| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 321/2025/00659/И |
| Дугаар | 226/МА2026/00005 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 226/МА2026/00005
“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Э.О-д холбогдох
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /цахимаар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э ,
Нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.
1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Мөнхсайханы даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 679 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 10,827,581.85 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч Э.О-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Э.О нь “Х” ХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 2,669,734.98 төгрөг дээр нэмж зээлийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авч нийт 4,169,734.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг нь сунгасан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,686,729.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,159,922.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 291,311.57 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 51,000 төгрөг нийт 4,188,963.9 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Х” ХК-тай зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 3,189,212.43 төгрөг дээр нэмж 1,600,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авч нийт 4,789,212.43 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгасан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,061,543.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,140,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 382,975.19 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 54,000 төгрөг нийт 6,638,617.96 төгрөг болж байгаа бөгөөд 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 10,827,591.85 төгрөгийг хариуцагч Э.О-с гаргуулж өгнө үү...” гэв.
3. Хариуцагч Э.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.О миний бие үндсэн зээл 4,748,273.22 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн хүү 5,300,021.87 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э.О нь үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа, харин зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед нь хэлэхгүй 2-3 жил болсны дараа 11,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Х нь Э.О-тэй 9 сард багтаагаад төлбөл 7,000,000 төгрөг дээр тохиролцъё гэж хэлсэн юм билээ. Э.О 0-14 насны 5 хүүхэдтэй учраас тухайн үед төлөх боломжгүй байсан учраас надад мөнгө байхгүй байна, шүүхээрээ шийдүүлье гэдэг зүйлийг хэлсэн. Иймээс үндсэн зээлээ хүлээн зөвшөөрч байна, хүүг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн...” гэв.
5. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар хариуцагч Э.О-с 9,390,135.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,437,446.68 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй Э.О-д холбогдох иргэний хэргийн шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгт нь Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/106/298 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар "Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол"-ыг баталсан байх бөгөөд талуудын дунд байгуулсан ЗГ/201944422549 дугаартай зээлийн гэрээний тухайд гэрээний 2.1.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,686,729.45 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар тохирсон ба 1,686,729.45 төгрөгийн сарын 1.6 хувь нь 26,987.67 төгрөг байна. Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс үндсэн зээлд огт мөнгө төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 56 сарын хугацаанд мөнгийг ашигласан ба ашигласан хугацааны хүүнд 26, 987,67*56= 1,511,309.52 төгрөг төлөхөөр байна. Хариуцагчаас үндсэн зээл 1,686,729.45. зээлийн хүү 1,511,309.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,311.57 төгрөг, нотариатын зардал 51,000 төгрөг нийт 3,540,350.54 төгрөгийг ЗГ/201944842845 дугаартай зээлийн гэрээний тухайд гэрээний 2.1.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,061,543.77 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар тохирсон ба 3,061,543.77 төгрөгийг сарын 1.6 хувь нь 48,984.7 төгрөг байна. Хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн зээлд огт мөнгө төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 48 сарын хугацаанд мөнгийг ашигласан ба ашигласан хугацааны хүүнд 48.984.7*48=2.351.265.6 төгрөгийг төлөхөөр байна. Хариуцагчаас үндсэн зээл 3,061,543.77, зээлийн хүү 2.351.265.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382.975.19 төгрөг нотариатын зардал 54,000 төгрөг, нийт 5.849.784.56 төгрөгийг тус тус гаргуулж. нийт 9,390,135.1 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ. Иймд хариуцагч Э.О-с нийт 9.390.135.1 төгрөгийг гаргуулж “Х” ХК-д олгож, хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" 12.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөвгүй бол хэтэрсэн хугацааны хүү....төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэжээ. Анхан шатны шүүхээс үндсэн зээлийн үлдэгдлээс хүү тооцож бодсон нь үндэслэлгүй байна. "...ЗГ/201944422549 дугаартай зээлийн гэрээний тухайд гэрээний 2.1.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,686,729.45 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар тохирсон ба 1,686,729.45 төгрөгийн сарын 1.6 хувь нь 26,987.67 төгрөг байна. Хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс үндсэн зээлд огт мөнгө төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 56 сарын хугацаанд мөнгийг ашигласан ба Ашигласан хугацааны хүүнд 26,987.67*56=1,511,309.52 төгрөг төлөхөөр байна..." гэжээ. 