Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2016/00321

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: С.Б-д холбогдох нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1.352.392 /нэг сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , хариуцагч С.Б , нарийн бичгийн дарга Б.Д  нар оролцов.

 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүрэг 0-р хороо, “М ” хотхоны бүх оршин суугчдын  2013 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр “М” СӨХ байгуулагдаж, дүүргийн засаг даргын тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрчилгээгээр батламжлагдан СӨХ-ны үйлчилгээ, үйл ажиллагаагаа эхлээд хууль дүрмийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээнд шаардагдах сангийн хөрөнгө бүрдүүлэх, сууц өмчлөгчдийн эрх ашиг, тав тухтай амьдарч, ажиллах боломжоор хангах үүднээс гадна орчноо тохижуулах, ногоон байгууламж хийх, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэх, харуул хамгаалалтаа сайжруулах, камержуулах зэрэг ажлуудыг хийж оршин суугчдад тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авч 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Гэтэл тус СӨХ-ны гишүүн 113-р байрны 23 тоотын оршин ны төлбөрөө 17 сар төлөхгүй байгаагаас СӨХ-ны санхүү хүндэрч сарын цалингаа зээлээр тавьж, саван вокоо гэрээсээ зөөхөд хүрч, дээврийн дусаал гоожиж байгааг зогсоох, хагарч хугарсан сантехникийн урсгал засварыг ч хийж чадахгүйд хүрээд байна. Бусдын төлсөн мөнгөөр засагдаж гагнагдаж, цэвэрлэгдэж. хамгаалагдаж байгаа тавлаг орчин дээр төлбөрөө төлөхгүй амьдарч байгаа айлуудад хугацаатай шаардлага өгөх, хуулийн байгууллагад өгөхийг оршин суугчид захиргаанд хатуу шаардаж байгаа гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би орон сууцыг Б.У  гэдэг хүнээс 2014 оны 10-р сард худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлснээс хойш өнөөг хүртэл уг байранд хүн амьдраагүй, ззэнгүй байх хугацаанд ОСНААҮГ-ын харьяа Маршалл Конфорт компанийн нэхэмжлэлийн дагуу орон сууцны ашиглалт дулааны эрчим хүч, засвар үйлчилгээний төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд энэ төлбөрт хэрэгцээний халуун хүйтэн усны төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглээгүй учраас гардаггүй байсан. М СӨХ-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд манай байранд байнга хүн амьдарч байгаа учраас СӨХ-ийн төлбөрийг төлөхийг шаардсан байна. Иймд уг байранд өнөөг хүртэл хүн амьдраагүй эзэнгүй байгаа тул дээрх нэхэмжлэлд дурьдсан төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Миний бие энэ байранд хүнгүй байгаа гэдгийг СӨХ-дөө тухай бүр мэдэгдээгүйн улмаас ийм байдапд хүрсэн гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ” СӨХ нь хариуцагч С.Б-д холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардалд 1.352.392 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагаа 136.800 төгрөгөөр багасгажээ.

 

Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлээр Н.А-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.4-д зааснаар СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас гаргуулна хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ уг байранд хүн амьдраагүй, ззэнгүй байх хугацааны төлбөрөөс 168.300 төгрөгийг төлнө, бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Сууц өмчлөгч нь заавал тухайн сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх ёстой бөгөөд тус холбооны гишүүн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө” гэж, 147.2-д “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторхи дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны тоонд хуваана” гэж гэж заасан байх тул нэхэмжлэгч “М ” СӨХ нь С.Б-аас дээрх төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр орон сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй” гэж зааснаар өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 06 тогтоолоор сууц өмчлөгчөөс сар бүр хураах үнэ тарифыг тогтоож тогтмол зардал авдаг байх ба 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сар хүртэлх 9 сарын /84.584,4х9/ төлбөр 761.260 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 75.384,4 төгрөг, 8, 9 сарын /72.374,4х2/ 144.749 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх 5 сарын /74.200х5/ 371.000 төгрөг, нийт 1.352.393,4 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, төлбөрийн баримтуудаар нотлогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч тогтоосон үнэ тарифын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч дээрх тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байгааг дурдлаа.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т “өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байна.

 

Иймд хариуцагч С.Б-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээний буюу 1.215.592 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд гаргуулж, нэхэмжлэгч “М ” СӨХ-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 33.724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн  зориулалттай орон  сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар  С.Б-аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 1.215.592 /нэг сая хоёр зуун арван таван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М ” СӨХ-д олгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.620 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 33.724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