| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 157/2025/00365/И |
| Дугаар | 226/МА2026/00006 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 226/МА2026/00006
2026 01 20 226/МА2026/00006 Б.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-т холбогдох иргэний хэргийн талаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б.Б /цахимаар, Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Э /цахимаар/, Нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов. 1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 414 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч “Б.Б-н “7,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-т холбогдох иргэний хэргийг хариуцагч*******ийн гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь: 2. Нэхэмжлэгч Б-с шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А гуайг үхэр зарах гэж байгааг нөхөр Д.Б-н ажлын газрын хүнээс сонсоод дугаарыг нь авч анх холбогдсон. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр утсаар ярьж 4 тугалтай үнээг 2023 оны намар тухайн 4 үнээг дахин тусалсны дараа бяруу тугалын хамт 12 тооны мал болгон авахаар тохиролцож, тухайн үед Д.А гуайн гэр бүлийн хүний бие муу, мөнгө хэрэгтэй байсныг үндэслэн тохиролцсон 7,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн. Тохиролцсоны дагуу 2023 оны намар үхэрнүүдээ авахаар Галшар суманд Д.А гуайнд нөхөр Д.Б очиход 5 тооны буюу 2 үхэр, 2 тугал, 1 бяруу зүсэлж, үхэрнүүд бэлчээрт байгаа, манайх хашдаггүй гэх шалтгаанаар бусад үхрийг зүслээгүй, манай нөхөр 2 хоног хүлээгээд, үхрийг бэлчээрээр хүргэн н.О нь хамт хайгаад олоогүй гэртээ ирж байсан. Д.А гуай 2023 оны өвөл зуд болж, хүний өөрийнгүй бүх мал үхсэн гэх шалтгаанаар 12 тооны үхрийг өгөөгүй тул үхэр авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгөө буцаагаад авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэв. 3. Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э2022 оны 11 дүгээр сард манай хүний бие муудаад 4 тугалтай үнээг 2023 оны 9 дүгээр сард 12 тооны үхэр болгож өгөхөөр тохиролцож, 7,200,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Б.Б-н нөхөр Б нь надаас 12 тооны үхэр зүсэлж авсан. Би 2023 оны өвөл Хэнтий аймгийн төвд хүүхдийндээ өвөлжихөөр хонио туугаад өөрийн болон Б үхэрнүүдийг хүргэн А-н үхэрнүүдтэй үлдээгээд явсан. Эдгээр хүмүүс үхэрнүүдээ авахгүй байсаар бүх малаа зуднаар алдсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв. 4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12 тооны үхэрний үнэд төлсөн 7,200,000 төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.А-с улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ. 5. Хариуцагч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэгч Б.Б-н 7,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Б.Б нь шаардах эрхийн үндэслэлээ "Д.А гуайг үхэр зарах гэж байгааг нөхөр Д.Б-н ажлын хүнээс сонсоод дугаарыг нь авч холбогдсон. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр утсаар ярьж тухайн 4 үнээг 2023 оны намар 4 үнээг дахин тугалсны дараа бяруу тугалын хамт 12 тооны мал болгон авахаар тохиролцож, тухайн үед Д.А-н гэр бүлийн хүний бие муу байсныг үндэслэн тохиролцсон 7,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 7,200,000 төгрөгийг Д.А-н охин О.Г-н дансанд шилжүүлсэн тухайгаа шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй, шүүхэд дансны хуулгыг өгсөн нотлох баримтыг шүүх үнэн зөв үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан гуравдагч этгээд болох О.Г-н хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Шүүх "Нэхэмжлэгч Б.Б нь 12 тооны үхрийг аваагүй гэж, хариуцагч Д.А нь өгсөн гэж маргаж байгаа ба 12 тооны үхрийг худалдаж авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгийн хувьд ямар нэгэн маргаангүй байна" гэж дүгнэсэн нь эрхзүйн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүй, төлбөрийг дансаар хүлээн авсан О.Г маргах эсэх нь тодорхойгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ "..хариуцагч Д.А-н гэр бүлийн хүний бие муу байсныг үндэслэн тохиролцсон 7,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн" гэжээ. Д.А нь гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Галшар суманд насаараа мал маллаж байгаа малчин улс тул гэрээний зүйл болох үхрүүд нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Улсын тоо бүртгэлийн дансанд Л.О-н үхэр мал гэсэн өмчлөлд хууль ёсоор бүртгэгдсэн болохыг нэхэмжлэгч тал мэдэх төдийгүй нийтэд илэрхий баримт юм. Улмаар гэрээний үнэ болох 7,200,000 төгрөгийг гэр бүлийн хүн болох нөхөр Л.О-н эмчилгээний төлбөрт зарцуулах зорилгоор авч, эмчлүүлж байгаад 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. 2022 оны 11 дүгээр сарын 16-нд нэхэмжлэгч талтай нөхөр бид 2 харилцан тохиролцож, аман гэрээг байгуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулсан тул энэ шүүхэд хамтран хариуцагчаар худалдагч нар оролцуулах хууль зүйн үндэслэлтэй байхад нэхэмжлэгч тал оролцуулаагүй нь хөрөнгийн хууль ёсны эзэн болох Л.О-т, түүний өв залгамжлагчид байгаа эсэх гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөнө. Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Д.Б-г энэ хэрэгт гэрчээр оролцуулж байгаа боловч үхэрнүүдийг зүслэн хүлээн авсан, нэхэмжлэгчтэй хууль ёсны эхнэр нөхрийн харилцаатай тул ашиг сонирхол адил нэхэмжлэгчээр эсхүл гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах атал гэрчээр оролцуулж, хэргийн оролцогчийн эрх ашгийг дордуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тохиролцсоны дагуу 2023 оны намар үхрүүдээ авахаар Галшар суманд Д. А гуайнд нөхөр Д.Б очиход 5 тооны буюу 2 үхэр, 2 тугал, 1 бяруу зүсэлж, бусад үхрийг зүсэлж өгөөгүй...2023 оны өвөл зуд болж, хүний өөрийнхгүй мал үхсэн гэсэн шалтгаанаар 12 тооны үхрийг өгөөгүй тул үхэр авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгөө буцаагаад авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан" гэжээ. Гэрээний талуудын нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн 4 үнээг 2023 оны намар 4 үнээг дахин тугалсны дараа бяруу тугалын хамт 12 тонны мал болгон авахаар тохиролцсон гэрээний хугацааг тодорхойлсон гол нөхцөл юм. Энэ гэрээний нөхцөлийн дагуу 12 тооны үхрүүдийг хүлээн авахаар нэхэмжлэгчийн нөхөр Д.Батзориг намар хариуцагчийн гэрт ирсэн талаар талууд маргадаггүй. Гэрч А.Адьяасүрэнгийн мэдүүлгээр "... Д.Б нь 12 тооны үхрээ зүслээд удахгүй ирж авна гэсэн, 2023 оны 12 сард мал их үхээд байсан, Д. Б-с өвсний мөнгө гэж 500,000 төгрөг авсан..." гэж, гэрч О.Э ... Б 3 тугалтай үхэр 2 бярууг зүслээд явсан. Д.Б-н 12 үхрийг ээж манайд үлдээгээд аймгийн төвд өвөлжихөөр явсан" гэж тус тус энэ хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг авагдсан. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт нийт 8 тооны үхрийн фото зургийг зүслэн авсан үхрийн зураг гэж нэхэмжлэлдээ хавсарган өгсөн, гэрч А.А, Д.Б нь 12 тооны үхрээ намар зүслээд явсан, гэрч О.Э "... Б 3 тугалтай үхэр 2 бярууг зүслээд явсан, хариуцагч нь намар 12 тооны үхрийг зүсэлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасанд нэхэмжлэгч талаас малыг огт зүсэлж аваагүй гэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин талуудын гэрээний гол нөхцөл болох 2023 оны намар 12 тооны үхрүүдийг түүний авсан зургийг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөд байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар шүүх үнэлээгүй. Хэдийгээр нэхэмжлэгч тал нь 5 ширхэг үхрийг зүслэн өгсөн гэж байгаа боловч нийт 8 үхрийн зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч тал зүсэн үхэр мөн хүлээлгэн өгөх гэрээний үүргээ Х аймгийн Г суманд Иргэний хуулийн 207 болохыг хүлээн зөвшөөрсөн тул 2023 оны намар үүрэг гүйцэтгэгч тал 12 тооны үхэр дугаар зүйлийн 207.1.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар гүйцэтгэх хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж хүлээлгэн өгсөн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдан авагч талын үндсэн үүрэг нь төлбөр төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. Энэ үрээ биелүүлэх гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2023 оны намар нэхэмжлэгчийн хэлснээр 5 тооны ч бай хэдэн тооны ч бай үхэр зүслэн авсан байсан нь үхрийг хүлээн авсанд тооцож, талуудын хоорондын гэрээний харилцаа 2023 оны намар дуусгавар болсон гэж үзнэ. Анхны аман тохиролцоонд өөрөөр нэмэлт өөрчлөлт оруулсан зүйлгүй бөгөөд 2023 оны намраас үргэлжлүүлэн 12 үхрүүдийг маллан хариулах гэрээний хугацааг сунгасан нотлох баримт байхгүй. Хэрэв худалдан авагч тал нь 12 тооны үхрээс 5 тооны үхрийг зүсэлсэн гэж байгаа бол 2023 оны намраас хойш 6 сарын дотор худалдан авсан үхрийн доголдлын талаар худалдагч талд мэдэгдэх, шаардах эрх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад нэг ч удаа доголдлын талаар шаардаж байгаагүй. Гэрч А.А-н мэдүүлгээр "... Д.Б нь 12 тооны үхрээ зүслээд удахгүй ирж авна гэсэн, 2023 оны 12 сард мал их үхээд байсан, Д.Б-с өвсний мөнгө гэж 500,000 төгрөг авсан..." гэж мэдүүлсэн мэдүүлгээр худалдан авагч тал удахгүй ирж авна гэдгээ хэлсэн төдийгүй өвсний мөнгө гэж 500,000 төгрөг шилжүүлэн егсөн байгаа нь өөрийн өмчлөлийн 12 тооны үхрүүдээ хүлээн авсан, түүнийхээ тэжээлд хүртэл зориулж мөнгө шилжүүлсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэв тухайн үед үхрүүдийг хүлээлгэн өгөөгүй зүслээгүй гэж байгаа бол ийнхүү өвс тэжээлийн мөнгө шилжүүлэхгүй байсан төдийгүй зуд болж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болж байхад өөрийн өмчлөлийн үхрүүдийг арчлан хамгаалах, аюултай нөхцөл байдлаас тээвэрлэн авах, зуд дууссаны дараа үхэрнүүдээ биечлэн очиж, А.А-н үхэрт харах, шүүх зэрэг үндсэн эрх, үүргүүдээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. Хариуцагч тал зуд болсон нотлох баримт, малын тоо толгой хорогдлыг нотлох баримтаар мэдүүлэх шаардлагагүй бөгөөд 2023 онд Х аймгийн Г суманд зуд болсон нь Монгол Улс даяар нийтэд илэрхий болсон үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй байхаар хуульд заасан байхад шүүх нотлох баримт үнэн зөв үнэлсэнгүй. Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан 2022 оны 11 сард манай хүний бие муудаж 4 тугалтай үнээг 2023 оны 09 сард 12 тооны үхэр болгож өгөхөөр тохиролцож 7.200.000 төгрөг авсан үнэн. Б.Б-н нөхөр надаас 12 тооны үхэр зүсэлж авсан. Би 2023 оны өвөл Хэнтий аймагт хүүхдийндээ өвөлжих гээд хонио туугаар өөрийн болон Д.Б-н үхэрнүүдийг хүргэн А.А-н үхэрт үлдээгээд явсан. Эдгээр хүмүүс үхэрнүүдээ авахгүй байсаар зудад үхсэн" гэж тайлбарлаад байхад шүүх хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12 тооны үхэрний үнэд төлсөн 7,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрхзүйн үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сараас 2023 оны намраас болон аль ч цаг хугацаанд хариуцагч талтай байгуулсан аман гэрээнээс татгалзах, өгсөн авсан зүйлээ буцаан авах тухай огт мэдэгдэж байгаагүй, шууд энэ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах гэрээний үндсэн нөхцөлүүд хэрэгжээгүй гэж үзнэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ" гэж хуульд заасан дагуу огт мэдэгдээгүй төлбөр мөнгөө шаардаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шүүх шийдвэрлэхгүй. Нэхэмжлэгч нь зуд болж үхэрнүүд үхсэн тул үхэрний төлбөрт төлсөн 7,200,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа буруу тайлбарлаж, нэхэмжилсэн. Шүүх иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заалтыг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан "Тодорхой цаг хугацаа, эсхүл тодорхой үйл явдал болохоос өмнө ямар нэгэн зүйлийг худалдах, эсхүл худалдан авахаар гэрээний талууд тохиролцох буюу худалдан авагч талын санаачилгаар тодорхой эд хөрөнгийг олж авах эрхтэй байхаар гэрээ байгуулж болно" гэж заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ юм. Учир нь талуудын гэрээний гол нөхцөл нь 2022 оны 11 сарын байдлаар 4 тооны үхэр, 4 тугалын хамт нийт 8 ширхэг үхрээс 2023 онд 4 үнээг тугалхаар нь 4 тугалын хамт нийт 12 тооны үхэр худалдан авахаар үйл явдал болохоос өмнө тохирсон байгаа. Иймд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157/ШШ2025/00414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 6. Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 7. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 157/ШШ2025/00414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв. ҮНДЭСЛЭХ нь: 8. Хариуцагч Д.А-н давж заалдах гомдлыг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-н “Д.А-т холбогдуулан 4 тугалтай үнээ, 4 бяруу нийт 12 үхрийн үнэд өгсөн 7,200,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав. 9. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Д.А гуайг үхэр зарах гэж байгааг нөхөр Д.Б-н ажлын газрын хүнээс сонсоод утасны дугаарыг нь авч, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр холбогдон 4 тугалтай үнээг 2023 оны намар дахин тугалсны дараа 12 тооны мал болгон авахаар тохиролцож, 7,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр түүний дансанд шилжүүлсэн. Манай нөхөр Д.Б Галшар суманд А гуайнд очиход 5 тооны буюу 2 үхэр, 2 тугал, 1 бяруу зүсэлж, 2 хоног хүлээгээд олохгүй байна гээд бусад үхрийг зүслээгүй. Д.А гуай 2023 оны өвөл зуд болж мал үхсэн гэх шалтгаанаар 12 тооны үхрийг өгөөгүй тул үхэр авахаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгөө буцаагаад авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэж тодорхойлов. 10. Хариуцагч Д.А нь хариу тайлбарт дурдсан татгалзлын үндэслэлээ “2022 оны 11 дүгээр сард манай хүний бие муудаад 4 тугалтай үнээг 2023 оны 9 дүгээр сард 12 тооны үхэр болгож өгөхөөр тохиролцож, 7,200,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн. Б.Б-н нөхөр Б нь надаас 12 тооны үхэр зүсэлж авсан. Би 2023 оны өвөл Х аймгийн төвд хүүхдийндээ өвөлжихөөр хонио туугаад өөрийн болон Б-н үхрүүдийг хүргэн А.А-н үхэрт үлдээгээд явсан. Эдгээр хүмүүс үхрүүдээ авахгүй байсаар бүх малаа зуднаар алдсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв. 11. Нэхэмжлэгч Б.Б нь “12 тооны үхрийг аваагүй” гэж тайлбар өгсөн байхад хариуцагч Д.А нь “нөхөр Д.Б-т нь 12 тооны үхрээ зүсэлж өгсөн” гэж татгалзсан хариу талбар өгч байгаа ба тэдгээрээс 12 тооны үхрийг худалдаж авахаар дансаар шилжүүлсэн 7,200,000 төгрөгийн талаар маргахгүй байв. 12. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны намар тугалтай 4 үнээ, 4 бяруу авахаар Д.А-тэй амаар буюу утсаар ярьж тохиролцон 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дансаар 7,200,000 төгрөгийг шилжүүлэн тухайн гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авагчийн үүргээ биелүүлсэн байна. /хх-6х/ 13. Харин хариуцагч Д.А нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн гэрч О.Э, Д.Б нарын мэдүүлгээс дүгнэлт хийхэд 2023 оны намар нэхэмжлэгчийн нөхөр Д.Б үхрээ зүсэлж авахаар очиж, хоёр хоноход биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө буюу малыг бүрэн бүтэн хүлээлгэж өгөхөөс цааргалж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн нотолгооны хуваарилалтын онолоор хариуцагч татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа цуглуулан шүүхэд өөрөө гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. 14. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-н гэрээний зүйл болох 12 тооны үхрийг нэхсэн боловч, хариуцагч 2023 оноос 2024 онд шилжих өвлийн зуднаар үхсэн гэх шалтгаанаар худалдах, худалдан авах гэрээний зүйл биелэгдэх боломжгүй болсон учир тухайн гэрээнээсээ татгалзаж, анх өгсөн 7,200,000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, худалдах, худалдан авах гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар буюу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг орхигдуулсан байна. 15. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэлт оруулан хариуцагч Д.А-н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүнээс тус шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв. /хх-80х/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: Нэг. Хариуцагч Д.А-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 414 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд: 1.1 Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 12 тооны үхрийн үнэд төлсөн 7,200,000 төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар 12 тооны үхрийн үнэд төлсөн 7,200,000 төгрөгийг хариуцагч Д.А-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.” гэж өөрчилсүгэй. 1.2 Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. Хоёр: Хариуцагч Д.А-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. Дөрөв. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 зүйлийн 7511. 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай. Тав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.