Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 226/МА2026/00004

 

 

 

 

 

 

  2026          01           19                                         226/МА2026/00004

 

 

 

 

“М.Ц-н нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.У-д холбогдох

 иргэний хэргийн талаар

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,  

Нэхэмжлэгч: М.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хариуцагч: Н.У,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 321/ШШ2025/00754 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-д холбогдох “Ажлын хөлсний үлдэгдэл 7,000,000 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэл болон тайлбартаа: “...Миний бие 2002 оноос хойш Х сумын ... дугаар баг, ... дугаар гудамжны 05 тоотод барилга байгууламжийн нимгэн төмөр хийцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Х сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух Н.У нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х сумын 1 дүгээр багт шинээр баригдах үйлчилгээний төвийн барилгын агааржуулалтын, салхивчны ажил байна. та хамтарч ажиллаач гэсэн санал тавьсны дагуу тухайн барилгатай танилцаж шаардагдах материал, ажлын хөлсний тооцоо гаргаж 14,000,000 төгрөгөөр хийхээр хоорондоо аман гэрээгээр ярилцаж тохиролцсон.

Ажлын хөлсний талаар ярилцаж тохиролцохдоо урьдчилгаа 80 хувийг Н.У  миний данс руу шилжүүлэх нөхцөлтэй аман гэрээгээр ярьж тохиролцсон байсан боловч шилжүүлэхдээ 50 хувийг шилжүүлсэн. Би Н.У-с яагаад 80 хувийг шилжүүлнэ гэж ярьж тохиролцчихоод 50 хувийг нь шилжүүлж байгаа юм гэж асуухад одоогоор 80 хувийг нь шилжүүлэх боломжгүй байна. Харин ажлаа хийж дууссаны хойно 50 хувийг нь шилжүүлэн аваарай гэсэн.

Н.У  нь урьдчилгаа болгож Хаан банк дахь өөрийн нэр дээрх ... тоот данснаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг, Голомт банк ХК дахь “Х” ХХК-ийн эзэмшдэг ... тоот данснаас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөгийг М.Ц  миний данс руу шилжүүлсэн. Ажлаа бүрэн хийж дууссаны дараа үлдэгдэл 7,000,000 төгрөгийг Н.У-с 5 удаа утсаар ярьж, 1 удаа биеэр очиж уулзсан боловч Н.У  нь миний мөнгийг огт өгөхгүй хүндрэл учруулж байна. Иймд Н.У-с ажлын хөлсний үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Н.У  шүүхэд гаргасан тайлбартаа:  “...Миний бие 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн “Б” ХХК-ийг төлөөлж Б.Г-тай 700,000,000 төгрөгөөр агуулах болон үйлчилгээний зориулалттай барилгыг 100 хувь гүйцэтгэн ашиглалтад оруулан түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Уг барилгыг бариулахад тохирсон үнийн дүн болох 700,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж өгсөн ба Б.Г-н дансанд 450,000,000 төгрөгийг, 250,000,000 төгрөгийг туслан гүйцэтгэж байгаа О.Г-н дансанд шилжүүлж дуусгасан ба дансны хуулгыг хавсаргав. 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 100 хувь барилгаа дуусгаж, хүлээлгэж  өгөөгүй байгаа болно. Тэгэхээр барилгатай холбоотой бүх зардлыг гүйцэтгэгч болох “Б” ХХК-ийн захирал Б.Г  гэдэг хүн хариуцах ёстой.

Ц гэх залууг агааржуулалтын ажил хийдэг гэж дам сонсон ба би ... дугаараар холбогдоход Ц ирж уулзсан. Үнийн саналаа өг гэхэд маргааш нь 14,000,000 төгрөг гэж хэлэхэд гүйцэтгэгч компани зөвшөөрч ажлаа хийхээр болсон. Миний зүгээс гүйцэтгэгч компанийг хурдан шуурхай ажлаа эхлүүлж богино хугацаанд дуусгуулахыг шаардсан. Гэтэл ажлаа эхлүүлэх болоход урьдчилгаа авах ба  материалаа татах шаардлагатай байна гэж Ц хэлсэн тул би очсон. Гүйцэтгэгч компани тухайн үед мөнгө байхгүй байгаагаа надад хэлж түр зуур намайг Ц-д өгч байхыг гуйсан. Тэгэхээр би хурдан ажлыг нь эхлүүлж дуусах шаардлагатай байсан болохоор зөвшөөрч өөрөөсөө өгсөн.

Энэ агааржуулалтын ажилд өгсөн надаас зээлсэн урьдчилгаа мөнгө болох 7.000.000 төгрөгийг "Б" ХХК-н захирал Б.Г нь надаас авсан бас бус өртэйгөө нийлүүлээд миний данс руу шилжүүлж өгсөн. Уг ажлыг зүс таних хүн, дээрээс нь Хэнтий аймгийнхаа нэг ч болов хүнд ажилтай орлоготой ажлын байртай байг гэсэн үүднээс миний зүгээс татгалзах зүйлгүй саналыг нь дэмжиж урьдчилгаа мөнгийг хүртэл түр зууртаа өөрөөсөө өгч байсан юм.

Агааржуулалтын ажил хийсэн Ц гэгч нь надтай хоёр удаа ирж уулзсан ба гүйцэтгэгч компаниас үлдэгдэл мөнгөө авах гэсэн юм хэлээд өгөөч гэхээр нь би утсаар холбогдож хэлж өгсөн. Болдын Гантулга нь Хэнтий аймагт ирсэн үед нь би Ц-той утсаар холбогдож мөнгөө авсан уу гэхэд аваагүй байгаагаа хэлэхэд нь Хэнтийд ирсэн байгаа очиж уулзаач гээд байгаа газрыг нь хүртэл зааж өгөөд явуулсан. Би Б.Г-тай уулзах гээд очиход Ц тэнд бас ажил хийгээд байж байсан. Тэгэхээр нь өр авлагаа тохироод өгөлцөж авсан гэж би ойлгосон.

Гэтэл надтай 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс шүүгчийн туслах холбогдож нэхэмжлэл ирсэн тухай мэдэгдсэн. Маргааш нь буюу 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүх дээр надад ирсэн нэхэмжлэлтэй танилцаад энэ асуудлыг мэдсэн. Гэтэл надтай гэрээ байгуулж намайг төлөх мэтээр илтэд худал гүтгэсэнд гайхаж байна. Уг нэхэмжлэлтэй танилцсаны дараа Б.Гантулгатай 99114547 гэх дугаараар нь холбогдон тодруулахад ажлаа гүйцэт хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд Ц-той ... дугаар руу нь залгахад ерөөсөө дуудлагыг нь авахгүй холбогдож чадахгүй байгаа гэсэн. Ажлаа дуусгаад хүлээлгээд өгчихвөл үлдэгдлийг төлөхөд бэлэн байгаа гэсэн тайлбар хэлсэн болно. Иймээс энэ нэхэмжилсэн 7,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба гүйцэтгэгч компанийн захирал Б.Г-тай холбоотой асуудал гэж үзэж байна...” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-д холбогдох 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Т  нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...М.Ц нь “Б” ХХК-тай буюу хуулийн этгээдтэй "Ажил гүйцэтгэх гэрээ"-г огт байгуулаагүй.  Хариуцагч Н.У-тай анх Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Н.У-н өөрийнх нь санал болгосноор өөрийнхөө хувийн материалаар захиалагч Н.У-н ажил гүйцэтгүүлэхээр санал болгосон аман гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч Н.У  нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс болох 14.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. 

Мөн хариуцагч Н.У нь хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...Цоомоо гэх залууг агааржуулалтын ажил хийдэг гэж дам сонссон ба би ... дугаараар холбогдоход Ц ирж уулзсан. Үнийн саналаа өг гэхэд маргааш нь 14.000.000 төгрөг гэж хэлэхэд гүйцэтгэгч компани зөвшөөрч ажлаа хийхээр болсон. Миний зүгээс гүйцэтгэгч компанийг хурдан шуурхай ажлаа эхлүүлж богино хугацаанд дуусгуулахыг шаардсан. Гэтэл ажлаа эхлүүлэх болоход урьдчилгаа авах ба материалаа татах шаардлагатай байна гэж Ц хэлсэн тул би очсон. Гүйцэтгэгч компани тухайн үед мөнгө байхгүй байгаагаа надад хэлж түр зуур намайг Ц-д өгч байхыг гуйсан. Тэгэхээр нь би хурдан ажлыг нь эхлүүлж дуусах шаардлагатай байсан болохоор зөвшөөрч өөрөөсөө өгсөн...” гэж анх нэхэмжлэгч М.Ц-тай ажил гүйцэтгүүлэх санал тавьсан, захиалагч Н.У  нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс болох 14.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээж ажил гүйцэтгүүлэхээр аман гэрээ байгуулсан болохыгоо нотолсон байдаг.

Хариуцагч Н.У  нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ... дугаартай данснаас "Салхивч Ц урьдчилгаа" гэх гүйлгээний утгатай 4.000.000 төгрөг, ... дугаартай данснаас "Агааржуулалт ажлын хөлс  хаанаас 150.000 “Х” ХХК гэх утгатай 3.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Ц-н эзэмшлийн хаан банк дахь ...дансанд шилжүүлсэн болохыг нотолсон ХААН банкны дансны хуулгыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган өгсөн нь хариуцагч Н.У-н гэм буруутай, бусдаар ажил гүйцэтгүүлчхээд  ажлын хөлсийг нь төлөх үүргээсээ олон сар жилээр татгалзаж, нэхэмжлэгч М.Ц-г хохироож байгаа нь давхар нотлогдож байна.

Хариуцагч Н.У  нь нэхэмжлэгч М.Ц-г ... дугаарын гар утсаар нь дуудан авчирч “Б” ХХК-ны Х сумын ... дүгээр багт шинээр баригдаж байгаа үйлчилгээний төвийн барилгын агааржуулалт, салхивчны ажлыг, ажлын хөлсийг нь өөрөө төлөхөөр  тохирч, нэхэмжлэгч М.Ц-н өөрийнх нь хувийнх нь материалаар  бүх ажлыг нь хийлгүүлчхээд  ...мэдэн будилж санаатайгаар өөрөөсөө зайлуулах гэж мэлзэж, булзаж байна.

... Нэхэмжлэгч М.Ц  нь хариуцагч Н.У-н урьдчилгаа ажлын хөлс болох 7.000.000 төгрөгийг нь дансаараа хүлээн авсан учраас дээрх барилгын ажилд М. Ц-н зүгээс 2.976.000 төгрөгийн агааржуулалт, салхивчны материалыг хувиасаа гарган Н.У-н хий гэсэн бүх ажлыг нь хийж гүйцэтгэж дуусгасан байдаг. Мөн агааржуулалт, салхивчийг ажиллуулан хэвийн ажиллаж байгаа болохыг нь Н.У-д хэлж, танилцуулж, ажлаа хийгээд бүрэн дууссан учраас хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгье гэж хэлэхэд ...Н.У  ажлыг нь хүлээн авахаас татгалзаж огт хүлээн аваагүй олон хоног сар болсон байдаг. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт  тодорхой хэлж шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны үеийн бичлэгт баримтжуулагдсан байгаа.

...Нэхэмжлэгч М.Ц  нь өөрийн хариуцсан ажлаа 100 хувь бүрэн хийж дуусгасан болохыгоо фото зурагнуудаар баримтжуулсан тул нэхэмжлэлдээ хавсарган өгсөн.  Хариуцагч Н.У  нь нэхэмжлэгч М.Ц-г агааржуулалт, салхивчаа хийж гүйцэтгэж байх явцад нь өөрөө чиглэл өгч энэ агааржуулалтын төмөр хоолойг яг энэ хэсгээр нь хий гэж зааварчилж хийлгэсэн мөртлөө шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч М.Ц-н хийсэн ажил нь шаардлага хангахгүй, буруу хийсэн гэж илтэд гүтгэсэн...

Нэхэмжлэгч М.Ц  нь “Б” ХХК буюу хуулийн этгээдтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, харин "Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээсэн, үүнийгээ баталж өөрийнхөө данснаас нэхэмжлэгчийн данс руу нь 7.000.000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлчхээд   үлдэгдэл 7.000.000 төгрөгийг нь төлөхгүй, бусдыг хохироогоод байгаа хариуцагч Н.У-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад бүрэн хийж дуусгасан ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй хариуцагчийг өөгшүүлж, түүнд ашигтай байдал бий болгож илтэд нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Бүх ажлыг бүрэн хийж дуусгасан болохыг фото зургаар харуулж нотолсон бөгөөд иргэний хэргийн материалд авагдсан байгаа, энгийн нүдээр харахад тодорхой харагдаж байгаа. Иймд нэхэмжлэгч М.Ц-н хариуцагч Н.У-д холбогдуулан гаргасан 7.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгч тусална уу...” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгч нь хамгийн анх хариуцагч Н.У  гэж хүн дуудаад салхивчны ажил хийдэг юм байна ийм ажил хийх үү гэдэг санал тавихаар нь хийе гээд тохиролцсон. Ажлын хөлсөө бол өөрөө 14 сая төгрөгөөр хийе гэхэд нь Н.У  хийлгэе гэж тохиролцоод 7 сая төгрөгийг ...авсан байгаа.

М.Ц-н хувьд хариуцагчтай бичгийн гэрээ байгуулъя гэхэд нь хариуцагч 14-хөн сая төгрөгийн ажил юм чинь хэн хэнийгээ танихгүй биш бичгийн гэрээгээр яах вэ ажлаа хийгээд эхлүүлье, түргэн шуурхай хийж гүйцэтгэх хэрэгтэй байгаа талаараа хэлж байсан. Тэгээд бичгийн гэрээгүйгээр ажлаа хийхдээ манай хүн өөрөөс хамаг материалаа гаргаад хийчихдэг. Тэгтэл энэ асуудалд 1 дүгээрт ажил гүйцэтгэх бичгийн гэрээгүй, 2 дугаарт ажлаа хүлээлгэж өгье, тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байна аа гэхэд нь хариуцагч өөрөө үзэж харсан мөртөө би бол хүлээж авах ёсгүй, компанийн захирал хүлээж авна гэж хэлээд манай үйлчлүүлэгч мөнгөө  авч чадахгүй, дээрээс нь давхар материалын зардлаар хохироод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд Хөсөгтөн нүүдэл компанийн захирал Б.Г-тай уулзахад ажил гүйцэтгэх ямар нэгэн аман болон бичгийн гэрээ байгуулаагүй, тэр хүний зүгээс ажлын хөлс өгөхөөр тохироогүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр “Х” гэдэг компани өгнө гээд байгаа боловч одоо Б.Г гэдэг хүн албан бичгээр юм уу манай үйлчлүүлэгчид ямар нэгэн байдлаар үлдэгдэл 7 сая төгрөгийг өгнө гэсэн юу ч байхгүй байгаа учраас манай үйлчлүүлэгч материалаа хувиасаа гаргаад ажлаа хийчихсэн болохоор ажлын хөлсний үлдэгдэл 7 сая төгрөгийг хариуцагч Н.У-с авах ёстой, “Х” компанийн захиралтай ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэдэг ийм байдлаар эс зөвшөөрч гомдол гаргасан...” гэв.

Нэхэмжлэгч М.Ц  давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Надад нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Н.У  ...худалдаа үйлчилгээний төвийг ...Г  гэх захиралтай “Б” гэдэг компаниар бариулсан. 700 гаран сая төгрөгийн санхүүжилтийг нөгөө талд шилжүүлээд ажил эхлээд явж байсан. Ингэх явцдаа “Б”-иас барилгын агааржуулалт, салхивч хийж өгөх хүн олж өгөөч гэхээр нь хариуцагч өөрөө М.Ц-тай ...уулзаад ...санал тавьтал хийе гэхээр нь компанийнхаа инженер болон тухайн үед барилгын ажил хариуцаж байсан хүмүүстэй уулзуулж ...ажлаа танилцуулсан. Та нар надад урьдчилгаа өгөөрэй ажлаа эхлүүлж байя гэсэн. Гэтэл тэр компани өнөөдөр манайх мөнгөгүй байна та ажлаа хурдан эхлүүлэхийн тулд энэ хүндээ 7 сая төгрөгийг өгчих мөнгө ороод ирэнгүүт тань руу буцаагаад 7 сая төгрөгийг чинь өгчихье. Үлдэгдэл 7 сая төгрөгийг нь ажлаа хүлээж авсан хойноо өгнөө гээд энэ М.Ц-аар ажлаа хийлгэжээ.

М.Ц  ажлаа бүрэн гүйцэт хийж хүлээлгэн өгөөд нөгөө компаниас үлдэгдэл мөнгөө авах ёстой байсан. Одоо энэ нэхэж байгаа мөнгө нь нөгөө Г  захирал өөртэй нь уулзаж өгөх ёстой байсан боловч нэг дутуу ажил байсан. Тэрийгээ гүйцээж хийлгээд өгье гэдэг зүйл ярьсан. Мөнгөө нэхээд компанийн захирал, ажил хариуцсан инженертэй уулзах гээд очиход нь нисэхийн барилга гээд ахиад өөр ажил хийж байхад нь 1 өдөр ч юм уу 2 өдөр ч юм уу ажлаас нь хийлцээд байж байхыг нь энэ хүн харсан байна.  

Нөгөө “Б” компани нь барилгаа Н.У-д хүлээлгэн өгөх ёстой байсан боловч нөгөө салхивчны ажлаас болоод хүлээж авч амжаагүй өнөөдрийг хүртэл байж байгаа. Гэтэл М.Ц  маань “Б” компанийн туслан гүйцэтгэгчээр орсон, Н.У-тай гэрээ хийгээгүй. Ажил хариуцаж байсан улсуудтай уулзаж аман хэлцэл хийсэн байгаа. Манай талаас бол урьдчилгаа төлсөн энэ мөнгөө нөгөө компаниас авчихсан. 10 хэдэн сая төгрөг шилжүүлсэн баримт нь хэрэгт хавсаргасан байгаа.

Тухайн үед захирлыг нь дуудаж гэрчээр байцаалгая, М.Ц-ын хийсэн ажлынх нь талаар яриулъя, мөнгө төгрөг өгөх нь үнэн үү гэдэг талаар нотлох баримт шаардсан боловч энэ захирал маань гадаадад явчихаад бид нар бичиг сачигаа авч чадаагүй байсан. ...хариуцагчаа буруу сонгож заргалдаад байна. Нэхэмжлэгчийн хувьд ажлын хөлсөө нэхэх эрхтэй, ажил гүйцэтгэсэн. Гэхдээ дутуу ажил байгаа гэдгийг нөгөө компанийн улсууд ч, Н.У  ч тайлбарладаг. Тэрийгээ хийж дуусахаар ажлынх нь хөлсийг гүйцээж байж өгнө гэдэг асуудал ярьдаг.

...мөнгө өгсөн болохоор Н.У-г хариуцагч болгоод нэхэж байна. Тэгээд анхан шатны шүүх бол шийдвэр гаргахдаа аман хэлцэл хэлбэрээр байгаа юм байна. Гэхдээ ажлаа гүйцээж өгч байж ажлын хөлсөө авах хуулийн заалт байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2-т заасан үе шаттайгаар ажлаа гүйцээж хүлээлгэн өгөөд үлдэгдлээ авах ёстой. Энэ талаарх юмнуудаа нотлоогүй буюу хэрэгт энэ талаар нотлох баримт байгаагүй учраас нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Нотолж чадаагүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас бидний хувьд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч, анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Хариуцагч Н.У  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...4 сая, 3 сая төгрөг гэдэг дээр нэмж тайлбар хэлье. “Б” компани маань болохоор Хэнтий аймагт Нисэхийн барилгыг барьсан компани байгаа юм. Эднийх маань гэрээ нь дуусах гээд ажлаа хүлээлгэж өгөх гээд ажлаа шахаад бүх мөнгөө тийшээ оруулсан гээд намайг түрүүлээд төлж байгаач  гэж гуйсан юм.

Энэ хүн маань болохоор урьдчилгаа өгөхгүй бол ажлаа эхлэхгүй гээд байна гээд инженер нь ч надтай тэгж уулзсан, захирал нь ч надтай тэгж ярьсан. Би болохоор өөрийнхөө барилгыг 2 сарын дотор хүлээж авна гээд эхэлсэн одоо 2 жил болж байна. Барилгаа хүлээж авч чадаагүй л байна. Би түлхүүр гардаж авахаар тохироод нөгөө компани руу 700 сая төгрөгөө шилжүүлчихсэн байж байдаг, нөгөө компани ажлаа хийх болсон энэ хүнтэй тохирсон байж байдаг. Энэ хүн бол манай ахын хамаатны ах юм байгаа юм. Тэгээд би аймгийнхаа нэг хүнийг ажилтай болгоё, таньдаг хүн арай ойр юм гээд холбож өгсөн. Яриад байгаа 14 сая төгрөгийг ч би тохироогүй, нөгөө компанитайгаа тохирсон байхгүй юу. Тэгээд яахав 7 сая төгрөгийг ийм байдлаар намайг төлөөч гэсэн. Ажил нь явахгүй болохоор нь барилгаа хурдан хүлээж авахын тулд өөрөөсөө мөнгө гаргаад явсан. Надаас гарсан зардлаа бол буцаагаад авсан баримтаа гаргаж өгсөн байгаа. Энэ хүн маань эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явсан байж байгаад сая л нэг юм арай чүү гэж гаргуулж аваад байна. Энэ талаарх баримтыг хавсаргасан байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Т  нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч М.Ц  нь хариуцагч Н.У-д холбогдууланАжлын хөлсний үлдэгдэл 7,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Н.У  нь “...Гүйцэтгэгч тал болох “Б” ХХК-ийн надаас түр Ц-т 7,000,000 төгрөг шилжүүлж бай гэж гуйсны дагуу шилжүүлсэн. Тухайн мөнгөө буцаагаад авсан. Ажлын хөлсний үлдэгдэл 7,000,000 төгрөгийг М.Ц  нь гүйцэтгэгч компанийн захирал Б.Г-тай холбогдож авах ёстой...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэж: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-д холбогдох 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ц  нь хариуцагч Н.У-тай барилгын агааржуулалт, салхивчны ажлыг 14,000,000 төгрөгөөр хийхээр амаар тохиролцож, Н.У  нь урьдчилгаа 7,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн ... тоот данс болон Голомт банк дахь “Х” ХХК-ийн эзэмшдэг ... тоот данснаас шилжүүлсэн үйл баримт банкны дансны хуулгууд, гэрэл зураг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Н.У  “...Гүйцэтгэгч компани тухайн үед мөнгө байхгүй байгаагаа надад хэлж түр зуур намайг Цоомоод өгч байхыг гуйсан. ...надтай гэрээ байгуулж намайг төлөх мэтээр илтэд худал гүтгэсэнд гайхаж байна. ...Б.Г-тай ...холбогдон тодруулахад ажлаа гүйцэт хүлээлгэж өгөөгүй байгаа ...гэсэн. ...энэ нэхэмжилсэн 7,000,000 төгрөг ...гүйцэтгэгч компанийн захирал Б.Г-тай холбоотой асуудал...” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч тал уг тайлбарыг зөвшөөрөөгүй, Б.Г  нь нэхэмжлэгч талтай хэлцэл хийсэн талаар хариуцагч нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй буюу хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж зөв тодорхойлсон боловч гэрээний талуудын гүйцэтгэсэн үүргийн талаар дүгнэхдээ тэдний гаргасан нотлох баримтуудад тулгуурлаагүй үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал ажлаа гүйцэтгэсэн талаар гэрэл зураг болон тайлбар гаргасан бөгөөд хариуцагч тал түүнийг няцаан үгүйсгэсэн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, хэрэгт ирүүлсэн баримтуудаар хариуцагчийн татгалзал нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч М.Ц , түүний өмгөөлөгч Б.Т  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У-с 7,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц  олгосугай.” гэсэн, 2 дахь заалтад “...хариуцагч Н.У-с 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгосугай....” гэсэн агуулга бүхий өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нарын давж заалдсан гомдлыг хангасан тул тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц, түүний өмгөөлөгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 321/ШШ2025/00754 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтад “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ц-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.У-д холбогдох 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.У-с 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Ц олгосугай.” гэж,

 

2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 (нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 (нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У-с 126,950 (нэг зуун хорин есөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц-т олгосугай....” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 (нэг зуун хорин зургаа мянга есөн  зуун тавь) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.