Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0277/З |
Дугаар | 221/МА2020/0268 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2020/0268
Б.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.Н-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалын Б.Н-г Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албан тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Б.Н-ийн ажилгүй байсан 03 сар, 01 хоногийн цалинг, түүний авсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаартай 2 тушаалыг 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар хүчингүй болгосон, Б/17 дугаар тушаалыг Б/17б тушаалаар хүчингүй болгуулах, ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалын нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэгч Б.Н миний нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн.
Маргаан бүхий захиргааны актаар “...Санхүүгийн хэлтсийн дарга Б.Н-г ... албан тушаалаас нь чөлөөлж, Цэнгэг улсын нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд тушаасан Б.Н-г албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал бөгөөд тус акт бүхэлдээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болно.
Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсгийн заалтыг буруу хэрэглэн а/ Б.Н-г Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, б/ Б.Н намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг өөрчилсөн шинэ акт гаргахгүй бол тушаалын тус хэсэг хүчингүй болох хууль зүйн үр дагавартай. Хэрэв хариуцагч шинэ акт гаргахгүй бол тушаалын намайг албан тушаалаас чөлөөлсөн хэсэг хүчинтэй үлдэнэ. Энэ агуулгаар, шүүх нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх бус бүр дордуулсан шинж чанар, үр дагавар бүхий шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна. Тодруулбал, хариуцагч маргаан бүхий захиргааны актаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг “үл ялиг” дээрдүүлсэн хэсэг /Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд шилжүүлж-сэлгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн хэсэг/-ийг түдгэлзүүлж, харин “илтэд зөрчсөн” хэсэг /албан тушаалаас чөлөөлсөн хэсэг/-ийг үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалаар Б.Н намайг албан тушаалаас чөлөөлж, сэлгүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн дор дурдсан зүйл заалтыг зөрчсөн.
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэх заалт,
2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл байхгүй байхад Б.Н-г албан тушаалаас чөлөөлсөн,
3. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн,
4.Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлийн заасан хуульчилсан төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгааг зөрчсөн,
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэх заалтыг зөрчсөн,
6. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь заалтыг буруу хэрэглэж, сэлгүүлэн ажиллуулах тухай тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн шилжүүлэн ажиллуулах асуудлыг зохицуулсан хэм хэмжээг баримталсан буюу “шилжүүлэн ажиллуулах”, “сэлгүүлэн ажиллуулах” гэх эрх зүйн ялгаатай ойлголтуудыг хольж хэрэглэсэн. Мөн сэлгүүлэн ажиллуулах тохиолдолд ажилтны зөвшөөрлөөр, удирдлагын харилцан тохиролцсоноор сэлгэн ажиллуулах, хэрэв шилжүүлэн ажиллуулах бол албан хаагчтай тохиролцсоноор шилжүүлэн ажиллуулах хууль зүйн шаардлагыг хангаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн хэрэг болсон.
7. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг буруулахгүй” гэх заалтыг зөрчиж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд ямар албан тушаалд нь тодорхойгүйгээр шилжүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17б дугаар тушаалыг гаргахдаа дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчсөнөөр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаандаа “хуульд үндэслэсэн байх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөний зэрэгцээ Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан мэдэгдэх зарчмыг, мөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Хавтаст хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын үүдэнд хальт гишгэснээс үүдэн хөлийн шагай хугарсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд оношлуулан Төрийн албан хаагчийн эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хяналтад орж шат шатны эмч нарын зөвлөгөөний хурлаар орж магадлагааг сунгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр магадлагааг дуусгавар болгон лист бичигдсэн баримт авагдсан байдаг. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг огт дүгнээгүйгээс өвчтэй байхад ажлаас халсан гэх үндэслэлийг үгүйсгэн төрийн байгууллагын талд шийдвэрийг гаргасан болно.
Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/327 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал нь эмнэлгийн хяналтад эмчийн эмчийн магадлагаатай байх үед гарсан шийдвэр бөгөөд сонсох ажиллагаа гэж хэлэлгүй утсаар ирэх боломжтой эсэхийг асуугаад өвчтэй байна гэснийг хариуцагч тал нотлон тайлбартаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсээр байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр үндэслэлгүйгээр буюу өвчтэй байсаар байхад ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болдог. Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газар нь төрийн тусгай алба буюу үр дүнгийн гэрээгээр дүгнэдэг хэдий ч энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой гэж үзэж байна. Гэтэл тусгайлсан хуулийг буюу хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг огт хэрэглэлгүй шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар томилогдоод 2019 оны 10 дугаар 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс дээр ажил хүлээж авсан. Өмнөх саруудын баримтуудыг аудитад шалгуулахаар ажлын байрны тодорхойлолт нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар ахлах нягтлан бодогч болгосон үеийн ажлын байрны тодорхойлолт бөгөөд өмнө нь тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байх үеийн ажлын байрны тодорхойлолтоос өөр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл жилийн эцсийн тооллого хийгээгүй хөрөнгийн дахин үнэлгээ хийгээгүй нь миний буруутай үйлдэл гэснийг би зөвшөөрөхгүй.
Гэтэл шүүх маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ хууль бус, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдалд онцгой дүгнэлт хийлгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 46, 49, 61, 62, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг буруу хэрэглэж, маргаан бүхий захиргааны актын намайг албан тушаалаас чөлөөлсөн хэсгийг хэвээр үлдээж, сэлгүүлсэн, шилжүүлсэн хэсгийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь шүүхээс хэрэв хариуцагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан “3 сарын хугацаа”-нд шинэ акт гаргахгүй бол миний зөрчигдсөн эрх улам бүр зөрчигдөх үр дагавар бүхий шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Иймд гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/17б дугаар хууль бус тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, намайг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалтай дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 70 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсгийн заалтыг буруу хэрэглэн а/ Б.Н-г Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн, б/ Б.Н намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн шийдвэр гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч намайг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн мэдэлд шилжүүлсэн хэсгийг өөрчилсөн шинэ акт гаргахгүй бол тушаалын тус хэсэг хүчингүй болох хууль зүйн үр дагавартай бөгөөд хэрэв хариуцагч шинэ акт гаргахгүй бол тушаалын намайг албан тушаалаас чөлөөлсөн хэсэг хүчинтэй үлдэнэ. Энэ агуулгаар, шүүх нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх бус бүр дордуулсан шинж чанар, үр дагавар бүхий шийдвэр гаргасан гэж үзэж гомдолтой байна” гэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрд үнэлэлт, дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “өөрчилж тодруулсан”, мөн сүүлд нь “өөрчилсөн”, түүнчлэн “нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан” тухай баримтууд хэрэгт авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалтай дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэл, шатлал, зэрэг дэв бүхий ажилд эргүүлэн томилохыг даалгах” шаардлагыг шийдвэрлээгүй байна.
Анх шүүхэд гаргасан | Үүсгэсэн | Өөрчилж тодруулсан | Өөрчилсөн | Татгалзсан | Шүүх шийдвэрлэсэн |
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/05 дугаар тушаал, | + | Хэвээрээ | Хэвээрээ | Үгүй | Хэрэгсэхгүй |
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлж, сэлгэн ажиллуулах тухай” Б/05 дугаар тушаал, | + | Хэвээрээ | Хэвээрээ | Үгүй | Хэрэгсэхгүй |
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/17 дугаар тушаал | + | Хэвээрээ | Хэвээрээ | Үгүй | Хэрэгсэхгүй |
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Б.Н-г албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/176 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах | + | Хэвээрээ | Хэвээрээ | Үгүй | -Чөлөөлсөн нь хэвээр -Шилжүүлсэнийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн. |
урьд эрхэлж байсан ТЗ албан тушаалын ангилал, зэрэглэл, шатлал, цалин хөлсийг буруулуулахгүйгээр түүнтэй дүйцэхүйц мэргэжил, мэргэшлийн дагуу ТЗ ангилал зэрэглэлийн шатлалаар өөр ажил, албан тушаадд шилжүүлэн томилохыг хариуцагчид даалгах | + | БОАЖ-ны ахлах мэргэжилтний албан тушаалд буюу түүнтэй дүйцэх төрийн захиргааны ТЗ-8 ангилал, зэрэглэл, шатлал дэв бүхий ажилд томилохыг БОАЖЯ дахь ТЗ-10 ангилал, зэрэглэлийн албан тушаалтны нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах | БОАЖ-ны Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалтай дүйцэхүйц буюу ТЗ-11 ангилал, зэрэглэл, шатлал, зэрэг дэв бүхий ажилд эгүүлэн томилуулахыг даалгах |
|
|
-БОАЖ дахь ТЗ-11 ангилал, зэрэглэлийн албан тушаалтны нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах | Нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах шаардлагаасаа татгалзсан | Нөөцөд бүртгэх шаардлагаас татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон | |||
2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээнийнөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд тооцон олгохыг хариуцагчид даалгах | + | 2019.01.16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцон олгохыг хариуцагчид даалгах | Хэвээр | Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21,877,692 төгрөг гэж тооцсон 2ХХ-74 | Ажилгүй байсан хугацааны 03 сар 01 хоногийн цалинг, түүний авсан ажилгүйдлийн тэтгэмжийн зөрүүгээр тооцон хариуцагчаас гаргуулах |
нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нехөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах | + | 2019.01.16-ны өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах | Хэвээр | Хэвээр | Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж |
Дээрх хүснэгтээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хэрхэн өөрчлөгдсөн болохыг харуулав. Нэхэмжлэгчийн сэргээлгэхийг шаардаж байгаа эрхийн талаар анхан шатны шүүх тодруулаагүй байна. Тухайлбал өөрчилж тодруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагадаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтний албан тушаал буюу түүнтэй дүйцэх төрийн захиргааны ТЗ-8 ангилал, зэрэглэл, шатлал, зэрэг дэв бүхий ажилд томилохыг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам дахь ТЗ-10 ангилал, зэрэглэлийн албан тушаалтны нөөцөд бүртгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага гаргаж байжээ. Үүний дараа ТЗ-11 ангилалтай дүйцэхүйц ажилд томилохыг даалгах болгож өөрчилсөн байна. Мөн түүнийг ажилгүй байх хугацаанд шинээр ажилтан авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Иймд ТЗ-8 эсхүл ТЗ-10, ТЗ-11 гэсэн аль ангиллын албан тушаалд томилуулахыг хүсэж байгаа болохыг тодруулах, тухайн яаманд томилон ажиллуулах боломжтой сул орон тоо бий эсэхийг ч гэсэн давхар шалгах шаардлагатай.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 242 дугаар албан бичигт “... Б.Н нь төрийн захиргааны байгууллагад 25 жил тасралтгүй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч болохыг тодорхойлсон” бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “... ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтныг бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зохицуулсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан зохицуулалтын дагуу төрийн албан хаагчийг шилжүүлэх үүргийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд “Хавтаст хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлын үүдэнд хальт гишгэснээс үүдэн хөлийн шагай хугарсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд оношлуулан Төрийн албан хаагчийн эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хяналтад орж шат шатны эмч нарын зөвлөгөөний хурлаар орж магадлагааг сунгуулснаар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр магадлагааг дуусгавар болгон лист бичигдсэн баримт авагдсан байдаг. Гэтэл шүүх энэхүү нотлох баримтыг огт дүгнээгүйгээс өвчтэй байхад ажлаас халсан гэх үндэслэлийг үгүйсгэн төрийн байгууллагын талд шийдвэрийг гаргасан болно” гэжээ. Гэвч энэхүү гомдолд дурдсан нөхцөл байдал нь энэхүү хэргийн тухайд хамааралгүй, нэхэмжлэгч Онцгой байдлын газарт ажиллаж байгаагүй ажээ. Нэхэмжлэгч Б.Н 2 өөр хэргийн давж заалдах гомдлыг андуурч тус шүүхэд ирүүлсэн байж болохоор байх тул энэ хэсэгт нь дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.