| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1592 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1592
2019 10 18 2019/ШЦТ/1539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.О холбогдох эрүүгийн 1906 05075 1945 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа гоо сайханч ажилтай, ам бүл 3, ээж хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , С.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” караоке пабад зөөгч Ц.Номин-Эрдэнэтэй маргалдаж, түүний нүүрэнд маажиж, үснээс нь зулгааж, цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-20/,
гэрч С.Ганбаярын мэдүүлэг /хх-21/, гэрч Д.Цогт-Эрдэнийн мэдүүлэг /хх-20/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №9992 дугаартай дүгнэлт /хх-23/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.О өгсөн мэдүүлэг /хх-31/, шүүгдэгч С.О ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” караоке пабад зөөгч Ц.Номин-Эрдэнэтэй маргалдаж, түүний нүүрэнд маажиж, үснээс нь зулгааж, цохиж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Номин-Эрдэнийн өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Топ” караокед зөөгчөөр ажиллаж байх үед уг караокены 1 номерын өрөөнд үйлчлүүлж байсан 2 эрэгтэй 2 эмэгтэй тооцооны асуудлаас болж маргаан үүсгэсэн. Цог-Эрдэнэ гэх эрэгтэй намайг элдэв үгээр хэлж, доромжилж намайг түлхсэн. Түүнтэй хамт явж байсан С.О миний нүүрийг 2-3 удаа самардсан. Миний үснээс зулгааж, цохиж өшиглөсөн. Миний хэвлий рүү өшиглөсөн. Миний нүүр энд тэндгүй маажуулсан шархтай болж сар гарантай ураг маань зулбасан. ...Миний биед учруулсан гэмтлийг С.О учруулсан...” /хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ганбаярын өгсөн: “...Манай караокены 1 номерт үйлчлүүлж байсан 2 эрэгтэй 2 эмэгтэй тооцооны асуудлаас болж маргаан үүсгэсэн. Гэхдээ нэг өндөр шар залуу манай зөөгч Номин-Эрдэнэтэй маргалдсан. Би шаардлага тавьсан чинь тэр залуу текний араар орж ирснээс миний гар руу өшиглөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд түүнийг түлхсэн. Номин-Эрдэнэ болиоч гэхэд түүн рүү бас хэл амаар дайрсан. Тэр залуу намайг шилийг чинь хага цохино шүү гэж заналхийлж байсан. ...Нэг номерын өрөөнд үйлчлүүлж байсан эмэгтэй гаднаас орж ирээд юу болсон юм яасан юм гэхээр нь болсон явдлыг хэлтэл тэр эмэгтэй учир зүггүй орилоод Номин-Эрдэнийн нэг эрэгтэй найз руу дайраад байснаа сүүлдээ Номин-Эрдэнэ рүү дайрч зууралдаад дараа нь харилцан үсдэлцэж эхэлсэн. Номин-Эрдэнэ харилцан үсдэлцэж байснаа түрүүлээд тавьсан. Гэтэл нөгөө эмэгтэй нь тавихгүй зуураад байсан. Тэгээд би Номин-Эрдэнийн хоёр найзтай хамт салгасан. ...С.О зүгээр харагдаж байсан. Номин-Эрдэнийн нүүрэн хэсэгт 2-3 газар маажуулсан шархтай байсан...” /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цог-Эрдэнийн өгсөн: “...Бааранд ороод тооцооноос болж муудалцсан. Уг нь би 96000 төгрөгний тооцоо төлсөн. Дараагийн тооцоог С.О Батцэцэг 2 хийнэ гэж байсан боловч хийгээгүй юм байна лээ. Үүнээс болж үл ойлгоцол үүсч маргасан. Зөөгч охин надаас мөнгө нэхээд байсан. Зөөгч охины найз залуучуудтай маргалдсан. ...Тухайн шөнө анзаараагүй маргааш нь очиж уулзахад зөөгч охины нүүр нь маажуулсан шархтай болсон байсан...” /хх-22/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарыын 21-ний өдрийн №9992 дугаартай дүгнэлтэд:
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч С.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топ” караоке пабад зөөгч Ц.Номин-Эрдэнэтэй маргалдаж, түүний нүүрэнд маажиж, үснээс нь зулгааж, цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь баримтгүйгээр 800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх С.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч С.О 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, С.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар
С.С.О г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хохирогч Ц.Номин-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС