| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 315/2025/00432//И |
| Дугаар | 222/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 222/МА2026/00004
2025 01 29 222/МА2026/00004
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Ганзориг, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 461 дүгээр шийдвэртэй,
нэхэмжлэгч ******* “14,880,199 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй,
хариуцагч ******* холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд:
хариуцагч *******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
2.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Би хувийн хэрэгцээндээ зориулж, малдаа өвс бэлтгэх зорилгоор Эрдэнэцагаан суманд хадлан хадахаар болж, 2023 оны 07 дугаар сард *******тай утсаар холбогдож, хадлангийн газар авахаар тохиролцсон. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газар бүтчихлээ, газрын төлбөрт 4,400,000 төгрөгийг тушаачих гээд дансны дугаар өгсөн. Би 31-ний өдөр 4.400.000 төгрөг шилжүүлсэн. Эрдэнэцагаан сумын 7-р баг, “Хөлийн толгод” гэдэг газарт хадлангийн газар өгнө гэсэн. Би 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хадлангийн ажлаа эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хадуур тавьсан. Хадлангийн явцад би сумын нөөцөд өгөх 400 боодол өвсийг өөрийн зардлаар тээвэрлэж, хүргэж өгсөн. ******* өгөх 1000 боодол өвсийг хадлан буухдаа газар дээр нь үлдээгээд, өөрт нь хэлээд орхисон. Гэтэл Сүхбаатар аймгийн Газрын албанаас намайг зөвшөөрөлгүй хадлан хадлаа гээд зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгасан. Ингээд 500.000 төгрөгөөр торголоо, нөхөн төлбөр оногдууллаа гэсэн. Энэ нь шүүхийн шийдвэрээр баталгаажиж, одоо Хэнтий аймгийн ШШГГ-аас миний дансыг битүүмжилж, хадлангийн техник хэрэгслийг лацдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд надад газрын зөвшөөрөлтэй мэт ойлгуулж хадлан хадуулсан *******аас өөрт учирсан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр газрын төлбөрт шилжүүлсэн 4,400,000 төгрөг, хадланд гарахдаа авсан шатахууны үнэ 1,384,000 төгрөг, тухайн үед боодол өвс 5000 төгрөгөөр үнэлэгдэж байсан учраас сумын фондод өгсөн 400 боодол өвсний үнэ 2,000,000 төгрөг, Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 126 дугаар захирамжид заасан торгуулийн 500,000 төгрөг, нөхөн төлбөрийн 6,596,199 төгрөг, нийт 14,880,199 төгрөгийг *******аас гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 13,496,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,384,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 235,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,999 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 13,496,199 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамжид 232,351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
5.Хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн харьяат ******* утсаар холбогдож малдаа өвс бэлтгэх, зах зээлд борлуулах хадлан хадах талбай олж өгөөч гэж холбогдсоны дагуу сум, орон нутгийн удирдлагатай ярьж Эрдэнэцагаан сумын “Хөлийн толгод” гэх газар бага зэргийн хадлан хадах талбай байна гэж дамжуулсан. Эрдэнэцолмон нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр уг газар техникээ ачин ирж буусан. Миний хувьд сум, орон нутгийн удирдлагын зааж өгсөн газар буулгаж өгөөд, гэрээ хийгдсэний дараа хадлангаа хадаарай гэж хэлээд явсан. Гэтэл Эрдэнэцолмон нь сум орон нутгийн удирдлагатай гэрээ хийгдээгүй байхад хадлан хадсан буруутай үйлдэл гаргасан. Хадлан хадаад 3 хонож байхад Эрдэнэцагаан сумын улсын байцаагч Д.Амарбаясгалан нь Эрдэнэцолмонтой уулзаж зөвшөөрөлгүй хадлан хадах ажил явуулж байна гээд сумын удирдлагатай уулзан хэдий хэмжээний газар хадах зөвшөөрөл гэрээ хийсэн талаар надад танилцуул гээд хадлангийн техникийг лацдаж орхиод явсан байхад улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, техник хэрэгслийн лацыг авч, хадланг үргэлжлүүлэн хадсан. Б.Хүрэлбааатар хадлангийн үйл ажиллагааг шалгаж явахдаа Эрдэнэцолмонг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлж, түүнд торгуулийн арга хэмжээ авч хадлан хадах үйл ажиллагааг нь зогсоосон юм билээ. Гэтэл Эрдэнэцолмон нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон торгууль, төлбөрүүдээ надаас гаргуулахаар шүүхэд хандсаныг би хүлээн зөвшөөрөхгүй. Би түүний хүсэлтийн дагуу сум, орон нутгийн удирдлагатай хадлан хадах талаар нь холбож өгсөн. Энэ хүнээс ямар нэгэн шан харамж авсан юм байхгүй, надад 1000 боодол өвс өгсөн гэдэг юм. Би аваагүй. Харин Эрдэнэцолмон сумын фондод 400 боодол өвс өөрийн техникээр ачиж авчирч өгөхөд нь бол би байсан. Харин манай эхнэр Нандин-Эрдэнийн данс руу 4,400,000 төгрөг явуулсны 2,250,000 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд ургамал ашиглах газрын төлбөр гэж шилжүүлсэн. Үлдсэн 2,150,000 төгрөг нь надад байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Тодруулбал:
Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.
Энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байх бөгөөд үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, шийдвэрийн үндэслэлийн товч агуулгыг дурдаж бичихээр хуульчилсан.
Гэтэл энэ хэргийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адилаар удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн 4 хэсэгтэй бичигдэж, удирдлага болговол зохих хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт заасан болон энэ зүйлийн 759.4 дахь хэсэгт “Шийдвэр, магадлалын бүтэц, боловсруулах аргачлалыг Улсын дээд шүүх батална.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц, агуулгад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж, холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж зааснаас илүү хугацаа тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж бичсэн нь хуульд нийцэхгүй болно.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, хариуцагч *******ын давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр, хэлэлцэхгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.4 дэх хэсэг, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,431 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс бусад үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
О.БААТАРСҮХ