Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2017/01298/и |
Дугаар | 001/ХТ2017/01662 |
Огноо | 2017-12-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01662
М З-нынэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1947 дугаар магадлалтай,
М З-нынэхэмжлэлтэй
Б.Гд холбогдох
2014 оны 06 сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал, М Знарын хооронд байгуулагдсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюуны гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн тойргийн 204 дугаартай нотариатч Б.Г нь 2014 оны 06 сарын 10-ны өдөр Хятад улсын иргэн М З, М.Н.Тнарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг гэрчилсэн байдаг. Нотариатч уг зээлийн гэрээг гэрчлэхдээ Монгол улсын нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч нь Монгол хэл мэддэггүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх, гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Хятад улсын иргэн М З, Б.Н.Тнарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг гэрчлэн 567 дугаарт бүртгэн гэрчилсэн нотариатч Б.Ггийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М З, Н.Тнарын хооронд 2014 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн бөгөөд Монгол улсад оршин суух үнэмлэх, Хятад иргэний паспорт, Н.Түмэнжаргалын иргэний үнэмлэхийг шалгаж, гэрээний эх хувийг өөрийн гараар үйлдэж өгсөн. Монгол хэл мэдэх үү гэхэд мэднэ гэж хэлээд “уншиж ойлгов” гэж өөрөө гарын үсэг зурсан тул Нотриатын хууль болон журам зөрчөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00883 дугаартай шүүхийн шийдвэрээр “...Зээлийн гэрээг талууд нотариатаар баталгаажуулсан, хариуцагч нь 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн хүүнд 14,000,000 төгрөгийг төлж байсан. Зээлийн гэрээнд уншиж ойлгов гэж Монголоор бичиж гарын үсэг зурсан зэрэг баримтаар хариуцагч нь гэрээний үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Тшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Зтай 2014 оны 6 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 204 тоот нотариатчаар зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч 2 сарын хүү болох 8 000 000 төгрөгийг эхнэр Одноогоор дамжуулан надад өгсөн. Энэ тухай шүүхийн шийдвэр гарсан. М ЗМонгол хэл мэднэ. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ 10 жил гаруй амьдарч байна. Өмнө ч гэсэн мөнгө төгрөг авч өгөлцөж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 06 сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал, М Знарын хооронд байгуулагдсан 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч М З-нынэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1947 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн М Зби Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 тоот шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 1947 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй бол, орчуулагч оролцуулна” гэж заасан. Дээр дурдсан “монгол хэл мэддэггүй” гэдгийг мөн хуулийн 27 дугаар зүйл, ХЗДХСайдын 2011 оны 171 тоот Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.4-д “гадаад иргэний оршин суух үнэмлэх”-ийг шалгаж, тогтооно” хэмээн заасан. Энэхүү зааврын дагуу нотариатч нь БНХАУ-ын иргэн М З-ныгадаад паспорт, оршин суух үнэмлэх зэргийг шалгаж хувийн байдлыг тогтоосон. Улмаар энэхүү үйлдэлд “орчуулагч оролцуулна” гэсэн хуульд заасан үүргийг биелүүлэх үүрэг үүссэн. Энэхүү үүргийг биелүүлэх ёстой гэдгээ мэдсэн атлаа хэрэгжүүлэлгүй Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн байж энэхүү гэрээг баталсан үйлдэл. Хоёр. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “үйлчлүүлэгчид эрх үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж буй эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгөх үүрэгтэй” тухай заасан. Хэрэв нотариатч энэ үүргийг тайлбарлаж ойлгуулсан бол яагаад уг зээлийн гэрээний зүйл болох 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг авсан эсэх, аваагүй бол хэзээ авах зэргийг асуугаагүй бэ. Зээлийн гэрээний зүйлийг тодруулж асуугаагүй нотариатч эрх, үүргийг үйлчлүүлэгчдээ хэрхэн тайлбарлаж, хууль зүйн ач холбогдол үр дагаврыг хэрхэн ойлгуулсан бол. Өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч М Зтай харилцахдаа түүний эхнэрээр дамжуулан, зарим үгийг орчуулуулж, өөрийнхөө санааг удаа дараа хэлж байж ойлгуулж, ойлголцдог. Гурав. Монголд 10 жил амьдарсан. Гадаадын иргэн Монгол хэл мэддэг гэдгийг Монгол улсад амьдарсан жилээр тогтоодог болсон юм уу. Нотариатч өөрийн хууль зөрчсөн, хууль бус үйлдлээ Монголд амьдарсан жил, монголоор дуурайлган бичүүлсэн “уншиж ойлгов” гэдэг үгээр зөвтгөх нь хуульд нийцэх үү. Дөрөв. Нотаритчийн боловсруулсан 2014 оны 06 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 3-р зүйлд (2 удаа 3 гэж дугаарласан үүний 2 дугаарх 3-т нь) “энэхүү гэрээ зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж” гэж заасан. Гэтэл гэрээний зүйл болох 100 000 000 /нэг зуун сая/ төгрөг гэрээ байгуулагдсан үед, түүнээс хойш үед ч бодитоор гардуулагдаагүй буюу 2014 оны 06 сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээ” хүчин төгөлдөр болоогүй байхад энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр хэмээн гэрчлэн, баталсан нотариатчийн энэхүү үйлдэл анхнаасаа хууль зөрчсөн, хүчингүй үйлдэл байсан. Эцэст нь аливаа хууль биелэгдэх гэж, тухайн харилцааг зохицуулах гэж батлагддаг. Нотариатын тайлбар, монголд амьдарсан жил, “уншиж ойлгов” гэж дуурайж бичүүлсэн үг зэргээр хууль зөрчсөн. хууль бус үйлдэл зөвтгөгддөг гэж бодохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 176.2.4-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/01380 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1947 тоот магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар хэрэгт байгаа баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийсэн байна.
“Нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч М Знь хариуцагч Б.Гд холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...монгол хэл мэдэхгүй байхад орчуулагч оролцуулах эрхийг хангаагүй, 100 000 000 төгрөг зээлж байгаа тухай гэрээний агуулгыг нотариатч тайлбарлаж, ойлгуулаагүй...” гэжээ.
Б.Г нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Тболон М Знарын хооронд байгуулсан 100 000 000 төгрөг зээлэх зээлийн гэрээг гэрчилж, нотариатын бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн нь баримтаар тогтоогджээ.
Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар үйлчлүүлэгч нь монгол хэл мэддэггүй бол нотариатч нь орчуулагч оролцуулах үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хийх үед орчуулагч оролцуулах үндэслэл нь үйлчлүүлэгч монгол хэл мэддэггүй байх, үйлчлүүлэгч нь гадаад улсын иргэн бол монгол хэл мэддэггүй байх шаардлага үүнд мөн хамаарна.
М Знь БНХАУ-ын иргэн боловч монгол хэл мэддэггүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй ба нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх дүгнэхдээ М Знь зээлийн гэрээнд “уншиж ойлгов” гэж монгол хэл дээр бичиж, гарын үсэг зурсан баримтыг үнэлжээ. Нотариатад үлдсэн гэрээний хувь дээр дээрх бичилт хийгдсэн, харин нэхэмжлэгч М Зд үлдсэн хувь дээр уг бичилт байхгүй боловч энэ нь нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Нотариатч өөрт үлдэх гэрээний хувь дээр М Заар “уншиж ойлгов” гэж бичүүлсэн болохыг тайлбартаа дурджээ. Үүнээс гадна М Знь өөрөө нотариатч дээр биечлэн очсон, гэрээнд гарын үсэг зурсан, орчуулагч оролцуулах хүсэлт гаргаагүй байдлаас үзэхэд түүнийг монгол хэл мэддэггүй гэдгийг нотариатч мэдэх боломжгүй, нотариатч үйлдэл хийхдээ хууль зөрчсөн байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Нөгөө талаар зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй болно.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1947 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 658 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА