Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1252

 

МАГАДЛАЛ

 

2016.07.01                                        дугаар 1252                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03731 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 48 812 325 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батсүхийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гүнгэрваа” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-тай Шонхор хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн түрээсийн гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр, “Гүнгэрваа” ХХК нь 131 886 700 төгрөгийн үнэ бүхий барилгын материал нийлүүлэх үүрэг хүлээсэн, нийт өртөгт материалын үнээс гадна тээвэрлэлтийн зардлыг оруулсан. Харин “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ нь нийлүүлсэн материалын үнэ болон тээврийн зардлыг төлөх үүрэг хүлээсэн. Гэрээгээр “Гүнгэрваа” ХХК нь 11 094 325 төгрөгийн суурийн материал, 47 718 000 төгрөгийн карказ нийлүүлсэн, тээвэрийн зардалд 8 000 000 төгрөг гарсан. Түрээсийн гэрээгээр “Гүнгэрваа” ХХК нь Шонхор зуслангийн барилгын ажил дээр кран ажилуулсан ба хөлс 2 000 000 төгрөг болсон. Хоёр гэрээгээр “Гүнгэрваа” ХХК нь нийт 68 812 325 төгрөг авах ёстойгоос “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ нь нийлүүлсэн материалын тооцоонд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэл гаргах үед 48 812 325 төгрөг шаардаж байсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Гүнгэрваа” ХХК нь худалдах-худалдан авах, түрээсийн гэрээний дагуу нийт 68 401 489 төгрөгийн бараа, үйлчилгээ үзүүлсэн гэж гарсан. Үүнээс урд авсан 20 000 000 төгрөгийг хасаад 48 401 325 төгрөг болж байна. Худалдан авагч тал хүлээн авсан материалын үнийг төлөхгүй байсан тул “Гүнгэрваа” ХХК нь үргэлжлүүлэн материалаа нийлүүлээгүй бөгөөд одоо үлдэгдэл бараа, материал тус компанийн агуулахад хадгалагдаж байна. Манай компанитай байгуулсан гэрээний санхүүжилтийг улсын төсвөөс бүрэн шийдэж, “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын дансанд орсон байхад хүлээн авсан материалын үнийг төлөхгүй, мөн “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын татан буулгасан тул эрх залгамжлаагүй, үүрэг хүлээхгүй гэх зэргээр хариуцагчаар татагдсан “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ маргаж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Иймд хариуцагч байгууллагаас 48 812 325 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ болон “Гүнгэрваа” ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Шонхор хүүхдийн зуслангийн соёлын төвийн барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Уг зуслан нь 2013 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөн барилгын ажлын санхүүжилт улсын төсвөөс орсон хэдий ч мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй учир барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогсож, одоог хүртэл хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын захирал байсан генерал М.Жаргал төсвийг зориулалтын бусаар зарцуулсаны улмаас ийм байдал үүссэн. Мөн Сэлэнгэ аймгийн нутагт байдаг Шонхор зуслан нь одоо “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-ын бус Батлан хамгаалах их сургуулийн өмчийн хөрөнгөд бүртгэлтэй болсон бөгөөд энэ талаар Батлах Хамгаалах Яамны сайдын тушаал гарсан. Үүнээс үзэхэд, өөрийн бус өмчийн асуудалд мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 249 дүгээр зүйлийн 249.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-аас 48 401 325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 411 000 төгрөг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 402 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨААТҮГ-аас 2 959 956 төгрөг гаргуулан 399 956 төгрөгийг нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-д 2 560 000 төгрөгийг шинжээч “Бэсгэ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүх давж заалдах гомдолдоо: Батлан хамгаалах яамны сайдын 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай" А/242 дугаар тушаалын 2-д "Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ыг "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ болгон өргөтгөн зохион байгуулах, "Монгол цэрэг Жуулчин" ТӨААТҮГ-ын нэрийг "Монгол цэрэг Констракшн" ТӨААТҮГ гэж өөрчлөн, бүтцийг гуравдугаар, дүрмийг дөрөвдүгээр хавсралтаар баталж, А/242 дугаар тушаалын 4-д "Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан "Шонхор" хүүхдийн зусланг Батлан хамгаалах Их сургуулийн, "Аварга тосон" рашаан сувиллын газрыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн харьяалалд тус тус шилжүүлсэн. Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд ба "Шонхор" хүүхдийн зуслангийн өмчлөгч нь төр бөгөөд төлөөлөл хэрэгжүүлэгч нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага юм. Улсын Батлан хамгаалахын сайд /Засгийн газрын гишүүн/ 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/242 дугаар тушаалаар "Монгол цэрэг Жуулчин" ТӨААТҮГ-ын бүтэц, дүрмийг баталж, "Шонхор" хүүхдийн зусланг Батлан хамгаалахын Их сургуулийн харьяалалд шилжүүлсэн нь хууль зүйн бүрэн үндэлэлтэй гэж үзэж байна. Ингэснээр "Монгол цэрэг Констракшн" ТӨААТҮГ-т "Шонхор" хүүхдийн зуслангийн гол эд зүйлс ба түүнтэй холбогдсон эд хөрөнгийн эрх үүрэг шилжиж ирээгүй байна. Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/173 дугаар тушаалын 2-д "Батлан хамгаалахын Их сургуулийн харьяа "Шонхор" хүүхдийн зуслангийн Соёлын төвийн барилгын 86 163 558 төгрөгийг Батлан хамгаалахын Их сургуулийн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөөний давсан орлогоос санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын Их сургууль /хошууч генерал Л.Чойжамц/-д зөвшөөрсүгэй" гэжээ. Шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Гүнгэрваа” ХХК-нь хариуцагч “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-аас гэрээний үүрэгт 48 401 325 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “…манайх гэрээний тал биш. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ татан буугдаж, Шонхор зуслан өмч хөрөнгийн хамт Батлан хамгаалахын их сургуульд шилжсэн тул жинхэнэ хариуцагчийг тодруулж, солих ёстой” гэж маргажээ.

 

Хэдийгээр талууд нэхэмжлэгч нь Шонхор зуслангийн соёлын төвийн барилгад материал нийлүүлж байсан, тухайн үедээ “Гүнгэрваа” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан “Монгол цэрэг констракшн” ХХК нь татан буугдсан үйл баримтад маргаагүй боловч Шонхор зуслан хэний өмчлөл, тайлан балансад шилжсэн, нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь хэн болох талаар маргажээ.

 

Хэргийн 49 дүгээр талд шүүгчийн 39968 дугаар захирамж гарч “Монгол цэрэг констракшн” ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч хэн болохыг тодруулахаар нотлох баримтуудыг шаардаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

 

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх барилгын материал өнөөдрийн байдлаар Шонхор зуслангийн газартай салшгүй бэхлэгдсэн барилгын суурь карказ болоод байгаа талаар талууд тайлбарлаж байгаа нөхцөлд Шонхор зуслангийн эд хөрөнгө, эрх үүрэг, хариуцлага хэнд шилжсэнийг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт нийцнэ.

 

 Шонхор зуслан Батлан хамгаалахын их сургуулийн мэдэлд шилжсэн тухай Батлан хамгаалахын сайдын тушаал хэрэгт авагдсан, шүүгчийн захирамжаар шаардсан баримтууд бүрэн цуглаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг тодруулах, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих эсэх асуудлыг тодруулах нь тухайн хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгч Д.Батсүхийн давж заалдсан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03731 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч “Батлан хамгалаах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                   ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                     Ш.ОЮУНХАНД