3Г/201944422549 дугаартай зээлийн гэрээний бүртгэлийн картаас харвал зээлдэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүргийн зөрчил үүсгэж эхэлсэн байх ба тухайн үед зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,204,759.47 төгрөгөөс зээлийн хүүг тооцоолох ёстой байсан. "...31/201944842845 дугаартай зээлийн гэрээний тухайд гэрээний 2.1.4-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,061,543.77 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй байхаар тохирсон ба 3,061,543.77 төгрөгийг сарын 1.6 хувь нь 48,984.7 төгрөг байна. Хариуцагч нь 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш үндсэн зээлд огт мөнгө төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 48 сарын хугацаанд мөнгийг ашигласан ба ашигласан хугацааны хүүнд 48,984.7*48=2,351,265.6 төгрөгийг төлөхөөр байна..." гэжээ ЗГ/201944842845 дугаартай зээлийн гэрээний бүртгэлийн картаас харвал зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс үүргийн зөрчил эхэлсэн байх ба тухайн үед үндсэн зээлийн үлдэгдэл 4.425.043.77 төгрөгөөс зээлийн хүүг тооцоолох ёстой байсан. Хууль болон Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/106/298 дугаартай тооцоолол"-ыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн тушаалын 2 дугаар хавсралтаар "Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг болох шаардлагаас 1,437,446.68 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 321/1111112025/00679 үндэслэлгүй, тодорхойгүй байх тул Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
9. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдлыг үндэслэн нэхэмжлэгчээс “Э.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 10,827,582 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай, иргэний хэргийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
10. Нэхэмжлэгч ”Х” ХК нь зээлдэгч Э.О-тэй 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсны дараа нэмж 1,500,000 төгрөгийн зээлийг авч, нийт 4,169,735 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний зардал нийт 4,188,964 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсны дараа нэмж 1,600,000 төгрөгийг авч нийт 4,789,212 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний зардал нийт 6,638,618 төгрөг болж байгаа бөгөөд хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 10,827,582 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.О нь үндсэн зээл 4,748,273 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусдыг нь төлөхгүй гэж маргав.
11. Зээлдэгч Хаан банкнаас Э.О нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201944422549 дугаартай зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг нэг жилийн 19.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсны дараа 1,500,000 төгрөгийг нэмж, үндсэн зээлийн үлдэгдэл нийт 4,169,735 төгрөгийг дээрх нөхцөлөөр авч, зээлийн гэрээний хугацааг хоёр удаа сунгасан боловч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс үүргийн зөрчил үүсгэж эхэлсэн буюу зээл төлөх сар бүрийн хуваарьт хугацаанд төлөөгүй, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/201944842845 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсны дараа 1,600,000 төгрөгийг нэмж, үндсэн зээлийн үлдэгдэл нийт 4,789,212 төгрөгийг дээрх нөхцөлөөр авч, зээлийн гэрээний хугацааг хоёр удаа сунгасан боловч, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс үүргийн зөрчил үүсгэж эхэлсэн буюу зээл төлөх сар бүрийн хуваарьт хугацаанд төлөөгүй үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдоно. /хх-18-64х/
12. Зээлдүүлэгч “Х” нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201944422549 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1,686,729 төгрөг, зээлийн хүү 2,159,923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,312 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 51,000 төгрөг нийт 4,188,964 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/201944842845 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,061,544 төгрөг, зээлийн хүү 3,140,099 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 382,975 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 54,000 төгрөг нийт 6,638,618 төгрөг нийт 10,827,582 төгрөгийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлдэгч Э.О-с шаардах эрхтэй байна.
13. Зээлдүүлэгч “Х” нь Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/106/298 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцооллын дагуу талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201944422549 дүгээр , 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/201944842845 дугаартай хоёр зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 10,827,582 төгрөгийг зөв тооцоолж гаргасан байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
14. Анхан шатны шүүх нь хоёр зээлийн гэрээнд зээлдэгч үүргээ зөрчиж эхэлсэн огноог буруу тооцоолж гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтов.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно. /хх-122х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 679 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:
1.1 Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-д зааснаар хариуцагч Э.О-с 9,390,135.1 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х“ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,437,446.68 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О-с 10,827,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж,
1.2 Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,192 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Э.О-с 188,191 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
1.3 Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,949 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Дөрөв. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511. 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
Тав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.