гэхээр нь болж байвал хамаагүй гэж хэлсэн. Ингээд маргааш гарна гэдэг. Өөрөөр хэлбэл 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгаас гараад 2025 оны 06 дугаар сарын 21-ны өдөр манай ажил дээр ковшоо буулгасан. 2025 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Г.О  над руу залгаад “манай техник очсон. Одоо Экскаватороо ачихаас өмнө урьдчилгаа мөнгөө өгөөч” гэж хэлсэн. Миний хувьд 2 техникийг ажлын талбай дээр очсон өдөр урьдчилгаа төлбөрөө өгнө гэж тохиролцсон. Тийм учраас боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд манай нэг техник очсон. Экскаватор ачихад бусад эд анги шаардлагатай байна гэж шалаад байсан учраас 5,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн.

Ингээд 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр явахаа больчихлоо гэж ярьдаг. Яагаад явахаа больчихов оо гэсэн чинь “жолооч зам муу байна. 5,000,000 төгрөг багадаад байна. Би явахаа болилоо” гэдэг. Ингээд Г.О-тай ярилцаад өөр техник олохоор болсон. Энэ хугацаанд Г.О  хугацаа алдаад байна. Сул зогсолтын мөнгөө яах вэ гэж ярьсан. Тэгэхээр нь ажлын талбай дээр 2 техник очсоны дараа төлбөр яригдана гэж хэлсэн. Энэ нь 2025 оны 06 дугаар сарын 23-25-ны хооронд болсон үйл явдал.

Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 25-ны өглөө 7 цагийн үед кемп дээр байдаг ажилтан над руу яриад кемп дээр байсан ковш алга боллоо гэж ярьсан. Тэгээд бөөн асуудал болоод цагдаа дуудах уу гээд байж байсан. Тэгээд Г.О-тай ярьсан чинь та нар сул зогсолтын мөнгө өгөхгүй гэсэн учраас ковшоо аваад явсан гэж хэлсэн. Ингээд Г.О-тай уулзахад бид нар гэрээгээ цуцалж байна гэж хэлсэн. Та нар гэрээнд зааснаар 7 хоногийн өмнө мэдэгдэл өгч цуцлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу гэрээгээ цуцална гэж хэлсэн Тэгэхэд тоогоогүй. Ковшоо аваад явсан.

Мөн түлхүүрээ үлдээсэн гэдэг зүйл ярьдаг. Хэрвээ түлхүүрээ үлдээсэн бол ачиж явахдаа түлхүүрээ авах байсан. Тэгэхээр түлхүүрээ үлдээгээгүй. Иймд ашигласан гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Гэрээнд заасан үйл баримтыг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлээ зөв тайлбарласан гэж үзэж байгаа.

Гуравдугаарт: шүүх 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс гэрээг тоолж байгаа нь үндэслэлгүй гэж гомдол гаргасан байна. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй. Энэ байдал нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш тул буцааж төлөх үүрэгтэй. Иймд урьдчилгаанд авсан 5,000,000 төгрөгийг буцааж авах эрхтэй. Хариуцагчийн гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний гол зорилго бол тухайн 2 техникийг ажил хийлгүүлэх байсан. Хариуцагчийн өөрийнх нь дуудсан гэрчийн мэдүүлэгт дурдагдсан байгаа.  Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д “хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадаагүй.

Дөрөвдүгээрт: хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр над руу яриад манай талаас гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдсэн. Гэрээний саналтай Г.О уншиж танилцаад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан. Энэ үед хариуцагчид “танайх тоног төхөөрөмжөө ажлын талбай дээр аваачсан даруйд хөрөнгө шилжүүлсэнд тооцож тэр өдрөөс төлбөр бодогдоно” гэж хэлж тайлбарласан. Ер нь уул уурхайн аж ахуйн нэгжид энэ бол тогтсон жишиг. Үүнийг хариуцагчийн гаргаж өгсөн бусад компанийн гэрээнээс харж болно. Өөрөөр хэлбэл тухайн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх хугацааг гэрээний хугацаанд оруулж тооцдоггүй. 1 техникээ 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр аваачиж тавиад 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр буцаагаад авч явсан байдаг.

Энэ бол Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох хуулийн заалттай. Ийм учраас гэрээг цуцлах үндэслэл болохгүй.

Тавдугаарт: агуулгын хувьд 2, 3 дахь гомдолтой адил бөгөөд түүнд хэлсэн тайлбартай адил байгаа. Г.О-н  техникүүд хэвийн ажиллах боломжтой мэтээр гомдол гаргасан байна. Гэтэл хоёр техникээс нэг техник нь ажлын талбайд ирсэн. 1 техник, 2 жолооч ажлын талбайд ирээгүй. Тухайн техникийг ажиллуулж хүлээж авсан зүйл байхгүй. Түлхүүр хүлээлгэж өгсөн гэдэг худал мэдүүлэг байна.

Ер нь асуулт хариултын үед ч Г.О  худал мэдүүлэх, мэлзэх тайлбаруудыг хэлж байсан. Тухайлбал 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анх манай компани дээр ирсэн үү? гэж асуухад мэдэхгүй гэж хариулж мэлзсэн. Танай техник ажлын талбай дээр хэзээ очсон бэ? гэж асуухад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэж худал мэдүүлсэн. Худал мэдүүлсэн нь гэрчийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдоно.

Зургаадугаарт: тээврийн зардал 2,500,000 төгрөгийг компанийнх биш З  гэдэг хүнийх учраас компанид төлөх үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. “Б” ХХК болон Г.О  нарын хооронд үүссэн харилцаа. “Б” ХХК-ийн захирлын тушаалаар түрээсийн тоног төхөөрөмж санхүүжилтийг гаргах шийдвэр байсан. Миний хувьд энэ мөнгийг хууль ёсны дагуу Б ХХК-д олгоно. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ огт гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй байх үед үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан байгаа.

Хариуцагч нь өөрөө дур мэдэн гэрээг зөрчиж, ажил хийх ёстой байсан тоног төхөөрөмжийг буцаан авч явснаар манай компанид их хэмжээний хохирол учирсан. Манай компани зөвхөн тээвэрлэлтийн зардлаа нэхэмжилсэн болохоос бусад цаг хугацааны алдагдал, нэмэлт олох ашиг орлогыг огт нэхэмжлээгүй.

Долоодугаарт: түрээсийн техник ковшийг 1 сарын 15,000,000 төгрөгөөр, Экскаваторыг 25,000,000 төгрөг, жолоочийн хамт гэж бодогдсон. Гэрээний 2.5 болон зогсонги нөхцөл байдалд 10 хоног гэж хариуцагчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй. Техникээ 2025 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрийн хооронд 4 хоног байлгасан бөгөөд жолоочгүй байсан. Гол нь техникээр нэг ч ажил хийгээгүй бөгөөд хариуцагч гэрээнээс татгалзсан тул энэ төлбөрийг төлөх нь үндэслэлтэй. Хариуцагч гэрээнээс татгалзсан учраас өгсөн авснаа буцаах гэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцэж байгаа тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч Г.О  нь “...нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгийг төлөхгүй, өөрт учирсан хохирлыг энэ компаниас нэхэмжилнэ...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Г.О-с 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Г.О-тай 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Автомашин түрээслэх” гэрээ байгуулан 50ковш, экскаваторт хоёрыг түрээслүүлэхээр тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан болох нь автомашин түрээслэх гэрээ /хавтаст хэргийн 18-20 дахь тал/, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй байна.

Харин гэрээний хугацаа, түрээсийн төлбөр төлөх нөхцөл, гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан эсэх талаар зохигчид тус тусын тайлбар, саналаа гаргаж талууд мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх тэдний санал тус бүрд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тухайлбал: Гэрээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай байна гэж гэрээндээ тусгасан боловч тус гэрээний 2.5 дахь хэсэгт “...Замын ажил эхлэх үед түрээсийн машин, тоног төхөөрөмжийг ажлын талбайд бэлэн байлгана, энэ хугацааг талууд тохиролцоно...” гэж заасан нь хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, гэрээг хэдий үеэс хэрэгжиж эхэлсэн гэж үзэх, ямар нөхцөлд түрээсийн төлбөрийг тооцож эхлэх зэрэг нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, зохигчдын хооронд байгуулагдсан Автомашин түрээслэх гэрээний 1.2 дахь заалтад “...Энэхүү гэрээгээр Д  аймгийн Ч сумын 3-р багт хийгдэж буй ...замын далан, бутлуурын ажил гүйцэтгэх зорилгоор түрээсэлж байна...” гэж тусгаснаас дүгнэхэд түрээсэлж байгаа автомашин, механизмуудыг гэрээнд заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж түрээслэгч “Б” ХХК-ны эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үеэс буюу энэ хугацааг талууд харилцан тохиролцохоор гэрээнд тусгасан гэж үзэхээр байна.

Хариуцагч тал “...Б ХХК нь түрээсийн техникийг Х  аймгийн төвөөс Д  аймаг руу өөрсдийн зардлаар тээвэрлэх үүрэг хүлээсэн байсан нь нотлогдоно. Харин тухайн тээврийн хэрэгслийг түрээсэлж үр шимийг хүртэх хугацаа нь 2025 оны 06 дугаар сарын 16-аас 2025 оны 07 дугаар сарын 16-ыг хүртэл 1 сарын хугацаатай байсан...” гэж тайлбарлах боловч яг 2025 оны 06 дугаар сарын 16-аас эхлэн түрээсийн төлбөр бодогдож эхлэх талаар нөгөө талтайгаа тохиролцоогүй, хэрэгт цугларсан баримтуудаар тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрээний нэг тал болох хариуцагч тал нэхэмжлэгч талын тээвэрлэн авч очсон тээврийн хэрэгслийг нөгөө талдаа мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ...тодорхой эд хөрөнгө шилжүүлэх...” үүргээ зөрчсөний улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон ба анхан шатны шүүх хариуцагч талыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 201.1-д “...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж заасан тул түрээсийн төлбөрийн урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “...Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй...” гэсэн заалтын дагуу 50ковшийг тээвэрлүүлсний зардал 2,500,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн хариуцагч “...гэрээнд заасны дагуу 50 ковшийн 1 хоногийн түрээс 500000 төгрөг бөгөөд уг техник дээр гэрээний харилцаа 10 хоног үргэлжилсэн тул урьдчилгаанд төлсөн 5000000 төгрөгийг уг гэрээний 10 хоногийн хохиролд тооцуулан харилцан шаардлагаа тооцуулах саналтай байна...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд нотлох үүргээ биелүүлж чадаагүй тул гомдлыг хангах үндэслэлгүй юм

Гомдолд дурдагдсан бусад асуудлуудын талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч талыг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар тайлбар гаргасан ба хэргийг нэгэнт хэлэлцэж эхэлсэн тул тухайн тайлбар саналд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймд хариуцагч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 321/ШШ2025/00739 дугаартай шийдвэрт хууль хэрэглээтэй холбоотой зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 321/ШШ2025/00739 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Г.О-с 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1,  205 дугаар зүйлийн 201.1,  227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О-с 7,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Г.О-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511. 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.